Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 55

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Г.Яндаг,

Насанд хүрээгүй хохирогч Г.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар З овогт Э.Эд холбогдох эрүүгийн 1818000000570 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З овогт Э.Э /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Үйлчилгээний төвийн хажууд байрлах “Гүүд лак” цахим тоглоомын газраар үйлчлүүлж байсан 13 настай Г.Эий гадуур хувцасны халааснаас бэлэн 600 төгрөг, хар өнгийн 128 GB багтаамжтай Айпоне-7 загварын гар утсыг хулгайлж 1.100.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Энхтүшингийн өгсөн: Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Г.Эий өгсөн: Дүүтэйгээ цуг өглөө 11 цагийн үед үйлчилгээний төвийн хажууд байдаг “Good luck” гэх тоглоомын газарт тоглосон. Тэгэхэд энэ ах ямар тоглоом тоглох гэж байгаа талаар асуусан. Тэгээд энэ ах дахиж ирээд хараад байсан. Эхний удаа ийм зүйл болоогүй. Дараагийн удаа энэ ах дүү бид хоёрын дунд суусан. Ээжтэйгээ утсаар ярих гэхэд утас байхгүй байсан. Тэгээд би камер шалгуулаад байж байхад ээж орж ирж таарсан. Тэгээд манай ээж цагдаа дуудаад энэ талаар мэдэгдсэн гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оийн өгсөн: Хэрэг болохын урьд өдөр Солонгос улсаас ирсэн. Солонгос улсад байхдаа уг гар утсыг 400,000 воноор худалдаж авч байсан. Тэр өдөр утсаа алдсан гэхээр нь цагдаагийн байгууллагад хандахад тэр дор нь арга хэмжээ авч өгсөн. Одоогийн байдлаар уг утсыг авахад зарцуулсан мөнгийг буцааж авмаар байна. Эхлээд шүүгдэгчийн аав гэх хүн утастаад 200,000 төгрөгийг өгнө гэсэн. Тэгтэл удалгүй ээж нь Чех улсаас залгаж 100,000 төгрөг өгье гэсэн. Би ингэж өгч байхаар нэг мөсөн мөнгийг авъя гэж хэлсэн. Тэгээд 2 сарын цалингаасаа төлнө гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 1,100,600 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Г.Ж-ийн өгсөн: ...өнөөдөр 14 цагийн үед миний ажиллуулдаг “Гүүд лак” нэртэй компьютер тоглоомын газарт 2 хүүхэд ээжтэйгээ хамт ирээд “Манай хүүхдийн гар утас алга болсон байна. Хяналтын камер шүүлгэж үзмээр байна” гэсэн. Тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд тухайн гар утсаа алга болгосон гэх 2 хүүхдийн голоор нэг залуу орж суугаад 2 минут орчмын дараа босоод явж байгаа дүрс бичигдсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед “Баян идэр” төвд байрлах “Гүүд лак” нэртэй цахим тоглоомын газарт 30 минут орчим суусан. Тэнд тоглож байсан 12-15 насны хүүхдийн ард зогсож байгаад доошоо суугаад баруун талд байсан хүүхдийн гадуур хувцасны зүүн талын гадна халааснаас бэлэн 600 төгрөг болон Айпоне-7 загварын хар өнгөтэй, гаднаа зурагтай резинэн гэртэй гар утсыг хулгайлсан... гэх мэдүүлэг /35-36/,

“Гүүд лак” компьютер тоглоомын газрын хяналтын камерын бичлэгийг уншуулахад 2018.12.02 12 цаг 12 минут 05 секундэд саравчтай малгай буруу харуулж өмссөн, богино хүрэмтэй эрэгтэй хүн гар утсаа алдсан гэх хүүхдийн зүүн талд сууж байгаад 12 цаг 14 минутад босоод явж байгаа дүрс бичлэг байв... гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5/,

Иргэн Э.Эгийн хүрэмний баруун халаасанд ард талдаа зурагтай, хар өнгийн гар утасны гэр байв. Э.Эгээс хэний гар утасны гэр болохыг асуухад “өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Баян Идэр” худалдааны төвд байрлах “Гүүд лак” компьютер тоглоомын газарт тоглож байсан хүүхдийн халааснаас авсан Айпоне-7 загварын гар утасны гэр” гэж хэлэв... гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/,

Э.Эий өмсөж явсан хүрмийн халааснаас гарч ирсэн “ONE PIECE FILM GOLD PORO ZO E.O/2016 OP” гэсэн бичиглэлтэй, ногоон өнгийн үстэй, цагаан өнгийн хүрэмтэй эрэгтэй хүний зурагтай хатуу хуванцар материалаар хийгдсэн гар утасны гэр 1 ширхэг, хар өнгийн резинэн материалаар хийгдсэн гар утасны гэр 1 ширхэг эд зүйлийг хурааж авав гэх эд зүйл авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Э нь гар утсаа алдах үедээ 13 нас 1 сар 27 хоногтой байсан гэх түүний насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 20/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “иргэн Г.Эий эзэмшлийн Солонгос улсад үйлдвэрлэсэн хар өнгийн Айпоне-7 загварын хуучин гар утас нь 1.100.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мотел” нэртэй зочид буудлын хүлээн авагчийн өрөөнөөс иргэн Д.Цгийн түрийвчтэй 70.000 төгрөг, 4 ширхэг монетон бөгжийг хулгайлж 1.522.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Эгийн өгсөн: Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Би 4 ширхэг монетон бөгжний 2-ыг нь буцааж өгсөн. 2-ыг нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Цгийн өгсөн: ...тэр залууг гараад явсны дараа би цүнхээ үзтэл цүнхэн дотор байсан улаан өнгийн арьсан түрийвч алга болсон байсан. Түрийвч дотор бэлэн 70.000 төгрөг болон 4 ширхэг монетон ээмэг бөгж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгчхөөд байж байтал тэр залуу гаднаас орж ирсэн. Тэгтэл миний 4 бөгжний 2-ыг нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалчихсан байсан. Бэлэн 70.000 төгрөгөөс 20.000 төгрөгийг надад буцааж өгсөн. Дараа нь цагдаа тэр залуугаас хурааж авсан 450.000 төгрөгийг надад өгөхөөр нь би дээр нь 50.000 төгрөг нэмээд барьцаалан зээлдүүлэх газраас 2 бөгжөө авсан. Одоо надад нийт 100.000 төгрөгийн хохирол учирсныг би төлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

Иргэний нэхэмжлэгч Э.С-ийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11:00 цагийн үед гаднаас өндөр нуруутай, туранхай, бор царайтай, гадуураа хар өнгийн хүрэмтэй, хүрмийнхээ малгайг өмссөн залуу орж ирээд 10.1 граммын 2 ширхэг монетон бөгжийг 500.000 төгрөгөөр барьцаалсан гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...зочид буудлын хүлээн авагч эгч бие засахаар ариун цэврийн өрөө рүү явсан хойгуур нь би орон дээр байсан гар цүнх дотроос нь улаан өнгийн түрийвчийг хулгайлж аваад өөрийнхөө буудалласан 4 тоот өрөөнд орсон. Түрийвч дотор байсан 70.000 төгрөг болон 4 ширхэг монетон бөгжний 2-ыг аваад зочид буудлаас гараад 2 бөгжөө 500.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан. Тэгээд буцаад зочид буудалдаа ирэхэд хүлээн авагч эгч түрийвч алга болсон, цагдаад дуудлага өгсөн гэхээр нь би буудалласан өрөөнөөсөө түрийвчийг нь гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Нүүдэлчин” зочид буудлын доор ертөнцийн зүгээр баруун тийш харсан хаалгатай объектод хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-49/,

...Э.Эгийн үүргэвч дэх өнгөгүй резинэн зүйлд доторх мөнгөн дэвсгэртийг тоолоход 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 19 ширхэг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, нийт 450.000 төгрөг байв. Э.Эгээс ямар учиртай мөнгө болохыг асуухад “Иргэн Д.Цгийн 2 ширхэг монетон бөгжийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан 500.000 төгрөгийн үлдэгдэл болох 450.000 төгрөг” гэж хэлэв... гэх Э.Эгийн өмсөж байгаа хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 50/,

Э.Эгээс гарсан 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 19 ширхэг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, нийт 450.000 төгрөгийг хураан авч, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Д.Цд хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 51-52/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...эмэгтэй хүний 5.1 грамм монетон бөгж 1 ширхэг, 2.5 грамм монетон бөгж 1 ширхэг, 3.2 грамм монетон бөгж 1 ширхэг, 5 грамм монетон бөгж 1 ширхэг, улаан өнгийн арьсан түрийвч 1 ширхэг зэрэг эд зүйлс 1.452.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67/,

Э.Э нь 10.1 грамм 2 ширхэг монетон бөгжийг 500.000 төгрөгөөр барьцаалсан тухай “Дархан-Эвт Финанс” ХХК-ийн 00768 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 76/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Эгийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Үйлчилгээний төвийн хажууд байрлах “Гүүд лак” цахим тоглоомын газраар үйлчлүүлж байсан 13 настай Г.Эий гадуур хувцасны халааснаас хар өнгийн 128 GB багтаамжтай Айпоне-7 загварын гар утсыг хулгайлж 1.100.600 төгрөгийн хохирол, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мотел” нэртэй зочид буудлын хүлээн авагчийн өрөөнөөс иргэн Д.Цгийн түрийвчтэй 70.000 төгрөг, 4 ширхэг монетон бөгжийг авч 1.522.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Эд Айпоне-7 загварын гар утас болон бэлэн 600 төгрөг, нийт 1.100.600 төгрөгийн хохирол, хохирогч Д.Цд улаан өнгийн түрийвч, 4 ширхэг монетон бөгж, бэлэн 70.000 төгрөг, нийт 1.522.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Үүнээс хохирогч Д.Ц нь хохирол төлбөрөө авсан, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгтэл миний 4 бөгжний 2-ыг нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалчихсан байсан. Бэлэн 70.000 төгрөгөөс 20.000 төгрөгийг надад буцааж өгсөн. Дараа нь цагдаа тэр залуугаас хурааж авсан 450.000 төгрөгийг надад өгөхөөр нь би дээр нь 50.000 төгрөг нэмээд барьцаалан зээлдүүлэх газраас 2 бөгжөө авсан. Одоо надад нийт 100.000 төгрөгийн хохирол учирсныг би төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 55/, хэрэгт авагдсан Э.Эгээс гарсан 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 19 ширхэг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, нийт 450.000 төгрөгийг хураан авч, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Д.Цд хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 51-52/ болон хохирогчид шүүх хуралдааны товыг 99450467 дугаарын утсаар мэдэгдэхэд хохирогч Д.Ц нь “би хохирол төлбөрт 100.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хариу өгсөн тухай шүүхийн мэдэгдэх хуудас /хх-ийн 125/-аар тус тус нотлогдож байна.

Харин шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулаагүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Г.Эд учирсан 1.100.600 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байх тул шүүгдэгчээс 1.100.600 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа 1.100.600 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх зорилгоор завсарлага авч, хохирол төлбөрөө барагдуулсан, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оийн шүүхэд ирүүлсэн “...1.100.600 төгрөгийг бүрэн барагдуулж хохиролгүй болгосон нь үнэн болно. Иймд бид шүүгдэгч Э.Эгээс нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлт /хх-ийн 137/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Э нь бусдад төлбөргүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98/, Дархан-Уул аймгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №03/18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Э.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Эг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 21 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ONE PIECE FILM GOLD PORO ZO E.O/2016 OP” гэсэн бичиглэлтэй, ногоон өнгийн үстэй, цагаан өнгийн хүрэмтэй эрэгтэй хүний зурагтай хатуу хуванцар материалаар хийгдсэн гар утасны гэр 1 ширхэг, хар өнгийн резинэн материалаар хийгдсэн гар утасны гэр 1 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Од буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Э.Эд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь 21 /хорин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчид болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ONE PIECE FILM GOLD PORO ZO E.O/2016 OP” гэсэн бичиглэлтэй, ногоон өнгийн үстэй, цагаан өнгийн хүрэмтэй эрэгтэй хүний зурагтай хатуу хуванцар материалаар хийгдсэн гар утасны гэр 1 ширхэг, хар өнгийн резинэн материалаар хийгдсэн гар утасны гэр 1 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Од буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР