Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 211

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: У.Г, У.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Х.У, У.О нарын эзэмшиж байсан маргаан бүхий  газрын өвлөгч Г.Д-гийн гаргасан

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Г.Т 

Гуравдагч этгээд: М.Б

Гуравдагч этгээд: Т.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/309 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Г.Т, Т.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Г, У.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч С.Э, өмгөөлөгч Ц.З нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 342 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулагийн *** гэсэн хаягт миний нөхөр агсан Х.У, миний хүү Х.Г, охин У.Т, У.О нарт тус бүрт нь 492 м.кв газрыг хашааны газар буюу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгосон тул бид энэ газартаа хашаа барин сахиул айл буулгаж сар бүр хөлс төлөхөөс гадна, зарим жил өөрсдөө эрүүл агаарт байх зорилгоор түр гарах зарим нэг аж ахуйн үйл ажиллагаа явуулах, бараа хадгалах зэргээр өнөөдрийг хүртэл бодитойгоор эзэмшиж ирсэн юм. 

Гэтэл хэдэн сарын өмнөөс өөрийгөө Б гэж танилцуулсан хүн ирж “наад газар чинь миний эзэмшлийн газар учир та нар чөлөөлж өг” гэж шаардсан ч бид үүнд ач холбогдол өгөөгүй, учир нь энэ хүн амаараа хэлсэн болохоос ямар нэг гэрчилгээ бичиг баримт, мөн өөрийгөө хэн болохыг харуулах иргэний үнэмлэх зэргийг үзүүлээгүй байсан. Хэсэг хугацааны дараа дахин ирж энэ асуудлаа тавьж “би энэ газраа зарах гэж байна, та нар худалдаж авсан хүнээс нь хашааныхаа мөнгийг олж ав” гэх зэргээр шаардаж эхэлсэн тул бид Баянзүрх дүүргийн Газрын албан дээр очиж энэ асуудлыг танилцуулахад хүлээж аваад учрыг тодруулах хүртэл хүлээж бай гэсэн тул хүлээж байгаад 2015 оны 12 дугаар сарын 22-нд очиж уулзахад “та нарт бусдын газрыг давхардуулан олгосон байна” одоо ямар ч арга байхгүй , гэрчилгээнүүд чинь хүчингүй болсон байна гээд А/309 тоот захирамжийг хуулбар байдлаар өгөөд одоо манай үүгээр яваад хэрэггүй шүүхэд хандах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.

Үүний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 11-нд тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 721 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан билээ.

Ингэхдээ Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн талаар урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны байгууллага албан тушаалтанд хандаагүй байна. Энэ журмыг хэрэглэх боломжтой гэсэн тул Нийслэлийн засаг дарга Бат-Үүлд 2016 оны 01 дүгээр сарын 21-нд хандаад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/309 дүгээр захирамж хуульд нийцсэн байна гэсэн хариуг 2016 оны 03 дугаар сарын 16-нд авсан тул дахин нэхэмжлэл гаргаж байна

Миний нөхөр X.У 2015 оны 05 дугаар сарын 18-нд, охин У.О 2014 оны 11 дүгээр сарын 21-нд нас барсан бөгөөд миний бие Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нь юм. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 19-ний А/309 дугаар захирамж нь газар эзэмших эрхээ хууль ёсоор олж авсан бидний эрх ашиг сонирхлыг зөрчиж, байнгын хэл ам шаардлага үл ойлголцох байдалд хүргэж амар тайван амьдрах боломжгүй болгож байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/309 тоот захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П, итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг хэрхэн хөндөгдөөд байгаа тухай тухай дурдаагүй байна. 

1. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны Засаг даргад гомдлоо гаргах байжээ. 

Учир нь нэхэмжлэлдээ “... 2015 оны 12 дугаар сарын 22-нд очиж уулзахад та нарт бусдын газрыг давхардуулан олгосон байна гээд А/309 дүгээр захирамжийг хуулбарлаж өгсөн” гэж дурдсанаас үзэхэд тэр үед нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн атлаа 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлтэй. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой байна. 

2. Маргаан бүхий актын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 30 дугаар зүйлийн 30.1.2, 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн. Дүүргийн 11 дүгээр хороо Баянбулагийн 2 гудамж *** тоотод иргэн М.Б, *** тоотод иргэн Г.Т, *** тоотод Т.Г нарт тус бүрт нь амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн 700 м.кв газарт нь Газрын тухай хуулийг зөрчиж давхардуулан бусдад газар эзэмшүүлсэн байх тул дүүргийн 

Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн У.О, У.Г, У.Т, Х.У нарт холбогдох хэсэг, тэдгээрийн газар эзэмших эрхийн  дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна. 

Анх маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшил тус дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжаар иргэн М.Б-т 700 м.кв, дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар иргэн Т.Г, Г.Т нарт тус тус 700 м.кв газар эзэмшүүлэх эрхээр үүссэн. 

Улмаар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаар захирамжаар иргэн М.Б, Т.Г, Г.Т нарын эзэмшил газрын талбайг өөрчлөн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Энэ нь иргэнд олгосон газрыг бусдад давхардуулан олгосон учраас хуульд олгогдсон өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч нарт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

3. Тус нэхэмжлэлийг иргэн Г.Д гаргасан байх ба энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл бүрдсэн байна. Учир нэхэмжлэлдээ Х.У, У.О нар нь нар барсан бөгөөд нэхэмжпэгч өөрийгөө дээрх иргэдийн хууль ёсны өв залгамжпагч гэж дурдсан боловч түүнийг нотлох баримт байхгүй байна. Мөн маргаан бүхий актаар иргэн Г.Д-д хамааруулсан аливаа заалт байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Г.Т, Т.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нараас шүүхэд бичгээр болон шүүх гаргасан тайлбартаа:

“... Би хэнээс ч газар худалдаж авсан байсан хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй. Манайхыг газраа авчихсан кадастрын зургаа хийлгэчихсэн байхад та нар давхардуулан газар авсан. Манайх хашаатай байхад та нар буулгачихаад одоо хаяг нь биш байна гээд сонин зүйл ярьж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга газар давхцуулан олгосноо хүлээн зөвшөөрөөд энд нарт газар санал болгоход өөрсдөө аваагүй. Мөнгөтэй хүн газартай болдог асуудал Баянзүрх дүүрэгт газар авчихсан. Ганцхан эднийх 15 жилээр газар эзэмших эрх авсан. Би яагаад сунгуулаагүй бэ гэхээр хороон дээр ардчилсан намын нэг эмэгтэй байсан тэр хэлэхдээ “... Одоо та нар сунгуулаад хэрэггүй олон улсын байгууллагаас компанит ажил хийж бүгдийг нь сунгуулж өгөх гэж байгаа гээд” хойшлуулсан. Би өөрийнхөө хувьд хариуцлага алдаагүй. Би Р.Д-ээс авахад үргэлжилсэн 3 айлын газар байсан хэн нэмж хассаныг би мэдэхгүй. Кадастрын зураг дээр хэмжээ байгаагүй. Би эд нартай холбогдох гээд манаачтай нь уулзахад би утсыг нь мэдэхгүй гээд жил гаран утсыг нь өгөөгүй. Би газрын албаны А-аас ямар хүмүүс миний газрын авчихваа гээд асуухад хувь хүний нууц гээд надад мэдээлэл өгөөгүй. Тэгээд газрын албанаас эхний жил шаардах хуудас хүргүүлсэн. Шаардах хуудас авчихаад бид мэдээгүй, 8 жилийн дараа гэнэт хүн гараад ирлээ гээд ярьж байгаа нь ойлгомжгүй байна. 

Нэхэмжлэгч нар хоосон газар хашаа хатгасан гэж байна. Тийм зүйл байгаагүй. Тухайн газарт кадастрын зураг хийлгэх бол газрын албаны мэргэжилтэн нь очиж байж эргэлтийн цэгийг тогтоодог. Гэтэл кадастрын зураг хийгдсэн газарт давхцуулан газар олгосон нь хууль бус. Мөн хүний хашааг буулгаж хашаа барьсан. Би холбогдох фото зургийг хавтас хэрэгт өгсөн байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс “...Маргаан бүхий газрыг анх 2008 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хашаа барьж бодитойгоор эзэмшиж байхад уг газрыг гуравдагч этгээд М.Б, Г.Т, Т.Г нарыг өмнө нь эзэмшиж байсан гэх хууль бус үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болголоо...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжаар гуравдагч этгээд М.Б-т тус дүүргийн 11 дүгээр хороо Баянбулаг *** хаягт байрлах газрын эзэмших эрхийн гэрчилгээг /захирамжид хугацаа заагаагүй боловч гэрчилгээ нь 5 жилийн хугацаатай/, 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Т.Г-т Баянбулагийн *-** тоот хаягтай 700м2 газрын, гуравдагч этгээд Г.Т-т Баянбулагийн **-** тоот хаягтай 700м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд М.Б нь иргэн Г.Д-тэй “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-г 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг гэрээнд “...тухайн үед газар нь хэмжигдээгүй учраас талбайн хэмжээ гэрчилгээн дээр бичигдээгүй...” гэсэн тайлбарыг талууд бичиж баталгаажуулсан байна. 

Хэдийгээр иргэн Г.Д-ийн гэрчилгээн дээр газар эзэмших эрхийн хугацааг 1 жил гэж бичсэн байх боловч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэн Г.Д тус дүүргийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 70 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийн хугацааг гэрчилгээн дээрх хугацааг дуусмагц шууд цуцлаагүй, улмаар түүнтэй байгуулсан гэрээг үндэслэн гуравдагч этгээд М.Б-т 2007 онд 3 айлын газрыг тухайн үед олгосон болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн хүлээн зөвшөөрсөн болно. 

Маргаан бүхий газрын иргэн Г.Д-д 2004 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 70 дугаар захирамжаар анх эзэмшүүлсэн хувийн хэрэгт иргэн Н.Б, М.П-ийн гэрчилгээ, Д.Н-тэй хийсэн Худалдах, худалдан авах гэрээ, Д.Э-ын газар хүссэн өргөдөл зэрэг баримт авагдсан байсныг шүүхээс эдгээр асуудлыг тодруулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 02 дугаар М.П-д газар олгосон захирамж, тэдгээр иргэдийн хаяг, өрхийн бүртгэлийн дэвтэр, газрын хувийн хэрэг зэргээр өөр газар болох нь тогтоогдсон болно.

Гуравдагч этгээд Т.Г-ийн газрын хувийн хэрэгт Б.Е.Г-ийн 2008 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр бичсэн дүүргийн Газрын албанд хандсан өргөдөл, 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хийлгэсэн газрын баталгаажаагүй кадастрын зураг, Г.Т-ын газрын хувийн хэрэгт А.А.Г-ийн 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дүүргийн Газрын албанд хандсан өргөдөл, 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хийлгэсэн газрын баталгаажаагүй кадастрын зураг, авагдсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед тэдгээр иргэдийг гэрчээр байцаахад “...2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Д-ийн газар эзэмших эрхийг барьцаалан түүнд мөнгө зээлдүүлсэн нь үнэн...мөнгөө бүтэн авч чадаагүй, мөн гадаадын иргэн газар эзэмших эрхгүй учраас би тухайн үед хөдөө явж байсан тул А.А.Г-ийг өөрийн өмнөөс өргөдөл бичихийг зөвшөөрсөн...1 том хашаатай урт газар байсан...” гэх, А.А.Г-ийг гэрчээр байцаахад “...энэ миний гарын үсэг мөн...”, анх газар эзэмшсэн иргэн Г.Д-г гэрчээр байцаахад “...урт нарийн хашаа байсан...” гэж тус тус мэдүүлсэн болно.

Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Баянзүрх дүүргийн Газрын албанд баримт бичгийн үзлэг хийсэн бөгөөд гуравдагч этгээд Г.Т, Т.Г нарын 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд газар хүссэн өргөдлийн цохолтыг тус дүүргийн 11 дүгээр хорооны зохион байгуулагч Ц.С гэх ажилтан цохсон байсныг тодруулахаар түүнийг гэрчээр байцаахад “...энэ миний бичиг биш...” гэж мэдүүлсэн хэдий ч хариуцагч тал уг өргөдлийг хууль бус эсэх тал дээр маргаагүй, түүнчлэн гуравдагч этгээдүүд анх газар эзэмшсэн бөгөөд энэ үед бусдын эзэмшил газартай давхцаагүй, бусдын газар эзэмших эрхийг зөрчилгүйгээр нэхэмжлэгч нарыг газар эзэмшихээс өмнө М.Б, Г.Т, Т.Г нар нь иргэн Г.Д-ээс анх шилжүүлэн авсан газрыг хуваан эзэмшсэн тус хорооны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан гэрч Б.Х болон дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулаг *** гэсэн хаяг бүхий газарт нэхэмжлэгч Х.У, У.Г, У.Т, У.О нарт тус бүр 492 м2 газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. 

Нэхэмжлэгч нарын газрын хувийн хэрэгт тус дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Т.Л-ийн 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цохсон тодорхойлолт бүхий баталгаажаагүй кадастрын зураг, “Баянзүрх дүүрэг, 0-р хороо,  дүгээр сарын Баянбулаг-2 гудамж, ***, *** тоот хаалга” гэх хаягтай, нэгж талбарын **** дугаар бүхий 1968 м2 газрын кадастрын зураг тус тус авагдсан байх бөгөөд шүүхээс хувийн хуулийн этгээдээр хийлгэсэн кадастрын зургийг тус дүүргийн газрын албанд хийсэн баримт бичгийг үзлэгийн явцад тамга хэсэг нь хуулбарын явцад бүдгэрсэн, энэ талаар тодруулах боломжгүй байсан, түүнчлэн уг кадастрын зураг нь баталгаажиж, мэдээлийн санд нэгэнт бүртгэгдээгүй тул энэ талаар цаашид тодруулах шаардлагагүй гэж үзсэн болно. 

Харин **** дугаар бүхий 1968 м2 газрын талаар тодруулахад Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1/832 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар уг газар нь иргэн Б.Б-ийн нэр дээр бүртгэгдсэн, маргаан бүхий газрын баруун хойд хэсгийн газар байсан бөгөөд энэ талаар иргэн Б.Б болон түүний эгч Т.Ю нарыг гэрчээр байцаан тодруулсан болно.

Баянзүрх дүүргийн 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн А/309 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Тус дүүргийн 11 дүгээр хороо Баянбулагийн 2 гудамж 37 тоотод иргэн М.Б, 37а тоотод иргэн Г.Т, 37б тоотод иргэн Т.Г нарт тус бүрт нь амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн 700 м2 Газрын тухай хуулийг зөрчиж давхардуулан бусдад газар эзэмшүүлсэн байх тул дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн У.О, У.Г, У.Т, Х.У нар холбогдох хэсэг, тэдгээрийн газар эзэмших *** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, тэдгээр гэрчилгээг хураан авч, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах”-ыг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасан байна.

Маргаан бүхий захиргааны акт болох 2013 оны 309 дүгээр захирамжийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн гардуулсан баримт байхгүй бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй бөгөөд “...бидний гэрчилгээг хүчингүй болгож, гэрээ цуцласныг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээд дүүргийн Газрын албатай очиж уулзсанаар шүүхэд хандсан...” гэх тайлбарыг үгүйсгэж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч У.О нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, Х.У нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 342 дугаар захирамжаар Х.У-д олгосон тус дүүргийн 11 дүгээр хороо Баянбулаг *-** тоотод байрлах *** дугаар гэрчилгээтэй 492м2 газар, У.О-д олгосон 3-41 тоотод байрлах *** дугаар гэрчилгээтэй 492 м2 газар”-ыг тус тус өвлөн авсан болох нь Баянзүрх дүүргийн нотариатч Ц.О-ын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр олгосон 29 дүгээр, нотариатч В.О-ийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон *** дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна. 

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасны дагуу шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэх үүднээс Г.Д-ыг Х.У, У.О нарт олгосон газрын хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд М.Б, Г.Т, Т.Г нар маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээ хүчингүй болсны дараа гэрчилгээний хугацааг сунгуулахаар Баянзүрх дүүргийн Газрын албанд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хандсан байх бөгөөд тэдгээрийн өргөдлүүдийн доод хэсэгт “...газрын гэрчилгээний хэмжээ кадастрын хэмжээнээс зөрж байгаа...” талаар хүсэлт гаргаж тус бүр талбайгаа 31 м2 /700-669/-аар багасгахыг хүссэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...2015 оны 450 дугаар захирамжаар гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаагүй, талбай л хассан...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны үед “...гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн хугацааг дууссан байхад талбайг хасах нэршлээр сунгасан...” гэж маргах боловч гуравдагч этгээд “...газрын маргаантай байсан, 2013 онд газар эзэмших эрхээ сэргээснээр энэ асуудлыг хөөцөлдөж, кадастрын зургаа шинэчлэн мэдээллийн санд бүртгүүлсэн...” гэх тайлбар нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1/832 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул уг тайлбар нь үндэслэлтэй байна.

Улмаар гуравдагч этгээдүүдийн өргөдлийг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 450 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт олгосон тус бүр 700м2 газрын талбайг багасган М.Б-т 11 дүгээр хороо Баянбулаг 2-37, Г.Т-т 2-37а, Т.Г-т 2-37б тоот хаяг бүхий тус бүр 669м2 газар болгож, газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал уг захирамжтай маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн маргаан бүхий газрыг иргэн Г.Д-д 2004 онд анх Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Баянбулаг 2-37 тоот хаягаар /захирамжид 17-276 тоот хаяг/ , гуравдагч этгээд М.Б-т 2007 онд Баянбулаг 2-37 тоот хаягаар, гуравдагч этгээд Г.Т, Т.Г нарт 2008 онд Баянбулаг ** тоот тус тус хаягаар, сүүлд 2015 онд гуравдагч этгээд М.Б, Г.Т, Т.Г нарт ** тоот хаягаар маргаан бүхий газрыг олгосон бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд ** тоот тус тус хаягаар бүртгэгдэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ мөн дээрх байдлаар бичигдсэн байна.

Харин нэхэмжлэгч нарт 2008 онд Баянбулаг *** тоот хаягаар уг газрыг эзэмшүүлсэн тул энэ нь өөр газар гэж нэхэмжлэгч тал тайлбарлах боловч уг газар гуравдагч этгээдүүдийн анх эзэмшсэн газар мөн болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2/1438 дугаар албан бичгээр /хх2-22/ ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байгаа болно.

Түүнчлэн иргэн Г.Д нь анх 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн Газрын албанд хандсан өргөдөл, иргэний үнэмлэхийн хаяг, оршин суугаа хаягийн тодорхойлолт, өргөдлийг цохсон хорооны Засаг даргын тодорхойлолт болон газар эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээнд*** гэсэн хаяг бичигдсэн зэргээс үзэхэд *** дугаар хаягтай маргаан бүхий газрыг эзэмшсэн байх бөгөөд одоогийн *** дугаар хаягийн газрын кадастрын зураг нь нэгж талбарын өөр дугаартай, хариуцагчаас гаргаж өгсөн зурган мэдээллээр маргаан бүхий газраас өөр болох нь тус тус тогтоогдсон болно. 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Газрын албанд хийсэн баримт бичгийн үзлэгээр маргаан бүхий газрын хажууд байрлах Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 2-37 тоот хаяг бүхий газар нь тус дүүргийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжаар иргэн Л.Э-д эзэмшүүлсэн талаар тус дүүргийн газар өмчлөлийн мэргэжилтэн Н.Л-ийн бичсэн тайлбар болон мэдээллийн системээс хэвлэн авсан зураг зэргээр тогтоогдож байх тул маргаан бүхий газар нь кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн хаяг болох **** тоот хаягууд нь давхцалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2/1438 дугаар албан бичгээр /хх2-22/ ирүүлсэн лавлагааг тус газраас шүүх шаардахдаа нэхэмжлэгч нарын эзэмшсэн газрын хувийн хэрэгт авагдсан газрын  кадастрын зургийг гуравдагч этгээдүүдийн анх эзэмшсэн газрын кадастрын зургийг, нэгж талбарын дугаарын хамт тус тус Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хүргүүлэн, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн кадастрын зургийг газрын мэдээллийн сангийн архивын зурагтай тус тус давхцуулан авахад нэг газар гэдэг нь тогтоогдсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэг газрыг өөр өөр хаягаар эзэмшүүлсэн, гэр хорооллын суурьшлын бүс дөнгөж эхэлж байсан болохоор хаягийг хорооноос замбараагүй олгосон байна...” гэж тайлбарлаж байх тул шүүхээс шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ газрын давхцалыг арилгуулахаар тодорхойлсон тул шүүхээс нэгэнт маргаан бүхий газар нь давхцсан болох нь кадастрын зургаар тогтоогдож байхад  хаягийг өөр өөр байдлаар олгосон нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна гэж дүгнэсэн болно.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 60 дугаар зүйлийн 60.1.2-т “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ: газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 309 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж шүүх нэгтгэн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Г, У.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Х.У, У.О нарын өвлөгч Г.Д-с Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/309 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Ц.ОДМАА