Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 266

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

           

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, 58 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Тулгат овгийн Жанчивын Батдуламын хүсэлттэй,

 “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Батдулам, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Батдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүний эмнэлэгт 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тогоочоор, 1982 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл асрагчаар, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар тасралтгүй ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Ж.Батдулам нь “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ж.Батдулам нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүний эмнэлэгт 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тогоочоор, 1982 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл асрагчаар, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 432 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1980 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 38 тоот болон 1981 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 8 тоот, 1982 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 33 тоот, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29 тоот захирамжуудын хуулбар, Нарийнтээл сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 12 тоот тушаалын хуулбар, гэрч Ч.Мишигдорж, Д.Бямбасүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тулгат овгийн Жанчивын Батдуламыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүний эмнэлэгт 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тогоочоор, 1982 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл асрагчаар, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.МӨНХТУЯА