| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0073/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 82
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Бт холбогдох эрүүгийн 1818009540029 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр нь шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овоот” гэх газарт Дархан-Уул аймгаас Орхон сумын чиглэлийн төв засмал зам дээр Тоёота гранд марк-2 маркийн 67-36 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б, 3.7.а, 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалтыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн А.Нийн амь насыг хохироосон болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Бийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орой 8 цагийн үед 3-лаа нэг шил архи уусан. Дараа нь айлаас хонь авахдаа шар айраг уусан. Буцаж явахдаа ганцаараа 1.5 литр шар айраг уусан. Тухайн үед машин барихад гайгүй байх гэж бодсон. Би 100 гаруй километр цагийн хурдтайгаар машинаа жолоодож байсан байх. Машины 2 дахь эргэлт дээр хохирогч шидэгдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдсэн хүүхдэд нь туслана гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 07:18 цагийн үед танихгүй утаснаас охиныг маань осолд орсныг хэлсэн. Талийгаачийн охин нь тархи, нугасны гэмтэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Шүүгдэгчийг хүн чанарынхаа үүднээс үлдсэн хүүхдэд нь тус болоосой гэж бодож байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч И.Эын өгсөн: ...Ингээд би машиндаа байсан том савтай “Боргио” нэртэй шар айргийг гаргаад Б.Б, Т.А, Н.Б нарын хамт хувааж уусан. Тэгээд явчихсан. Удалгүй 30 минутын дараа Б.Б нь “голын мөсөн дээр дрифт хийж байгаад дугуйгаа хагалчихлаа” гээд утсаар хэлэхээр нь би очсон. Тэгэхэд Б.Биас архи үнэртэж байсан бөгөөд машинд нь талийгаачаас өөр хүн байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрч Б.Сийн өгсөн: ...Жолооч Бат-Эрдэнийн хамт дуудлагын дагуу “Овоот” гэх газарт очиход замын голд нэг хүн нас барсан байдалтай, саарал өнгийн машин онхолдоод замын хажууд байсан. Машин дотор жолооч нь байсан. Нас барсан хүний биед үзлэг хийхэд манай Эрүүл мэндийн төвд лаборант ажилтай А.Н байсан бөгөөд амьсгал хураасан, доош харсан байдалтай байсан. Харин машины жолооч нь Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч ажилтай Б.Б байсан бөгөөд баруун гарын сарвууны дээр зүсэгдсэн ил шархтай, эгэм тохойгоор битүү гэмтэлтэй байсан. Б.Биас архи үнэртэж байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч Б.Аын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагч ажилтай байхад өөрийгөө Ганбат гэж танилцуулсан хүн “Овоот” гэх газарт машин онхолдсон байна гэсэн дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Гэрч Ц.Гын өгсөн: ...Б.Бийн машинд талийгаач А.Н, миний машинд Н.Б суусан. Б.Б, А.Н 2 урд 100-120 км цагийн хурдтай, Н.Б бид хоёр 80-85 км цагийн хурдтай араас нь явж байсан. “Овоот” гэх газарт өгсөх үед миний урд ойролцоогоор 300-400 метрийн зайд зам дээр гэрэл эргэлдэх шиг харагдсан. Араас нь яваад очиход зам тээврийн осол гарчихсан, талийгаач зам дээр доош харсан байдалтай, машин нь замын хажууд хажуу талаараа унасан байсан. Талийгаачийн дагз нь цөмөрсөн байдалтай байсан. Би Орхон сумын 103 руу зам тээврийн осол гарсан талаар дуудлага өгсөн. Тэгээд Н.Бийг хүргэж өгөхөөр явсан. ...Миний харснаар Б.Б нь Б, Т.А, Н.Б нартай том савтай шар айраг уусан. Дарханаас Орхон сум руу явж байхдаа талийгаачтай нэг том савтай шар айраг уучихсан савыг нь машины цонхоор хаяж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Гэрч Н.Бийн өгсөн: ...талийгаач нь Б.Бийн машинд суусан. Ганбаа бид хоёр Б.Бийн машины араас явсан. Б.Б маш хурдтай, Ганбаа бид 2-т гүйцэгдэхгүй яваад байсан. Тэгтэл “Овоот” гэх газраар өгсөх үед зам тээврийн осол болсон байсан. Замын гол хэсэгт талийгаач байсан... Б.Б, Т.А бид 3 нэг шил архи, Б, Т.А, Б.Б бид дөрөв 2.5 литрийн савлагаатай шар айргийг хувааж уусан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Гэрч Т.Аийн өгсөн: ...Н.Б, Б.Б нартай 0.75 литрийн нэг шил архи уусан. Бгийн хашаанд очоод 2.5 литрийн савлагаатай шар айргийг Б.Б, Н.Б, Б нартай хувааж уусан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Гэрч Ч.Үийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19:30 цагийн үед манай нөхөр Б.Б гэрээсээ гарсан. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад над руу утасдаад “Дарханд байна. Жоохон архи уугаад халамцуу байна. Эндээ хоночхоод очъё” гэсэн. Өглөө нь хадам аав Ба руу нэг хүн утсаар яриад манай нөхрийг зам тээврийн осолд орсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: ...Орхон сум руу салаад явж байтал хажууд сууж явсан А.Н “хүүе” гээд жолооны руль татсан. Тэгээд миний машин замын хажуу руу унасан. Би машин дотроо байсан 1 лааз шар айргийг уусан... гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 3-13/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт хорт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад Б.Б нь 0.69 хувийн үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн 16/,
“Овоот уруудаад машин онхолдсон байна” гэх дуудлага бүртгэлтэй Орхон сумын Эрүүл мэндийн төвийн дуудлага мэдээллийн бүртгэлийн дэвтэр болон дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18/,
Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан хар өнгийн гар утас 1 ширхэг, эрэгтэй хүний гар цүнх 1 ширхэг, 5000 төгрөгийн 9 ширхэг дэвсгэрт бүхий 45.000 төгрөгийг Б.Бт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “иргэн Б.Бийн жолоодож явсан Тоёота гранд марк-2 маркийн 67-36 ДАХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашины Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр “Овоот” гэх газарт болсон зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэлийг арилгахад 3.860.000 төгрөг зарцуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-47/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Нямцогтын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “Б.Б нь Тоёота гранд марк-2 маркийн 67-36 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан “жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ” гэсэн заалт, 3.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. ТЛ87101276 регистерийн дугаартай Б.Б нь 2013 оны 7 дугаар сарын 12-ны өдөр жолооч болсон, эрхийн үнэмлэх нь хүчинтэй төлөвтэй байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Б.Б нь Тоёота гранд марк-2 маркийн 67-36 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Б.Бийн эзэмшлийн 67-36 ДАХ улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-63/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай “Шинжилгээнд авсан Б.Бийн цусанд 0.5 промилли этилийн спирт илэрсэн болно. Б.Б нь хөнгөн зэргийн согтолттой байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаартай “Б.Бийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хөнгөн зэргийн няцрал, баруун дал, эгэм, баруун 6 дугаар хавирга, баруун гарын шууны богтос яс, ахар сүүлний хугарал, баруун тохой мөрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Бийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72/,
Б.Бийн 7662 дугаартай өвчний түүх /хх-ийн 74-85/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай “Талийгаачийн биед гавал тархины ил гэмтэл, гавлын суурь болон орой ясны хугарал, баруун чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи няцрал, тархины хатуу хальсны урагдал, хуйхны шарх, зүүн талын 1-6 дугаар хавиргын хугарал, зүүн уушгины авчил, зүүн бөөрний мултрал, элэг язрал, цус хуралт, зүүн сарвуу, шуу, тохой, ташаа, гуя, өвдөг, шилбэ болон 2 тавхайн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд 0.5 промилли этилийн спирт илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолттой байсныг харуулна. Талийгаачийн цусны бүлэг АII байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-91/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай “Шинжилгээнд авсан А.Нийн цусны бүлэг нь АII байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай “Шинжилгээнд авсан А.Нийн цусанд 0.5 промилли этилийн спирт илэрсэн болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай “Шинжилгээнд авсан А.Нийн ходоодны агууламжид 3.5 промилли этилийн спирт илэрсэн болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94/,
Үзлэгийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд хийв... гэх цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 95-100/,
Талийгаач А.Нийн насны барсны 0000220540 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 116/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Ганболдын “Ослын газрын үзлэг схем зураг, гэрэл зураг зэргээс харахад жолооч Б.Б нь Тоёота гранд марк-2 маркийн 67-36 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Ослын газрын схем зураг, гэрэл зураг, ослын газрын үзлэг зэргээс харахад жолооч ямар нэг зогсоох арга хэмжээ аваагүй, тормосны мөр үүсээгүй тул уг авто машины хурдыг тогтоох боломжгүй байна. Гэрч Ц.Ганбат, Н.Б нарын өгсөн мэдүүлгийг үндэслэж тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 153/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Бийн согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овоот” гэх газарт Дархан-Уул аймгаас Орхон сумын чиглэлийн төв засмал зам дээр Тоёота гранд марк-2 маркийн 67-36 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан “жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ” гэсэн заалт, 3.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн А.Нийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач А.Н нь гавал ясны ил гэмтлийн улмаас нас барсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц нь талийгаач А.Нийн охин Н.Лг арван найман насанд хүртэл гэм хор учруулсны төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, 508.2-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж тус тус заасан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц нь шүүгдэгч Б.Биас гэм хор учруулсны төлбөр нэхэмжлэх эрхтэй байна.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц нь шүүхэд холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүйгээс хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа, болгоомжгүйгээр уг гэмт хэргийг үйлдсэн. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшсэн байгаа байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээний 2/1-ээс багагүйгээр хорих ял оногдуулж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж хориглосоор байхад Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.Бт оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, хэргийн хамт ирүүлсэн 880041 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болгохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хор учруулсны төлбөр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, Б.Бийн 880041 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР