Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 73

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Хохирогч Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ч.От холбогдох эрүүгийн 1818005340348 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ч.О /РД: /, Хэнтий аймгийн Жаргалантхаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Н.Мөнгөнсүх нь шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.О нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд тус тус тусгай зөвшөөрөлгүйгээр 0.665 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд нийт 8.384.060 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.Оын өгсөн: Батсүрэн гэх хүнээс 46.000.000 төгрөгөөр 2 ширхэг Hyundai 480 маркийн экскаватор түрээсэлж авсан. Би тухайн газарт байнга байгаагүй. Цагдаа нар ирж шалгахад би байгаагүй. Намайг байхгүй үед газар ухсан зүйл байхгүй. Би хохирол төлбөрөө төлнө гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Бийн өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын цагдаагийн хэсгийн төлөөлөгч н.Баярмагнай, Эрүүгийн төлөөлөгч н.Зам нарын хамт уг газар очсон. Тухайн үед 2-3 гэр барьсан, техник технологи авчирсан байсан. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дахин газар ухах оролдлого хийсэн байдаг. Уг үйл явдал болсноос хойш нэг өдрийн дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор лац тавьж битүүмжилсэн байгаа. Байгаль орчны тухай хуулийн дагуу 23.867.390 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 5.703.500 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Чийн өгсөн: Ч.О, Батсүрэн гэх хүмүүс тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа манай сумын захиргаа мэдээгүй. Эдгээр хүмүүс нь манайд зөвшөөрөл авахаар хандаж байгаагүй. Гэм буруутай этгээдүүдээс байгаль орчинд учирсан хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/,

Гэрч Ү.Бийн өгсөн: Би уул уурхайн тоног төхөөрөмж хүмүүст түрээсэлдэг хадам эгч болох Батсүрэнгийн 2 ширхэг экскаватор, 1 ширхэг ковшийг хариуцаад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өглөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт” гэх газраас Хонгор сумын Хүйтний гол гэх газарт авч ирсэн. Ногоон өнгийн Ланд-80 маркийн машинтай залуу нэг газар зааж өгөөд тэр газрын шороон хөрсийг хуулж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25/,

Гэрч Г.Мны өгсөн: ...Өчигдөр 2 экскаватороо талбай дээр аваад очсон. Би өнөө өглөөний ээлжээр очиход хөрс буюу хар шороог хуулж эхлээд нэг экскаваторын гинж мултарсан байдалтай байсан. Тэгтэл цагдаа нар ирж шалгасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/,

Гэрч Д.Бийн өгсөн: ...Манай компанийн ашиглалтын талбайн хойд захад сүүлийн 1 сарын хугацаанд хувь хүмүүс юм уу, компани юм уу аль нь мэдэгдэхгүй хүмүүс экскаватор, ковш оруулж ирээд газрын хөрс хуулж, алт олборлохоор газар ухаж эхэлсэн. 3 хоногийн өмнө тэр 2 экскаватор, өнгөрсөн шөнө 1 ковш нь орж ирсэн санаж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29/,

Гэрч Б.Эын өгсөн: ...Бидний ажилласан газрын ойр хавь эвдэгдсэн байсан ба 2 экскаваторын ухсан буюу Мэндээ бид 2-ын ухсан газар нь ухагдаагүй эрүүл, тэгш газар байсан. ...Уг газарт Оюука гэх эзэнтэй, Батжаргал гэх хүний удирдлага дор ажилласан. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагаа зогсоосон. Бид 50 орчим метр урт, 30-40 метр өргөн, 5-6 метр гүн газрыг ухаж бараг угааж дуусаж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32, 144/,

Гэрч С.Бийн өгсөн: ...2018 оны 6 дугаар сарын 27-нд Ч.О надтай экскаваторыг сард 46.000.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийж, урьдчилгаа 20.000.000 төгрөг бэлнээр авсан. Мөн Ч.О нь манай ЗИЛ131 маркийн машинтай 5450 литр дизель түлшийг урьдчилгаа 8.000.000 төгрөг төлж авсан. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очоод “экскаватороо өнөөдөр л авч явна” гэсээр байгаад Хонгор сумын Хүйтний гол руу экскаватороо хөлөөр нь авч явсан. Очих үедээ Ү.Батжавхлан над руу “ирчихлээ, цоожтой хаалга байна” гэхээр нь би Ч.О луу холбогдоход “ногоон өнгийн Ланд-80 маркийн машинтай хүмүүс очно” гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс нь очиж экскаваторыг оруулсан. Маргааш нь шалгалт ирсэн гэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44, 132/,

Гэрч Г.Эын өгсөн: ...Ч.О нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны үеэр надаас мөнгө асуугаад маргааш нь “мөнгө олчихлоо, экскаватор олж өгөөч” гэсэн. Миний 2 таньдаг хүний 1 нь экскаватор түрээсэлмээр байна, нөгөөх нь түрээслүүлмээр байна гэхээр нь холбож өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63/,

Хууль ёсны төлөөлөгч Т.Аийн өгсөн: ...Ч.О нь Хонгор суманд ямар нэгэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Түүнээс Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааны дагуу байгаль орчинд учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож нөхөн төлүүлмээр байна. Хууль бусаар газрын хэвлийд халдаж эвдэгдсэн талбайг нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг нэмж төлүүлмээр байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130/,

Гэрч Б.Бийн өгсөн: ...Ч.От Dooson 300 маркийн экскаватороо түрээсийн гэрээгүйгээр урьдчилгаа 6.000.000 төгрөг аваад түрээслүүлсэн. ...Би экскаватороо засахаар хэд хэдэн удаа Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт очиход Банзаа, Ч.О гэх хүмүүс нийт 10 гаруй хүнтэй тус тусдаа бригад ажиллаж байсан. Банзаа нь Hyundai-45008 Libherr-914 маркийн экскаватортой, Ч.О нь Dooson 3008 CAT-315 маркийн экскаватортой ажиллаж байсан. Хамгийн сүүлд намайг ирэхэд 1 гэр нэмэгдээд, хоёр Hyundai-4500 маркийн экскаватор нэмэгдсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133/,

Гэрч Б.Нын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ч.О над руу утсаар яриад “ажил хийх үү? Хувиараа жижиг алтны уурхай гаргаж байгаа. Чи ойр зуурын гагнуур болон бусад туслаад сард 1.000.000 төгрөгийн цалинтай” гэхээр нь би зөвшөөрсөн. ...Ч.О нь надад хууль бусаар ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор цалинг нь бодоод би ажилласан. Намайг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр очиход уг газарт үйл ажиллагаа явуулж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135/,

Гэрч М.Бийн өгсөн: ...найз Билэгдэмбэрэл “алтны компанид өөрийн экскаваторыг оруулчихсан байгаа. Чи тохирохгүй юм уу?” гэхээр нь зөвшөөрсөн. Ч.Оаас экскаваторын түрээсийн урьдчилгаанд 4.000.000 төгрөг, траллерийн ачилтын хөлсөнд 2.200.000 төгрөг аваад Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цэхэр цөөрөм” гэх газарт очсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137/,

Гэрч О.Цын өгсөн: ...2018 оны 6 дугаар сарын 20-23-ны хооронд би өдрийг нь сайн санахгүй байна манай лицензийн талбай руу орох гээд явж байсан Hyundai-480 маркийн 2 экскаватор, 1 ковш, хар хөх өнгийн Пародо маркийн машинтай жижиг халимаг үстэй, бор залууд “цагдаа нар шалгаж байгаа наад ам руугаа ороод хэрэггүй, буцаад яв” гэхэд “Хонгор сумын хүмүүстэй уулзсан.Техникүүдээ аваад орно” гээд уулын ам руу явсан. Маргааш нь Мөрдөн байцаах газраас хүмүүс ирээд хууль бусаар ажиллаж байсан талбайг хэмжээд явсан. Хэд хоногийн дараа 2018 оны 7 дугаар сарын эхээр Дарханы цагдаа нар ирээд уг аманд ажиллаж байсан хүмүүсийг дахин илрүүлээд техникүүдийг нь Шарын гол сумын цагдаагийн хэлтсийн журмын хашаанд журамласан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139/,

Гэрч Н.Хийн өгсөн: ...намайг очиход 70-80 метр урттай, 10-20 метр өргөнтэй, 3 метр гүн бүхий 2 газрыг ухсан байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140/,

Гэрч Э.Бийн өгсөн: ...Би 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ковш барихаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цэхэр цөөрөм” гэх газарт ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141/,

Гэрч Г.Эын өгсөн: ...Оюун гэж дууддаг ахтай танилцаад сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Оюун ах намайг 72-10 УНМ улсын дугаартай Ланд-80 маркийн машинаар ирж аваад энэ алт ухаж байгаа уурхайд ирсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144/,

Гэрч Ц.Тийн өгсөн: Ч.Отай зарын дагуу холбогдож буучны туслахаар ирж ажилласан. Уг газрыг Ч.О гэдэг хүн хариуцаж ажиллуулдаг. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143/,

Гэрч Ё.Гын өгсөн: ...Намайг түлш хүргэж өгөхөөр 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Цэхэр цөөрөм” гэх газар очиход 4 экскаватор ажиллаж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146/,

Гэрч Г.Мны өгсөн: ...зарын дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Цэхэр цөөрөм” гэх газарт экскаватор барихаар ирсэн. Захирал Оюукаг нэг удаа харсан. 70-80 метр урт, 50-60 метр өргөн, 4-5 метр гүн газар ухсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147/,

Гэрч Д.Бын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зарын дагуу ажилд орох зорилгоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Цэхэр цөөрөм” гэх газарт ирсэн. Энэ газрыг түрээсэлж авсан гэх Оюунболд гэдэг хүн авчирч ирсэн. 70 метр урт, 40-50 метр өргөн, 3-4 метр гүн газар ухсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148/,

Гэрч А.Сийн өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зарын дагуу экскаваторын операторчноор Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Цэхэр цөөрөм” гэх газарт ирсэн. 50-60 метр урт, 40-50 метр өргөн, 2 метр гүн газар ухсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149/,

Гэрч У.Нын өгсөн: Ч.О надад “манай уурхайд гагнуурчин хэрэгтэй байна. Сарын 1.000.000 төгрөг цалин өгнө” гэж хэлсэн. Тэгээд би уурхайд ирээд 20 гаруй хонож байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150/,

Шүүгдэгч Ч.Оын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хүйтний голын “Цэхэр цөөрөм” гэх газарт хууль бусаар алт олборлож байгаад Мөрдөн байцаах албаны 6 дугаар хэлтсийн байцаагч нарт баригдсан. Байцаагч нарыг явсны дараа шархаа нөхөж ухъя гээд үргэлжлүүлж ажиллаж байгаад 2-3 хоногийн дараа Дархан-Уул аймгийн Шарын гол сумын цагдаагийнханд баригдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-13, 123-128/,

Ч.О нь иргэн С.Бийн Hyundai-480 маркийн экскаваторыг түрээсэлсэн тухай гэрээ /1-р хх-ийн 48-49, 185-186/,

“Нуман Алтай” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01/30 дугаартай “Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Хүйтний гол” гэх газарт хууль бусаар алт олборлохоор үйл ажиллагаа явуулж байсан уурхайлалтын ажлын улмаас 0.41 га талбай эвдэрснээс эдэлбэр газарт учруулсан хохирол 5.677 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирол 114.495 төгрөг, газрын хөрсөнд учруулсан хохирол 760.910 төгрөг, ургамлын бүрхэвчид үзүүлсэн хохирол 583.743 төгрөг, усан орчинд үзүүлсэн хохирол 0 төгрөг, нийт байгаль орчинд 1.459.148 төгрөгийн хохирол учирсан. Эвдэрсэн талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 664.812 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 69-101/,

“Монслов” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Ч.О нь 2558.73 м.кв талбайд үйл ажиллагаа явуулсан. Эдэлбэр газарт учирсан хохирол 140,339.2 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 3,108,856.5 төгрөг, хөрсөн бүрхэвчид учирсан хохирол 1,592,520 төгрөг, ургамлан нөмрөгт учирсан хохирол 279,579.3 төгрөг, нийт 5,121,295 төгрөгийн хохирол байгаль орчинд учирсан. Нөхөн сэргээлтийн ажлын зардал 4,409,543.9 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 152-163/,

“Ойт бүс” ХХК-ийн 2018 оны 11 дүгэр сарын 20-ны өдрийн 18/19 дугаартай “Иргэн Ч.О хууль бусаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсны улмаас нийт 6628.73 м.кв буюу 0.665 га талбай (Нуман Алтай” ХХК болон “Монслов” ХХК-уудын дүгнэлт дэх талбайн хэмжээг үндэслэв) эвдрэлд өртсөн байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлэхэд: эдэлбэр газарт 15.300 төгрөг, газрын хэвлийд 4.917.250 төгрөг, хөрсөн бүрхэвчид 1.633.920 төгрөг, ургамлан нөмрөгт 1.816.230 төгрөг, нийт 8.384.060 төгрөгийн хохирол учруулсан байна. Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн зардал 5.703.500 төгрөг зарцуулах шаардлагатай” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 4-24/,

Шинжээч А.Цэнд-Аюушийн өгсөн: 1/30 дугаартай дүгнэлтийг гаргахдаа газар дээр нь очиж хэмжилт судалгаа хийж дүгнэлтийг гаргасан. Тухайн үед 4070 м.кв талбай эвдсэн байсан ба шороо угааж ус ашиглаагүй, хөрс хуулалт эхлэн явагдаж байсан. Манай компанийг очиж үзлэг шалгалт хийснээс хойш нэмж ухаж алт олборлох үйл ажиллагаа явуулсан учраас “Монслов” ХХК, “Ойт бүс” ХХК-нуудын гаргасан дүгнэлтээр хохирлын хэмжээ их гарах нь зүйтэй юм гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25/,

Шинжээч Б.Очмаагийн өгсөн: 18/19 дугаартай дүгнэлтийг хэргийн материалаас өмнөх “Нуман Алтай” ХХК, “Монслов” ХХК-уудын дүгнэлтийг үзэж, талбайн хэмжээг нэгтгэн тооцож гаргасан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-27/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан ба шүүгдэгч Ч.Оын Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд тус тус тусгай зөвшөөрөлгүйгээр 0.665 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газар ухсан үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ.

Иймд Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд хууль бусаар халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 8.384.060 төгрөгийн шууд хохирол учирсан ба нөхөн сэргээлтийн зардал 5.703.500 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Хохирогч Д.Б нь шүүгдэгчээс байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг байгаль орчны улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10-04—305/01 дугаартай актын дагуу эдэлбэр газарт учруулсан хохирлыг 3 дахин, хөрсөнд учруулсан хохирлыг 3 дахин, ургамланд учруулсан хохирлыг 5 дахин, газрын хэвлийд учруулсан хохирлыг 2 дахин тус тус нэмэгдүүлэн тооцож нийт 23.867.390 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэвч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэх нь зүйтэй тул хохирогч Д.Бийн байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 23.867.390 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Ч.Оаас байгаль орчинд шууд учирсан хохирол болох 8.384.060 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 5.703.500 төгрөг, нийт 14.087.560 төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа 14.087.560 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх зорилгоор завсарлага авсан боловч хохирлоо нөхөн төлөөгүй ба 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөхөөр хохирогчтой тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь байгаль орчинд шууд учирсан хохирол болох 8.384.060 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 5.703.500 төгрөг, нийт 14.087.560 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ч.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Ч.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Оыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Ч.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор хохирол 14.087.560 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нь шүүгдэгч Ч.О нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаас бусад тохиолдолд хамаарахыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ хоногийн дотор 14.087.560 /арван дөрвөн сая наян долоон мянга таван зуун жар/ төгрөгийн хохирлыг төлөх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нь шүүгдэгч Ч.О нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаас бусад тохиолдолд хамаарахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Оаас 14.087.560 /арван дөрвөн сая наян долоон мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт олгож, шүүгдэгч нь 14.087.560 /арван дөрвөн сая наян долоон мянга таван зуун жар/ төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөхөө илэрхийлснийг дурдаж, хохирогчийн байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР