Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 96

 

Ч.Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Гэрэлбадрах,

шүүгдэгч Ч.Уламбаярын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 02 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Гэрэлбадрахын бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 03 тоот улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Ч.Уламбаярт холбогдох 201601070007 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Чинбатын Уламбаяр, 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УГ81111211/,

Ч.Уламбаяр нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө, Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын 2 тоотод найз Н.Энхтөрийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож “гавлын яс баруун дагзнаас зулайн хэсэг хүртэл 17 см цууралт буюу хугаралттай, гавлын яс, хуйханд 2 хэсэг газар 8х6 см, 5х4 см хэмжээтэй цусан хураа үүсч, гавлын зулайн орой хэсэгт 5х4 см хэмжээтэй хонхойсон яс нь улаан ягаан өнгөтэй, тархи дарагдлын улмаас гавал тархины гэмтэл” учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Прокурорын газраас: Ч.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Ч.Уламбаярт холбогдох эрүүгийн 201601070007 тоот хэрэгт мөрдөн байцаалт явуулсан мөрдөн байцаагч, хяналт тавьж буй прокурор нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн камерын бичлэгт 09 цаг 44 минут 12 секундэд хар, цагаан куртиктэй хоёр хүн Намайн нэрийн хүнсний дэлгүүрийг чиглэн явж байгаад цагаан куртиктэй хүн Ч.Уламбаярын хашаа руу орж 09 цаг 45 минутад буцаж гарч ертөнцийн зүгээр зүүн тийш явсан, 10 цаг 17 минутад дээрх цагаан куртиктэй хүн ертөнцийн зүгээр зүүн талаас ирж хашаа руу орж 10 цаг 18 минутад буцаж гаран Найман нэрийн дэлгүүрийн зүг алхав, 11 цаг 31 минут 38 секундэд хар өнгийн хувцастай хүн зүүн талаас хашаа руу 11 цаг 35 минут 42 секундэд хар хувцастай хүн хашаа руу орж 11 цаг 41 минут 06 секундэд гурван хүн хашаанаас гарч, 11 цаг 50 минут 12 секундэд хар өнгийн том булган малгайтай нэг эрэгтэй хүн тортой зүйл барин хашаа руу оров, Мягмарсүрэн гэгч гомдол мэдээллийг цагдаагийн хэлтсийн жижүүрт 12 цаг 14 минутад өгөх үед буюу 12 цаг 15 минут 50 секундэд 2 залуу хашаа руу  орж 12 цаг 19 минут 54 секундэд гарч, 12 цаг 27 минут 38 секундэд дээрх хоёр залуу хашаа руу орж, 12 цаг 29 минут 10 секундэд гарч Найман нэрийн хүнсний дэлгүүр чиглэн алхсан, 12 цаг 36 минут 15 секундэд дээрх хоёр залуу дахиж хашаа руу орж, 12 цаг 36 минут 54 секундэд хар өнгийн хувцастай хүн нь хашаанаас ганцаараа гарч ирэн ертөнцийн зүгээр зүүн тийшээ алхсан, 12 цаг 40 минут 38 секундэд цагаан өнгийн куртиктэй нэг хүн нэг гартаа хар өнгийн зүйл, нөгөө гартаа цагаан өнгийн зүйл барин хашаанаас гарч Найман нэрийн дэлгүүрийг чиглэн яваад спорт заалны хашаа бранк хоёрын голоор ертөнцийн зүгээр урагшаа алхаж алга болж 12 цаг 41 минут 27 секундэд гартаа ямар нэгэн зүйлгүйгээр буцаж гарч ирэн ертөнцийн зүгээр баруун тийш алхаж 12 цаг 51 минут 52 секундэд бас нэг хар өнгийн хувцастай хүнтэй хамт хашаа руу орж гарсан гэх мэт 13 цаг 12 минут 20 секунд хүртэлх хугацааны тэмдэглэл авагдсан ба цагаан өнгийн хувцастай хүнийг гэрчилсэн гэрч Ч.Отгонжаргал сэжигтэн, яллагдагчаар өгсөн “Ч.Уламбаяр гадаа байгаагүй тэгэхээр нь би хархорингийн тийшээ явж байтал Ч.Уламбаяр, Жамсран хоёр орж ирсэн, Энхтөр шөнө манай гэрт ирж танайд хонож болох уу гэж хэлэхээр нь хонуулсан чинь нас барсан байна гэж хэлсэн. Ч.Уламбаяр шар алаг, Жамсран цагаан куртик өмссөн байсан” гэх мэдүүлгийн дагуу гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг арилгасан, нуусан талаар чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг олж байцаагаагүй, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 551 тоот магадлалын заалтыг биелүүлээгүй, Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 02 тоот актын дүгнэлт нь хууль зүйн шаардлагад нийцээгүй, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэн түүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Тухайлбал:

… Хэрэгт мөрдөн байцаалт явуулсан мөрдөн байцаагч, хяналт тавьж буй прокурор нь мөрдөн байцаалт явуулахдаа талийгаачийн цогцсонд хийсэн үзлэгээр түүний хоёр гарын хуруунуудад ямар нэгэн зүсэлт шарх сорви илрээгүй, гэрч Ч.Отгонжаргалын хувцаснаас илэрсэн 4 дүгээр бүлгийн цус хэнийх болох талаар, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн явсан маршрутыг шалган тогтоогоогүй, зөвхөн талийгаачийн явсан байж магадгүй гэсэн маршрутад туршилт хийж мөрдөн байцааалтыг нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 329 дүгээр зүйлийн 329.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол, магадлал, шүүгчийн захирамжийг аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан заалтыг биелүүлээгүй.

2. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсгүүдэд “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно. Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна” гэж тус тус хуульчилжээ. Харин шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 02 тоот акт нь энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй,

Түүнчлэн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын гудамжны 02 тоотод хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд таамбарын үүдэнд байрлах довжоог цементээр хийсэн байх ба довжооны гадаргуу дээр таамбарын хаалганаас ертөнцийн зүгээр хойш 2.17 метр зайд 5х2, 5х3 сантиметр хэмжээтэй хоёр хэсэг цус мэт улаан өнгийн зүйл дусаж хөлдсөн зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүгдэгч Ч.Уламбаяр, гэрч Ч.Отгонжаргал талийгаач Н.Энхтөр нарын орж гарсан, явсан, ирсэн цаг хугацааны маршрут гэрч Ч.Отгонжаргал түүний эхнэр Ганчимэг нарын мэдүүлгийн зөрүүг гарган цаг хугацааг тогтоох зэрэг тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй орхигдуулсан гэх үндэслэлүүдээр Ч.Уламбаярт холбогдох 201601070007 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Багануур дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.Гэрэлбадрах бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу мөрдөн байцаалтын явцад хийсэн туршилтаар талийгаач Н.Энхтөр гар утсаа барьцаанд тавьсан гэрч С.Гонгор, Г.Нарантуяа нарын гэрт очиход ямар хугацаа гарах, хэрэг гарсан газраас хэдэн км зайтай байгааг тогтоосон. Мөн яллагдагч Ч.Уламбаярын өгсөн мэдүүлгийн дагуу түүний мэдүүлгийг газар дээр нь шалгаж фото зургаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураасан Ч.Уламбаярын өмдийг хайчилсан шалтгааны талаар шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Тэнүүн, Ц.Бямбадоржийг дахин байцааж тодруулсан болно. Яллагдагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу “яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” тул түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн гэрч П.Даваадоржид “...би танай гэрт хоносон гэж цагдаа нарт хэлнэ шүү, чи тэгсэн гэж хэлээрэй” гэж хэлсэн, Ч.Уламбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...талийгаач Энхтөр юм яриагүй, би ганцаараа яриад гарсан...” гэх мэдүүлэг, “Отгонжаргалын гэр рүү явчихаад ирье гэхэд хөгшин нь унтаж байя, чи өөрөө явчихаад ир гэхээр нь орхиод явсан” гэх мэдүүлгүүдийн зөрүүг гаргаж хоёр удаагийн шүүх хуралдаан дээр хангалттай байцаалт авсан болно. Гэрч Ч.Отгонжаргалын өмднөөс илэрсэн 4 дүгээр бүлгийн цус хэнийх болох талаар тодруулж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлаар яллагдагчаар шалгагдсан Ч.Отгонжаргал өөрийн хувцсанд үүссэн 4 дүгээр бүлгийн цусны эх сурвалжийг гэрчтэй зааж мэдүүлсэн тул хэрэгт гэрчээр асуугдсан Д.Нямцэрэнгийн мэдүүлгээр нотлогддог, мөн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд талийгаачийн зүүн гарын хуруунд үүссэн шарх тэмдэглэгдсэн байдаг.

Иймээс Ч.Отгонжаргалын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул энэ талаар дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаарддаггүй гэж үзсэн, мөн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон шүүх хуралдаанд Ч.Отгонжаргалыг гэрчээр оролцуулж энэ талаар мэдүүлэг авсан бөгөөд дахин шүүх хуралдаанд гэрчээр оролцуулаагүй шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу яллагдагч Ч.Уламбаярын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгаж фото зургаар бэхжүүлсэн байхад гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн явсан маршрутыг шалган тогтоогоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 02 тоот актыг Багануур дүүргийн шинжээч эмч Ө.Шаарийбуу rapracaн бөгөөд шинжээч эмчийн хувийн тэмдгийг дарж баталгаажуулжээ. Мөн уг гарсан шинжээчийн дүгнэлтийг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гаргасан 02 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэж баталжээ. Иймээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсгүүдэд заасан шаардлага бүрэн хангуулж шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэлтсийн тэмдгийг 02 дугаартай дүгнэлтэд нөхөж даруулах шаардлага байхгүй юм.

Гэрч Ч.Отгонжаргал нь 2016 оны 1 дүгээр сарын 00 цаг 34 минутаас хойш хугацаанд Ч.Уламбаярын гэрээс гарсан бөгөөд гэрээс гарахад талийгаач Н.Энхтөр нүүрэндээ гэмтэл шархгүй байсан нь түүний мэдүүлэг болон яллагдагч Ч.Уламбаярын Ч.Отгонжаргал гараад явсны дараа талийгаач үлдсэн гэсэн мэдүүлгээр талийгаач Н.Энхтөр 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр шөнийн 00 цагаас хойш гэмтэл, шарх авсан нь тогтоогдож байна.

Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Уламбаярын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Тодруулж хэлэхэд миний үйлчлүүлэгчийн өмд дээрх жижиг толбуудыг хохирогчийн цус гэж гэж үзээд, шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээ хийхдээ өмдийг жижиглэн, хайчлаад дахин ДНК-ын шинжилгээ хийлгэх боломжгүй болгосон. Шинжээч эмчээс яагаад хайчилсныг асуухаар ингэж хайчлах дүрэмтэй гэдэг. Шинжилгээ хийхэд ийм дүрэм байдаг бол хавтаст хэрэгт тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Одоо дахин хэлж байна. Иймд хэргийг буцааж, шалгах шаардлагатай ажиллагаануудыг хийлгэх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2 дугаар шүүхийн тогтоолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, шүүх хуралдаанд зохих оролцогч нарыг бүрэн оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаасан энэхүү тогтоолд дурдсан үндэслэлүүдийг тодруулан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд зааснаар хууль зүйн үнэлэлт дүгнэлтийг өгч, бүхэлд нь шинжлэн судлах замаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокурор М.Гэрэлбадрахын бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 03 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Ч.Уламбаярт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Ч.Уламбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

           ШҮҮГЧИД                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ  

                                                                                    Ц.ОЧ