Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1407

 

Ц.Батболдын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/4440 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Батболдын

Хариуцагч “Оюуны тулга” дунд сургуульд холбогдох

           

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алдангид нийт 114 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

 

Засварын болон нүүлгэлтийн зардал 13 091 100 төгрөг, сургалтын төлбөр 37 100 000 төгрөг, хөрөнгө оруулалтын зардлын 30 хувь болох 17 365 610 төгрөг, аудитын зардал 500 000 төгрөг, нийт 68 056 710 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайхан, өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Батболд “Оюуны тулга” дунд сургуулийн захирал Т.Туяагийн хүсэлтээр өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу 1-13 тоот хаягт байрлах 1,2 давхарын байрыг сургалтын зориулалтаар ашиглуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 01-нээс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 21 сарын хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулж, 452 200 000 төгрөгийн түрээсийн төлбөрөөс 357 000 000 төгрөгийг дансаар төлж, үлдсэн 95 200 000 төгрөгийг төлөөгүй. Шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. 2013 онд  байгуулсан гэрээний үүргийн дутуу 73 200 000 төгрөг, алданги нь 36 600 000 төгрөг, нийт 109 800 000 төгрөг болсон. Хоёр тал 2015 оны 6 дугаар сарын 01-нд дахин түрээсийн гэрээ байгуулж, уг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж үзэж тооцоо хийсэн. Хоёр дахь гэрээгээр 72 000 000 төгрөг төлөхөөс 120 000 000 төгрөг төлж 48 000 000 төгрөг илүү төлсөн. Эхний гэрээний үлдэгдэл төлбөр 73 200 000 төгрөгөөс 2 дахь гэрээний үүргийн илүү төлсөн 48 000 000 төгрөгийг хасч 25 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. 2 дахь гэрээний гүйцэтгээгүй үүрэг 25 200 000 төгрөгийн алданги нь 12 600 000 төгрөг, түрээслэгчийн хөрөнгө оруулалтын 12 300 000 төгрөгөөс 3 700 000 төгрөгийг хасаад 70 700 000 төгрөгийн түрээсийн төлбөр алдангийг “Оюуны тулга” дунд сургуулийн захирал Т.Туяагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхний гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 01-нд байгуулсан. Түүнд алданги тооцохоор заагдсан, 2 дахь гэрээг 5 жилийн хугацаагаар буюу 60 сараар хийж байгаа учраас алданги тооцохгүй гэсэн. Гэвч 6 cap болоогүй хаяаад явсан учраас алданги тооцох нь зөв, түрээсийн төлбөр төлөхийг шаардаж, мэдэгдэл олон удаа бичгээр өгсөн. Иймээс дулааны шугамд гэмтэл гарсан учир дулаанаар хангаагүйгээс гэрээг цуцалсан гэсэн асуудал яригдахгүй. Гэрээнд заасны дагуу гэрээг цуцлахыг хүсвэл 2 сарын өмнө мэдэгдэх заалтыг хариуцагч зөрчиж 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн саналыг 2 сарын өмнө ирүүлсэн гэж үзэж 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр нэхэмжилсэн. Түрээсийн төлбөрт 477 000 000 төгрөг төлснийг хоёр тал зөвшөөрч байгаа. Иймд 10,11,12 сарын түрээсийн төлбөр 52 200 000 төгрөг, алданги 26 100 000 төгрөг, нийт 78 300 000 төгрөг, эхний гэрээний алданги 36 600 000 төгрөг, нийт 114 900 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Оюуны тулга” дунд сургууль шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай. 2013 оны 9 дүгээр сарын 01-нд байгуулсан гэрээний 2.1 дэх заалт хангагдаагүй учраас 2015 оны 10 дугаар сарын 01-нээс тус сургуулийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсон. Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6.1.11 дэх хэсэг болон Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 122 дугаар тушаалын дагуу сургууль, цэцэрлэгийн халаалтыг 9 дүгээр сарын 15-ны өдөр эхлэх байтал 10 дугаар сарын 23-наас өгч эхэлсэн гэх боловч 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дулаан бүрэн халахгүй, хүйтэн ажиллах боломжгүй байсан. Сургуулийн үйл ажиллагаа хэвийн явж байсан үе буюу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт 475 200 000 төлөхөөс 477 000 000 төгрөг төлж, 1 800 000 төгрөг илүү төлсөн. 10 дугаар сарын 01-нээс хойш энэ байранд түрээсийн үйл ажиллагаа явуулах, үйлчлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул өөр түрээсийн байр хайж тэр байрандаа засвар хийж их хэмжээний нэмэлт зардал гарч түрээслэгч тал их хохирсон. Энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Түрээслэгч тал нийт төлсөн 477 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт тухай бүрт тооцон түрээслэгчийн гэрээний үүргээ биелүүлсэн болохыг харгалзан үзэж, түрээсийн гэрээний эхний гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг анхаарна уу. Түрээсийн үндсэн төлбөрөө төлсөн, алданги төлөх үндэслэлгүй тул нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч "Оюуны тулга" дунд сургууль шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай сургууль 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл дулаанаар хангагдаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Евро-Ази дээд сургуулийн байранд нүүж орсоноос хохирол учирсан. Засварын болон нүүлгэлтийн зардалд 13 091 100 төгрөг, сургууль өөр байранд нүүснээс болж 15 сурагч өөр сургуульд шилжиж, сургалтын төлбөр 37 100 000 төгрөг, хөрөнгө оруулалтын зардал буюу засвар хийхэд зарцуулсан 17 365 610 төгрөг, аудитын компаниар үнэлгээ хийлгэхэд 500 000 төгрөг, нийт 68 056 710 төгрөгийг Ц.Батболдоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус сургууль нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасны дагуу 2 сарын өмнө гэрээ цуцлах болсноо мэдэгдэх ёстой атал мэдэгдэлгүй өөрсдөө нүүсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар “Оюуны тулга” дунд сургуулиас 61 800 000 төгрөгийг гаргуулан Ц.Батболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53 100 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ц.Батболдод холбогдуулан “Оюуны тулга” дунд сургуулийн 68 056 710 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Батболдын 737 000 төгрөг, “Оюуны тулга“ дунд сургуулийн 498 234 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, хариуцагч “Оюуны тулга” дунд сургуулиас 466 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Батболдод олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ....нэхэмжлэлийн шаардлагаас 53 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож... гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж маргасан зэргээр зохих хуулиудын зүйл заалтыг тайлбарласан нь буруу.

2. 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 2 дахь гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн ч гэрээг хэзээ цуцлах талаар 2 удаагийн байгуулсан гэрээнд тодорхой заасан. Тухайн гэрээнд зааснаар түрээслэгч талаас 2015 оны 10 дугаар сарын 28-нд ирүүлсэн саналыг гэрээг цуцлах талаар түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдсэн гэж үзээд үүнээс хойш 2 сарын дараа буюу 12 дугаар сарын 28-нд гэрээ цуцлагдаж, дуусгавар болжээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болохыг шүүх үнэлээгүй бөгөөд өөрийн үзэмжээр 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон нь хууль зөрчсөн.

 ...Нэхэмжлэгч талаас "Оюуны тулга" дунд сургуультай 2013 оны 9 дүгээр сарын 01-нд, 2015 оны 06 дугаар сарын 01-нд тус тус байгуулсан түрээсийн гэрээгээр төлбөр төлөх асуудлаар л шүүхэд хандсан. Тухайн байгуулсан түрээсийн гэрээгээр түрээслэгчийн түрээсийн төлбөр төлөх хугацааг сараар гаргаж хуваарилсны дагуу хугацаандаа төлсөн эсэхээс хамаарч алдангийг хуульд заасан хэмжээгээр тооцож нэхэмжилсэн.

3. Шүүх 2 дахь гэрээний үүргийн дутуу төлбөрт алданги тооцоогүй
нь үндэслэлгүй. Харин ч гэрээний 3.6-д тооцохоор заасан. Анх байгуулсан гэрээний үүргийн дутуу 73 200 000 төгрөгт алданги тооцох ёстой байтал 2 дахь гэрээг 5 жил буюу 60 сарын хугацаатай байгуулсан тул урьд гэрээний үүргийн дутуу төлбөрт алданги тооцохгүй гэж тохирсон байсан. ...эхний гэрээний үүргийн дутуу 73 200 000 төгрөг, алданги 36 600 000 төгрөг, 2 дахь гэрээний үүргийн дутуу 52 200 000 төгрөг, алданги 26 100 000 төгрөг, нийт 114 900 000 төгрөгийг "Оюуны тулга" дунд сургуулиас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн нэмэгдүүлсэн шаардлагад "Оюуны тулга" дунд сургуулиас түрээсийн байранд өөрийн хөрөнгө оруулалтаар шилэн хаалт хийснийг буулган авч, байрыг анхны байдлаар нь түрээслүүлэгчид хүлээлгэн өгөхийг тус сургуулийн захиралд даалгуулахаар дурдсан боловч энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгааг хянан үзээд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайхан, өмгөөлөгч Д.Алтанцэцэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой бидний зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүрэн гүйцэт судлаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтуудад илүү ач холбогдол өгч, хэт нэг талыг баримталсан хууль ёсны биш, шударга бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

1. Алдангийн талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтуудыг болон явцын дунд бидний хоорондох тохиролцооны талаар маргаагүй байхад шүүх 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний 3.6-д заасныг үндэссэн 36 600 000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь:

1.1 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 2013 оны 9 дүгээр сарын 01, 2015 оны 6 дугаар сарын 01-ний гэрээнүүдийн үүргийн дагуу түрээсийн төлбөрт нийт 475 200 000 төгрөг төлөхөөс 477 000  000 төгрөг төлснийг нэхэмжлэгч талын өөрийнх нь дансны хуулгаар баталгаажиж, өөрөө энэ мөнгө төлөгдсөнийг хүлээн зөвшөөрсөн. Түрээслэгч байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байсан буюу гэрээний үүргийн маргаангүй үеийн түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дууссан, түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй байтал алданги тооцсон. Шийдвэрийн 4 хуудсанд "Зохигчдын хооронд байгуулсан дээрх хоёр түрээсийн гэрээний үүргийн төлбөрт нийт 477 000 000 төгрөг төлсөн бөгөөд зохигчид маргаангүй болно" гэж дүгнэсэн атлаа алданги тооцсон нь буруу. Шүүхийн энэ дүгнэлт нь “Оюуны тулга” дунд сургууль иргэн Ц.Батболдод өргүй болохыг нотолж байгаа болно.

1.2/ 2 дахь гэрээг байгуулахдаа эхний гэрээний үүргийн биелэлтэд алданги тооцохгүйгээр харилцан тохирч урт хугацааны буюу 5 жилийн гэрээ байгуулсан. Үүнийгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, шүүхэд цугласан баримтуудаар нотолсоор байтал өмнөх гэрээний үүргийн биелэлтэд алданги тооцож байгаа нь үндэслэлгүй.

1.3/ Шүүх эхний түрээсийн гэрээнд алданги тооцох үндэслэлтэй гэсэн мөртлөө тооцооллыг хянан үзээгүй. Тухайлбал шийдвэрийн 5 хуудсанд "Эхний гэрээний түрээсийн төлбөр 73 200 000 төгрөг ...Ц.Батболдод олгохоос илүү төлсөн 48 000 000 төгрөг хасч” гэхээр 25 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байж болох ч үүний алданги 36 600 000 төгрөг гэж буруу тооцжээ. Алдангийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн түрээсийн төлбөрийн 50 хувиар тооцвол 12 600 000 төгрөгийн алданги тооцож болох ч гэрээний заалтын дагуу хоногоор нь тооцож үзвэл бүр ч өөр дүн гарна. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргаж байх үед нь түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй, тооцоо буруу хийгдсэн болохоор ямар ч алданги тооцох үндэслэл байхгүй. Мөн түрээсийн гэрээний 4.3-т заасны дагуу хөрөнгө оруулалтын 30%, илүү төлсөн 1 800 000 төгрөгийг тооцвол нийт 19 165 610 төгрөг илүү төлсөн.

1.4/ Ц.Батболдын байрыг бүтнээр нь “Оюуны тулга” дунд сургууль гэрээнд заагдсан зориулалтын дагуу түрээслэж байсан ба 2013 оны 9 дүгээр сарын 01-ний гэрээ нь Улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэрээ болохыг шүүх бүртгүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь хангалтгүй. Ц.Батболд нь өөрөө л зоорины давхарт байсан болохоос биш тэнд ямар ч үйл ажиллагаа явагддаггүй, сургуулийн зориулалтаар ашиглах боломжгүй байсан. Иймд “Оюуны тулга” дунд сургууль бүхэлд нь уг байрыг түрээслэж байсан гэж үзэх үндэслэлтэй.

1.5/ Ц.Батболд нь 2016 оны 3 дугаар сарын 09-нд гаргасан нэхэмжлэлдээ 2013 оны 9 дүгээр сарын 01-ний гэрээний үүргийн биелэлтэд алданги тооцоогүй бөгөөд өөрсдөө буруу тооцоолж манайхаас 33 000 000 төгрөг ямар ч үндэслэлгүйгээр илүү нэхэмжилснийг бид аудитын компаниар баталгаалжуулсан. ...өөрийнхөө буруу нэхэмжилсэн дүнгээ хаацаалж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэж байна. ...Түрээслэгч талын гэрээний үүргийн биелэлт хангагдаагүйгээс хугацаанаасаа өмнө гэрээ цуцлагдсан болохоос түрээслэгч талаас хамаараагүй болохыг шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байгаа болно.

2. Түрээсийн төлбөрийн талаар: 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 15-нд хамрагдах хугацааны түрээсийн төлбөрт 25 200 000 төгрөг хариуцагч тал төлөхөөр шүүх шийдвэрлэсэн нь дараах баримтуудаар нотлогдоно. Үүнд:

2.1/ 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 15-ны хооронд түрээсийн гэрээний 2.1 дэх гэрээний гол заалт хангагдаагүйгээс “Оюуны тулга” дунд сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, цаашид энэ байранд зориулалтын дагуу ажиллах нөхцөл боломжгүй болсон. Гэрээний үүргийн биелэлт ноцтойгоор зөрчигдсөн нь хууль болон сайдын тушаал, зохих газрын албан бичгээр нотлогдож байтал шүүх хэрэгт цугласан нотлох баримттай бүрэн танилцаж дүгнэлт гаргаагүй. Мөн гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг ч хүлээн аваагүй. Иймд шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.2/ Ц.Батболдын эзэмшлийн байрны халаалт тодорхойгүй хугацаагаар байхгүй байснаас сургуулийн сурагчдын улирлын амралтыг хугацаанаас нь өмнө эхлүүлж, Евро-Ази дээд сургуулийн байрыг засварлан 2015 оны 11 дүгээр арын 15-наас уг байранд үйл ажиллагаагаа эхэлсэн нь шүүхэд гаргаж өгсөн баримтаар давхар нотлогдож байна.

2.3/ 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Оюуны тулга” дунд сургуулийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан материалууд болон 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтээр 2015 оны 10 дугаар сараас хойш Ц.Батболдод түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй болохыг нотолно.

          2.4/ Төлөөлөгч Ц.Батмөнхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тайлбар, Ц.Батболдын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ч “Оюуны тулга” дунд сургуулийн анх оруулсан хөрөнгө оруулалтын 30%-ийг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх үүнийг тооцоогүй нь шударга бус шийдвэр болсон.

3. Сөрөг нэхэмжлэлийн талаар: Түрээсийн гэрээний 2.1 дэх заалт зөрчигдсөн нь Монгол Улсын хууль, Эрчим хүчний сайдын тушаал, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХКомпанийн албан бичиг болон иргэн Ц.Батболдын өөрийнх нэхэмжлэлд ирүүлсэн холбогдох материал зэргээр бүрэн нотлогдож байгаа. Гэрээний гол заалт ноцтойгоор зөрчигдсөнөөс өөр байранд засвар хийн орсноос нийт 68 056 710 төгрөгийн хохирол гарсныг иргэн Ц.Батболдоос нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Дараах баримтаар бүрэн нотлогдож байгаа болно. Үүнд:

3.1/ Засварын зардал. 2015 оны 10 дугаар сарын 01-нээс хойш “Оюуны тулга” сургууль нь хичээллэх ямар ч боломжгүй, тодорхойгүй хугацаагаар дулаан ирэхгүй байсан тул сурагчдын улирлын амралтыг ганцхан cap хичээллээд хугацаанаас нь өмнө эхэлж сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. ...Ийнхүү өөр байранд нүүснээс гарсан зардал болох 13 091 100 төгрөгийг Ц.Батболд төлж, хохирлыг барагдуулах ёстой.

3.2/ Сургалтын төлбөр. ..Евро-Ази дээд сургуулийн байранд нүүж очихоор болоод эцэг эхчүүдэд уг байрыг танилцуулахад сургуулийн орчин өмнөх байрнаасаа муудсан, олон зам гардаг, авто машины замд ойрхон, хүүхдээ машинаар хүргэж өгөх боломж зогсоол байхгүй, явганаар олон зам хөндлөн гардаг зэрэг шалтгаануудаар хүүхдүүдээ шилжүүлж уг байранд нүүн очиход хүүхдүүдээ ирүүлээгүй. ...зөвхөн байршил өөрчлөгдсөнтэй холбоотой шилжсэн 15 хүүхдийн төлбөр болох 37 100 000 төгрөгийг Ц.Батболдоос нэхэмжилсэн. “Оюуны тулга” дунд сургууль нь шилжсэн сурагчдын төлсөн мөнгийг эцэг эхчүүдэд буцаан олгосон бөгөөд зарим нь төлбөрөө бүрэн төлөөгүй байсан талаар гэрчээс мэдүүлэг авахуулах 2016 оны 4 дүгээр сарын 13-нд шүүхэд хүсэлт гаргасан боловч ямар ч үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

3.3/ Хөрөнгө оруулалт: 2013 оны 9 дүгээр сарын 01-ний түрээсийн гэрээний 4.3- заагдсаны дагуу “Оюуны тулга” дунд сургууль оруулсан хөрөнгө оруулалтынхаа 30 хувийг нэхэмжилсэн. ...“Оюуны тулга” дунд сургууль зөвхөн гэрээнд заагдсан шаардлагыг хангах зорилгоор хөндлөнгийн компаниар үнэлүүлсэн. Энэ үнэлгээг түрээслүүлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй бол шүүх өөрөө үнэлгээг хянан үзэх боломжтой. ...Ц.Батболдын байр нь сургуулийн зориулалтаар ашиглах боломжгүй, тус бүр 150 м.кв бүхий 3 том заал байсныг 2013 оны 8 дугаар сард “Оюуны тулга” дунд сургууль өөрийн хөрөнгө оруулалтаар 15 анги танхим бүхий болгон өөрчилж, 2013 оны 9 дүгээр сарын 01-нд үйл ажиллагаагаа эхэлсэн. Анх тохирохдоо та нар өөрсдөө хөрөнгөө гаргаад анги танхимаа хийчих, танай оруулсан хөрөнгө оруулалтыг түрээсээс 100 хувь хасч тооцно гэж тохирчихоод 9 дүгээр cap гарсан хойно гэрээ хийхдээ хөрөнгө оруулалтаа хийчихсэн, хичээл эхэлчихсэн аргагүй байдлыг далимдуулан тохирсоноосоо буцаж 30%-ийг нь тооцохоор гэрээ байгуулсан. Энэ талаар өмнө нь тайлбартаа болон шүүх хурал дээр тайлбарлаж мөн хөрөнгө оруулалтаа хөндлөнгийн байгууллагаар батагаалжуулсан нотлох баримт байсаар байтал зөвхөн анги танхим тохижуулсан мэтээр ойлгосон нь нэг талд илэрхий үйлчилсэн нь дахин нотлогдож байна.

3.4/ Аудитын зардал: Иргэн Ц.Батболд эхний нэхэмжлэлдээ 33 000 000 төгрөг үндэслэлгүйгээр илүү нэхэмжилснийг бид аудитын компаниар тогтоолгож, үүнд 500 000 төгрөг төлсөн зардлыг гаргуулахаар нэхэмжилсэн нь түрээсийн гэрээний үүргийн биелэлт, хөрөнгө оруулалттай хамааралгүй зөвхөн Ц.Батболдын нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байтал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь мөн нэг талд үйлчилсний бас нэг нотолгоо болно.

Иймд 2013 оны 9 дүгээр сарын 01, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд байгуулсан гэрээний 2.1 дэх заалт зөрчигдсөнөөс үүдэн гарсан зардал болох 13 091 100 төгрөгийн хохирол, мөн түрээсийн гэрээний 4.3 заалтын дагуу түрээсээс суутгах ёстой байсан 17 365 610 төгрөгийн хөрөнгө оруулалт, сургалтын төлбөр 37 100 000 төгрөг,  нэхэмжлэлийн буруу шаардлагаас үүссэн 500 000 төгрөгийн зардал, нийт 68 056 710 төгрөгийг Ц.Батболдоос гаргуулж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг анхан шатны шүүх зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан  гэх байдал тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Батболд нь хариуцагч “Оюуны тулга” дунд сургуульд холбогдуулж түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алдангид нийт 114 900 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч засварын зардал 13 091 100 төгрөг, сургалтын төлбөр 37 100 000 төгрөг, хөрөнгө оруулалтын зардлын 30 хувь болох 17 365 610 төгрөг, аудитын зардал 500 000 төгрөг, нийт 68 056 710 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

         Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

          Нэхэмжлэгч Ц.Батболдын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу Сүхбаатарын гудамжны 13/1 тоот байршилтай, 1 370 м.кв талбайтай, зоорийн хамт 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн 1,2 дугаар давхрыг сургалтын зориулалтаар ашиглахаар  хариуцагч “Оюуны тулга” дунд сургууль 2 удаа түрээсийн гэрээ байгуулжээ.

 

        Ажлын байр түрээслэх тухай 13/0901 дүгээр эхний гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 21 сарын хугацаатай, түрээсийн төлбөрт сар бүр 22 000 000 төгрөг төлөхөөр /хх-5-7/ 2 дахь гэрээг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 60 сар буюу урт хугацаатайгаар байгуулж, сар бүр 18 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр тохиролцжээ. /хх-12-15/

 

Түрээсийн гэрээ нь бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан ба үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус зарим хэсгийг буюу 1,2 дугаар давхарыг түрээслэсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

     

Эхний түрээсийн гэрээний 3.6-д “Түрээсийн төлбөрийг тохиролцсон хуваарийн  дагуу төлөх ба төлбөрийн хугацааг хожимдуулсан хоног тутамд төлөөгүй дүнгийн 0,25% алданги тооцох”-оор заасан /хх-6/ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. Уг гэрээний дагуу алданги төлөхгүй талаар талууд тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй тул шүүх гэрээнд зааснаар алданги тооцсон нь үндэслэлтэй.

 

Талууд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 15-наас  2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөр төлөх хуваарь гаргаж, эхний сарын төлбөр 10 000 000 төгрөг, 2014 оны 6,7,8 дугаар сарын түрээсийн төлбөрийг 30% хөнгөлж тооцохоор тохиролцжээ.

 

Дээрх гэрээний түрээсийн төлбөрийн үлдэгдэл 73 200 000 төгрөг болсон талаар зохигчид маргаагүй. Гэрээнд түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4  дэх  хэсэгт зааснаар алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн  болох  73 200 000  төгрөгийн  50  хувиар  буюу  36 600 000  төгрөгөөр тооцож нийт 109 800 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон нь зөв болжээ.

 

Ажлын байр түрээслэх 15/0601 дугаартай 2 дахь гэрээг уг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон нь өмнөх гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй талд алданги тооцоход саад болохгүй юм.

 

Сүүлийн гэрээний хугацаанд түрээслэгчийн түрээсийн төлбөрийг Төрийн банкны дансны хуулгаар тооцож үзэхэд нийт 72 000 000 төгрөг төлөхөөс, 120 000 000 төгрөгийн төлбөр төлж, 48 000 000 төгрөгийн илүү төлөлт гарсан ба үүнийг анхан шатны шүүх өмнөх гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөр болон алданги нийт 109 800 000 төгрөгөөс хасч тооцсон нь үндэслэл бүхий байна.

 

Мөн нэхэмжлэгч тал нь гэрээ цуцлахаас 2 сарын өмнө мэдэгдэх заалтыг зөрчсөн гэж хариуцагчийг буруутган, гэрээ цуцалснаас хойшхи  2 сарын түрээсийн төлбөрийн алданги

нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаагүй нь буруу биш байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2 дахь түрээсийн гэрээ нь цуцлагдсанаар дуусгавар болж байгаа тул энэ гэрээнд түрээсийн төлбөр гаргуулах үндсэн үүрэг болон алданги тооцох нэмэлт үүрэг нэгэн адил дуусгавар болох тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Гэрээ цуцалсны улмаас үүссэн хохирол, зардалд нийт 68 056 710 төгрөг гаргуулах тухай  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...гэрээнд зааснаар 2 сарын өмнө гэрээ цуцлах тухай мэдэгдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ. 

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсанаар буруутай талаас хохирол шаардана. Нэхэмжлэгчийн буруутай ажиллагаагаар түрээсийн гэрээ цуцлагдах болсон, гэрээ цуцлагдахад нэхэмжлэгчийг дангаар нь  буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Ийм учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу нийт 68 056 710 төгрөгийн хохирол нэхэмжилсэн хариуцагчийн сөрөг шаардлага хангагдах үндэслэлгүй талаар шүүх дүгнэснийг  буруутгах үндэсгүй.

 

         Хэрэгт авагдсан шинжилгээний байгууллагаас гадуур хийгдсэн шилэн хана угсарсан ажлын төсөвт /хх-168-173/ Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан ажиллагааг явуулаагүй, шилэн хана угсарсан ажлын төсвийг хэзээ хийсэн  хугацааны талаар тусгаагүй, шилэн ханын материалын үнийг хэдий үеийн ханшаар тооцсон нь тодорхой бус, түрээсийн гэрээний 4.4-т зааснаар талууд хөрөнгө оруулалтын үнийн дүнг хүлээн зөвшөөрч баримтаар баталгаажуулаагүй зэргээс үзэхэд барилгад шилэн хана угсарсан ажлын төсвийг үндэслэн хөрөнгө оруулалтын хэмжээг нийт 57 885 363 төгрөг гэж тооцох боломжгүй.

 

 

         Харин анхан шатны шүүх хариуцагч “Оюуны тулга” дунд сургуулиас нийт 61 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ, хариуцагч “Оюуны тулга” дунд сургуулийн захирал Т.Туяагийн гаргасан “...Ц.Батболдын байранд оруулсан /засвар хийсэн/ хөрөнгө оруулалтын 12 304 0100 төгрөгний 30% болох 3 691 000 төгрөг” гэх тайлбарыг /хх-41/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнхөөс “хөрөнгө оруулалт 12 300 000 төгрөгийн 30% болох 3 700 000 төгрөгийг сүүлийн төлбөрөөс хасч тооцохыг дэмжиж байна” гэж зөвшөөрсөн /хх-72/ байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Түүнчлэн шүүх шилэн хаалтыг буулган, анхны байдлаар хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

         Хариуцагчийн оруулсан хөрөнгө оруулалт буюу шилэн хаалтыг түрээсийн гэрээний 4.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэж, түрээсийн төлбөрөөс хасч тооцогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хөрөнгө оруулалтын талаарх шаардлагыг  хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад алданги гаргуулах зохицуулалтыг баримтлаагүй байх тул зөвтгөхөөс гадна дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/4440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Оюуны тулга” дунд сургуулиас 58 100 000 төгрөг гаргуулан Ц.Батболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56 800 000 төгрөг  болон шилэн хаалтыг буулган, анхны байдлаар хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгах тухай  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Батболдод холбогдох 68 056 710 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

 

2 дахь заалтын “... 466 950” гэснийг “...448 450” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.                 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Батболд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 450 төгрөг, хариуцагч “Оюуны тулга” дунд сургууль давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807 234 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Д.БАЙГАЛМАА