| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0050/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 53
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон Даваадоржийн Д.Э-ид холбогдох эрүүгийн 1918000080037 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Э-, 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь архидан согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 22- ноос 23-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” нэртэй буудлын гадаа Б.Э-ийг зодож эрүүл мэндэд нь “зүүн хацрын шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, зүүн сарвууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Эийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 22 цагийн орчим ажлаа дуусгаад, ажлынхаа О-, Д- нарын хамт хуучин Дарханы Арбатын гудамжинд байдаг Кров нэртэй газар орж 0,5 гр хараа архи, хүний гурав гурван 0,5 гр-н пиво уугаад 23:40 цагийн үед гараад Ариг буудалд орж хоноод өглөө ажилдаа явъя гээд бид гурав Ариг зочид буудлын 2 давхарт гарахад текний хажууд хоёр залуу зогсож байсан. Тэр үед би архи уугаад согтуу байсан болохоор юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа. Ямар ч байсан би Ариг баарны гадаа Б.Э- гэх залуутай цуг гараад газраас бор өнгийн пивоны шил аваад нүүр рүү шилээр нэг удаа цохиод зугтааж байснаа санаж байна Тэгээд би зугтаагаад 64 дүгээр брак байранд З- гэж найзындаа очиж хоносон юм гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Б.Э-ийн өгсөн:2018.12.22-ны шөнө 23:40 цагийн үед Очирсүх бид хоёр Дархан сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” зочид буудалд орох гээд тооцоо хийгээд текний хажууд зогсож байхад хажууд миний үеийн гурван танихгүй залуучууд зогсож байсан. Тэр гурвын нэг нь дүү нар юу хийж яваа юм бэ та хоёр хаанахын хэн гэдэг хүмүүс бэ гэх мэтээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгэхэд манай найз О- нэгэнд нь найзуудыгаа аваад яваа наад хүмүүс чинь согтуу байна шүү гэж хэлсэн. Би хажууд нь зогсож байгаад бид хоёр та нараас нэг их бацаан бол биш байхаа гэж хэлсэн. Тэгээд О- бид хоёр өрөө рүү орох гэж байхад тэнд байсан гурван залуу өдөж хоргоогоод байхаар нь хэрүүл хийсэн. Тэгэхэд намхан нуруутай бүлтгэр нүдтэй залуу нь намайг гараад ир гэсэн. Тэгэхээр нь дагаад буудлын гадаа гараад ирсэн чинь буудлын үүдэнд газраас бор өнгийн пивоны шилийг аваад миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхэд тэр шил нь хагарсан, яг намайг пивоны шилээр цохиулахад манай найз О- гарч ирсэн бөгөөд намайг пивоны шилээр цохисон залууг араас нь хөөгөөд явсан. Удалгүй буцаад ирсэн бөгөөд Очирсүх надад хөөгөөд гүйцсэнгүй гэж хэлсэн. Тэгээд миний нүүрнээс цус гараад тогтохгүй байхаар нь бид хоёр эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод нүүрээ цэвэрлүүлээд харахад зүүн хацар 6 см босоо байрлалтай зүсэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх 7-8/,
Гэрч Г.О- өгсөн: Найз Б.Э-ийн хамт Ариг нэртэй буудалд орох гээд тооцоо хийгээд байж байхад хажууд байсан үеийн 3 залуу дүү нар юу хийж яваа юм бэ гэх мэтээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба тухайн үед эрүүн доороо сахалтай залуу арай гайгүй эрүүл байх шиг байхаар нь түүнд хандаж найзуудыгаа аваад явчих гэж хэлсэн юм. Гэтэл шар куртиктэй залуу нь Б.Э-ийг гараад ир гэж байх шиг байсан. Би араас нь буудлаас гарахад Б.Э- доошоо тонгойсон байдалтай байж байхаар нь хамар руу цохисон байх гэж бодоод тэр хоёрыг салгаад улбар шар куртиктэй залуу зугтахаар нь араас нь хөөгөөд гүйцээгүй болохоор эргээд найз дээрээ ирээд харсан чинь манай найзын зүүн талын хацар том зүсэгдчихсэн байсан юм гэх мэдүүлэг /хх 10/,
Гэрч Б.Г-өгсөн: 2018.12.22-ны шөнө 20:00 цагийн үед Д.Э- бид хоёр ажлаа дуусгаад гарч яваад хуучин захын гадаа Д.Э- Д- уулзаад Кров нэртэй паб руу орсон. Бид 3 ороод 0,5 гр Хараа архи аваад 0,5 гр пиво авч уусан. Ингээд би Кров пабаас гараад хаашаа явснаа огт санахгүй байна. Нэг мэдэхэд ээжийндээ унтаж байсан. Маргааш нь ажилдаа ирэхэд Д.Э- ирээгүй бөгөөд ирэхгүй 7 хоног болсон. Д.Э-ийг ажилдаа ирсэний дараа юу болсон талаар асуухад Кров пабаас гараад ард нь байдаг Ариг зочид буудал руу ороод хүнтэй маргалдаад тэр хүнээ шилээр нүүр лүү нь цохисон гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч Б.Д- өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 22 цагийн үед Д.Э- миний утас руу залгаад Арбатын гудамжны “Кров” гэж пабад хүрээд ир гэж дуудсан. Ингээд би яваад очиход Д.Э- ажлынхаа Г-гэх залуутай хамт сууж байсан бөгөөд бид гурав 1 шил 0,5 гр “Хараа” архи уугаад хүний нэг нэг пиво уугаад 23:40 цагт гараад “Ариг” зочид буудал орсон. Д.Э-, Г бид гурав ороод өрөө асуух гээд текний хажууд Д.Э-, Г хоёр үлдээд би нэг давхарт утсаар ярьж дуусаад гараад ирэхэд Д.Э-, Г хоёр танихгүй хоёр залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгачихаад хар куртиктэй залуутай юм яриад зогсож байхад гаднаас Б.Э- гэх залуу танай найз чинь миний нүүрийг ийм болгочихоод зугтаачихлаа гэж хэлээд ороод ирсэн. Б.Э- гэх залуугийн нүүрийг нь хархад зүсэгдсэн байсан. Тэгээд би юу болсон юм бол гээд гарахад Д.Э- Б.Э- гэх залуугийн нүүр лүү шилээр цохиод зугтаасан байсан. Тэгээд би Д.Э-ийн утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Дараа нь Д.Э-той уулзахад Д.Э- Ариг баарны гадаа Б.Э- гэх залууг пивоны шилээр цохиод зугтаасан гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх 13/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.Б.Э-ийн биед зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, зүүн сарвуунд зулгаралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Б.Э-ийн биед үүссэн хацарны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн сарвууны зулгаралт нь ГЗТЖ-н 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. " гэжээ /хх 17/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч хохирогчид 1 500 000 төгрөгийн хохирол нөхөн төлж, хохирогч Б.Э-, шүүгдэгч Д.Э нар нь сайн дураар эвлэрсэн нь хавтаст хэргийн 32-р хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул Д.Эийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Д.Э нь хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д.Э нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Эид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган прокурортой 500 000 төгрөгөөр торгох ял тохирч хэрэг шүүхэд ирсэн байна. Шүүгдэгч шүүх хуралдаанд 500 000 төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй даруй биелүүлэх хүсэлт гаргасан. Иймд түүнд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Эид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ