Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02003

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 17 өдөр Дуга210/МА2023/02003

 

 

С.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/02753 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.*******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Монголын мянганы сорилтын сан УТҮГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тушаалаас өмнө С.*******ын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхтулга, И.Анар, хариуцагчийн өмгөөлөгч И.Учралбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Монголын Мянганы Сорилтын Сан УТҮГ-ын Хөтөлбөр хариуцсан дэд захирал-ын албан тушаалд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг ажлаас түр түдгэлзүүлэх болсон тухай албан бусаар мэдэгдэн, ажлын компьютер, гар утас болон ажлын байранд нэвтрэх карт зэргийг хураан авсан.

Ингээд 2022 оны 03 дугаар сарын 29-ний нөхөн олговортойгоор ажил үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн тухай мэдэгдлийг цахимаар илгээж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/005 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, сунгагдах боломжгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

1.2. Монголын мянганы сорилтын сан УТҮГ нь байнгын ажлын байранд үндэслэл бүхий шалтгаангүйгээр хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Тус сангийн Хөтөлбөр хариуцсан дэд захирал буюу гүйцэтгэх захирлын хөтөлбөр хариуцсан орлогч хэмээх албан тушаал гүйцэтгэх захирлын удирдлага дор Мянганы сорилтын корпораци болон Монголын мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлөөс баталсан цалин хөлс, урамшуулал олгох системийн дагуу цалинжиж, ердийн өдөр ажлын найман цагаар Монголын мянганы сорилтын сан УТҮГ-ын төв оффист байрлан, хөдөлмөрийн гэрээний Хавсралт А-д заасан ажил үүргийг гүйцэтгэх тухай хөдөлмөрийн гэрээ, хүний нөөцийн гарын авлага болон Монголын мянганы сорилтын сан УТҮГ-ын дүрэм зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд зохицуулсан байдаг. Энэхүү ажлын байр энэ утгаараа байнгын ажлын байр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байр-нд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй байдаг.

Гэвч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хугацаатай гэрээ байгуулсан.

Хүний нөөцийн гарын авлага буюу Хөдөлмөрийн дотоод журмын 4.5-д хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил байна гэж зааж өгсөн. Энэхүү 1 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурахгүй бол ажил горилогч Хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байдлаар хийсэн нь ажил олгогч өөрийн илт давуу байдлаа ажилтанд тулгасан гэж үзэх үндэслэлтэй.

1.3.Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Монголын мянганы сорилтын сан УТҮГ-ын дүрмийн 4.3 /d/ заалт болон хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг тус тус үндэслэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 буюу Хөдөлмөрийн хугацаатай гэрээ-ний асуудлыг дээр тайлбарласан. Монголын Мянганы Сорилтын Сан УТҮГ-ын дүрмийн 4.3 /d/-д заасан чөлөөлөхийн өмнө МСК-иас зөвшөөрөл авч батлуулна гэсэн зохицуулалтын хүрээнд АНУ дахь Мянганы сорилтын корпорациас авсан зөвшөөрөл буюу objection ирүүлсэн тухай баримт байхгүй бөгөөд энэхүү батлагдсан зөвшөөрлийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргаагүй байна.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасан ... ажилтныг 1 жилийн хугацаагаар ажилд авахыг зөвшөөрч байгаа тухай зохицуулалт нь дээр тайлбарласанчлан Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна.

Мянганы сорилтын корпораци гэдэг байгууллага нь буцалтгүй тусламжийг олгож буй АНУ-ын Холбооны Засгийн газрын байгууллага учраас Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Монголын мянганы сорилтын сан УТҮГ-ийн дотоод үйл ажиллагаа, тэр дундаа хүний нөөцийн асуудалд аливаа чиглэл, заавар өгөх байдлаар оролцох, тэр тусмаа ямар нэгэн баримт нотолгоонд үндэслэхгүйгээр ажил олгогчийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчих нөхцөл байдалд хүргэх санал, зөвлөмж, чиглэлийг өгөх боломжгүй бөгөөд үүнийг ч Монголын мянганы сорилтын сан-гийн дүрэм, хүний нөөцийн гарын авлага болон хөдөлмөрийн гэрээнд онцгойлон заасан байдаг.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т хөдөлмөрийн гэрээг хоёр жилээс дээш хугацаагаар бол хугацаагүй байгуулсанд тооцохоор заасан, нэхэмжлэгчтэй гэрээг хугацаагүй байгуулсанд тооцогдох тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Ажил олгогч гэрээг дуусгавар болгож цуцлах тухайгаа урьдчилж огт мэдэгдээгүй, энэ тухай баримтгүй.

1.4.2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Ж.Брукс Монгол Улсад ажиллах үеэрээ надад ажил үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн талаар амаар мэдэгдсэн.

Тус өдөр Монголын мянганы сорилтын сан УТҮГ ажлын компьютер, гар утас, ажлын байранд нэвтрэх карт зэргийг надаас хураан авсан бөгөөд ийнхүү хураан авахдаа хуулийн зөвлөх нь АНУ-ын МСК-ийн төлөөлөгчид ийм үйл ажиллагаа явуулах үүрэг өгсөн, 3 дугаар сарын эхний долоо хоногт Монголд ажиллах үеэрээ шалгана гэсэн гэдэг байдлаар тайлбарласан.

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монголын мянганы сорилтын сан УТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан үүргийг түр гүйцэтгэгч Г.Уранчимэгээс Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д заасны дагуу намайг ажил үүргээ гүйцэтгэхийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс нөхөн олговортойгоор түр түдгэлзүүлэх болсныг мэдэгдсэн.

Тус мэдэгдэлд Монголын мянганы сорилын сан УТҮГ-ын ажилтан нь миний эсрэг гомдол гаргасан учраас ажил үүрэг гүйцэтгэхээс түр түдгэлзүүлэх болсон бөгөөд нотлох баримт хайх буюу fact-finding арга хэмжээг авах гэж буй тухай байсан.

Ажил үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлэх үйл явцыг манай байгууллагын Хүний нөөцийн гарын авлага буюу Хөдөлмөрийн дотоод журмын Хавсралт 17-ын Ажил үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлэх хэсэгт зохицуулсан байдаг ба түр түдгэлзүүлэх хугацаа 3 сараас хэтрэхгүй байна гэж заасан байдаг.

Гэвч намайг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажил үүрэг гүйцэтгэхийг минь түдгэлзүүлэх болсон тухай аливаа албан ёсны шийдвэр дурдалгүйгээр аман байдлаар хэлээд, түүнчлэн түдгэлзүүлсэн гэх мэдэгдлийг cap гаруйн дараа гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс ирүүлэхдээ түдгэлзүүлж буй үндэслэл, аль байгууллагын ямар шийдвэрээр түдгэлзүүлж буй тайлбар, түдгэлзүүлэх хугацаа, мөн ямар нөхцөлд түдгэлзүүлж буй үйл явц дуусах талаар болон ийнхүү түдгэлзүүлэхийн өмнө Монголын мянганы сорилтын сангийн хүний нөөцийн гарын авлагад заасан ямар процедур баримталсан, ямар баримт нотолгоо байгаа зэрэг дээр дурдсан нөхцлүүдийн талаар огт дурдаагүй. Намайг ажлаас чөлөөлөх хүртэл fact finding хийж байгаа тухай ямар ч мэдээлэл ирээгүй.

Иймд, Монгол Мянганы Сорилтын Сан УТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, тушаалаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэг сарын цалин 15,394,858 төгрөгөөр тооцон олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, Б/005 тоот тушаалаас өмнө С.*******ын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн АНУ-ын Засгийн газар /Мянганы Сорилтын Корпораци/ болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан Компакт гэрээгээр АНУ-ын санхүүжилтээр Монгол улсад ус хангамжтай холбоотой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулгыг тохиролцон, уг гэрээнд олон нөхцлүүдийг заасан ба нэгэнт санхүүжүүлэгч байгууллага санхүүжилт гаргаж байгаа учраас олон янзын нөхцөл шаардлагууд тавьсан байдаг.

Эдгээр нөхцөл шаардлагын нэг нь компакт гэрээний 3.2 б хэсэгт зааснаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай нэгжийг Засгийн газар өөрөө үүсгэн байгуулах ба энэ хүрээнд үүсгэн байгуулсан байгууллага нь Монгол мянганы сорилтын сан УТҮГ юм.

2.2.Түүнчлэн Компакт гэрээний 7.4-т гэрээг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж заасан тул анх С.*******той 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байх үед хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан.

Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1,196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээ байгуулж, харилцан тохиролцсоныг илэрхийлж байна.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг заавал гэрээнд тусгах ёстой боловч хөдөлмөрийн гэрээний хугацааг хэдээр тооцохыг тусгайлан заагаагүй ба Улсын дээд шүүхээс тавьсан 3 шаардлагыг хөдөлмөрийн гэрээ хангаж байгаа.

2022 оны 05 дугаар сарын Б/005 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар 30 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй тул 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэг захиргаа хүлээхгүй.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд эсрэгээрээ гэрээг сунгах тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ, сунгахгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэх шаардлагагүй гэж заасан. Ажил олгогчийн зүгээс гэрээний хугацааг сунгах талаар хүсэл зориг илэрхийлээгүй, ажилтан мөн энэ талаар хүсэлтийг гаргаж байгаагүй.

Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулагдсан тул 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заалт хамаарахгүй.

Хөдөлмөрийн дотоод журам 2020 онд батлагдсан ба нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Тиймээс хөдөлмөрийн дотоод журмын 4.5 дахь заалтыг баримтлан нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь ажил олгогч давуу байдлаа ашигласан гэх үндэслэл болохгүй.

АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тина Ж.Юү-гээс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монголын мянганы сорилтын сан УТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Уранчимэгт имэйл ирүүлсэн бөгөөд энэхүү имэйлд Мянганы Сорилтын Корпораци нь Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын орлогчийн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахаас татгалзаж байна гэж мэдэгдсэн.

Тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн ба энэ талаарх баримтуудыг хэрэгт өгсөн.

Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд 2023 оны 5 дугаар сард хандсан явдал процессын хувьд алдаатай тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлаас түр түдгэлзүүлсэн. Гэхдээ цалин хөлсийг бүрэн олгож байсан, энэ тухай баримтыг хэрэгт өгсөн. Ажлаас түр түдгэлзүүлэх болсон шалтгаан нь түүний гаргасан зөрчлийг шалгах үүднээс Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлаас нь түр хугацаанд түдгэлзүүлж, шалгасан ба энэ талаар Гүйцэтгэх захирлын шийдвэр гараагүй, харин Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэлийн энэ шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар гурван талт хороонд гурван сарын хугацаанд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, гомдол гаргах хугацаа өнгөрснөөс гадна энэ талаар урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн.

Иймд хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасан үндэслэлгүй тул Монголын мянганы сорилтын сан УТҮГ-т холбогдох Хөтөлбөр хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаас өмнө С.*******ын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгох тухай нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх дээрхи шийдвэр гаргахдаа 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хурлаар мэтгэлцсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154-157 заалтаар хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр бус, нэхэмжлэгч С.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 02 дугаар сарын 25-нд хууль бусаар зогсоосон үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.1.3-т тайлбарласан хариуцагчийн тайлбарыг зөвтгөсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн С.*******ын хөдөлмөр эрхлэлтийг харилцааг 2022 оны 02 дугаар сарын 25-нд зогсоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйл 43.2.10-д заалтыг зөрчсөнийг хариуцагч тал тайлбарлахдаа ... Нэгэнт хөдөлмөрийн гэрээ дуусаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Мянганы сорилтын сангаас хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх зөвшөөрөлийг авах шаардлагатай.

Тус зөвшөөрлийг Мянганы сорилтын корпорацын Монгол дахь суурин захирал Тина Жэй Юү нь хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй гэсэн бичгийг мэйлээр ирүүлсэн. Мөн хөдөлмөрийн гэрээг сунгах бол 45 хоногийн өмнө мэдэгдэнэ. Харин сунгахгүй тохиолдолд мэдэгдэх шаардлагагүй гэсэн заалт хөдөлмөрийн гэрээнд байгаа. Эдгээр үйл явдпууд болсон учраас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Б005 тоот гүйцэтгэх захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Ажлын олгогчийн санаачлаагаар ажлаас халж байгаа бол биш.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа учраас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлж байгаа тушаал юм. Энэ дээр бол урьдчилж мэдэгдэнэ гэсэн ойлголт бол байхгүй... гэжээ.

Гэтэл ажил олгогч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, С.*******ын ажлын байр хэвийн хадгалагдаж байсан бөгөөд Мянганы сорилын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос ажлаас чөлөөлөгдсөн үед ММСС-ийн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-хөдөлмөрийн дотоод журам болон Монголын Мянганы сорилын сан болон хөтөлбөр хариуцсан дэд захирал С.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний ажил үүргийн тодорхойлолт гэсэн хэсэгт Монголын Мянганы сорилын сангийн гүйцэтгэх захирал шинээр томилогдох хүртэл С.******* өөрөө ажил олгогч байхаар журамласан байхад түүний удирдлагад ажилладаг Г.Уранчимэг ажил олгогчийг хууль бусаар 2022 оны 02 дугаар сарын 25-нд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зогсоожээ.

4.2.Шүүх хавтаст хэрэгт авагдсан Монголын Мянганы Сорилын сангийн дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон бусад нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийлгүй хариуцагчийн хариу тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Монголын Мянганы Сорилын сангийн Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний 2.9\c\vii дэх хэсэгт заахдаа ...хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ гэдэг нь Компакт гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой талуудын үүрэг хариуцлага, Монголын талын зарим үүргийг илүү тодотгож өгсөн хэлэлцээр юм.

Энэ хэлэлцээрийн 2.9\c\vii заалт нь АНУ-ын МСК-аас урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай асуудал, гэрээнүүдийн тухай бөгөөд яг энэ 2.9\с\ гэх заалтад дурдсан Үндсэн гэрээ гэх бичиг баримтууд нь Монголын Мянганы сорилын сангийн үйл ажиллагаанд нэн чухал ач холбогдолтой гэрээ, хэлэлцээрүүд бөгөөд Засгийн газар болон Мянганы Сорилтын корпорацийн хооронд байгуулсан аливаа гэрээ болон дор дурдсан аливаа этгээдийг томилсон, хөлсөлсөн, эсхүл өөр бусад байдлаар хамтран ажиллахаар тохирсон гэрээг үндсэн гэрээ гэнэ гэж заагаад дор дурдсан этгээд гэдэг заалт дотроо \vii\ хэсэгт Удирдах зөвлөлийн гишүүн болон ажиглагч гишүүн болон Монголын Мянганы сорилын сангийн Үндсэн ажилтан гэсэн байна.

Үндсэн гэрээ гэдэгт Удирдлагын багийн гишүүн буюу гүйцэтгэх захирлын орлогч С.*******ой байгуулсан хөдөлмөрийн гэрээ багтдаг ба тус гэрээтэй холбоотой өөрчлөх, цуцлах, түдгэлзүүлэх асуудлыг зөвхөн Монголын МСС-гийн Удирдах зөвлөл дангаар шийддэг халдашгүй асуудал бөгөөд ингэж шийдвэрлэхдээ заавал бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж тогтоол гарган асуудлыг шийдвэрлэнэ гэж Монголын МСС-ийн дүрмийн 3.3-т заасан байдаг.

4.3.Үндсэн гэрээ буюу удирдлагын багийн гишүүний хөдөлмөрийн гэрээг цуцлах өөрчлөх, дуусгавар болгох тухай асуудлыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр болон 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр С.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зогсоох тухай Монголын Мянганы сорилын сангийн Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн тогтоол, шийдвэр байхгүй тул Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч нь Монголын МСС-гийн удирдах дээд байгууллага болох удирдах зөвлөлийн эрх мэдэлд дур мэдэн халдаж, ямар ч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тухай тушаал гаргасан нь хууль бус, хүчингүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/02753 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

5.1.Монголын мянганы сорилтын сангийн удирдах зөвлөл 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгчээр н.Уранчимэгийг томилсон.

С.*******ын хөдөлмөрийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болгон 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 дугаар тушаалыг гаргахад н.Уранчимэг нь гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан. Гүйцэтгэх захирлын бүрэн эрх 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг батлах бүрэн эрхтэй. Иймд доод албан тушаалтан нь тушаал гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

5.2.Монголын мянганы сорилтын сангийн дүрмийн 3.3б, 3.3ф хэсэгт заасны дагуу удирдлагын багын хэмжээнд өөрчлөлт оруулах, эсхүл үндсэн гэрээг цуцлах, түдгэлзүүлэх тохиолдолд удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр шийдвэрлэх байсан гэж гомдолдоо дурдсан.

Монголын мянганы сорилтын сангийн дүрмийн сангийн 3.3б-д үндсэн гэрээг өөрчлөх, цуцлах тохиолдолд удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэхээр заасан. Хууль зүйн хувьд цуцлах нь тодорхой хүний үйлдлийг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тохиолдолд үүснэ. С.*******ын хувьд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон.

Энэ нь үндсэн гэрээг цуцлах үйлдэл биш байгаа учир удирдах зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэх шаардлагагүй.

5.3.Мөн дүрмийн 3.3 ф хэсэгт заасныг үндэслэн удирдлагын багын бүрэлдэхүүн хэмжээг өөрчлөх бол удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж гомдолдоо дурдсан.

Удирдлагын багын бүрэлдэхүүн болон хэмжээг дүрмийн 4.2.а хэсэгт дэлгэрэнгүй тодорхойлсон. Хоёр албан тушаалын чиг үүргийг нь нэгтгэх, албан тушаал хасах, нэмж албан тушаал үүсгэх тохиолдолд бүрэлдэхүүний хэмжээнд өөрчлөлт орсон гэж үзэж удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэхээр дүрмээрээ зохицуулсан. 14 албан тушаал дээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд удирдах зөвлөлийн шийдвэрийг гаргана гэсэн зохицуулалт байхгүй.

5.4.Нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д заасныг үндэслэж маргадаг. Ажил олгогчийн зүгээс С.*******той холбоо барихыг зорьж олон удаагийн үйлдэл хийж, гардаж авах талаар зурвас илгээн, утсаар холбогдож, шуудангаар болон и-мэйл хаягаар, эхнэрт нь гардуулж өгсөн.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д заасныг гомдолд дурдаж байгаа нь үндэслэлгүй.

5.5.С.*******той хөдөлмөрийн гэрээг хугацаатайгаар 2019 онд байгуулсан бөгөөд тус асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Монголын мянганы сорилтын сан УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тушаалаас өмнө С.*******ын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.а. Монголын мянганы сорилтын сан УТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалын 1 дэх заалтаар Монголын Мянганы сорилын сан УТҮГ-ын Хөтөлбөр хариуцсан дэд захирал С.*******той байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусч, цаашид сунгагдахгүй болсон тул мөн өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний 2.9/с//vii/ заалт, Монголын мянганы сорилтын сан УТҮГ-ын дүрмийн 4.3/d/ заалт болон С.*******ой 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг үндэслэн С.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /1хх-152/

 

3.б. С.******* нь Монголын мянганы сорилтын сан УТҮГ-тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус тус Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтүүд оруулж, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 1 жилээр сунгах, гэрээний 4.1 дэх хэсэгт заасан дуусгавар болох хугацааг гэрээний хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаа буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байхаар нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна./1хх-25-26, 136-141/

 

4. Анхан шатын шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, зарчмыг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

 

4.а. Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх үед байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд 2021 оны 6 дугаар сард өөрчлөлт оруулсан, түүнээс хойшхи хугацаанд өөрчлөлт оруулаагүй тул дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу гэрээг мөрдөх тул 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан зохицуулалт маргаанд хэрэглэгдэхгүй гэж буруу дүгнэжээ.

 

4.б. Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заасан бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн ажилтны эрх зүйн байдал, нөхцлийг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг агуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч байгуулах үүрэгтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал нь байнгын ажлын байранд ажилтныг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, баталгааг хангахын тулд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ажил, албан тушаалыг нэрлэн зааж, хөдөлмөрийн гэрээний хугацаанаас нь хамаарч хугацаагүй байгуулах ойлголтруу шилжих шилжилтийн зохицуулалтыг тухайлан зохицуулахад чиглэсэн.

 

4.в. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах ажил, албан тушаалаас бусад хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3, 50.4 дэх зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах агуулгатай.

 

4.г. Монгол Улсын Их хурлаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн Америкийн нэгдсэн улс хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээ-г Монгол улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ. Уг хөтөлбөр Монгол улсын газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагааг 2019 оноос 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх зорилготой төслийн хугацаа дуусгавар болоогүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасан төслийн хугацаа дуусгавар болох үйл явдал болоогүй байхад ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан хуульд нийцэхгүй байна.

 

4.д. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш байх тул уг гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иймд, Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсгийг баримтлан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул С.*******ыг Монголын Мянганы сорилын сан УТҮГ-ын Хөтөлбөр хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч С.******* нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сард 15,394,858 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай талуудын гэрээгээр тогтоогдож байна.

 

Дээрх сарын цалин хөлснөөс нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж хоног болох 21.5 хоногт хуваан тооцоход 716,039 төгрөгөөр тооцож, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 283,551,395 төгрөг болж байх тул хариуцагч Монголын мянганы сорилтын сан УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 283,551,395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******од олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцэж байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар С.*******ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, зохих бичилтийг нөхөн хийхийг хариуцагч Монголын мянганы сорилтын сан УТҮГ-т даалгах үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаас өмнө С.*******ын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгох тухай шаардлага нь маргааны үйл баримттай шууд холбоотой бөгөөд уг үйл баримтыг шүүх тогтоохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын ажилтны хувиар ашиглаж байсан зүйлс нь төрийн өмч болохын хувьд С.*******ыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.

 

Дээрх үйл баримт нь С.******* ажил олгогчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол шаардсан нөхцөлд тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Цаг хугацааны хувьд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дээр ажлын хэрэгслийг хураан авсан гэх боловч уг үйл баримты хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаас өмнө С.*******ын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/02753 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын хариуцагч Монголын мянганы сорилтын сан УТҮГ-ын хөтөлбөр хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, үр дагаврыг арилгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 283,551,395 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж, ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаас өмнө С.*******ын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч С.*******од буцаан олгож, хариуцагч Монголын мянганы сорилтын сан УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,575,707 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР