Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00268/И |
Дугаар | 268 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 268
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Ард Балсан овгийн Батхүүгийн Дашдуламын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Дашдулам шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажиллаж байсан байдал маань ажилласан жилд тооцогдохгүй хохирч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Дашдулам “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Дашдулам нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 46 тоот архивын лавлагаа, гэрч Ц.Долгор, С.Расский нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Дашдулам “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ард Балсан овгийн Батхүүгийн Дашдуламыг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА