| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/00496/И |
| Дугаар | 210/МА2023/01986 |
| Огноо | 2023-11-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2023/01986
2023 оны 11 сарын 13 өдөр Дуга210/МА2023/01986
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/02798 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас үүссэн хохиролд 132,497,770 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандал, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Гео Урбан консалтинг ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-тай Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засвар/Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6, 15, 18, 25, 26 дугаар хороо/-нд хийгдэх авто замын ажлын зураг төсөв боловсруулах ГУК-20/14 дугаартай гэрээ байгуулсан.
1.2.******* ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөг шилжүүлсэн боловч гэрээнд заасан үүргээ биелүүлж ажил гүйцэтгүүлсэн төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд ажил хийж гүйцэтгэсэн төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Гэрээнд заасан хугацааг хэтрүүлснээс ******* ХХК-д дараах их хэмжээний хохирол үүссэн:
1. Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засварын ажлыг захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эхний гүйцэтгэлийг баталгаажуулсан ба манай компани энэ хугацаанд ажлыг өөрийн зардлаар хийх зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-аас 12 сарын хугацаатай 100,000,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Зураг төсөл хугацаандаа батлагдсан байсан бол гүйцэтгэлээ ажил эхлэхээс өмнө авч ББСБ-аас зээл авч хохирохгүй байсан. Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 153,123,719.62 төгрөг нэхэмжилсэн ба үүнийгээ ч өнөөдрийг хүртэл төлж чадаагүй.
2. Баянзүрх дүүрэг, 25-р хороо. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжаас Шинэ монгол сургууль чиглэлийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажил 2 байршлын борооны усны шугамын ажлыг гүйцэтгүүлэхээр Гансор ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т/20-007 дугаартай 76,000,000 төгрөгийг төлсөн. ******* ХХК-ийн гүйцэтгэсэн алдаатай зургийн улмаас холболтын худгийг өөрчлөх шаардлага гарсан. Тус өөрчлөгдсөн ажилд нэмэлтээр 53,000,000 төгрөгийн зардал гарч Гансор ХХК гүйцэтгэсэн.
Иймд ******* ХХК-иас гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 132,497,770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Гео урбан конслатинг ХХК-д олгож,
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.2.3, 352 дугаар зүйлийн 352.3, 355 дугаар зүйлийн 355.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 132,497,770 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжпэгч Гео урбан конслатинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 820,439 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гео урбан конслатинг ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1.Анхан шатны шүүх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, нотлох баримтыг хуулийн дагуу зөв үнэлээгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн б/-д ... хариуцагч үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөхгүй учир нь гүйцэтгэгчийн хийсэн ажлын доголдолын улмаас их хэмжээний хохирол учирсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч эдгээр үндэслэл татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзэв гэжээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гэрээ зөрчсөний улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хангалттай гаргаж өгсөн бөгөөд шүүх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй.
5.2.Мөн шийдвэрийн үндэслэлд гүйцэтгэсэн талын хийж гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч тал нь хугацаандаа өгөөгүй боловч 2020 оны 6 сард хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан хугацаандаа хүлээлгэж өгөөгүй шалтгааныг ковидын нөхцөл байдлаас шалгаалсан хөл хорионы улмаас хойшилсон гэж тайлбарласан.... гэжээ.
Шүүх тухайн барилгын зургийг хийж ажлыг гүйцэтгэхэд давагдашгүй хүчин зүйл нь юу болохыг тодорхойлоогүй. Гэрээг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ба ******* ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд авто замын ажлын зураг хийж гүйцэтгэхээ баталж гэрээ байгуулсан байдаг.
Гэтэл шүүх авто замын ажлын зураг хийхэд ковидын нөхцөл хэрхэн яаж нөлөөлсөн нь ойлгомжгүй байхад шүүх нэг талыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
5.3.Гэрээг 2 тал гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримтлан байгуулсан ба тухайн гэрээнд ажил гүйцэтгэж дуусах хугацааг тодорхой заасан. Нэхэмжлэгч авто замын ажлын зургийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, мөн зургийг бypyy хийснээс манай ажилд их хэмжээний хохирол үүссэн энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Манай компаний зүгээс доголдолыг арилгуулах хугацааг тогтоосон боловч ажил гүйцэтгэгч ******* ХХК нь тухайн хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул манай компани тухайн доголдлыг арилгасан ба түүнтэй холбоотой гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх мөн л үүнийг үнэлээгүй, анхаарч үзээгүй. ******* ХХК нь иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6. захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ ноцтой зөрчсөн.
5.4.******* ХХК нь авто замын ажлын зургийг хийхдээ өндөржилтийн зөрүүтэй хийснээс болж нэмэлт зардал гарч хариуцагчид их хэмжээний хохирол учирсан.
Нийслэлээс ажил эхлэх үед гүйцэтгэл гэж өгөөгүй тул Банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй мөнгө зээлж ажлаа эхлүүлсэн боловч нийслэлээс авто замын ажлын зураг хугацаандаа гараагүй үндэслэлээр гэрээгээ цуцалж, манай компани их хэмжээний алдагдал хүлээсэн.
Түлхүүр гардуулах гэрээ-ний нөхцөлтэй Замын талбайн тохижилт, ногоон байгууламж, авто замын засвар /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6, 15, 18, 25, 26 дугаар хороо/-ны гэрээг ямар үндэслэлээр цуцалсан болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй.
Энэ талаараа нэхэмжлэгчид хэлж байсан эвлэрлийн гэрээ байгуулах санал нэхэмжлэгчээс гарах үед мөн тухайн нөхцөл байдлыг ярьж ойлголцсон боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргасан тул манай компани өөрт учирсан бодит хохиролыг нэхэмжилсэн билээ.
Нэхэмжлэгч талаас өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох ямар ч баримт гаргаж өгөөгүй.
5.5.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр хариуцагчийн эрхийг ноцтой зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн явдалд туйлын гомдолтой байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/02798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч талын зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн болон доголдолтой байна гэж үзсэн учраас хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсныг хариуцагч талын хохирол гэж үзсэн тохиолдолд манай байгууллагын ямар алдаанаас болсон талаарх нотлох баримт байхгүй. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь өмнөх шүүх хуралдаанд оролцож, хурлын товыг мэдэн гарын үсэг зурсан, шүүхээс хэргийн оролцогчдод тов мэдэгдэж, хэргийн оролцогчдыг мэтгэлцэх боломжоор хангасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Гео урбан консатинг ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас үүссэн хохиролд 132,497,770 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засвар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 6, 15, 18, 25, 26 дугаар хороонд хийгдэх авто замын ажлын зураг, төсөв боловсруулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлын зураг төсвийн ажлыг хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон. /хх 54-55/,
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
4. Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу зураг хариуцагч ******* ХХК-д хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч нь гэрээний хугацааг хэтрүүлсэн буруутай байх боловч хариуцагч нь ажлын үр дүнг хүлээж авч, зураг төслийн дагуу Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 байршилд зам талбайн тохижилт, ногоон тайлбайн засварын ажлыг гүйцэтгэсэн ба нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандах хүртэлх хугацаанд ажлын үр дүнгийн доголдол болон хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд, хариуцагч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
6.1. ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсны улмаас холболтын худгийг өөрчлөх ажлыг Гансор ХХК-иар гүйцэтгүүлсэн, мөн гэрээний хугацааг хэтрүүлсний улмаас Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-аас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байгаа тул хохирол 132,497,770 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй талаар давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Гансор ХХК-аас гүйцэтгүүлсэн холболтын худгийг өөрчлөх ажил нь ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын улмаас нэмэлтээр хийгдсэн байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул ******* ХХК-аас хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй.
Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-аас зээл авч Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 байршилд зам талбайн тохижилт, ногоон тайлбайн засварын ажлыг гүйцэтгэсэн нь ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн үйл баримттай шалтгаант холбоогүй тул сөрөг нэхэмжлэлийн хангаагүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
6.2. Нийслэлийн замын хөгжлийн газраас ******* ХХК-тай байгуулсанТүлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засварын ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалсан ба хариуцагч нь 2 байршилд ажлыг гүйцэтгээгүй шалтгаанаар цуцалсан үйл баримтад ******* ХХК-ийн гэм буруу тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.3. Анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны товыг Г.Энхтулгад мэдэгдэж, Хурлын тов мэдэгдэх хуудас-т гарын үсэг зуржээ. Мөн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай хуудсаар товыг мэдэгдсэн байна. /хх-96, 99/
Хариуцагч байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.Энхтулга, болон төлөөлөгч Г.Батчимэг нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамт оролцох боломжгүй бөгөөд анхан шатны шүүх ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтулгад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчимэгт тов мэдэгдсэн гэж үзнэ.
7. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсгийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан нь алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3, 352.3 дахь хэсэг сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхтэй холбоогүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн тул тогтоох хэсгийн 2 дахь заалтаас хасах нь хуульд нийцнэ.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/02798 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 352 дугаар зүйлийн 352.2.3, 352.3... гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХБАЯР