Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00875

 

Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ныөдрийн 262 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар магадлалтай,

Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл, өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд 22 дах жилдээ ажиллаж байна. Тус төвийн захирал Б.Оюунгэрэл 2016.08.18-ны өдөр 23 тоот тушаал гарган, намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хохироосонд гомдолтой байна. Би байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй, хөдөлмөрийн хуулинд заасан сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй билээ. Гэтэл Б.Оюунгэрэл захирал намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас халсан бололтой юм. Энэ нь намайг гүтгэсэн хэрэг бөгөөд хууль эрх зүйн мэдлэггүй болох нь тодорхой харагдлаа. Б.Оюунгэрэл нь намайг ээлжийн амралттай байхад ажлаас халах тушаал гаргасан нь ёс зүйд нийцэхгүй, хүчин төгөлдөр эрхийн акт биш гэж үзэж байна. Иймд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тушаалыг хүчингүйд тооцож, намайг Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Оюунчимэгийг Жаргалант сумын соёл мэдээллийн төвийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай тушаалаар халсан нь үндэслэлтэй. Б.Оюунчимэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Соёл мэдээллийн төвд сонгуулийн хэсгийн хороо байрлаж байхад ажлын байран дээр архи уусан. Нотлох баримтууд байгаа бөгөөд  түүнийг ээлжийн амралттай байх үед нь халаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Оюунчимэгийг Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3 588 695 төгрөгийг Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвөөс гаргуулан Б.Оюунчимэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн цалинтай тэнцэх нөхөх олговор 3 588 965 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төв-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг улсын орлогод оруулсныг Б.Оюунчимэгт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 72 369 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар магадлалаар:Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.369 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тушаалаар Б.Оюунчимэгийг 2016 оны 08 сарын 18 нд халсан нь үндэслэлтэй юм. Б.Оюунчимэг нь 06, 07-ны өдөр 08-нд 4 цаг ажил тасалсан, 08-р сарын 04-нд ээлжийн амралт дуусаж ажилдаа орох байтал 16-нд орсон учраас ажлаас халсан. Камер шүүхэд 6, 7, 8-нд 3 хоног тасалсан байсан. Цагийн бүртгэл дээр 8-нд тас тавиагүй байсан учир би цагийн бүртгэлээр цалинг бодсон. Улсын баяр 7 дугаар сарын 21, 22-нд болсон. Гэтэл Б.Оюунчимэг ня-бо Э.Оюунаар 7 дугаар сарын 18-нд ажилдаа орж 7 дугаар сарыг дуустал ажилласан гэсэн тодорхойлолт бичүүлж авсан байдаг.Б.Оюунчимэг ажилдаа ороод наадмын талбайн өвс зулгаасан гэж хэлсэн. Гэтэл бид нар өвс зулгаагаагүй, трактораар өвсөө хадуулсан. Иймд Орхон аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23 ны өдрийн 262 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23 ны өдрийн 262 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30 ны өдрийн 78 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч, нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн боловч шүүх хүлээн аваагүй, үнэлээгүй үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасантай нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн хууль зүйн үндэслэл муутай, давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна гэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан үндэсгүй шийдвэрүүд болсон. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, хөдөлмөрийн дотоод журамд “ хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан..." гэдгийг нэрлэн заасан сахилгын ноцтой зөрчил бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 6, 7-ны өдөр, 2016 оны 08 дугаар сард ажил тасалсан нь нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө цагийн бүртгэл эхээр, ажил хэрхэн тасалсан талаар Э.Оюун, Б.Оюунгэрэл нарын ярилцсан бичлэг бүхий СД бусад баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч шүүх хүлээн аваагүй. Захирамжид гомдол гаргах эрхгүй гэсэн. Эдгээр баримтууд нь" ... ажилчдын цагийн бүртгэл засвартай, хэрэгт өгсөн хувийг наториатаар гэрчлүүлсэн хэдий ч, эх хувь нь байхгүй ... хуулбар дээр тамгаа дарж батлуулсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан ..." гэж шүүх үнэлснийг няцаах баримт байсан боловч шүүх аваагүй нь алдаа бөгөөд давж заалдах шатны шүүх энэ гомдолд огт дүгнэлт хийсэнгүй. .Б.Оюунчимэгийг 2016 оны 07 дугаар сард ажилласан гэж Э.Оюуны хийж өгсөн бичгийн талаар хэрэгт өгөх байсан СД тодорхой ярьсан бичлэг бий. Шүүхэд гэрчээр асуухад нь энэ талаар өмгөөлөгч миний бие тодорхой асуусан. Баяр наадмын үеэр илүү цаг ажилласан ажилчдад мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тушаалаар олгосон. Оюунчимэгийг нөхөж амраагаад бусад ажилчдад илүү цаг бодно гэж байхгүй. Ээлжийн амралтаа нөхөж амарсан гэх 5 хоногоос илүү хоногоор эдэлж, ажлаа тасалсан байхад хариуцагч нотолж чадаагүй гэж үзэж байгаад гомдолтой байна. Б.Оюунчимэгийн хувьд Сахилгын зөрчил гаргасан 2016 оны 06 дугаар сараас хойш үргэлжлүүлэн ээлжийн амралт авч, ажил таслаад 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажилд орж ирсэн учраас 8 дугаар сард сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг баримталсан үндэслэлтэй шийдэл байсан.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар 30-ны өдрийн 78 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хүлээн авч, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төв нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ажил тасалсан, ажлын байран дээр архи уусан” гэжээ.

Хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар тушаалаар Б.Оюунчимэгийг номын санч, үйлчлэгчийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 8.2.2, 8.2.3, 11.1.1, 11.1.2, 11.1.4, хөдөлмөрийн гэрээний 5.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Нөгөө талаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар хуульд заасан болно.  

Нэхэмжлэгч ямар зөрчил гаргасныг ажил олгогч тушаалд заагаагүйгээс гадна түүнийг ажлын байранд архи уусан, ажил тасалсан гэх зөрчил хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 73.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ