Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 259

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

                       Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг Уушигийн цохио гэх газар оршин суух, Тайж овгийн Гаваасамбын Сүхбаатарын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Сүхбаатар, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Сүхбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Г.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтэгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд ажилласан жил маань дутуу тооцогдоход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаад ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

Г.Сүхбаатар нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус  шүүхэд гаргажээ.  

Хүсэлт гаргагч Г.Сүхбаатар нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч 1977 оны баримт хэрэг авагдаагүй байх тул түүнийг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Г.Сүхбаатар Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1030 тоот лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9051 тоот лавлагаа, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1978 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн протокол, Гучин-Ус сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын  1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн протокол, Гучин-Ус сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоол, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолын хавсралт, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10 тоот протокол, гэрч Д.Батзориг, Г.Гээпилмаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овгийн Гаваасамбын Сүхбаатарыг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ҮҮРИЙНТУЯА