Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 68

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нямдорж,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д.Эт холбогдох эрүүгийн 17180004490439 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Д.Э /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нүүдэлчин” зочид буудлын 304 тоот өрөөнд нэвтэрч иргэн М.Эын эзэмшлийн Самсунг Эс-7 загварын гар утас, бэлэн 120.000 төгрөгийг тус тус авч 620.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч М.Эын өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Э ахтай хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Нүүдэлчин” зочид буудлын 304 тоот өрөөнд буудаллаж архи уусан. Намайг унтаж байхад Э ах явчихсан байсан. Зочид буудлын 2 үйлчлэгч намайг сэрээсэн. Тэгтэл миний Самсунг Эс-7 загварын гар утас болон бэлэн 120.000 төгрөг алга болсон байсан. Зочид буудлын хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд намайг унтаж байхад нэг эмэгтэй манай өрөө рүү ороод гарч байсан бичлэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч Ц.О-ийн өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 08:40 цагт хамтран амьдрагч руугаа залгахад гар утсыг нь эрэгтэй хүн аваад “М.Э унтаж байна” гэж хэлсэн. Хаана байгааг нь асуухад хэлэхгүй байсан. Тэгээд би ажил дээрээ байж байхад М.Э архи үнэртүүлчихсэн ирээд гар утас, мөнгө байхгүй болсон байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч Э.У-ын өгсөн: ...ээлж хүлээлцээд 304 тоот өрөөнд ороход нэг залуу унтаж байсан. Тэр залууг босоход тэр залуу халаасаа үзээд “миний гар утас, мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд хар куртиктэй эмэгтэй хүн хажуу талын өрөөнөөс гараад 304 тоот өрөөнд ороод гарч байсан дүрс байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч Э.Э-ын өгсөн: ...Энхбатын хамт архи худалдаж аваад “Нүүдэлчин” гэх зочид буудлын 304 тоот өрөөнд орж архиа хувааж уусан. Би М.Эад “явлаа шүү” гэж хэлээд гарахдаа өрөөний хаалгыг онгорхой орхисон. Гэртээ байж байтал “М.Эын гар утас, мөнгө алга болсон” гэхээр нь “Нүүдэлчин” зочид буудалд очоод хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд нэг эмэгтэй бид 2-ын буудалласан өрөөнд ороод гарч байсан. М.Э нь зочид буудалд байж байхдаа эхнэртэйгээ гар утсаар ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

Гэрч Л.А-ийн өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3 эрэгтэй хүн, 3 эмэгтэй хүн 303 тоот өрөөнд буудалласан. Маргааш өглөө 08 цагт Г гэх залуу нь гадаа гарч машинаа халаасан. Тэгтэл хяналтын камерын бичлэгт 304 тоот өрөөнд орсноор дүрс нь бичигдсэн эмэгтэй нь хар өнгийн эрэгтэй куртик нөмрөөд “манай хүмүүс хаашаа явсан бэ” гэж асуусан. Эд зүйлээ алдсан гэх М.Э нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний 07 цагт буудлаас гараад буцаад өөр нэг залуугийн хамт архи бариад орж ирсэн. 08 цаг өнгөрч байхад хамт орж ирсэн залуу нь гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Гэрч Г.Г-ийн өгсөн: ...М.Э надтай уулзахад Самсунг Эс-7 загварын гар утастай байсан ба 140.000 төгрөгтэй байсан. Би М.Эаас 20.000 төгрөг зээлээч гэсэн чинь М.Э нь “эхнэрийн мөнгө” гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэрч Ц.Г-ийн өгсөн: Д.Э нь надад хүний халааснаас 120.000 төгрөг авсан. Өөрөө хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

М.Эын ........ дугаарын утаснаас 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08:31:21 цагт хамтран амьдрагч Ц.О-ийн ....... дугаартай яриа хийсэн талаар ........ дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 10/,

“Нүүдэлчин” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “иргэн М.Эын эзэмшлийн Самсунг Эс 7 загварын шинэвтэр гар утас 500.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цуг байсан эгчийн найз залуутай буцалсан ус аваад буудлын шатаар дээшээ өгсөөд явж байхад хаалганы завсраар хохирогч М.Э нь намайг дуудсан. Өрөөнд нь яваад ороход намайг шалтгаангүй дээрээс дарсан. Тэгээд бид хоёр тохиролцоод бэлгийн харилцаанд орсон. Би гарахдаа чамайг цагдаад хэлнэ гэтэл миний араас мөнгө шидсэн. Тэр нь 120.000 төгрөг байсан. Би гар утсыг нь аваагүй... гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслээд хохирогч нь хохирсон атлаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэгт дүгнэлт өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байх боловч энэ нь хэрэгт авагдсан хохирогч М.Эын өгсөн “...Намайг унтаж байхад Э ах явчихсан байсан. Зочид буудлын 2 үйлчлэгч намайг сэрээсэн. Тэгтэл миний Самсунг Эс-7 загварын гар утас болон бэлэн 120.000 төгрөг алга болсон байсан. Зочид буудлын хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд намайг унтаж байхад нэг эмэгтэй манай өрөө рүү ороод гарч байсан бичлэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, гэрч Ц.О-ийн өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 08:40 цагт хамтран амьдрагч руугаа залгахад гар утсыг нь эрэгтэй хүн аваад “М.Э унтаж байна” гэж хэлсэн. Хаана байгааг нь асуухад хэлэхгүй байсан. Тэгээд би ажил дээрээ байж байхад М.Э архи үнэртүүлчихсэн ирээд гар утас, мөнгө байхгүй болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Э.У-ын “...ээлж хүлээлцээд 304 тоот өрөөнд ороход нэг залуу унтаж байсан. Тэр залууг босоход тэр залуу халаасаа үзээд “миний гар утас, мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд хар куртиктэй эмэгтэй хүн хажуу талын өрөөнөөс гараад 304 тоот өрөөнд ороод гарч байсан дүрс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч Ц.Г-ийн өгсөн “Д.Э нь надад хүний халааснаас 120.000 төгрөг авсан. Өөрөө хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34/-ээр тус тус үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч Д.Эийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нүүдэлчин” зочид буудлын 304 тоот өрөөнд нэвтэрч иргэн М.Эын эзэмшлийн Самсунг Эс-7 загварын гар утас, бэлэн 120.000 төгрөгийг тус тус авч 620.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Эад Самсунг Эс-7 загварын гар утас, бэлэн 120.000 төгрөг, нийт 620.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч М.Э нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхэд гаргасан “...миний бие Д.Эт гомдолгүй тул хэргийг шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 130/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Э нь бусдад төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.Э нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Д.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Эийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Эийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР