Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02051

 

2023.11.24 №2051

“Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02494 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн хариуцагч “М-” НҮТББ, Ө.Ш-, А.Б- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 27,960,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай А.Б-гийн, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Ө.Ш-гийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч А.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч А.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Б-” ХХК нь “М-”-той 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 25,000 ширхэг медаль худалдсан. Барааг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээлцэн, 27,960,000 төгрөгийн төлбөрийг баталгаажуулсан боловч хариуцагч нь төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагч “М-”-ноос 27,960,000 төгрөг гаргуулж, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү  гэжээ.

 

            2.Хариуцагч “М-” НҮТББ-ын тайлбар, татгалзлын агуулга: Гэрээ байгуулагдах цаг хугацаанд “М-”-ны ерөнхийлөгчөөр А.М- ажиллаж байсан бөгөөд үүнээс хойш хоёр удаа удирдлага нь солигдсон. Одоогийн удирдлага нь 2022 онд томилогдсон бөгөөд гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг мэдэхгүйгээс гадна бодитоор хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ө.Ш- шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Тухайн үед М-нд өөрийн орон сууцны гэрчилгээг хадгалуулна гэж ойлгосон. Гэрээний үр дагаврыг андуурч хөнгөмсгөөр найдсаны улмаас хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. Гэрээ хэрэгжих хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч А.Б- шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан нөхцөл байдал байгаа учраас дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн барьцаалуулагчийн хувьд зээлээр худалдах худалдан авах гэрээ хэрэгжих хугацаанд өөрийн орон сууцыг барьцаалуулсан. Гэрээ хэрэгжих хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйлийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Барьцааны гэрээ хуулийн дагуу байгуулагдаж, талууд харилцан гарын үсгээ зурсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “М-” НҮТББ-аас 18,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасан үндэслэлгүй тул “Б-” ХХК, Ө.Ш- нарын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Ө.Ш-гийн сөрөг нэхэмжлэл, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 байр, 18 тоот улсын бүртгэлийн Ү-2206021464 дугаартай 136,06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай А.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “М-” НҮТББ нь 18,960,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ө.Ш-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201036635 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойт /18101/, Москвагийн гудамж 48а байр, 966 тоот, 2 өрөө орон сууц, А.Б-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206021464 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо Зайсангийн гудамж 21/2 дугаар байрны 18 тоот, 5 өрөө орон сууцыг тус тус албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б- ХХК-ийн төлсөн 438,150 төгрөг, хариуцагч Ө.Ш-гийн төлсөн 362,950 төгрөг, хариуцагч А.Б-гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М- НҮТББ-аас 252,750 төгрөг, хариуцагч А.Б-гаас 70,200 төгрөг, хариуцагч Ө.Ш-гээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

            7.Хариуцагч А.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад хэргийг дахиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

            7.а.Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хугацаандаа хэрэгжээгүй гэрээний хугацаа дуусгавар болж гэрээний үүрэг дуусгавар болсныг шүүх анхаарч шийдвэрлээгүй. “Б-” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний дотор шагналыг хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээ дуусгавар болсноор барьцааны гэрээ дуусгавар болох нөхцөлтэй гэрээ байгуулагдсан тул тухайн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу талууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг үүсээгүй, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Барьцаалуулагч нь зөвхөн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаанд үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Гэвч тухайн гэрээний хугацаанд талуудын хооронд барьцаа хөрөнгөөр үүргийг хангах харилцаа үүсээгүй зээлээр худалдах худалдан авах гэрээ, барьцааны гэрээний хугацаа дуусгавар бол харин тухайн шагнал нийлүүлсэн гэх асуудал нь энэ гэрээ дуусгавар болсон цагаас хойш нийлүүлэгдсэн, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шагнал нийлүүлсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт байгаа тооцооны үлдэгдлийн баталгаа нь тухайн зээлээр худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн акт гэж үзэх нь эргэлзээтэй, нотлогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Өмнө нь энэ маргаан шийдвэрлэгдэхэд өнөөдрийн шийдсэн 2,100 ширхэг тэмдгийг хүлээлгэж өгсөн акт үйлдэгдээгүй байсан. Холбооны удирдлага маргаантай гэдэг байдлаар хүлээлгэж өгөөгүй. Өмнөх давж заалдах шатны магадлалд тухайн хэргийг дахин шийдвэрлэхэд энэ магадлал саад болохгүй гэдгийг тэмдэглэсэн. Бараагаа хүлээлгэж өгсөн. Тухайн үеийн удирдлагууд 2,100 ширхэг тэмдгийг хүлээж авсан гэдэг тайлбарыг өгсөн байдаг. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч А.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

 

2.Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч “М-” НҮТББ, А.Б-, Ө.Ш- нарт холбогдуулан 27,960,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч А.Б- нь орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, хариуцагч Ө.Ш- нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч “М-” НҮТББ-тай 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Б-” ХХК нь 25,000 ширхэг медалийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийлүүлэх, хариуцагч “М-” НҮТББ нь гэрээний төлбөрт 220,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /1хх-ийн 8-12-р тал/

 

   3.а.Мөн өдөр нэхэмжлэгч “Б-” ХХК нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч А.Б-, Ө.Ш- нартай тус тус барьцааны гэрээ байгуулж, А.Б-гийн өмчлөлийн 5 өрөө орон сууц, Ө.Ш-гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /1хх-ийн 13-16-р тал/

 

   3.б.Анхан шатны шүүх талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 165, 166 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

3.в.Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч “М-” НҮТББ-д 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,100 ширхэг буюу 27,960,000 төгрөгийн медалийг хүлээлгэн өгсөн болох нь бараа хүлээлгэж өгсөн актаар тогтоогджээ. /1хх-ийн 18-р тал/. Мөн өдөр талууд “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт үйлдэж, М- нь 27,960,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталгаажуулсан байна. /1хх-ийн 17-р тал/

 

3.г.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч “М-” НҮТББ-аас борлуулсан бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй.

 

3.д.Хариуцагч “М-” НҮТББ-ын хувьд нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй, мөн гэрээний талуудын үйлдсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

4.Анхан шатны шүүх “медалийн хэв өөрчлөгдсөнтэй холбоотойгоор талууд гэрээнд өөрчлөлт оруулсан гэх байдал” тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлээс 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

5.Иймд хариуцагч “М-” НҮТББ-аас 18,960,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож, үүргийн сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

 

   6.Орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч А.Б-, Ө.Ш- нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

   6.а.Учир нь нэхэмжлэгч “Б-” ХХК, хариуцагч А.Б-, Ө.Ш- нарын хооронд  2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан, уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

   6.б.Түүнчлэн, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан барьцааны эрх дуусгавар болох аль ч үндэслэл бүрдээгүй буюу үндсэн үүргийн биелэлт хангагдаагүй тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлөх боломжгүй юм. Иймд энэ талаар гаргасан  хариуцагч А.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

  

   7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлээр шаардсан асуудлыг шүүх урьд шийдвэрлэсэн гэх тайлбар гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 974 дугаар магадлалд “... “Б-” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний үүргийг биелүүлж, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлсний дараа хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний үнийг худалдан авагч М-ноос шаардах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэжээ.  

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлээр шаардаж буй 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй, талууд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дээрх гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч тооцоо нийлсэн үйл баримт тогтоогдсон тул энэ талаарх давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

  

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02494 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХБАЯР

                                           ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ