Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/02084

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 29 өдөр Дуга210/МА2023/02084

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2023/02406 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:*******ан ХХК, С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нарт холбогдох,

 

Авлага барагдуулах гэрээний үүрэг болон зардалд 32,355,759 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Авлага барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 16,735,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь*******ан ХХК-ийн Голомт банк ХК-аас авсан 155,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 60 хувьд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр батлан даалт гаргаж, БДГ3100004051 тоот батлан даалтын гэрээ байгуулсан.

Зээлдэгчийн оймсны үйлдвэр байгуулах төсөл амжилтгүй болсноос уг зээл эрсдэлд орсон тул ******* нь БДГ3100004051 тоот батлан даалтын гурвалсан гэрээнд заасны дагуу зээлдэгчийн өмнөөс Голомт банк ХК-д 38,073,295 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн.

1.2. Батлан даалтаас үүссэн дээрх авлагыг барагдуулах зорилгоор ******* болон*******ан ХХК, С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 14 тоот Авлага барагдуулах гэрээг 60 сарын хугацаатай байгуулсан.

Аяанихатан ХХК, С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нар нь нийт 16,735,000 төгрөгийн авлага төлсөн бөгөөд үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

1.3. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 тоот Авлага барагдуулах гэрээний үндэслэн авлагын үлдэгдэл төлбөр 21,338,295 төгрөг, авлагын алданги 10,669,148 төгрөг, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 001/ХТ2019/00742 дугаар шийдвэрийн дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж /батлан даалтын үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон зардал/ 348,316 төгрөг, нийт 32,355,759 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжпэгч *******д олгож өгнө үү.

Зээлийн гэрээ, Батлан даалтын гэрээ болон Авлага барагдуулах гэрээнд*******ан ХХК үндсэн зээлдэгчээр, С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нар хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан тул эдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн. Хариуцагч нар нь Авлага барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ олон удаа зөрчсөн учраас уг гэрээг цуцалж, төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч*******ан ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тус компанийн үүсгэн байгуулагч, эрх бүхий албан тушаалтан С.Энхбаяр нь 2013 онд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 18140, Баянхошууны гудамж 14 дүгээр байрны зоорийн хэсэг хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 201.8 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-22001027777 дугаарт бүртгэлтэй үйлдвэрийн байраа барьцаалан Голомт банк ХК-аас 155,000,000 төгрөгийн зээл авч компанийн үйл ажиллагаандаа зарцуулсан.

2.2. Гэвч компанийн үйл ажиллагаа доголдож, ашиггүй ажилласны улмаас зээлээ төлж чадахгүй байдалд хүрч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00101 дугаар захирамжаар*******ан ХХК-аас 167,143,820.56 төгрөг гаргуулж Голомт банк ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэгдсэний дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар манай үйлдвэрийн байр 85,500,000 төгрөгөөр зарагдсан.

Ингээд төлбөрийн үлдэгдэл 81,643,820 төгрөгийн 38,000,000 төгрөг нь *******гаас төлөгдсөн. Голомт банк ХК,*******ан ХХК, *******гийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн. С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нар нь хуульд заасны дагуу хамтран хариуцагч биш.

Аяанихатан ХХК нь 21,338,295 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нарын татгалзал, тайлбарын агуулга:

3.1.*******ан ХХК цаашид үйл ажиллагаа явуулах, бусдын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, оршин тогтнох хөрөнгө санхүүгийн бүрэн чадамжгүй болсон тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгөх тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу дампуурлын хэрэг үүссэн.

3.2. Голомт банк ХХК,*******ан ХХК, *******гийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн. С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нар нь хуульд заасны дагуу хамтран хариуцагч биш. 2019 онд байгуулагдсан Авлага барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Банкнаас олгосон зээл нь*******ан ХХК-д олгосон зээл учир С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нарын зүгээс үлдэгдэл төлбөрийг хариуцахгүй.

Бид өөрсдийн сайн дураар нэхэмжлэгч талд 16,735,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нь энэхүү харилцааны оролцогч биш, хамтран үүрэг гүйцэтгэгч биш төлбөрийн асуудлыг хариуцах үндэслэлгүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга

4.1. Хариуцагч С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нар нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Авлага барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 16,735,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч*******ан ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банк ХК-аас 155,000,000 төгрөг, жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай байгуулсан бөгөөд зээлийн гэрээнд С.Энхбаяр, Ц******* нар хамтран зээлдэгчээр оролцоогүй.

Уг зээлийг ******* батлан дааж *******, Голомт банк ХК,*******ан ХХК нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулагдсан.

4.2. Нэхэмжлэгч *******гийн шаардах эрх нь *******, Голомт банк ХК,*******ан ХХК нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээнээс үүсч байгаа бөгөөд энэхүү гэрээний дагуу 38,073,295 төгрөгийг зээлдүүлэгч Голомт банк ХК-д төлсөн.

*******гийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* нь барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байхаар эрх зүйн байдлыг нь тодорхойлжээ.

Гэтэл ******* нь Батлан даалтын гэрээний харилцаа үүсээгүй иргэн С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нарыг дарамт шахалтад оруулан Авлага барагдуулах гэрээ байгуулсан нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

4.3. Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Авлага барагдуулах гэрээ нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нараас *******д төлсөн 16,735,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ан ХХК, Ч******* нараас 32,007,443 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 348,316 төгрөгийн шаардлага болон хариуцагч С.Энхбаярт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Энхбаяр, Ч.Нямгэрэл нарын нэхэмжпэгч *******д холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Авлага барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 16,735,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,729 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ан ХХК, Ч.Нямгэрэл нараас 317,987 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч *******д олгож, хариуцагч С.Энхбаяр, Ч.Нямгэрэл нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,316 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2023/02406 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Нямгэрэлийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Авлага барагдуулах гэрээ нь гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр байгуулаагүй, зээлдэгч, батлан даагч биш Ц.Нямгэрэл гэгчийг *******гийн ажилтнууд удаа дараа утасдаж, гэр оронд нь ч тайван амьдруулахгүй шахалт дарамтанд оруулж гарын үсэг зуруулсан талаар дурдсан байхад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Өөрөөр хэлбэл дээрх гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байхад гэрээний чөлөөт байдлын хүрээнд хуулиар хориглоогүй агуулгаар гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Зээлдэгч*******ан ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, Зээлийн гэрээний оролцогч биш байхад иргэн Ц.Нямгэрэлд тухайн төлбөрийг хариуцуулах хууль зүйн үндэслэл байхгүй.

6.2. Мөн нэхэмжпэгч тал хариуцагчаар.*******ан ХХК, С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нарыг татаж ямар үндэслэлээр хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж буй нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2023/02406 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа Ц.Нямгэрэл рүү өдөр, шөнөгүй утсаар ярьж, дарамт шахалт үзүүлж, хүсээгүй байхад нь гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байгаа боловч уг нөхцөл байдалтай холбогдох нотлох баримт байхгүй. Ц.Нямгэрэл нь өөрөө сайн дурын үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн банкны өмнө батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн. Гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, банкны төлбөрийг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу тухайн төлбөрийг барагдуулах нь *******гийн үүрэг юм. Тухайн төлбөрийг барагдуулахын тулд авлага барагдуулах гэрээг 60 сарын хугацаатайгаар байгуулсан.

7.2. *******гаас авлага барагдуулах гэрээг байгуулахын тулд барьцаа хөрөнгө шаарддаг боловч хариуцагчийн зүгээс хөрөнгө барьцаалах боломжгүй учраас хамтран зээлдэгч оролцуулах хүсэлт тавьсан. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ан ХХК, С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нарт холбогдуулан Авлага барагдуулах гэрээний үүрэг болон зардалд 32,355,759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Аяанихатан ХХК нь 21,338,295 төгрөг холбогдох хэсгийг зөвшөөрч, хариуцагч С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нар нь эс зөвшөөрч Авлага барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 16,735,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүйгээр талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.а. Голомт банк ХК нь*******ан ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Голомт банк ХК нь 155,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх,*******ан ХХК нь гэрээний хавсралтад заасан хугацаанд зээлийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна./хх-6-9//

3.б. Голомт банк ХК нь*******ан ХХК болон ******* нарын хооронд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БДГ3100004051 дугаар Батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг хариуцахаар тохиролцсон./хх-10-12/

3.в. Дээрх гэрээний маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03517 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00742 дугаар тогтоолоор *******гаас 38,073,295 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,995,104 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.г. *******,*******ан ХХК, Ц.Нямгэрэл нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Авлага барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр*******ан ХХК, Ц.Нямгэрэл нар нь 38,073,295 төгрөгийг 60 сарын хугацаанд төлж дуусгах, хуваарийн дагуу төлөлгүй 2 сар буюу календарийн 60 хоног өнгөрсөн бол төлөөгүй өдрөөс эхлэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ. /хх 13-17/

4. Анхан шатны шүүх *******,*******ан ХХК, С.Энхбаяр, Ц.Нямгэрэл нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Авлага барагдуулах гэрээний харилцааг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээний харилцаа гэж буруу тодорхойлсон алдаа гаргасныг залруулна. .

 

Батлах даалтын гэрээний харилцааг шүүх шийдвэрлэсэн бөгөөд талуудын хооронд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлж, барагдуулах талаар тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцэл байгуулагдсан, уг хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

 

5. Авлага барагдуулах гэрээний дагуу хариуцагч*******ан ХХК, Ц.Нямгэрэл нар нь 16,735,000 төгрөг төлсөн, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00742 дугаар тогтоолоор *******гаас гаргуулахаар заасан 38,073,295 төгрөгөөс төлсөн 16,735,000 төгрөгийг хасч, үндсэн үүргийн үлдэгдэл төлбөр 21,338,295 төгрөг гэж дүгнэсэн зөв байна.

 

6. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.7-д Төлбөр төлөгч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаандаа төлөөгүй өдрөөс эхлэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцно гэж тохиролцсон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан хэлбэрийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас алдангид 10,669,148 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.а. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Авлага барагдуулах гэрээгээр Ц.Нямгэрэл нь үүрэг хүлээхийг зөвшөөрч, гарын үсэг зурсан гэрээний нэг тал байх тул анхан шатны шүүх Ц.Нямгэрэл,*******ан ХХК нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,007,443 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Хариуцагчийн төлөөлөгчийн Ц.Нямгэрэл гэрээгээр үүрэг хүлээгээгүй гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

 

7.б. Анхан шатны шүүх хариуцагч С.Энхбаяр, Ч.Нямгэрэл нарын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Авлага барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 16,735,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

******* нь хариуцагч*******ан ХХК-ийн зээлийн батлан даалтын гэрээний үүргийг барагдуулахтай холбоотой үүрэг үүсгэсэн хэлцэл байгуулсныг үйл ажиллагааны үндсэн чиглэлийг зөрчсөн, ашиг олоход чиглэсэн агуулгатай хэлцэл байгуулсан гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2023/02406 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 460 дугаар зүйлийн 460.1 гэснийг ... 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.Нямгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

  ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР