Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00874

 

Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/00328 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 821 дүгээр магадлалтай,

Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй,

Х.Ариунтуяад холбогдох,

Гэм хорын хохиролд 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд,  нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 12-нд болсон Өмнөговь аймгийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Х.Ариунтуяа, Д.Бямбаа нарт холбогдох хэргийг хэлэлцээд Х.Ариунтуяаг гэм буруутай болохыг тогтоосон. Х.Ариунтуяа нь миний эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 500.000 төгрөг төлнө гэж тохиролцсон ба шүүх хуралдаан болохоос өмнө 300.000 төгрөгийг төлсөн, үлдэх 200.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-нд төлнө гэж өөрөө бичиж, нотариатаар баталгаажуулсан боловч өгөөгүй. Иймд Х.Ариунтуяагаас эмчилгээний зардлын 200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын 4-т “...Х.Ариунтуяа, Д.Бямбаа нь бусдад төлөх төлбөр хохиролгүй...” гэж заасан. Өөрөөр хэлбэл Х.Ариунтуяа нь Д.Бямбаад учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/00328 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Х.Ариунтуяагаас 200.000 төгрөгийг гаргуулж, Д.Бямбаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.650 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Бямбаад буцаан олгож, хариуцагч Х.Ариунтуяагаас 6.650 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 821 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/00328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6.650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 821 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч талын зүгээс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хохирол авах тухай” хэлцэл байгуулсантай бол маргахгүй. Харин Х.Ариунтуяа нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хурал болохоос өмнө эмчилгээний зардлын үлдэгдэл болох 200.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь “Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 тоот” шийтгэх тогтоолоор хангалттай тогтоогдоно гэж үзэж байна.Д.Бямбаа нь хохирогчийн хувьд Х.Ариунтуяатай эвлэрлийн гэрээ байгуулснаа шүүхэд гаргаж өгснийг үнэлж дүгнэсэн байдаг бөгөөд хууль сануулан шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эмчилгээний хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид ямар нэгэн гомдол саналгүй гэсэн.

Өөрөөр хэлбэл Х.Ариунтуяа нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хохирол авах тухай”хэлцэлд дурдсан үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд үүссэн үүргээ харилцаа дуусгавар болсон.

Дээрх бүгдийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Д.Бямбаагийн “...эрүүл мэндэд учирсан хохиролд 200.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Х.Ариунтуяа эс зөвшөөрөхдөө хохирлоо бүрэн  төлсөн гэжээ.

Х.Ариунтуяагийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Өмнөговь аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид хөнгөн гэмтэл учруулсан, уг үйлдэлд гэм буруутай болох нь тогтоогдсон байх тул тэрээр учирсан  хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

Х.Ариунтуяа нь хохиролд 500.000 төгрөг төлөхөөр Д.Бямбаатай харилцан тохиролцсон, үүнээс 200.000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байх ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/00328 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 821 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 6.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ