Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02004

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 17 өдөр Дуга210/МА2023/02004

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03405 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цалин хөлс, урамшуулал, алданги нийт 8,190,101 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр*******ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээнд заасан төслийн ажлууд 2022 оны 9 сард дуусч, дараагийн төслийн ажилд хамтран ажиллах боломжгүй гэдгийг ажил олгогчоос мэдэгдсэн.

 

1.2.Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үедээ цалин хөлсний хэмжээг гэрээнд тусгалгүйгээр ажилтантай аман хэлцэл хийж, үндсэн цалингийн хэмжээг 2,000,000 төгрөгөөр тохирч үүнээс үр дүнгийн урамшуулал болох 300,000 төгрөгийг цалингаас нь суутган, төслийн ажил дууссаны дараа журмын дагуу нийтэд нь урамшуулал цалин хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон.

 

1.3.Ажил олгогч 8, 9 дүгээр сарын үндсэн цалин болон урамшуулал цалинг олгоогүй тул 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гурван талт хорооны хурлаар гомдлын шаардлагыг хэлэлцүүлж, хариуцагч талтай 8, 9 дүгээр сарын цалинг авахаар тохиролцсон.

 

1.4.Ажил олгогчоос 8, 9 дүгээр сарын цалинг олгоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 43 дугаар зүйлийн 43.2.1, 121 дүгээр зүйл, мөн хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу ажилтан Б.*******гийн 8 дугаар сарын цалин 1,934,530 төгрөг, 9 дүгээр сарын цалин 1,259,261 төгрөг, ээлжийн амралын цалин 742,000 төгрөг, нийт 9 cap ажилласан үр дүнгийн урамшуулалт цалин болох 2,700,000 төгрөг, тогтоосон хугацаанд олгоогүй цалингийн 146 хоногийн алдангид 1,554,310 төгрөг, нийт 8,190,101 төгрөгийг хариуцагч*******ХХК-аас гаргуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч Б.*******тэй 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба нийгмийн даатгалын шимтгэл багаар төлж байгаа бол НДШ төлмөөргүй байна гэсэн тул төлбөрийн доод хэмжээгээр төлье гээд цалин хөлс хөдөлмөрийн гэрээнд бичигдээгүй.

 

2.2.Мөн 2,000,000 төгрөгөөр төлөөд 300,000 төгрөг суутгаж байсан гэдэг үндэслэлгүй бөгөөд цалингийн хүснэгтийг шүүхэд гаргаж өгсөн.

 

2.3.Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлаа хаяж явсан болон ажлаа дутуу гүйцэтгэсэн тохиолдолд манайхаас урамшуулал цалин олгохгүй. Б.******* нь манайд 2023 оны 01 дүгээр сард ажлаас гарах өргөдлөө өгсөн ба өмнө ажлаа хаяж явсан.

Мөн 8, 9 дүгээр сард хийж дууссан ажил нь Монголиан транслайн компанид шалгагдан, 3 сард шаардлага хангахгүй байна гээд буцаж ирүүлсэн.

Ийм ажил хийгээд явсан ч 8, 9 дүгээр сарын цалинг өгье гэж үзсэн.

 

2.4.Түүнчлэн Гурван талт хорооны шийдвэр буруу байна гээд 2 удаа солигдож, сүүлийн шийдвэр нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэгдэж ирсэн.

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ирсэн шийдвэрийг хүлээж аваад танилцаж байхад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай компанийг Баянголын шүүхэд дуудсан.

Энэ хугацаанд бол бид нар яг хэдэн төгрөг өгөхөө мэдэхгүй, нэхэмжлэгч талаас байнга нэхэмжлэлээ өөрчилж ирээд байсан. Гурван талт хорооны шийдвэрт тусгасны дагуу ажлаа хүлээлгэж өгсөн тохиолдолд манайх мөнгөө төлнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 154.9, 158 дугаар зүйлийн 158.1.4-т зааснаар хариуцагч*******ХХК-д холбогдуулан гаргасан гомдол гаргагч Б.*******гийн цалин хөлс урамшуулал, алданги нийт 8,190,101 төгрөг гаргуулах тухай гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,2-д зааснаар Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,991 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 75,791 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэн.

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гурван талт хорооны хурлын шийдвэрээр нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгөөд тойрох хуудсаа зуруулах үүрэгтэй байсан бол хариуцагч ажлыг хүлээн авч тойрох хуудсанд гарын үсэг зурж, цалин хөлсийг олгох, үндэслэлгүйгээр хүлээж авахаас татгалзахгүй байх үүрэг хүлээсэн.

Нэхэмжлэгч Б.******* гурван талт хорооны хурлын шийдвэрийг биелүүлж, ажил хүлээлцэх нэр бүхий 7 албан тушаалтны 6 хүнд ажлаа хүлээлгэж өгөөд тойрох хуудаст гарын үсгийг нь зуруулсан боловч хүний нөөцийн албан тушаалтан Н.Бямбадолгор нь нэхэмжлэгчийн ажлыг хүлээн авч тойрох хуудсанд гарын үсэг зурахгүй, гурван талт хорооны хурлын шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн ажлаа хүлээлцэж тойрох хуудаст гарын үсэг зуруулсан баримт хавтаст хэргийн 74-р талд нотлох баримтаар авагдсан бөгөөд энэхүү баримт нь нэхэмжлэгчийг 3 талт хорооны хурлын шийдвэрийг биелүүлсэнийг, шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь хэсэгт заасан ...Б.******* тойрох хуудас зурж, ажлаа хүлээлгэж өгөх....үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна гэх заалтыг үгүйсгэх дээрх нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн.

Мөн ИХШХШТХ 116-р зүйлийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн заалт огт хэрэгжээгүй гэж үзэж байна.

 

4.2.Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 17 дах заалтад Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.4, 154.9, 158 дугаар зүйлийн 158.1.4-т зааснаар гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. гэжээ.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1-т Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ, 158.1.4-т энэ хуулийн 154.4, 154.9-д заасан шийдвэрийг биелүүлээгүй талаарх гомдлыг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж заасан, мөн хуулийн 154-р зүйлийн 154.9 Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн хувьд гурван талт хорооны хурлын шийдвэрийг 2023.02.06-ны өдөр хүлээн авч 2023.02.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийг 3 талт хорооны шийдвэрийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байна гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.4-т зааснаар уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан.

Шүүх дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг ойлгомжгүй, буруу тайлбарлан хэрэглэж, гурван талт хорооны шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээрээ, уг шийдвэрийг нэхэмжлэгч биелүүлээгүй байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

4.3.Нэг хариуцагчтай ижил төрлийн маргааныг өөрөөр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч гурван талт хороонд өөрийн нөхөр Б.Өлзийбямбын хамт нэг хариуцагчид холбогдуулж ижил төрлийн агуулгатай гомдлыг 3 талт хороонд гаргасан бөгөөд, уг гомдлыг гурван талт хороо нэг хурлаар хэлэлцүүлж хамтад нь шийдвэрлэсэн.

Түүний нөхөр мөн адил хариуцагчийг гурван талт хорооны шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй үндэслэлээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.22-ны өдрийн 102/ШШ2023/01116 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 110.3, 124.1, 154.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх ижил төрлийн маргааныг хуулийн өөр, өөр зүйл заалтуудыг үндэслэн янз бүрээр шийдвэрлэж байгаа нь иргэдийн хуулиар хамгаалагдсан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан зорилго биелэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03405 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооны шийдвэрээр Б.******* болон*******ХХК нарт үүрэг хүлээлгэн талууд эвлэрэх шийдвэр гаргасан.

Манай зүгээс нэхэмжлэгчид 8, 9 дүгээр сарын цалин болон ээлжийн амралтын мөнгийг өгч, эвлэрлийн гэрээгээр хэргийг шийдвэрлэх санал тавьсан боловч заавал алданги, урамшууллыг авна гэх байдлаар маргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооны шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй, хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооны шийдвэр хүчинтэй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

5.2.Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 154.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан цалин хөлс, урамшуулал, алданги нийт 8,190,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ажлаа гүйцэтгэсэн тохиолдолд 8, 9 дүгээр сарын цалин болон амралтын мөнгийг олгох боломжтой, харин алданги, урамшууллыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хавтаст хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.а.*******ХХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б22/105 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Б.*******г ажлаас чөлөөлжээ. /хх-59/

 

3.б. Нэхэмжлэгч Б.******* нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1 тоот гурван талт хорооны гомдол хэлэлцсэн тэмдэглэлээр ...хариуцагч*******ХХК нь Б.*******г тойрох хуудас зурж, ажлаас хүлээлгэж өгсөн тохиолдолд 8 сарын цалин 1,934,530 төгрөг, 9 сарын цалин 1,259,261 төгрөгийг тус тус гаргаж өгөх, Б.******* нь тойрох хуудас зурж, ажлаа хүлээлгэж өгөх, хариуцагч түүнийг нь хүлээн авах, үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзахгүй байх, гомдол гаргагч ажлын гүйцэтгэлээ гаргаж урамшуулал бодуулах талаар ажил олгогчдоо хүсэлт гаргах-аар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

 

4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдааг гаргасныг дараахь байдлаар залруулна.

4.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны урьдчилан шийдвэрлэх явцад талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэгдсэнд тооцно. гэж заажээ.

 

4.б. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1 тоот гомдол хэлэлцсэн тэмдэглэлийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад гомдол гаргаагүй гэж хэргийн үйл баримтыг шүүх буруу тогтоосон байна.

 

4.в. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1 тоот гомдол хэлэлцсэн тэмдэглэлийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргасан байхад Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1 тоот гомдол хэлэлцсэн тэмдэглэлийг хүчинтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй.

 

Цалин хөлс нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг ойлгох бөгөөд цалин хөлс нь ажилтны эдийн засгийн суурь баталгаа, амьжиргааны үндэс юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүргээ биелүүлээгүй тул 8 сарын цалин 1,934,530 төгрөг, 9 сарын цалин 1,259,261 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

6. Ирээдүйн ган зам ХХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б22/105 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Б.*******г ажлаас чөлөөлсөн боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгох үүрэгтэй тул амралын олговорт 742,000 төгрөг хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт нийцжээ.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно.

 

Хариуцагч байгууллага нь цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох үүргээ биелүүлээгүй тул хуульд заасан хариуцлага буюу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул хариуцагчаас алданги 1,554,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Ирээдүйн ган зам ХХК нь Б.*******г ажлыг хүлээлгэн өгөөгүй, үүргээ биелээгүй гэх агуулгатай татгалзал нь үндсэн цалинг олгоогүй цалин хөлснөөс алданги тооцохгүй байх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үр дүнгийн урамшуулал 2,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй.

 

Урамшуулалд ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал, онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал тус тус хамаарна.

Урамшуулах олгох эсэх асуудал нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах тул үр дүнгийн урамшуулал 2,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй.

 

9. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар хариуцагч байгууллагаас 08 дугаар сарын цалин 1,934,530 төгрөг, 09 дүгээр сарын цалин 1,259,261 төгрөг, ээлжийн амралтын олговор 742,000 төгрөг, нийт 3,935,791 төгрөг, хугацаандаа цалин хөлсийг олгоогүйн улмаас 146 хоногийн алданги 1,554,310 төгрөг, нийт 5,490,101 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03405 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан хариуцагч*******ХХК-аас 5,490,101 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх 2,700,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ХХК-аас 102,792 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 145,991 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР