Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 36

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч О.Доржмаа,

Өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э-,

Өмгөөлөгч Б.Чинбаатар,

Өсвөр насны шүүгдэгч Б.Аын хууль ёсны төлөөлөгч Д.Г,

Өсвөр насны шүүгдэгч Д.А-ы хууль ёсны төлөөлөгч С.Д,

Өсвөр насны шүүгдэгч Б.Э-ын хууль ёсны төлөөлөгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нарт холбогдох эрүүгийн 1818008530542 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.А, 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн ХААИС- ийн ерөнхий боловсролын лицей дунд сургуулийн 10 дугаар ангид сурдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол Улсын иргэн, Д.А, 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол Улсын иргэн, Б.Э, 2003 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 9 дүгээр дунд сургуулийн 10 дугаар ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нар нь сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг Хүслийн хотхоны ар талаас 2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хоёр удаагийн үйлдлээр түүж бэлтгэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын Шинэ хорооллын 9-н давхарын орцонд хадгалж хэрэглэсэн болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Аын өгсөн: 2018 оны 10 дугаар сард 4-5 удаа Б.Э-, Д.А- нарын хамт хэрэглэсэн. Хамгийн анх Д.А- уг өвсийг хаана ургадаг талаар зааж өгсөн. Б.Э-, Д.А- нарын хамт Хүслийн хотхоны ар хэсгээс дээрх өвсийг хоёр удаа түүж бэлтгэж тамхи хэлбэрт оруулж татдаг байсан. Би энэ өвсний талаар цахим орчноос хайж олж мэдээд Youtube дээр бичлэг үзсэн. Би дахиж ийм хэрэгт холбогдохгүй. Хичээл номоо сайн хийнэ, гэмшиж байна гэх мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгч Д.А-гийн өгсөн: 2018 оны 10 дугаар сард 4-5 удаа Б.Э-, Б.А нарын хамт хэрэглэсэн. Хамгийн анх бид гурав Хүслийн Хотхоны ар хэсгээс өвсийг 2 удаа түүж бэлтгэн тамхи хэлбэрт оруулж татдаг байсан. Би энэ өвсний талаар цахим орчноос хайж олж мэдээд Youtube дээр бичлэг үзсэн. Би энэ өвсийг мансууруулах сэтгэцэд нөлөөтэй хуулиар хориглосон гэдгийг мэднэ. Татхад толгой эргэдэг байсан. Би дахиж ийм хэрэгт холбогдохгүй гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч Б.Э-ын өгсөн: 2018 оны 10 дугаар сард 4 удаа Д.А-, Б.А нарын хамт хэрэглэсэн. Ингэхдээ эхлээд 2 удаа хэрэглэхэд Д.А- уг өвсийг авчраад Б.А бид хоёр хамт хэрэглэдэг байсан. Сүүлийн 2 удаа би Б.А, Д.А- нарын хамт Хүслийн хотхоны ар хэсгээс дээрх өвсийг түүж бэлтгэн тамхи хэлбэт оруулж татдаг байсан. Би энэ өвсний талаар цахим орчноос хайж олж мэдээд Youtube дээр бичлэг үзсэн. Ийм юм болно гэж бодоогүй, гэмшиж байна гэх мэдүүлэг,        

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй гэрч Я.Т- өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байхад над руу миний таних Д.А- залгаад хаана байна, би найз Б.Э-, Б.А нарын хамт явж байна. Яваад очих уу, бид нар замдаа бага зэрэг өвс түүж татчихаад явж байна гэхээр нь хүрээд ир гэсэн. Тэгээд над руу ирж байгаад цагдаад баригдсан байсан. Би тэд нартай мансууруулах төрлийн ургамал түүж хэрэглэж байгаагүй гэх мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч Г.Г- өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Б-хамт Мангирт чиглэлд ажилтай явж байсан юм. Тэгээд Дархан сумын 15 дугаар багийн нутагт байрлах Хүрээлэнгийн урд талд явж байхад 3 эрэгтэй хүүхэд хашааны булангаас ямар нэгэн зүйл түүгээд байх шиг байсан. Тэгэхээр би А.Б- түр зогсож байгаарай  гэж хэлээд харж байхад нөгөө 3 хүүхэд юм түүгээд зулгааж байсан.  Тэгж байгаад Мангирт чиглэлд алхаад явахаар нь араас нь Хүрээлэнгийн шороон замаар машинтай явсан. Тэгээд Мангиртын Өрхийн эмнэлгийн гудамж руу нөгөө 3 хүүхэд орохоор нь араас нь дагаж ороод шалгасан. Тэгээд бараан өнгийн куртик барьсан нэг хүүхдийг нь эргэж харуулаад барьж яваа куртикээ үзүүл гээд задалж үзэхэд тухайн куртикны ханцуй дотор нийллэг ууттай хатаж шаралсан нунтаг өвс байхаар нь энэ юу вэ гэхэд хэн нь ч дуугарахгүй болохоор нь Цагдаагийн газар авчирсан гэх мэдүүлэг /хх 90/,

 

Гэрч А.Б- өгсөн: Тус өдөр би мөрдөгч дэслэгч Г.Г- хамт албаны ажлаар Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт автомашинтай өдрийн цагаар явж байтал уулын энгэрт өсвөр насны 3 хүүхэд тонгойгоод юм түүж байгаа харагдсан. Тэгээд Г.Г- бид хоёр энэ хүүхдүүд мансууруулах төрлийн ургамал түүж байж магадгүй гээд алсаас ажиглахад тэр гурван хүүхэд тонгойгоод ямар нэг зүйл түүж байсан. Тэгээд бид хоёр ярилцаад энэ гурван хүүхдийг даган ажиглая гээд хэсэг хугацаанд дагаж хархад тэр гурван хүүхэд Мангиртын айлуудын гудмаар орсон. Тэр үед нь Г.Г- бид хоёр зогсоогоод шалгахад тэнд явсан Б.А гэх хүүхдийн барьж явсан бараан өнгийн куртикны ханцуйнаас нийллэг уутанд хийсэн шаргал өнгийн хатсан ургамал гарч ирсэн. Тэгэхээр нь дэслэгч Гантулга “энэ юу вэ” гэж хүүхдүүдээс асуухад тэнд байсан гурван хүүхэд юм хэлээгүй. Тэгэхээр нь гурван хүүхдийг Төв цагдаа руу хүргүүлэн шалгахаар болсон гэх мэдүүлэг /хх 91/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11921 дүгнэлтэд:

                               

1.Шинжилгээнд ирүүлсэн “Хүслийн хотхон Д.А-” гэж хаягласан. “Бат.... Д.А-” гэж хаягласан гялгар уут 2 ширхэг ургамал мэт зүйлүүд шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Хүслийн хотхон Д.А-” гэж хаягласан. “Бат.... Д.А-” гэж хаягласан гялгар уут 2 ширхэг ургамал мэт зүйлүүдээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

3.Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно.

4.5.”Хүслийн хотхон Д.А-” гэж хаягласан нунтаг шаралсан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 6,3377 грамм, шинжилгээнд ирүүлсэн цэвэр жин нь 4,3923 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 4.0334 грамм болов.

“Бат.....Д.А-” гэж хаягласан гялгар ууттай шаралсан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 6,9006 грамм, цэвэр жин нь 4.6961 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 4.4290 грамм болов гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 48-49/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11914 дугаартай  дүгнэлтэд:

 

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. “Д.А- ТЕ02033119” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ”ийн сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 54-55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11912 дугаартай  дүгнэлтэд:

 

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. “Б.Э-” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ”ийн сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 60-61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11917 дугаартай  дүгнэлтэд:

 

1.Шинжилгээнд ирүүлсэн “Б.Э- мэдүүлэг шалгах, Хүслийн хотхон” гэж хаягласан гялгар ууттай шаралсан ургамал мэт зүйл нь 13 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Б.Э- мэдүүлэг шалгах, Хүслийн хотхон”  гэж хаягласан гялгар ууттай шаралсан ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

3.Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-67/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11916 дугаартай  дүгнэлтэд:

 

1.Шинжилгээнд ирүүлсэн “Хүслийн хотхон Б.А” гэж хаягласан гялгар ууттай хатсан ургамал мэт зүйл нь 4 грамм, “...Б.А” гэж хаягласан гялгар ууттай хатсан ургамал мэт зүйл нь 5 грамм тус тус байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Хүслийн хотхон Б.А” гэж хаягласан гялгар ууттай хатсан ургамал мэт зүйл нь 4 грамм, “...Б.А” гэж хаягласан гялгар ууттай хатсан ургамал мэт зүйл делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

3.Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 72-73/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11920 дугаартай  дүгнэлтэд.

 

1.Шинжилгээнд ирүүлсэн “Б.А-аас хурааж авсан өвс” гэж хаягласан шаргал ургамал мэт зүйл нь шинжилгээнл тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Б.А-аас хурааж авсан өвс” гэж хаягласан шаргал ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

3.Шинжилгээнд илэрсэн  делта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно.

4.5.Уг шаралсан өнгөтэй ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 33.4151 грамм, цэвэр жин нь 22.1006 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 21.9107 грамм болов гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 78-79/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11911 дугаартай  дүгнэлтэд:

 

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ.“Б.А” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ”ийн сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 84-85/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 3-4, 6-7, 9-10/, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үеийн насыг тоолсон тэмдэглэл /хх 11, 13, 15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-28/, Б.А, Д.А-, Б.Э- нараас нунтаг өвс эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх 91-92/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан "Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э-  нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байна гэж үзлээ.   

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсоноос гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч нар нь зайн үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 хэсэг боосон хатаж шарласан ногоон өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч нар нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 хэсэг боосон хатаж шарласан ногоон өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А-, Б.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ