Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 264

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багт оршин суух Дархан овогт Шаравын Цэрэннадмидын “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагч Ш.Цэрэннадмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ш.Цэрэннадмид шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Шинэ-Ялалт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан жил маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэв.  

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Цэрэннадмид нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Шинэ-Ялалт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 242 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Т.Төмөрчөдөр, Ц.Адъяасүрэн, У.Цэвэлмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                   

                                                ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Дархан овогт Шаравын Цэрэннадмидыг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Шинэ-Ялалт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                                                               

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ЭНХМАА