Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2019/0282

 

 

 

      

 

2019 оны 05 сарын 22 өдөр                 

Дугаар 221/МА2019/0282

                                                   Улаанбаатар хот

 

А.Б ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч А.Б , өмгөөлөгч Ц.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Б.У оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0130 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, А.Б ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

        ТОДОРХОЙЛОХ нь:

             Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан иргэн А.Б аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн М.Б , Н.М, М.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн А.Б т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Тус шүүхээс А.Б ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 128/ШШ2019/0130 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “... Дээрхийг нэгтгэн дүгнэвэл иргэн М.Б , Н.М, М.А нарт газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн засаг даргын захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан. Хариуцагч өөрт олгосон хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн А/65 дугаар захирамжийг гаргасан бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй…” гэжээ.

Нэхэмжлэгч А.Б  нь 2005 оноос 2993 м.кв газрыг кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн эзэмшиж байсан бөгөөд хариуцагч гэх Сүхбаатар дүүргийн засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас одоо 1211 м.кв газар эзэмшиж байгаа.

Маргаж буй 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжаар М.А, М.Б , Н.М нарт газар эзэмшүүлэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн. Үүнд: Хуурамч бичиг баримт үндэслэн гуравдагч этгээд М.Ад 505 м.кв газар эзэмшүүлэх захирамж гаргасан. /уүнийг мэдсээр байж санаатайгаар үйлдсэн/

Хавтаст хэрэгт авагдсан М.Аы газар баталгаажилтын хувийн хэрэгт Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрүүд авагджээ. Тухайлбал: М.Аы 2017 оны 09 дүгээр 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргасан хүсэлт М.А тухайн үед Монгол улсад байгаагүй гэдэг нь Хил  хамгаалах газрын удаа дараагийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул, газар эзэмших хүсэлт 1 өргөдөл дээр гарын үсэг зураагүй, өргөдлөө аваачиж өгөөгүй гэсэн үг. 

Бодит байдал ийм байхад хариуцагч тал М.Аы гэх өргөдлийг хүлээн авч, түүнд үндэслэн газар эзэмших захирамж гаргасныг хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар М.А-ны хүсэлтийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

Мөн хариуцагч тал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Хариуцагч тал М.А, Н.М, М.Б  нарт А/65 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчин оролцогчийг сонсоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй.

Маргаж буй захиргааны акт нь нэхэмжлэгч А.Б ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн гэдгийг хариуцагч тал мэдсээр байж түүнийг сонсоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаж буй захиргааны акттай холбоотой сонсох ажиллагааны талаарх нотлох баримтыг шаардсан боловч гаргаж өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн болохыг нотолно. М.А, Н.М, М.Б  нарт А/65 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд зааснаар иргэн, хуулийн этгээдэд эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь тодорхой дарааллын дагуу хийгддэг. Тухайлбал: Өргөдлийг хүлээн авч бүртгэх, өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах гэх мэт маргаж буй захиргааны актаар М.А, Н.М, М.Б  нарт газар эзэмшүүлэхдээ суурин судалгаа огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл өргөдөлд хавсаргасан материалуудыг эх материалтай нь тулгаагүй, тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгаагүй.

Мөн хариуцагч тал хариу тайлбартаа: хээрийн судалгаа хийсэн гэж бичээд  түүнтэй холбоотой баримт явууллаа гэсэн албан бичиг өгсөн боловч бодит байдал дээр ирүүлээгүй.

Газар баталгаажилтын хувийн хэрэгт байгаа ГБКЗураг дээр зураг үйлдсэн гарын үсэг байхгүй. Хариуцагч Сүхбаатар дүүргийн засаг дарга хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг буруу биелүүлсэн.

Гуравдагч этгээд гэх М.А, Н.М, М.Б  нарын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийнх гэх газар эзэмшихээр гаргасан хүсэлтэд Шарга морьтын 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт зуслангийн газар эзэмшдэг байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006 тоот шийдвэрээр иргэн Н.Б т 400 м.кв газар олгосны дагуу миний эзэмшил газарт өөрчлөлт орсон болно. Иймд уг өөрчлөлтийг тусгаж холбогдох захирамжийг гаргаж өгнө үү ... гэсэн ижил зүйл бичигдсэн.

Хариуцагч тал гуравдагч этгээдүүдийн өргөдлийн үнэн худлыг шалгалгүй шүүхийн шийдвэрийг буруу биелүүлсэн. Үүнд: М.А, Н.М нар маргаж буй газрыг хэзээ ч эзэмшиж байгаагүй, 0006  дугаар шүүхийн шийдвэр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. 

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдүүд маргаж буй газрыг эзэмших хууль, эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй байхад, шүүхийн шийдвэр биелүүлж байгаа мэтээр худлаа зүйл бичиж захирамж гаргасан, өмнө нь М.Б ы эзэмшил газарт байшин байрлаж байсан бол А/65 дугаар захирамжаар Н.Манхдахын эзэмшил газар байршилтай болж шилжсэн, өмнө нь М.Б ы байсан одоо Н.Мынх болсон дундуур тэд нарт эзэмшүүлсэн гэх газрын айл байрласан., М.Аы эзэмшлийнх гэх ГБКЗураг 2 өөр байдлаар зурагдсан, 0006 дугаар шүүхийн шийдвэрээр А.Б т 400 м.кв газар олгоогүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгч А.Б ын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн М.Б , Н.М, М.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний А/65 дугаар захирамжийн А.Б т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөлд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргэнэ тогтоодог, хамгаалдаг. Энэхүү маргааны тухайд хариуцагчаас гаргасан захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв. 

Учир нь М.Б аас, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаар шийдвэрээр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Б  холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн Н.М, М.А, М.Б  нарт холбогдох хэсгийг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/65 дугаар ”Иргэнд газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай” захирамжаар иргэн А.Б т 400 м.кв, М.Б д 352 м.кв, М.Ад 505 м.кв, Н.Мад 352 м.кв, газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх тухай шийдвэр гарчээ. Иймд одоогийн маргаж буй захиргааны актын тухайд шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор гарсан гэж дүгнэж байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч А.Б д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжаар Шаргаморьтод 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн, 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0065697 дугаар газар эзэмших гэрчилгээгээр эзэмших эрхийг баталгаажуулсан байна. Нэхэмжлэгчийн тухайд  газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хязгаарласан гэж дүгнэх боломжгүй. 

Иргэн А.Б  захирамжийг эс зөвшөөрч, “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байхад, бусад тус газрыг бусдад эзэмшүүлсэн шийдвэр гаргасан, сонсох ажиллагаа хийгээгүй, иргэн М.А нь Монгол Улсад байгаагүй, газар олгохыг хүссэн хүсэлтэд гарын үсэг зураагүй байхад газар эзэмшүүлсэн, тухайн газар дээр ямар нэг судалгаа хийгээгүй, давхцалтай эсэхийг тодруулалгүй газар олгосон, байршлын хувьд орц гарцгүй төлөвлөгдсөн...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч анх иргэн А.Б д А/171 дүгээр захирамжаар олгосон газрын талбайн хэмжээ өдийг хүртэл өөрчилсөн болон эзэмших эрхийг цуцалсан ямар нэг шийдвэр гараагүй, дээрх захирамж, болон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа гэж үзэхээр байна. Хэдийгээр нэхэмжлэгч үүнээс илүү газрыг хашаалан эзэмшиж байсан гэж тайлбарладаг боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйийн 27.4 дэх хэсэгтэй уг тайлбар нь зөрчилдөж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжаар  М.Б , Н.М, М.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухайд тус газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь дээрх газрууд нь талбайн хувьд хоорондоо давхцалгүй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Дээрх захиргааны актын нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэхгүй, уг нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

“Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн А.Б д холбогдох хэсгийг илт хууль бус болгуулах” шаардлагын тухайд: Захиргааны ерөнхий хууль 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар “илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй” байхыг шаарддаг.

Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эсвэл доордуулсан үйлчлэл үзүүлээгүй, харин хариуцагч нь А/171 дүгээр захирамжаар урьд олгосон газраа нэхэмжлэгчид дахин эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь өөрөө агуулгын хувьд алдаатай, мөн илт хууль бус актын шинжийг агуулсан байна гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмөглөгчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.БАТБААТАР

      ШҮҮГЧ                                    Ц.ЦОГТ

      ШҮҮГЧ                                            Э.ЗОРИГТБААТАР