Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 63

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч И.И нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт И овогт И.И холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уулын цахилгаан механик мэргэжилтэй, “.............. жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овогтой И.И,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас И.ИЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч И.И нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5-4 дүгээр байрны 19 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б зодож эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд уруул, доод эрүү, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэн, зүүн мөр, цээж, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, доод эрүүнд зулгаралт, нүүр, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б “...И сандал дээр сууж байснаа босож ирээд намайг шууд түлхсэн чинь хана мөргөөд унасан тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа нэг мэдсэн чинь манай эгч Б толгой дээр үхчихлээ гээд орилоод байгаа сонсогдсон. Тэгээд дахиад нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан. Тэгээд ухаан орсон. ...Эмнэлэг дээр очиход нүүр, баруун чих, зүүн тал тэр чигээрээ хавдаад хөхөрсөн байсан. И зодож гэмтээсэн /хх-ийн 5-6/, ...одоо биеийн байдал зүгээр болсон, манай нөхөр архи уудаггүй, бага хэмжээний архи уугаад согтчихдог болохоор юу болсноо мэдэхгүй намайг цохисон байх, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Б өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний 02-03 цагийн хооронд манай хүргэн И нь над руу өөрийн 99396752 дугаар утсаар залгаж холбогдоод би дүүг чинь цохиод унагачихсан гэхээр нь би Иг яахаараа хүн цохидог юм, эмнэлэг, цагдаа дууд гэж хэлтэл И би айгаад байна, та өөрөө ирээд нүдээрээ хар гээд байхаар нь би гэрт нь яваад очтол байрныхаа орцны үүдэнд сууж байсан. ... гэрт нь ортол манай дүү Б цус нөжтэйгөө холилдчихсон ухаангүй доошоо хараад хэвтэж байхаар нь би хаалгыг нь дотроос нь түгжээд И оруулахгүй байж байгаад эмнэлэг рүү залгаж яриад дуудлага өгсөн чинь эхлээд цагдаа руу залгаад дуудлага өг гэхээр нь би цагдаа дуудаад байж байтал эмнэлэг ирж үзээд явсан юм. Цагдаа нар И гадаа байхад нь аваад явсныг би мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 100 дугаартай “...Б.Б биед дух, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд уруул, доод эрүү, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэн, зүүн мөр, цээж, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, доод эрүүнд зулгаралт, нүүр, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 21/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 3 оноо буюу бага түвшинд байна” гэх дүгнэлт /хх-ийн 7-8/,

 

Шүүгдэгч И.И өгсөн: “...Баярсайхан би аав, ээждээ очмоор байна. Би энд байхгүй явлаа гээд агсам тавиад байдаг. Тухайн үед Б анх уулзахад гудамжинд надад бас тэгж хэлж агсам тавих янзтай байгаад байсан. Тэгэхээр нь архи ууж байгаад согтуу зодсон байх гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/ ...цохиж зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, өөрийн үйлдэлд дүгнэлт хийж архи уухгүй байхаар шийдсэн, гэмшиж байна гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч И.И нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.

 

Иймд шүүгдэгч И.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч Б нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тогтмол орлоготой, хохирогчийн хүсэлт зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт И.И гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И овогт И.И 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ГЭРЭЛТ-ОД