| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0855/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 48
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Хохирогч Д.С-,
Шүүгдэгч Ч.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.У- холбогдох эрүүгийн 201625022955 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.У-, 1976 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагнал, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1. Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
2. Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хорих ялаар,
3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 403 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
4. 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
5. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хуулийн тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 19 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөн суллагдсан,
6. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,
7. Хан-Уул дүүргийн шүүхийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 27-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
8. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-нд эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 11 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан,
9.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ч.У- нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.У- нь
1.2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 55-8 тоотод оршин суух иргэн Ц.Г гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн SAST маркийн зурагт хулгайлж 300 000 төгрөг,
2.2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 71-943 тоотод оршин суух иргэн Д.Ц монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11-14 цагийн хооронд 55 инчийн ЛЖ маркийн ЛСД зурагт хулгайлж 2 400 000 төгрөг,
3.2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 16-405 тоотод оршин суух иргэн Б.А байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 1 000 000 төгрөг,
4.2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 16-403 тоотод оршин суух иргэн А.А- байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Haier брендийн угаалгын машин, Лазер тэгш ус, темберланд брэндийн гутал, шанел фермийн цаг, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 1 364 000 төгрөг,
5.2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11-ийн задгайд оршин суух иргэн С.Г- гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Ти Си Эл /TCL/ маркийн зурагт хулгайлж 450 000 төгрөг,
6.2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10-12 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11-288 тоотод оршин суух иргэн Д.Т- монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч Тошиба брендийн 40 инчийн зурагт хулгайлж 240 000 төгрөг,
7.2016 оны 12 дугаар сарын 18-нд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 69-928 тоот Я.Э- гэрт нэвтэрч 42 инчийн зурагт, хүлээн авагч зэрэг эд зүйл хулгайлан авч 380 000 төгрөгийн,
8. 2017 оны 01 дүгээр сарын 04-нд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 задгайд оршин суух иргэн С.Б- гэрт нэвтэрч 42 инчийн зурагт хулгайлан 600 000 төгрөгийн,
9.2017 оны 02 сарын 10-нд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 43-68 тоотод оршин суух иргэн Н.У* гэрт нэвтэрч 42 инчийн зурагт хулгайлж 320 000 төгрөгийн,
10.2017 оны 01 дүгээр сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбын 83-170 тоотод оршин суух иргэн М.Н- гэрт нэвтэрч 42 инчийн зурагт хулгайлан авч 1 000 000 төгрөг,
11.2017 оны 02 дугаар сарын 16-нд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 84-340 тоотод оршин суух иргэн Э.Д- гэрт нэвтэрч 42 инчийн зурагт хулгайлан авч 700 000 төгрөг,
12.2017 оны 01 дүгээр сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайн 43-534 тоотод оршин суух иргэн Ч.Э- гэрт нэвтэрч 46 инчийн Лед зурагт хулгайлан авч 670 000 төгрөгийн,
13.2017 оны 02 дугаар сарын 10-нд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 8-42 тоотод оршин суух иргэн С.Ү- гэрт нэвтэрч 42 инчийн лед зурагт хулгайлан авч 420 000 төгрөгийн,
14.2017 оны 02 дугаар сарын 10-нд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 6-453 тоотод оршин суух иргэн Ц.Ц- гэрт нэвтэрч 42 инчийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 1 410 000 төгрөгийн,
15.Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 8-116 тоотод оршин суух иргэн С.Г- гэрийн хаалгыг 2017 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө эвдлэн нэвтэрч Шарп маркийн 42 инчийн ЛСД зурагт хулгайлж 520 000 төгрөгийн,
16. Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 4-56 тоотод оршин суух хохирогч Д.С- монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн ТЛС маркийн ЛСД зурагт, өвлийн гутал зэргийг хулгайлж 529 900 төгрөгийн,
17.2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 7-111 тоотод оршин суух иргэн Н.М- гэрт нэвтэрч 46 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлж 580 000 төгрөгийн,
18. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 9 дүгээр хэсгийн 1-48 тоотод оршин суух иргэн Ц.О- гэрт нэвтэрч Sharp маркийн ЛСД дэлгэцтэй зурагтыг хулгайлж 350 000 төгрөгийн,
19.Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 14-6 тоотод оршин суух иргэн Ц.О- байшинд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэвтэрч 32 инчийн Конка фермийн ЛСД зурагт, биет 20 000 төгрөг хулгайлж 370 000 төгрөгийн,
20.Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 9-10 тоотод оршин суух хохирогч З.Д- байшингийн цонхоор 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэвтэрч Тошиба маркийн зурагтыг хулгайлж 420 000 төгрөгийн,
21.Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 3-57 тоотод оршин суух иргэн Д.Д- гэрт 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэвтэрч ээмэг бөгж, нөөтбүүк, зэрэг 16 төрлийн эд зүйлийг хулгайлж 781 500 төгрөгийн эд зүйл хулгайлж бусдад нийт 21 удаагийн үйлдлээр 14 805 400 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.У-: Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэх,
Хохирогч Д.С- өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр БНХАУлсын Эрээн хот руу хувийн ажлаар яваад 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож байхгүй, гэрт хулгай орсон бололтой байсан. Гэртээ ороод үзтэл гэрийн хамаг эд зүйлийг онгичсон, гэр маань ундуй, сундуй болсон байсан. Гэрийнхээ эд зүйлийг бүртгээд үзэхэд хойморт байсан 2017 оны цагаан сарын битүүний өдөр Next электрониксоос худалдаж авсан 32 инчийн ТСЛ маркийн зурагт болон миний Онцгой байдлын албаны ажилчдын хангалтад өгсөн хагас түрийтэй, өвлийн эмэгтэй хүний шинэ хар өнгийн 1 хос 39 размерын гутал зэрэг алдагдсан байсан. Мөн гал зуухны шүүгээнд байсан будаа, арвайн гурил, гоймон, элсэн чихрийн бага зэргийн үлдэгдлүүд болон хөргөгчинд байсан цагаан сараар хэрэглэсэн 2 шил задалсан Титэм, Соёрхол нэртэй тал шил архи зэрэг алдагдсан. Зурагтаа 429 900 төгрөгөөр худалдаж авсан. Авсан үнээрээ үнэлж байна. Харин гутлаа 100 000 төгрөгөөр үнэлж байна. Нийт надад 529 900 төгрөгийн хохирол учирсан. Үүнийгээ нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Шүүгдэгч Ч.У-ын яллагдагчаар өгсөн: 2016 оны 11-р сарын сүүлээр санагдаж байна яг хэдэн гэдгийг нь сайн санахгүй байна. 11 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 17-р хороо Дамбадаржаагийн далангийн жалга орчим явж байгаад цоожтой айл харагдахаар нь хашааных нь хаалгыг давж ороод Ц.Г- гэрийнх нь цоожийг хашаан дотор байсан жижиг лоомоор эвдээд зурагтыг нь аваад гарсан. Тэр өдрөө Теди төв дээр очиж 40 гаран насны эмэгтэйд 150 000 төгрөгөөр зарсан.
Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 17-р хороо Дамбадаржаагийн 71-943 тоотод суух Д.Ц-гэрийн ойролцоо явж байгаад тухайн айл цоожтой байхаар нь хаалганых нь цоожийг хашаан дотор нь байсан төмрөөр эвдэж ороод хойд хоймор дээр нь байсан зурагтыг авсан. /1-р хх 25, 54/,
Хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 12 дугаар сард ганцаараа Дарь-Эхийн замын хажуугаар хулгай хийх санаатай эзэнгүй айл хайгаад явж байхад гадуураа банзан хашаатай, ногоон хаалгатай, хашаан дотроо модон байшинтай Бэлхийн 16-405 тоот Б.А- гэрийн хаалгыг цүүгээр нь эвдэж ороод том 42 инчийн Самсунг маркийн зурагтыг нь аваад гудамж уруудаад такси бариад Теди орж 40 гаран насны эрэгтэй хүнд 200 000 төгрөгөөр зарсан. /1-р хх 84/,
Хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сард Бэлхийн 16-403 тоот О.С-гэрийн вакум цонхийг нь түлхээд дотор нь ороход нэг угаалгын машин байхаар нь цонхоороо буцаж гараад хаалганых нь цүүг эвдэж ороод эрэгтэй гутал болон угаалгын машиныг нь аваад гарсан. Ингээд угаалгын машиныг нь даахгүй ядраад байсан болохоор нь гутлаа авч үлдээд угаалгын машиныг нь гадаа гудманд үлдээчихсэн. Тэр айлаас ганц угаалгын машин авсан. Мөнгөн аяга, лазер тэгшлэгч зэрэг зүйл аваагүй. /1-р хх 126/,
2017 оны 1 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Нэг орой ганцаараа Дарь-Эхийн замын хажуугаар хулгай хийх санаатай эзэнгүй айл хайгаад явж байгаад Дамбадаржаагийн рашааны хажууд гол талдаа гадуураа банзан хашаатай, ногоон хаалгатай хашаан дотроо монгол гэртэй айлын хаалгыг эвдэж ороод Бэлхийн 11-ийн задгайд оршин суух С.Г-том 32 инчийн LCD зурагтыг аваад зам руу ороод такси бариад Мобикомын Теди төв орж 40 гаран насны эрэгтэйд 150 000 төгрөгөөр зарсан. /1-р хх 146/,
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хадам эгч Эрдэнэтодын гэрт очих гэж явж байгаад Бэлхийн 11-288-а тоотод оршин суух Д.Т- хашааг нь давж ороод амбаарын хажууд байсан улаан өнгийн тоосго байхаар нь авч амбаарын цоожийг цохиж эвдсэн. Ингээд гэрт нь орж хойморт байсан хар өнгийн лед зурагтыг удирдлагынх нь хамт аваад Теди орж тэнд гар дээрээс эд зүйл авдаг эрэгтэйд 200 000 төгрөгөөр зарсан. /1-р хх 174-175/,
2017 оны 2 дугаар сарын эхээр байсан шиг санаж байна. Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр болон тэр хавийн айлуудаар явж хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 16-р хороо орчим монгол гэрийн хаалганы цоож эвдэж 42 инчийн зурагт хулгайлсан. 15-р хороонд байх айлын вакум цонхийг түлхэж ороод 42 инчийн зурагт 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан. 18-р хороонд байх айлын хаалганы цоожийг эвдэж ороод 32 инчийн зурагт хулгайлсан. 15-р хорооноос айлын амбаарын хаалгыг эвдэж дотроос нь зурагт, хөөрөг хулгайлсан. Мөн өөр айлын хаалгыг эвдэж ороод 42 инчийн зурагт хулгайлсан. 14-р хорооны айлын цонхоор орж 46 инчийн зурагт хулгайлсан. 16-р хороонд байдаг айлын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж 42 инчийн зурагт хулгайлсан. 13-р хорооны айлын цонхоор орж 40 инчийн зурагт хулгайлсан. 15-р хорооны айлын байшингийн хаалганы цоожийг эвдэж орж 32 инчийн зурагт хулгайлсан. Мөн хороонд айлын монгол гэрийн цоожийг эвдэж 32 инчийн зурагт хулгайлсан. Мөн 13-р хорооны айлын монгол гэрийн цоожийг эвдэж 32 инчийн зурагт хулгайлсан./1-р хх 191/,
Өнгөрсөн шинэ жилийн үед Дамбын хийд өнгөрөөд хойд ууланд баригдсан шинэ сургуулийн эсрэг талын гудамжинд байх айлын байшингийн хаалганы цүү төмрийг эвдэж ороод дотроос нь /2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дамбадаржаагийн 69-928 тоот Я.Э-хромон гутал, зурагтын хүлээн авагч зэргийг хулгайлсан. Хромон гутлыг нь Гандангийн хойд талын хороолол руу явдаг автобусны буудал дээр очоод явуулын хүнд 60 000 төгрөгөөр зарсан. Хүлээн авагч төхөөрөмжийг хэсэг явж байгаад жалга руу хаячихсан. /1-р хх 232-233/,
Би Улаанбаатар хотоос найз Д- хамт Орхон аймагт хулгай хийх зорилгоор 2017 оны 02 дугаар сарын дундуур Дарханбаярын саарал өнгийн Приус-20 маркийн машинтай ирсэн. /машиных нь дугаарыг мэдэхгүй байна. Энэ машин нь Дарханбаярын машин биш/ Д- бид 2 Орхон аймгийн төвд байх зочид буудалд байрлаж байсан. Д- бид 2 Орхон аймагт 20 орчим хоног хоносон.
1.Ирсэн өдрөө Орхон аймагт гэр хороолол дундуур явж байгаад модон хашаатай, цэнхэр өнгийн дээрээ хээтэй гүйдэг хаалгатай айлын хашаагаар давж орсон. Хашаан дотор 5 ханатай монгол гэр, гэрийн баруун талд модон амбаар байсан. Гэрийн хаалганы зүүдэг цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод гэрийн хойморт байх хар өнгийн гадаргуутай ойролцоогоор 32 инчийн хавтгай дэлгэцтэй Самсунг маркийн зурагтыг удирдлагын хамт хулгайлж авсан.
2.Гэр хороолол дундуур хулгай хийх айл хайж байхад улаан өнгийн 1 давхар тоосгон байшинтай айлын хаалга нь цоожтой байхаар нь хашаан нь давж ороод хаалган талаасаа хамгийн эхний вакум цонхны салхивчийг түлхэж онгойлгож ороод зочны өрөөнөөс хар өнгийн гадаргуутай 38 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг удирдлагын хамт /зурагтны маркийг нь мэдэхгүй байна/, зурагтны тавиур доор байсан хар өнгийн гадаргуутай ноотбүүкийг залгуурын хамт авсан.
3.Дараагийн өдөр нь гэр хорооллын дундуур эзэнгүй айл хайгаад явж байтал хашаан дотор 2 гэртэй айл байсан. Хашааг нь давж ороод гэр дотроос гэрийн баруун талд байсан тавиур дээрээс хар өнгийн гадаргуутай хавтгай дэлгэцтэй зурагтыг удирдлагын хамт авсан./зурагтны загвар, инчийг мэдэхгүй/
4.гэр хороолол дунд цэнхэр өнгийн нимгэн төмрөн хашаатай айлын хашааг давж ороод хашааны зүүн талын буланд байх 1 давхар модон байшингийн вакум цонхны салхивч онгорхой байсан салхивчаар ороод байшингийн хойморт байсан хар өнгийн гадаргуутай 32 инчийн ЛСД зурагтыг удирдлагын хамт аваад гарсан.
5.Төмөр хашаатай хоёр давхар улаан тоосгон байшингийн вакум цонхны салхивчийг түлхэж онгойлгоод хоёр давхраас нь хар өнгийн гадаргуутай 42 инчийн ЛСД зурагтыг, зурагтны хажууд байсан хар өнгийн гадаргуутай ноотбүүкний залгуурын хамт хулгайлсан. /ноотбүүк, зурагтны загварыг мэдэхгүй байна/
6.Модон хашаатай монгол гэр байсан. Монгол гэрийн хаалгыг эвдэж ороод гэрийн хойморт байх тавиур дээрээс хар өнгийн гадаргуутай 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг хулгайлсан. /Зурагтны маркийг мэдэхгүй байна. Дээрх хулгайлсан зурагтныхаа хамгийн том инчтэй зурагтыг нь зах дээгүүр барьж яваад 250 000 төгрөгөөр зарсан. Бусад хулгайлсан зурагт, нөөтбүүкийг Улаанбаатар хот руу авч яваад Теди төв дээр Дарханбаяр аваачиж зарсан. Хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Д- надад 300 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /2-р хх 61-62/,
2017 оны 01 дүгээр сараас хойш 10 орчим хоногийн өмнөх хүртэл нийтдээ 3 сар гарангийн хугацаанд би 10 орчим айлын гэрээс хулгай хийхдээ дандаа зурагтыг нь хулгай хийсэн. Мөн нэг айлын гэрт ороод зурагтыг нь авч гараагүй зөвхөн ширээн дээр нь ил байсан 2 ширхэг мөнгөн аягыг нь хулгай хийгээд авсан тохиолдол байгаа. ...хулгай хийсэн зурагтаа би Дархан захын цахилгаан бараа зардаг 2 давхрын шар царайтай хүүхэнд /нэрийг нь мэдэхгүй/ 300,000 төгрөгнөөс доош худалддаг байсан. Тэр хүүхэнд би зурагтаа зарахдаа эхэндээ гэрийнхээ зурагтыг аваад ирлээ, эгчийнхээ зурагтыг аваад ирлээ зарах гэсэн юм гэж хэлдэг байсан. Сүүлдээ хулгайн зурагт шүү хүнд битгий хэлээрэй гэж захиж нэг зурагтыг дээд тал нь 300 000 төгрөгөнд, хамгийн багадаа 150 000 төгрөгөнд зардаг байсан. Тэр хүүхэнд би нийтдээ 10 ширхэг зурагтыг дээрх байдлаар худалдан борлуулсан. Одоо төлөх боломж байхгүй. Ял шийтгэлээ аваад хорих ангид ажил хийж хөдөлмөрийн хөлсөөрөө төлнө гэж бодож байна гэх мэдүүлэг /3-р хх 118-119/,
2017 оны 3 дугаар сарын дундуур толгойтод блокон хашаатай, ногоон өнгийн гүйдэг хаалгатай айлын хашааг давж ороход хашаан дотор 2 Монгол гэртэй айл байсан. Зүүн талын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж гэр дотроос хар өнгийн гадаргуутай хавтгай дэлгэцтэй ТЛС маркийн зурагтыг аваад зах дээгүүр явж байгаад худалдан авалт хийж явсан хүнд 180 000 төгрөгөөр зарсан үйлдлээ мэдүүлээгүй байна. /3-р хх 120/,
2017 оны 3 дугаар сарын сүүлээр өдрийн цагаар толгойтод хулгай хийх айл хайгаад явж байгаад тал нь блок, тал нь модон хашаатай айлын хашааг давж ороход 1 давхар, улаан өнгийн дээвэртэй байшин байсан. Байшингийн зүүн талын вакум цонхны салхивчийг түлхэж ороод зочны өрөөний хойморт байсан 32 инчийн ЛСД дэлгэцтэй Конка фермийн зурагт, шүүгээн дотроос 20 000 төгрөг зэргийг авсан. Зурагтыг хөлсөлж байсан байрныхаа хөрш айлтай сольсон. Учир нь тэр зурагтыг хулгайлахдаа удирдлагыг нь аваагүй юм. Удирдлагагүй зурагтыг ломбард барьцаанд авдаггүй болохоор хөрш айлын ТСЛ маркийн зурагттай сольсон. Хөрш айлын ТСЛ зурагтыг ломбарданд барьцаалуулахаар Болор-Одод өгч явуулсан гэх мэдүүлэг /3-р хх162/,
Одоо яг хэзээ гэдгийг нь тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан 2017 оны 3 дугаар сарын эхээр байсан. Намайг тэр өдөр 1 дүгээр сургуулийн орчим ямар нэг зорилгогүй явж байхад 1-р сургуулийн урд талын өөдөөс харсан айлуудын урд талын эгнээний цэнхэр өнгийн төмөр хаалгатай блокон хашаанаас тэр айлын эзэн бололтой нэг эмэгтэй гадна хаалгаа түгжээд гарахаар нь гэрээсээ гараад явж байгаа гэж ойлгоод холдохыг нь хүлээж байгаад зах руу чиглээд явсан. Би зөрөөд хашаа руу нь орж хашаанд нь байсан ногоон өнгийн байшингийн ертөнцийн зүгээр баруун тийш харсан цагаан өнгийн вакум цонхны нэг салхивчийг онгойлгоод тэр цонхоор дотогш орсон. Ороод хананд өлгөсөн байсан том хавтгай зурагтыг хананаас салгаж аваад удирдлагыг нь ойр орчмын шүүгээнээс хайгаад олдохгүй байсан учир гэрийх нь модон хаалгаар нь гарч үлдсэнийг амбаарын цонхоор нь гадагш гарсан.
...Б-О- гаднаас орж ирээд юун зурагт юм гэхээр нь би танилаасаа авчихлаа энэ зурагтыг ломбарданд тавиад буцаад мөнгөтэй болохоор авч өгнө гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б-О- ломбарданд тавиулсан. /3-р хх 192-194/,
Би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан хэрэгт шалгагдаж байгаад шүүхийн шатнаас оргож Дархан-Уул аймагт 2017 оны 02 дугаар сарын эхээр эхнэр Болор-Одын хамт ирсэн. Бид хоёр байр түрээсэлж амьдардаг байсан. Өдрийн цагаар би гадуур явж хулгай хийдэг байсан. 2017 оны 3 дугаар сарын сүүлээр Мангиртад эзгүй айл хайж явж байгаад далангийн ойролцоо байх улаан өнгийн модон хашаатай, ногоон өнгийн гүйдэг хаалгатай айлын хашаагаар нь давж ороод хашаанд байсан Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж хар өнгийн гадаргуутай хавтгай дэлгэцтэй зурагтыг хулгайлсан. /зурагтны маркийг мэдэхгүй/. Хулгайлсан зурагтаа захаар явж байгаад хүнд 150 000 төгрөгөөр зарчихсан. /3-р хх 228/,
2017 оны 4 дүгээр сарын эхээр Дарханы Деревенд буюу 1-р баг Партизаны гудамжинд би айлаас эд зүйл хулгай хийх зорилгоор гаднаас нь айлуудын байдлыг хараад явж байсан. Ингээд харж ажиглаж байгаад нэг байшинтай айл хаалга нь гаднаа ил цоожтой ажиглаад байхад хүнгүй байгаа болохоор нь тухайн байшингийн үүдний таамбарын хаалганы цоожийг эвдэж ороод байшингийн том өрөөний хоймор хэсэгт байсан хар бараан өнгийн нөөтбүүк, жижиг түмбүчгинд байсан эмэгтэй хүний хуримын хээтэй монетон бөгж, эмэгтэй хүний мөнгөн эдлэлүүд янз бүрийн хэлбэр дүрстэй сувдан шигтгээтэй, мөнгөн гинж зэрэг байсныг авсан. Ингээд тэр айлаас гарч явахдаа хөргөгчийг нь уудлаад хөлдөөсөн жижиг махыг нь авч гарахдаа нохойд нь хаяж өгөөд гарсан. Хулгай хийсэн эд зүйлээ Төмөр замын вокзал дээр явж байгаад бүгдийг нь нийлүүлээд танихгүй эрэгтэй хүнд 250 000 төгрөгөөр бэлнээр зараад мөнгийг нь хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. /4-р хх 63-66/ гэх мэдүүлгүүд,
Хохирогч Ц.Г- өгсөн: 2016 оны 11-р сарын 21-ний орой 22:00 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод 32 инчийн SAST брендийн зурагт алдагдсан байсан гэх мэдүүлэг /1-р хх 17/,
Хохирогч Д.Ц-өгсөн: 2017 оны 01-р сарын 04-ний өдөр гэрээсээ 11:30 цагийн үед гараад буцаж 14:00 цагийн үед ирэхэд манай хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ороход 55 инчийн LG брендийн зурагтыг удирдлагын хамт аваад явчихсан байсан гэх мэдүүлэг /1-р хх 51/,
Хохирогч Б.А- өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад 15:00 цагийн үед гэрээсээ гараад усанд явчихаад 16:00 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдээд хулгайч орж 42 инчийн зурагт алдагдсан байсан. Тэр зурагтыг 2 жилийн өмнө 1 300 000 төгрөгөөр авч байсан юм гэх мэдүүлэг /1-р хх 69/,
Хохирогч А.А- өгсөн: ...Манай эхнэр 16:00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан байсан. Манай гэрээс Haier брендийн угаалгын машин, лазер тэгш ус, темберланд брендийн гутал, шанелийн цаг, хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэх мэдүүлэг /1-р хх 111/,
Хохирогч С.Г- өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад өглөө 06:00 цагийн үед гэрээсээ гараад орой 20:00 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдсэн байдалтай гэрт хулгайч орсон юм шиг байсан. Манай гэрээс TCL маркийн 32 инчийн лед зурагт хулгайд алдагдсан гэх мэдүүлэг /1-р хх 143/,
Хохирогч Д.Т- өгсөн: 2016.12.22-ны өдөр 10:00 цагийн үед би эхнэр хүүхэдтэйгээ Баянзүрх дүүрэгт байх дүүгийндээ очиж усанд орохоор явсан. Тэгээд өдрийн 12:00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэтэл манай гэрийн үүдний амбаарын хаалга хаалттай мөртлөө цоож нь газар хэвтэж байсан. Тэгээд гэртээ ороход хойморт байдаг Тошиба брендийн 40 инчийн зурагт алга болсон байсан. Тухайн үед манай гэрээс хулгай хийсэн хүн тоосгоор хаалганы цоож цохиж эвдээд гэрт орсон байсан гэх мэдүүлэг /1-р хх 167/,
Хохирогч Я.Э- өгсөн: 2016.12.28-ны өдөр СБД-н 17-р хороо Дамбадаржаагийн 69-928 тоот гэртээ байж байгаад 12:00 цагаас 13:00 цагийн хооронд 7 буудал явчихаад ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод 42 размер шинэ хромон гутал, MNBC телевизийн авагч станц, кабелийн утас зэрэг эд зүйл аваад явсан байсан гэх мэдүүлэг /1-р хх 215/,
Хохирогч С.Б- өгсөн: 2017.01.04-ний өдрийн 14:00 цагийн үед гэрээ цоожлон гарч яваад 16:00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цүү төмрийг мушгиж эвдээд гэрт орсон байсан. Манай гэрээс Haier брендийн 42 инчийн зурагт алдагдсан байсан гэх мэдүүлэг /2-р хх 06/,
Хохирогч Н.У- өгсөн: 20:00 цагийн үед гэртээ ирэхэд хажуу айлын гэрт Т-, Т- нар гэрт хулгай орчихсон байна гэхээр нь би цагдаа дуудсан юм уу гэхэд дуудчихсан гэсэн. Би мөн давхар дуудлага өгсөн. Цагдаа дуудахад оройн 20:05 цаг болж байсан ба цагдаа нар ирээд өргөдөл бичүүлээд, үзлэг хийгээд явсан. Яг манай гэрээс бол эд зүйл алдагдаагүй. Манайх 2017 оны 01 дүгээр авсан зурагтаа Төмөртогтохын гэрт оруулчихсан байсан юм. Тэр зурагт алга болсон байсан гэх мэдүүлэг /2-р хх 28/,
Хохирогч М.Н- өгсөн: ...15:00 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалганы цоож байхгүй, хаалга хагас хаалттай байсан ба гэр дотор орж үзэхэд орон дээр байсан эд зүйлсийг газар тараасан байдалтай гэрийн зүүн талд тавиур дээр байсан 42 инчийн Тошиба маркийн LCD зурагт, улбар шаргал өнгийн орны бүтээлэг зэрэг зүйл алга болсон байсан гэх мэдүүлэг /2-р хх 62/,
Хохирогч Э.Д- өгсөн: ...орой 20:00 цагийн үед гэртээ ирэхэд монгол гэрийн амбаарын хаалга цоожтой. Амбаарын арын хэсэг цөмөрсөн байсан. Тэгээд дотогш ороход гэрийн далж цоожийг эвдэж гэрт орсон байсан. Гэрийн хойморт байсан 42 инчийн Haier брендийн хар өнгийн зурагтыг аваад явсан байсан гэх мэдүүлэг /2-р хх 88/,
Хохирогч Ч.Э-өгсөн: 2017.01.25-ны өглөө 08:00 цагийн үед эхнэр Саруулын хамт гэрээсээ гарсан. Ингээд орой нь 21:00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн гаднах бүргэд хаалга нээлттэй байсан. Ингээд гэртээ ороход үүдний амбаарт манай заазуур, хаалганы рүчикийг эвдээд хаячихсан байсан. Гэрийн хамаг эд зүйл замбараагүй болгоод том өрөөний вакум цонхны порчик онгойлгочихсон том өрөөнд байсан 46 инчийн Самсунг маркийн лед зурагт алга болсон байсан гэх мэдүүлэг /2-р хх 117/,
Хохирогч С.Ү- өгсөн: 2017.02.10-ны өдөр гэрээсээ нөхөр Тамирын хамт 09:00 цагийн үед гараад Нарантуул зах явсан. Тэгээд 17:00 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, үүдний амбаарын хаалга онгорхой байсан ба байшин дотор ороход зочны өрөөнд байсан 32 инчийн Сони маркийн LCD зурагт хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг /2 хх 159/,
Хохирогч Ц.Ц- өгсөн: 2016.12.20-ны орой 20:00 цагийн үед намайг гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын гал тогооны өрөөний вакум цонх завсар гарчихсан, бага зэрэг онгойсон байсан. Тэгээд юмаар түлхээд онгойлгоод үзсэн чинь гэрт хулгайч орсон байдалтай, зочны өрөөний хананд өлгөөтэй байсан 42 инчийн Самсунг брендийн зурагт алга болсон байсан. Мөн 2 давхарт байсан 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан гэх мэдүүлэг /2-р хх188-189/,
Хохирогч С.Г- өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө үүрийн 03 цагийн суудлаар нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг руу явсан. Бид нар эмээ дээрээ очиж золгох гэж явсан юм. 2018.03.05-ны орой Орхон аймгаас 19 цагийн суудлаар Дарханд орой 23:40 минутын үед орж ирсэн. Суудлаас буугаад вокзал дээрээс найзаараа машинтай нь тосуулж авахуулаад бид нар гэртээ 23:50 цагийн үед ирэхэд манай гэрийн амбаар онгорхой байсан. Тэгсэн манай нөхөр “өө амбаар онгорхой байна” гэж хэлээд ортол гэрийн хаалга дэлгээтэй байсан. Тэгээд бид нар гэртээ оролгүй цагдаа дуудъя гэж хэлээд хажуу айлын эгчийн утсаар цагдаа руу дуудлага өгсөн. Гэртээ ороход гэрийн хойморт тавиур дээр байсан Шарп маркийн 42 инчийн ЛСД зурагт алга болсон байсан. Мөн ДДШ-ийн удирдлага алга болсон байсан. ...би алдагдсан Шарп маркийн 42 инчийн ЛСД маркийн зурагт, ДДШ-н удирдлагыг эд зүйлийн газраар үнэлүүлэхэд 520,000 төгрөг болсон гэх мэдүүлэг /3-р хх 50/
Хохирогч Ц.О- өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 11 цагт гэрээсээ гарч яваад 13 цагийн орчим ирэхэд манай байшингийн зүүн талын цонхны салхивчийг онгойлгож ороод том өрөөнөөс 32 инчийн Конка маркийн зурагт бэлэн 20 000 төгрөг алдсан байсан учир байгууллагад дуудлага өгсөн. 2015 онд 450 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 350 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /3-р хх 143/,
Хохирогч Н.М- өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад 13 цагийн орчим гэрээсээ Хуучин хорооллын 22 дугаар байр луу дүүгийндээ очоод тэндээ байж байгаад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай байшингийн зүүн тийш харсан вакум цонхны салхивч нь цуураад түгжээнүүд нь мултарчихсан онгорхой байсан. Тэгэхээр нь гэртээ ороод үзсэн чинь манай гэрийн баруун хананд өлгөсөн байсан 46 инчийн Самсунг маркийн зурагт байхгүй хулгайд алдагдсан байсан. ...Би 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан зах дээрээс 580 000 төгрөгөөр нөхөр нөхөр Наранбаатарын хамт худалдан авч байсан гэх мэдүүлэг /3-хх 182/,
Хохирогч Б.О- өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр манай гэрийн хаалгыг эвдэж хулгайч орж 29 инчийн Шарп маркийн зурагтыг хулгайлж авч явсан байсан. ...2010 онд 600 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 350 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /3-хх 226/,
Хохирогч З.Д- өгсөн: 2017.4.03-ны өглөө 08:00 цагт ажилдаа явсан. Нөхөр Бат-Очир гэртээ үлдээд 13:00 цагийн үед гэрээсээ гарч гадуур ажилтай явж байгаад 16:00 цагт гэртээ ирэхэд зочны өрөөний вакум цонх онгойлгон орж 32 инчийн Тошиба брендийн зурагт, 2 ширхэг удирдлагын хамт алдагдсан байсан гэх мэдүүлэг /4-р хх 3/,
Хохирогч Д.Д- өгсөн: 2017.4.07-ны өдөр өглөө би нөхрийнхөө хамт 08 цаг өнгөрч байхад өөрийн амьдардаг Дархан сумын 1-р баг Партизаны 3-57 тоотод байх гэрээсээ гарч ажилдаа явсан. Ажлаасаа орой 18 цаг өнгөрч байхад ирэхэд нөхөр гэртээ түрүүлээд ирчихсэн гэрт хулгай орсон байна, миний мэдсэнээс нөөтбүүкийг чинь хулгайлаад аваад явчихаж, тайлаад тавьсан байсан хуримын бөгж болон мөнгөн ээмэгнүүдээс чинь аваад явчихаж, байхгүй байна гэж байсан. Ингээд би гэрийнхээ зүйлийг дахиад нэг бүрчлэн бүртгээд үзэхэд Асег маркын нөөтбүүк 1 ширхэг / хулгана, цэнэглэгчийн хамт/, Хуримын эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, Шармал төмөр суурьтай сувдан унжлагатай ээмэг 1 хос, Шармал төмөр бугуйвч 1 ширхэг, эмэгтэй өлзий хээтэй, хар чулуун унжлагатай мөнгөн ээмэг, кулон, гинж, бөгж 4 хос, 8 тоо хэлбэртэй дундаа шигтгээтэй загвартай 3 хос мөнгөн ээмэг, кулон, бөгж, дугуй, түгжээтэй, түгжээн дээрээ сувдан унжлагатай мөнгөн ээмэг 1 хос, сувдан хатгадаг загвартай ээмэг 1 хос, гоёлын эмэгтэй хүний бугуйвч /шүрэн/ 1 ширхэг, дугуй түгжээтэй, ногоон чулуун унжлагатай гоёлын ээмэг 1 хос, жижиг цагираг хэлбэртэй нэг хос ээмэг 1 ширхэг, хар чулуун шигтгээтэй эрэгтэй загварын мөнгөн бөгж 1 ширхэг , мөнгөн нарийн эрэгтэй загварын гинж 1 ширхэг, орифлеймын өсгийн үрэгч 1 ширхэг /шинэ/, хонины 2 кг мах, ургамлын тос 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэх мэдүүлэг /4-р хх 50/,
Иргэний нэхэмжлэгч Р.Э- өгсөн: Манай "Бишрэлт хүлэг" ломбард 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Т- - гэж хүнээс BSB маркийн 32 инчийн лед зурагт 150 000 төгрөгний барьцаанд авсан. Энэ зурагт нь хулгайн эд зүйл байсан учраас цагдаагийн байгууллагад хураалгасан. Иймээс манай байгууллагад сарын хүүтэйгээ нийлээд 162 000 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлэг /3-р хх 145/,
Иргэний нэхэмжлэгч Г.С- өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр –О-д гэж хүн Самсунг гэсэн бичигтэй 46 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг 300 000 төгрөгөнд барьцаалсан. Энэ эд зүйлийг хулгайн эд зүйл байсан учраас цагдаагийн байгууллага хурааж авсан. Иймээс манай байгууллагад сарын хүүтэйгээ нийлээд 326 160 төгрөгийн хохирол учирч байна гэх мэдүүлэг /3-р хх 198/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Э- өгсөн: 2017.4.04-ний өдөр Б-нь 32 инчийн Тошиба брендийн зурагтыг 150 000 төгрөгөнд барьцаалсныг цагдаагийн байгууллагад хураалгасан. Манай байгууллагад 1 сарын хүү 25 000 төгрөгтэй нийлээд 175 000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд учирсан хохирлоо нэхэмжилж байна гэх мэдүүлэг /4-р хх 5/,
Иргэний нэхэмжлэгч Т.О- өгсөн: Т.Болор-Од нь хуучин Дарханд үйл ажиллагаа явуулдаг салбарт 5.5 болон 5-н хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аягыг 100 000 төгрөгөөр мөн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дархан сумын 16-р багт үйл ажиллагаа явуулдаг салбарт 42 инчийн Sharp брендийн хавтгай дэлгэцтэй зурагтыг 250 000 төгрөгөөр барьцаалсан байсныг цагдаагийн байгууллагаас хураан авсан. Нийт зээлийн хүүтэйгээ нийлээд мөнгөн аяга 130 000 төгрөг, зурагт 300 000 төгрөг, нийт 430 000 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлэг /4-р хх 81/,
Иргэний нэхэмжлэгч Я.У- өгсөн: Б-д нь 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 70 000 төгрөгөнд барьцаалсан. Энэ мөнгөн аягыг хулгайн эд зүйл гэж цагдаагийн байгууллагаас хураан авсан тул хүүгийн хамт нийт 91 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /4-р хх 88/,
Гэрч Б.Б- өгсөн: Миний бие "Бишрэлт хүлэг" ломбардны захирал ажилтай. Манай барьцаалан зээлдүүлэх газар гурван салбартай үйл ажиллагаа явуулдаг. Т.- нь Дархан сумын 5 дугаар баг 20/4 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг байсан салбарт 40 инчийн Монел маркийн зурагтыг 2017.02.25-ны өдөр барьцаалсныг гэрээний хугацаа дуусаж 2017.5.01-ний өдөр зарж борлуулсан гэх мэдүүлэг /4-р хх 69/,
Гэрч А.С- өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10:30 цагийн үед Бөмбөгөр худалдааны төв рүү ажилдаа явахдаа А- гэрээр орчихоод гарсан юм. Тэгэхэд хулгай ороогүй байсан. Хулгай орсон талаар тэр өдрийнхөө орой 18:00 цагийн үед мэдсэн гэх мэдүүлэг /1-р хх 115/,
Гэрч С.Т- өгсөн: ...би гэрэл тусгаад харахад цоож, даруулга,, цүүтэйгээ газар хэвтэж байхаар нь дотогш ороод гэрлээ асаасан чинь гэрийн баруун хойд талд байсан Урангуагийн зурагт алга болсон байхаар нь цагдаа дуудсан. Тэгээд Урангуагийн гэрийг харсан чинь даруулгыг нь хумиад хаячихсан байсан гэх мэдүүлэг /2-р хх 29/,
Гэрч Э.Т- өгсөн: Дамбадаржаагийн 8-42-4 тоот гэртээ байж байгаад өглөө 09:00 цагийн үед эхнэр С.Ү- хамт гэрээсээ гарсан. Тэгээд гадуур явж байгаад эхнэр С.Ү- нь хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар түрүүлээд явсан юм. Тэгээд би гэрийнхээ эд зүйлсийг цуглуулаад явж байтал С.Ү- залгаад хулгай орсон талаар хэлсэн. Намайг очиход зочны өрөөнд байсан 32 инчийн Сони маркийн LCD зурагт хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг /2-р хх 160-161/,
Гэрч Ж.Ц- өгсөн: ...бид нар Орхон аймаг явахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод үүдний амбаараа гадна талаас нь цоожлоод явсан. Тэгээд Орхон аймаг явчихаад ирсэн чинь манай гэрийн хаалгыг эвдэж ороод хойморт тавиур дээр байсан 42 инчийн Sharp брендийн зурагт алга болсон байсан гэх мэдүүлэг /3-р хх 51/,
Гэрч Д.Б- өгсөн: 2017 оны 3 дугаар сарын сүүлээр хажуу өрөөний залуу орж ирээд “би зурагтаа ломбарданд барьцаалах гэсэн чинь манай зурагт удирдлагагүй болохоор барьцаанд авахгүй байна. Танай зурагттай солиод тавьчихмаар байна гээд надад 1 шил архи авч өгөөд өөрийнхөө Конка загварын зурагтыг өгөөд 32 инчийн BSB маркийн зурагтыг авч ломбарданд барьцаалсан гэх мэдүүлэг /3-р хх 146/,
Гэрч Б.Э- өгсөн: Партизаны 3-57 тоот хашаа байшинд 2016 оны 09-р сараас эхлэн амьдарч байгаа юм. Эхнэр Д- бид хоёулаа ажилтай учраас ажлын өдрүүдэд өглөө гараад орой л гэртээ ирдэг, өдрийн цагаар манай гэр хүнгүй байдаг. Ингээд 2017.4.07-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ эхнэр бид 2 хамт гарч ажилдаа явсан. Ажлаа дуусаад орой 18 цагийн алдад ирэхэд байшингийн таампарын хаалганы цоожийг эвдэж байшинд хулгай орсон байсан. Манай байшингийн дотор хаалга цоожгүй үүдний таампарын хаалга л цоожтой байдаг юм. Ингээд гэрийнхээ эд зүйлийг шалгаж бүртгэж үзэхэд миний мэдэхийн том өрөөнд байсан Асеr загварын нотебукыг цүнхнээс нь гаргаад цэнэглэгч, хулганы хамт авч явсан, мөн том өрөөний жижиг түмбүүшигт байсан эхнэрийн мөнгөн болон бусад гоёл чимэглэлийн эд зүйл хуримын монетон бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /4-р хх 52/,
Эд зүйлийн үнэлгээ /2-р хх 02, 33, 97-98, 129, 166, 181/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 20-23, 51-55, 79-84, 108-112, 144-147, 177-180, 3- хх 5-6, 71-74, 125-128, 203-205, 234-237, 4-р хх 36-39/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх 156, 3-р хх 17-18, 3-р хх 140-141, 167-168, 196, 250, 4-р хх 85, 91/, хохирлын тооцоо /2-р хх 233-235/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 19-48, 85-95/, “Капитал зууч” ХХК-ний үнэлгээний тайлан /3-р хх 53-56, 100-101, 149-150, 184-185, 218-219, 222, 4-р хх 8-9, 55-56/, эд зүйл хураан авсан тогтоол /4-р хх 80, 96/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.У-ыг 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан "давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.У- нь гэмт хэргийн улмаас бусдад 14 805 400 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч З.Д- 400 000 төгрөгийн үнэ бүхий Toshiba маркийн зурагтыг хүлээлгэж өгсөн /3-р хх 250/ тухай тэмдэглэл, хохирогч С.Ү- 420 000 төгрөгийн үнэ бүхий Sony маркийн зурагт, удирдлагыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх 156/, хохирогч С.Г- 500 000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн 42 инчийн зурагт, 20 000 төгрөгийн үнэ бүхий удирдлагын хамт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх 18/, хохирогч Ц.О- 350 000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн Конка маркийн зурагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх 141/, хохирогч Н.М- 580 000 төгрөгийн үнэ бүхий Samsung маркийн 46 инчийн зурагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх 196/ зэргээр дээрх хохирогч нар нь алдагдсан эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан байх тул хохирлоос хасаж тооцон,
үлдэх 12 535 400 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ч.У-аас гаргуулж, хохирогч Ц.Г- 300 000 төгрөг, Д.Ц-2 400 000 төгрөг, Б.А- 1 000 000 төгрөг, А.А- 1 364 000 төгрөг, С.Г- 450 000 төгрөг, Д.Т- 240 000 төгрөг, Я.Э- 380 000 төгрөг, С.Б- 600 000 төгрөг, Н.У- 320 000 төгрөг, М.Н- 1 000 000 төгрөг, Э.Д- 700 000 төгрөг, Ч.Э- 670 000 төгрөг, Ц.Ц- 1 410 000 төгрөг, Д.С- 529 900 төгрөг, Б.О- 350 000 төгрөг, Ц.О- 20 000 төгрөг, З.Д- 20 000 төгрөг, Д.Д-781 500 төгрөг,
Иргэний нэхэмжлэгч "Бишрэлт хүрд" ломбард Р.Э- 162 000 төгрөг, "Хүрд сүт" ломбардны захирал Г.С-д 326 160 төгрөг, "Ариунсан-Эрдэнэ" ломбардны захирал Ц.Э-т 175 000 төгрөг, "Олуулаа" ломбардны захирал Т.О-т 430 000 төгрөг, "Ихэр-Ану" ломбардны захирал Я.У-д 91 000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Ч.У- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ч.У- нь урьд 9 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд Сүүлд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 28/, шийтгэх тогтоолын хуулбар /4-р хх 167-173/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.У- нь 2015 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны хооронд нийт 21 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 12 001 600 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан үйлдэлдээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Шүүгдэгч Ч.У- нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн хооронд нийт 21 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 14 805 400 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т "Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна" зааснаар шүүгдэгч Ч.У-т энэ тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялыг өмнөх 239 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жилийн хорих ялд нь бүгдийг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.У- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих ангид өмнөх Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жил 13 хоногийн хорих ял эдэлсэн болох нь тус хорих ангийн ирүүлсэн ялын тооцоо, хорих ангийн албан тоотоор тогтоогдож байх тул түүний биечлэн эдэлсэн 2 /хоёр/ жил 13 /арван гурав/ хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялд оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч - Ч.У-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар “давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зааснаар шүүгдэгч Ч.У-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялыг өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хорих ялд бүгдийг багтааж, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил хорих ялаар тогтоосугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.У-т оногдуулсан 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.У-аас нийт 12 535 400 /арван хоёр сая таван зуун гучин таван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч –Г.-д 300 000 /гурван зуун мянга/ төгрөг, Ц.А -2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг, Б.А- 1 000 000 /нэг сая/ төгрөг, А.А-т 1 364 000 /нэг сая гурван зуун жаран дөрөв/ төгрөг, С.Г--д 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, Д.Т-д 240 000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг, Я.Э-т 380 000 /гурван зуун наян мянга/ төгрөг, С.Б-д 600 000 /зургаан зуун мянга/ төгрөг, Н.У-д 320 000 /гурван зуун хорин мянга/ төгрөг, ММ.Н-д 1 000 000 /нэг сая/ төгрөг, Э.Д-д 700 000 /долоон зуун мянга/ төгрөг, Ч.Э-т 670 000 /зургаан зуун далан мянга/ төгрөг, Ц.Ц-д 1 410 000 /нэг сая дөрвөн зуун арван мянга/ төгрөг, Д.С-д 529 900 /таван зуун хорин есөн мянга есөн зуу/ төгрөг, Б.О-д 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, Ц.О-д 20 000 /хорин мянга/ төгрөг, З.Д-д 20 000 /хорин мянга/ төгрөг, Д.Д-т 781 500 /долоон зуун наян нэгэн мянга таван зуу/ төгрөг,
иргэний нэхэмжлэгч Р.Э-д 162 000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөг, Г.С-д 326 160 /гурван зуун хорин зургаан мянга нэг зуун жар/ төгрөг, Ц.Э-т 175 000 /нэг зуун далан таван мянга/ төгрөг, Т.О-т 430 000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг, Я.У-д 91 000 /ерөн нэгэн мянга/ төгрөг тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ