Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 43

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,  

Шүүгдэгч, хохирогч Ж.Сэлэнгийн өмгөөлөгч Ө.Г- ,

Шүүгдэгч, хохирогч Ж.Э-, Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон Даваахүүгийн Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч Боржигон Жалцавын Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1818000000585 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.А-, 1985 оны 08 сарын сарын 05-ны өдөр Ж.Э- аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Шийрийн бригад хөдөө тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Монгол Улсын иргэн, Ж.Э-, 1989 оны 08 сарын сарын 16-ны өдөр Ж.Э- аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс  халх, тусгай дунд боловсролтой, замын техникч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Шийрийн бригад хөдөө тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Д.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ж.Э- нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Д.А- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шийрийн бригад” хөдөө гэх газарт хамтран амьдрагч Ж.Э-тэй харилцан маргалдаж эрүүл мэндэд нь “баруун гарын шуу, сарвуу, хэвлийн зүүн өмнө хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвуу, шууны түлэгдэлт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ж.Э- нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шийрийн бригад” хөдөө гэх газарт хамтран амьдрагч Д.А-тай харилцан маргалдаж эрүүл мэндэд “нүүрний зулгаралтууд, зүүн нүдний дээд зовхи, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Д.А-ын өгсөн: Тухайн үед бид 2 муудалцчихсан байсан. Тусдаа амьдарч байсан. би Ж.Э-этэй муудалцахаараа ч юм уу Дарханд ирэхээрээ хуурай эгч Нансалмаагийн гэрт ирдэг. Тэгэхээр намайг харддаг, элдвээр харааж мессэж бичээд л эхэлдэг. Ер нь бол тэр өдөр болсон асуудал над руу Ж.Э-э мессэж бичсэнээс болсон. Тэгээд уур хүрээд архи уусан. Тэгээд Хонгор руу Ж.Э-этэй хамт амьдардаг гэртээ очиход Ж.Э-э хаалгаа нээхгүй 20-30 минут хаалга, цонх нүдсэн. Тэгээд хаалгаа эвдлээд орсон чинь согтуу унтаж байсан. Тэгээд ороод уул нь огт хэрэлдээгүй, би Дарханаас нэг архи авч очсон байсан тэрийгээ хамт ууя гэсэн Ж.Э-э уугаагүй. Тэгээд би дээрээс нь ууж байгаад тасарчихсан. Гэхдээ Ж.Э-этэй хамт орондоо орж байснаа санаад байгаа юм аа. Тэгээд өглөө сэрээд үлдсэн архи байх ёстой гээд архиа нэхэж байгаад гаргуулж уугаад дахиад тасарчихсан. Тэгээд нэг мэдсэн орой болчихсон манай дүү ирчихсэн байсан, Тэгсэн чинь Ж.Э- чи намайг зодсон, гар түлсэн гээд байсан. Гэхдээ яалт ч үгүй тухайн үед зүүн гар нь түлэгдсэн хавдчихсан байсан. Тэгээд шууд Дарханд ирээд Нансалмаа эгчийн гэрт ирсэн. Би яг үнэндээ толгой дээр нь архи асгасан, гарыг нь түлсэн эсэхээ огт санахгүй байгаа гэх мэдүүлэг,

           

            Шүүгдэгч Ж.С- өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед миний хамтран амьдрагч Д.А- нь согтуу ирсэн бөгөөд ирэхдээ гэрийн хаалганы нугастай цоожийг татаж онгойлгож орж ирээд намайг унтаж байхад шууд миний уруул руу гараараа нэг удаа цохихоор яаж байнаа гээд босоод ирсэн чинь миний фудболкноос чирээд гал тогооны өрөө рүү орж пийшингийн хажууд суулгаад “чамайг би Б- ахтай чинь хамт ална за юу” гээд миний зүүн гарыг зууханд нааж зүүн гарын шуу болон урд сарвуу хэсгийг түлсэн. Тэгээд одоо чиний зүүн гар чинь хэрэггүй болсон юм чинь гээд миний нуруун дээр мордож суугаад үснээс хойш татаад баруун хөлийнхөө гуталны өсгийгөөр баруун гарын шуу, сарвуун дээр хугартал чинь дэвсэнэ гээд 5-6 удаа дэвсэж зодсон. Тэгснээ гэнэт намайг босгоод уучлаарай хайраа би буруу юм хийчихлээ, би сая юу хийснээ мэдсэнгүй гээд босгож газар суулгахаар нь би түүнд гомдоод уйлсан чинь өөрийнхөө авч ирсэн хоёр шил архийг ширээн дээр гаргаж тавиад өөрөө нэг том аяганд хийгээд ууж байснаа надтай ажилладаг Н- чамайг У-тай унтдаг гэсэн одоо ганцаараа болсон юм чинь өөр хүмүүстэй ч гэсэн секс хийж байгаа байлгүй очиж чамайг алаач гэж хэлсэн гээд миний толгой дээр ширээн дээр байсан архиа асгасан. Тэгээд миний нүд рүү архи ороод хорсоод байсан тул нүүрээ гараараа дарсан чинь миний хоёр гарыг гараараа дарж байгаад нүүрэн дээр дахиад архи асгаж дуусаад гал тогооны өрөөний сандал дээр сууж байснаа унтаад өгсөн. Тухайн үед цаг 04 цаг болсон байсан. Тэгээд би тухайн орчныг нь цэвэрлэж байгаад үлдсэн байсан нэг шил архийг нуучихсан чинь 05 цаг 20 минутын үед Д.А- сэрээд миний нуусан байсан 250 грамм орчим архийг хайж олоод аяганд хийж ууснаа миний толгойн оройн хэсэгт дээр тухайн аягыг хагалсан. Тэгээд сууж байсан хөл нь хуванцар жижиг сандлаар миний толгой руу гурван удаа цохиж зодсон. Тэгснээ намайг түлхэж газар унагааснаа өөрөө орон дээр очоод хэвтсэн. Би тухайн үед цаг харахад 07 цаг 15 минут болсон байхаар нь 08 цагаас ажилтай байсан учир гэрээсээ гарах гэсэн боловч гаргахгүй байсан. ...Д.А-ын төрсөн дүү Т- ирээд бид хоёрыг Дархан руу авч яваад Нансалмаа гээд эмэгтэйгийнд очсон. Тэгсэн тэр эмэгтэйгийнд очсон чинь надаас Д.А- гар утсаа өг гэхээр нь өгөхгүй гэхэд миний баруун хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөөд гичий минь утсаа өг гэж байна гээд миний зүүн хацар руу 3-4 удаа алгадаж зодсон гэх мэдүүлэг,   

 

            Шүүгдэгч Д.А-ын хохирогчоор өгсөн: Би өмнө нь гэр бүлтэй байсан нэг хүүхэдтэй. Ж.Э- ч бас хүүхэдтэй өмнө нь амьдралтай байсан. 2018 оны 10 сард хүүхдэд маань гутал аваад өгчихөөрэй гээд эгч рүүгээ 60,000 мянган төгрөг явуулсан тэрнээс болоод л бид 2-ын хэрүүл эхэлсэн. Намайг чи хуучин эхнэрээ тэжээдэг, гээд л жижиг сажиг зүйлээс хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд даамжирч явсаар байгаад сүүлдээ хоорондоо муудалцахаар манай аав, ээж салсан эхнэр рүү уурлаад элдвээр хараагаад мессэж бичээд эхэлдэг юм шиг байна лээ. Нөгөө хэд нь над руу залгаад та 2-ыг нийл гэж хэлээгүй гээд уурладаг. Тэгээд л миний уур хүрээд бид 2 хэрэлдээд ганц нэг удаа цохиж зодсон асуудал байдаг гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч Ж.С- хохирогчоор өгсөн: Би одоо шөнө сайн унтаж чадахгүй байгаа. Хэлсэн ярьсан үг нь бодогдоод би маш их гомдож байгаа. Гар түлээд дээрээс нь миний толгой дээр бүтэн шилтэй архи асгасан. Намайг элдэв үгээр харааж хүн амьтантай унтдаг, хэвтдэг гэж элдэв бусаар муу муухай үгээр хэлж ярьсан. Хуучин эхнэртэйгээ хүртэл харьцуулж эмзэг эрхтэн чинь ангал шиг заваан хүүхэн гэж үгийн муухай үгээр хэлж, ярьж доромжилсон гэх мэдүүлэг

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч Д.Т- өгсөн: Би тэр хөдөө гэрт нь 2,3 удаа очиж байсан. Ах энэ Ж.Э- гэх хүүхэнтэй нийлснээс хойш ээж, эхнэр, эгч нь огт харилцахаа байсан. Би хаяа ирж уулздаг байсан юм аа. Тэгээд 2018 оны 12-р сарын 6,7 гэдгийг гэдгийг нь мэдэхгүй байна ямарч байсан орой харанхуй болчихсон байхад гэрт нь очоод холбоо барих гэсэн утас нь болохгүй байсан юм аа. Би яагаад уулзах гээд байсан юм бэ гэхээр хөл нь гэмтсэн байхад нь би Дарханд нэг уулзаж байсан юм. Тэгээд санаа зовоод гэрт нь орсон чинь Ж.Э- үүднийхээ өрөөнд унтчихсан ах хойд том өрөөндөө унтаж байсан. Тэгээд намайг орсон чинь Ж.Э- босоод ирсэн тэгээд би ахыг дуудаад явъя аа гэсэн чинь согтуу байсан. Тэгээд хамт явъя гэсэн чинь Д.А- явахгүй гээд байсан. Би хүлээнгээ тамхи татаад орж, гарч байгаад явахаар болсон. Тухайн үед Ж.Э- надтай юу ч яриагүй ээ, тэгээд миний машинд суугаад бид 3 Дарханд шөнө ирээд Д.А- ахын хуурай эгчийнх нь гэрт ирсэн. Н- гээд байдаг би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Тэнд Д.А- ах Ж.Э-эгийн утсыг гал тогоонд булаацалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би болиоч яах гээд байгаа юм гээд том өрөө рүү дагуулж орсон. тэгсэн Ж.Э-э гараад явчихсан байсан гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч Г.Г- өгсөн: 2018 оны 12-р сарын 08-нд байх аа Ж.Э- над руу Д.А- намайг зодоод гарыг маань түлээд, нүүр хэсэг рүү маань цохиод гэмтээсэн гээд над руу гарынхаа түлэгдсэн зураг бас нүүр нь хавдсан зургаа фэйсбүүкээр явуулсан юм аа. Би тэр үед Дарханд гэртээ харин Ж.Э- Шийрийн бригадад гэртээ байсан. Би тэр зургийг нь үзчихээд ямар аймар юм бэ, цагдаад хэлээч гэж хэлсэн, бас ямар нэг гэрлэлтийн баталгаа байхгүй дөнгөж үерхэж байж ингэж болохгүй гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 12-р сарын 09-ний өдөр өглөө 10 цагийн үед манай гэрт ирж надад Ж.Э- мөнгө өгөх ёстой байсан юм аа. Тэгсэн манай гэрт орж ирэхэд Ж.Э- гадуур хувцсаа ч тайлж чадахгүй хөдөлж ч чадахгүй байхаар нь миний уур хүрээд Д.А-т уурлаад, Ж.Э-эг цагдаа руу явъя гэсэн чинь Д.А- манай гэрээс Ж.Э-эг хувцсыг нь өмсүүлээд аваад гараад явсан. Манайд байх хугацаандаа Ж.Э- 00 орсон боловч өмдөө ч татаж чадахгүй, Д.А- гар түлчихсэн бас толгой дээр архи асгасан, бас гарыг чинь шарж иднэ, гээд гаран дээр нь бас хөлөөрөө дэвссэн гэж надад хэлсэн. Тэгээд тэр 2 гараад явсны дараа араас нь би цуг явна гээд гарсан чинь Д.А- намайг “манай гэрийн асуудал чамд хамаагүй гээд” шийр рүү явлаа гээд машинтайгаа хөдлөөд явсан. Тэр үед Ж.Э- бас явахгүй гээд машин дотор нь муудалцсан юм шиг байна лээ. Тэгэх үед л Д.А-ын нүүрийг урчихсан юм шиг байна лээ. Тэгээд удалгүй манай гэрт тэр 2 буцаад хүрээд ирсэн тэр үед Д.А-ын нүүрэн дээр нь урчихсан байх шиг байсан. Ж.Э-э ч тэрийгээ хэлсэн, намайг явуулахгүй гээд байхаар нь бид 2 муудалцсан гэж хэлсэн. Д.А- нь яваад өгчихсөн, тэгэхээр нь Ж.Э-э бид 2 манай гэрт ороод хэсэг байж байгаад цагдаад өргөдөл өгье гээд ирж өгсөн /хх 29-30/,

Гэрч Х.Н- өгсөн: Д.А-ын дүү Т- нь 12 сарын 05,06-ний үед байх он сарыг нь сайн санахгүй байна, манайхаар ахыгаа хайгаад явж байсан. Тэгээд Шийрийн бригад руу явъя гэж байсан. Тэгээд 2018 оны 12-р сарын 07-ны орой байх Т-, Д.А-, Ж.Э- нар манай гэрт орой харанхуй болчихсон байхад ирсэн. Ж.Э- манай гэрт орж ирээд утсаараа оролдоод том өрөөнд сууж байсан, харин Д.А- хажууд нь утсыг нь нэхээд байх шиг байсан. Тэгээд Ж.Э- утсаа өгөхгүй гээд том өрөөнөөс коридор руу гарсан чинь араас нь Д.А- босоод явсан бөгөөд утсыг нь нэхээд байсан. Тэгээд яая гээд Ж.Э- дугарсан. Цохисон эсэхийг нь бол би хараагүй ээ, тэгсэн Түвшинбаатар том өрөөнөөс босоод тэр 2 руу очоод Д.А-т хандаж “утсаар нь яах гээд байгаа юм бэ” гээд Д.А-ыг татаад том өрөөнд оруулж ирсэн. Тэгээд би Ж.Э-э гээд дуудсан чинь гараад явчихсан байсан гэрээс гарсныг нь хэн ч мэдээгүй. Тэгээд л Д.А- Т- нар гараад явчихсан гэх мэдүүлэг /хх 31-32/,

Гэрч Э.М- өгсөн: Маргааш нь байх манай гэрт Ж.Э- орж ирээд Д.А- намайг зодсон. Гарыг минь түлчихлээ гэж байсан. Тухайн үед сайн лавлаж асуугаагүй. Ер нь би Ж.Э-тэй нийлээд байдаггүй. Ж.Э- өөрөө жаахан худалч, Д.А-, Ж.Э- хоёр байнга л хэрэлдэж маргалдаж байдаг. Өөрөөсөө болж зодуулсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх 33-34/,

Гэрч П.С- өгсөн: Ж.Э- өглөө 08:00 цагийн үед ажлын хэсгийн байрны гадаа уйлчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би очоод юу болсон талаар асуухад Амгалан өчигдөр шөнө ирээд намайг зодоод, гарыг минь түлчихлээ гэхээр нь гэртээ оруулаад гарыг нь боож өгсөн. Тухайн үед зүүн гар нь байх түлэгдсэн бололтой улайгаад, арьс нь хууларчихсан байсан. Өөр бусад нүүр хэсэг нь зүгээр байх шиг байсан. Илт мэдэгдэх хавдсан, хөхөрсөн, урагдсан зүйл байгаагүй гэх мэдүүлэг /хх 35-36/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт:

"1.Д.А-ын биед нүүрний зулгаралтууд, зүүн нүдний дээд зовхи, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Д.А-ын нүүрний сорви нь өөрийн ердийн явцаар арилахгүй " гэжээ /хх 40/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт:

"1.Ж.С-  биед баруун гарын шуу, сарвуу, хэвлийн зүүн өмнө хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвуу, шууны түлэгдэлтийн сорви тогтоогдлоо. 2.Баруун гарын шуу, сарвуу, хэвлийн зүүн өмнө хэсгийн цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр, зүүн гарын сарвуу, шууны түлэгдэлтийн сорви нь халуун зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Ж.С- биед илэрсэн зүүн гарын сарвуу, шууны түлэгдэлийн ором нь ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд баруун гарын шуу, сарвуу, хэвлийн зүүн өмнө хэсгийн цус хуралт нь хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Ж.Сэлэнгийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх 49/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 10/, Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин 8-н үзүүлэлттэй гарсан тайлан /хх 7-8/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд" хамаарах бөгөөд шүүгдэгч Д.А-, Ж.Э- нар нь 2017 оны 12 дугаар сараас хамт амьдарсан болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж үзлээ.

 

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар "хамтран амьдарч байгаа хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй"-г бие махбодын хүчирхийлэл гэж ойлгоно гэсэн бөгөөд,

 

            шүүгдэгч Д.А- нь хамтран амьдрагч  Ж.С- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "баруун гарын шуу, сарвуу, хэвлийн зүүн өмнө хэсгийн цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

 

            шүүгдэгч Ж.Э- нь Д.А-ын биед “нүүрний зулгаралтууд, зүүн нүдний дээд зовхи, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул тэднийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

           

            Шүүгдэгч Д.А-, Ж.Э- нар сайн дураар эвлэрч, эвлэрлийн гэрээ /хх 129/ хийсэн ба гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байна.

 

            2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Д.А-, Ж.Э- нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан нь шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

   Шүүгдэгч Д.А-, Ж.Э- нар урьд ял шийтгэлгүй болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 71-72/ тогтоогдож, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.э-Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.с- 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч Д.А-т оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг төлөхөөр, шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлөхөөр тус тус тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.А-, Ж.Э- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-, Ж.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ