Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02127

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 11 өдөр Дуга210/МА2023/02127

 

 

Ж.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03095 дугаар шийдвэртэй,

 

Ж.*******, С.Сүнжидмаа нарын нэхэмжлэлтэй,

 

Жигүүр гранд групп ХХК-д холбогдох,

 

Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээнээс татгалзаж, 695,993,088 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн Ж.*******, С.Сүнжидмаа нар гэр бүлийн хүмүүс бөгөөд хариуцагч Жигүүр гранд групп ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 120118/Б, 120118/В дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээг тус тус байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч компани нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Гэгээнтэн цогцолбор барилгын 1 дүгээр давхар, 1-7 тоотод байрлах, 31.61 м.кв, 1-8 тоотод байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 39.43 м.кв талбайг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Гэрээний 3.5 дахь заасны дагуу захиалагч нараас төлбөр бүрэн төлөгдөж, барилга ашиглалтад орсноор гүйцэтгэгч нь захиалагчдын өмчлөлд дээрх гэрээнд заасан үйлчилгээний талбайг шилжүүлэхээр тохиролцсон.

1.2. Уг барилга нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд гүйцэтгэгч нь захиалагчдад барилгын 1 дүгээр давхарт байрлалтай үйлчилгээний талбайг хүлээлгэж өгөх байсан боловч барилгын батлагдсан зураг төсөлд нийтийн эзэмшлийн талбайгаар зурагдсан хэсэг буюу урсдаг шатны доод зайг шилэн хаалтаар тусгаарлан үйлчилгээний талбай болгон хүлээлгэн өгсөн.

Дээрх талбайг захиалагчдын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өмчлөлийн гэрчилгээ гаргуулах асуудлыг шийдвэрлэж өгөөгүй бөгөөд 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нараас хариуцагчид өмчлөлийн гэрчилгээ гаргуулж, өгөх талаар шаардлага тавьсаар ирсэн.

1.3. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Жигүүр гранд групп ХХК-аас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 22/774, 22/775 тоот албан бичгээр нэхэмжлэгч Ж.*******, С.Сүнжидмаа нарын нэр дээр тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх талаар хандсан боловч барилгын зураг төсөлд нийтийн эзэмшлийн талбай гэж тусгагдсан хэсэгт өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх, бүртгэх боломжгүй талаар бүртгэлийн байгууллагаас мэдэгдсэн ба барилгын анхны зураг төсөлд зохиогчийн зөвшөөрлөөр өөрчлөлт оруулсан тохиолдолд бүртгэх боломжтой талаар тайлбарласан.

Энэ талаар хариуцагч компанид мэдэгдсэн ба барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулж өгөхгүй гэсэн тул цаашид уг үйлчилгээний талбайг өмчлөх, өмчлөгчийн эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх боломжгүй байна.

1.4. Иймд нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах үр дагавар үүсэж байна. Хариуцагч өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй нийтийн эзэмшлийн талбайг шилжүүлсэн тул мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байх тул захиалагчийн санаачилгаар нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээнээс татгалзаж байна.

1.5. Талууд 2012 онд гэрээ байгуулж, 2016 онд аж ахуйн үйл ажиллагааны зориулалттай талбайг хүлээн авсан ч нэхэмжлэгч талаас өмчлөгчийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой шаардлагыг хариуцагч Жигүүр гранд групп ХХК-аас хүлээн зөвшөөрч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт Ж.*******, С.Сүнжидмаа нарын нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр эхэлж, тоологдох үр дагавар үүссэн.

Хариуцагч нь өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа нь уг үйлчилгээний талбайг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 120118/В дугаартай гэрээнээс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч Ж.*******д 110,404 ам.доллар буюу 386,303,596 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 120118/Б дугаартай гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгч С.Сүнжидмаад 88,508 ам.доллар буюу 309,689,492 төгрөг буюу нийт 695,993,088 төгрөгийг хариуцагч Жигүүр гранд групп ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Жигүүр гранд групп ХХК нь 2012 оноос 2015 оны хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэгээнтэн цогцолборын барилгыг барьж ашиглалтад оруулсан. Иргэн Ж.*******, С.Сүнжидмаа нар хүүхдүүдийн хамт манай компанитай 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 120118, 120118/А, 120118/Б, 120118/В тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, Гэгээнтэн цогцолбороос худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай захиалсан.

120118/Б тоот гэрээний дагуу С.Сүнжидмаа нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, Гэгээнтэн цогцолборын барилгын 1 дүгээр давхрын 1-7 тоотын нийт 31.61 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг захиалан бариулж, гэрээний төлбөрт 88,508 ам.долларыг, 120118/В тоот гэрээний дагуу Ж.******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, Гэгээнтэн цогцолборын барилгын 1 дүгээр давхрын 1-8 тоотын нийт 39,43 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг захиалан бариулж, гэрээний төлбөрт 104,404 ам.долларыг тус тус төлсөн.

2.2. Бидний зүгээс талбайг барьж, ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримт бичгүүдийг мөн гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн.

Уг талбайн зарим хэсэг нийтийн эзэмшлийн талбайтай давхацсан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй байна гэдэг гомдлыг захиалагч тал гаргасныг тухайн үед бид барагдуулсан.

Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй талбайн зөрүүд бид орон сууц, автомашины зогсоолыг захиалагчид нэмэлтээр, үнэгүй өгсөн. Талууд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 171212 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, мөн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн барилгын хөрөнгө оруулалт хийх гэрээг дуусгавар болгох тухай нэмэлт гэрээг тус тус байгуулж, орон сууц, автомашины зогсоолыг үнэгүй авсан ба мөн бэлэн мөнгө 97,366,000 төгрөг, алданги гэж 8,000,000 төгрөг өгч, 2012 оны барилгад хөрөнгө оруулалт хийх 120118, 120118/А, 120118/Б, 120118/В тоот гэрээнүүдийн талаар дахин гомдол, санал гаргахгүйг баталгаажуулсан.

2.3. Тухайн үед манай компани Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах, Парк Вью хотхоны 752 дугаар байрны 10в тоот хаягт байрлах, 53,58 м.кв талбайтай, 171,456,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц, В1 давхрын 29 тоот 40,000,000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоол, нийт 211,456,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэ төлбөргүй өгсөн. Ж.******* нь 752-10В тоот орон сууцаа Б.Өөлөнгоо гэдэг хүнд зарж, авто зогсоолоо Ц.Цээпэл гэдэг хүнд зарж, гэрээг тус тус шинэчлэн хийлгүүлсэн.

Үүнээс хойш хэдэн жилийн дараа гэнэт л өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авна, эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж маргаж эхэлсэн. 2017 онд маргаанаа тохирч шийдвэрлүүлсэн үедээ гомдлоо гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдсан 2012 оны 120118/Б, 120118/В тоот гэрээний гомдол саналыг 2017 онд барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жигүүр гранд групп ХХК-д холбогдох барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээнээс татгалзаж, 695,993,088 төгрөг гаргуулах Ж.*******, С.Сүнжидмаа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 2,089,468 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03095 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал миний бие бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, ИХШХШтХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1,5-д зааснаар хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаалгахаар дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан, үндэслэлгүй шийдвэрлэсэн тухай.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2023/07352 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Гэтэл хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийг хариуцагчид хуульд заасан хугацаанд буюу ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хэрэг үүсгэсэн өдрөөсхойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна гэж заасны дагуу гардуулаагүй, гардуулах ажиллагаа яагаад хийгдэхгүй байгаа талаар лавлахад утсаар хэлсэн байгаа, ирээд авна гэж тайлбарласан.

4.2. Нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийгдэхгүй байсаар 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр буюу хэрэг үүссэнээс хойш даруй 3 сарын дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалд хариуцагч компанийн Гүйцэтгэх захиралын гарын үсэгтэй 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 331/23 дугаартай албан тоотоор шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байх ба хариу тайлбараа гүйцэтгэх захирал Б.Халиунаагийн гарын үсэг зурснаар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 348/23 албан тоотоор шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх үйл баримтаас харахад шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхад хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг мэдэж хариу тайлбараа бэлдчихсэн байсан, хариу тайлбараа өгсөний дараа хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан гэдэг нь харагдаж байна.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч надад 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардуулах ажиллагаа хийгдэнэ гэсэн ба түүнээс 14 хоногт лавлахад хариуцагч хариу тайлбараа өгчихсөн гэсэн тул төлөөлөгч миний бие хариу тайлбартай танилцахаар очиход хариу тайлбар нь ирээгүй байсан. Энэ талаар шүүгчийн туслахаас лавлахад өөр хэргийн талаар андуурсан байна, манай шүүгч дээр Жигүүр гранд групп ХХК-тай холбоотой хэд хэдэн хэрэг байгаа. гэж тайлбарласан.

4.4. Шүүгч, түүний туслахаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ИХШХШТхууль тогтоомжийг баримтлахгүй байгаа, илтэд худал мэдээлэл өгч хариуцагчид давуу байдал олгож байгаа зэрэг нөхцөл байдалтай холбоотой нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ИХШХШтХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ЗT2023/01993 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан.

Уг тогтоолтой танилцахаар ирэхэд шүүх хуралдааныг 1 cap гаруй хугацааны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр товлох талаар шүүгчийн туслах надад мэдэгдсэн ба шүүгч хурлаа товлоод ээлжийн амралтаа авч байгаа гэсэн.

Нийтлэг байдлаар шүүгч ээлжийн амралт авч урт хугацаанд амрах тохиолдолд ажиллаж байгаа бусад шүүгчдэд хэргийг шилжүүлэх, хуулийн хугацаанд шийдвэрлэх талаар зохицуулалт бүх шүүхүүдэд хийгддэг.

Иймд хариуцагчид илт давуу байдал олгож байгаа, татгалзан гарах хүсэлтийг хүлээж аваагүй, нэг шүүгчид хариуцагчид хамаарах хэд хэдэн хэрэг хуваарилагдсан байгаа, ээлжийн амралтаа авч байгаа мөртлөө хэргээ шилжүүлэхгүй өөрөө шийдвэрлэх илт сонирхолтой байгаа зэрэг нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил юм.

4.5. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг дуусгавар болгох тухай нэмэлт гэрээ, 2017 оны 12 сарын 12-ны өдрийн Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г тус тус үндэслэн маргаан бүхий гэрээг дүгнэн, гэрээнээс татгалзсан үр дагавар, маргаанаа шийдвэрлэсэн гэж үзэхээр байна гэж буруу дүгнэсэн, нотлох баримтыг хариуцагчид ашигтайгаар тайлбарласан байна.

Учир нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 1.1, 1.4 дэх заалтад талбайн зөрүүнд тооцож хөрөнгө шилжүүлж байгаа талаар дурдаад, гэрээний 2.1-д 84.6 м2 талбайн зөрүүнд тооцож олгосон гэдгийг тодорхой тусгасан.

4.6. Мөн Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг дуусгавар болгох тухай нэмэлт гэрээ- ний ерөнхий нөхцөл 1.1 дэх заалтад №120118, №120118/А, №120118/Б, №120118/В тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний талбайн зөрүүнд орон сууц, авто зогсоолыг Захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба энэ талаар гэрээний 1.2, 1.3, 2.4-т тус тус баталгаажуулан тайлбарлажээ.

Түүнээс нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгсөн буюу түүний эрхийн доголдолтой холбоотой асуудал дээрх гэрээнүүдэд огт тусгагдаагүй байтал шүүхээс Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна., 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасныг баримтлаагүй, хариуцагчид илтэд ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д Түйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ, 353.2-д Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж ялгамжтай заасан.

Гүйцэтгэгчийн хүлээлгэн өгсөн талбай гэрээнд заасан хэмжээндээ хүрээгүй тул түүний талбайн зөрүүг захиалагчид өөр хөрөнгөөр орлуулан өгсөн үйл баримт маш тодорхой байна.

Харин нийтийн эзэмшлийн талбайг захиалагчийн эзэмшилд шилжүүлсэнтэй холбоотой гэрээний 3.5-д заасны дагуу ажлын үр дүнг өмчлөлд шилжүүлж өгөх буюу эрхийн догодлыг арилгах талаар гүйцэтгэгч захиалагчид амаар амлалт өгсөн. Энэ нь хариуцагч эрхийн доголдлыг арилгахаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад хандаж байснаар нотлогдож байна.

4.7. Мөн шүүхээс тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчид нийт 3,797,566 төгрөгийг төлсөн байтал нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлд холбогдох хэсгийг буюу 2,089,468 төгрөг улсын орлогод үлдээсүгэй гэж буруу тооцсон байгаа ба шүүгч хэргийг бүхэлд нь үндэслэлтэй хянаагүй, хэт нэг талыг барьсан байр суурьтай байсан нь харагдаж байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүчгийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №183/ШШ2023/03095 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манай зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүгчийн туслахтай хувийн харилцаа үүсгэсэн зүйл байхгүй.

Анхан шатны шүүхэд 04 дүгээр сард иргэний хэрэг үүссэн бөгөөд 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл яагаад хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлээгүй талаар мэдэхгүй байна.

5.2. Хариуцагч шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэл аван нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариу тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгсөн. Тухайн үед шүүгчийн туслах солигдож байсан.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар ямар нэгэн байдлаар тайлбар өгч байгаагүй, шүүгчийн туслах өөр хэрэгтэй андуурсан байх. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэдэг нь үндэслэлгүй.

5.3. Талууд 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 4 ширхэг гэрээ байгуулж, 2015 онд барилга ашиглалтад орж, 2016 оны 03 дугаар сард үл хөдлөхөд өгөх бүхий л баримтуудыг өгсөн. Нэхэмжлэгч нар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөхөд хандаж байсан бөгөөд хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр анх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж, тус талбайд гэрчилгээ гарах боломжгүй, биет байдлын болон эрхийн доголдолтой гэдгийг мэдсэн.

Нэхэмжлэгч нар Жигүүр гранд групп ХХК-д 2017 оноос хандаж, 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нарын гомдлыг хүлээн авч, харилцан тохиролцож, тухайн үеийн ханшаар 40,000,000 төгрөгийн үнэтэй гарааш /1 ширхэг/, 171,456,000 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууцыг нэмэлтээр өгч, 2 гэрээ байгуулсан. 2017 оны 12 дугаар 12-ны өдрийн барилгад хөрөнгө оруулах тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т ...талбайн зөрүү болон, гэрээний төлбөрийн талаар дахиж маргахгүй гэж заасан.

Барилгад хөрөнгө оруулах гэрээг дуусгавар болгох гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т танай гомдлыг бүрэн барагдуулсан тул дахиж гомдол гаргахгүй гэж заасан. Хариуцагч байгууллагын зүгээс 2017 онд хохирлоо барагдуулсан тул гэрээнээс татгалзахыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2 дахь хэсэгт барилгын холбогдолтой гомдлыг 3 жилийн дотор гомдол гаргана гэж заасан. Талууд гэрээ байгуулаад 12 жил болж байна. Доголдол мэдсэн буюу 2016 оны 03 дугаар сараас хойш 7 жил, доголдол арилгаснаас хойш 6 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч нарын зүгээс гэрээнээс татгалзаж, гэрээ цуцалж болохгүй. Жигүүр гранд групп ХХК-аас авсан гараашаа бусдад худалдан борлуулж, ашиг олж, гомдлоо бүрэн барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ж.*******, С.Сүнжидмаа нар нь хариуцагч Жигүүр гранд групп ХХК-д холбогдуулан Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээнээс татгалзаж, 695,993,088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Ж.*******, С.Сүнжидмаа болон Жигүүр гранд групп ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 120118/Б, 120118/В дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ тус тус байгуулагдаж, гэрээнд заасны дагуу захиалагч нар нийт 198,912 ам.долларын төлбөрийг бүрэн төлж, барилга ашиглалтад орсны дараа гүйцэтгэгч захиалагч нарын өмчлөлд үйлчилгээний талбайг шилжүүлэх үүргийг хүлээжээ./хх-13-19, 45-51/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.

 

3.1.Талууд 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 120118/Б, 120118/В дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ нэртэй гэрээг байгуулсан, уг гэрээний 3.1-д ... үйлчилгээний хэсгийн 1-р давхарын талбайг чанар сайтай барьж 2012 оны 12 дугаар сарын 30-ны дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгнө. гэж тохиролцсон хугацаанаас үзэхэд ашиглалтад ороход бэлэн болсон барилгаас сонголт хийсэн байна.

 

3.2. Гэрээ байгуулах саналын хувьд зөвхөн нэхэмжлэгчид бус нийтэд санал болгож байгаа нөхцөл бөгөөд зөвхөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үнээр барилгыг барих боломжгүй тул гэрээний зүйлийг нэг бүрийн шинжтэй гэж үзэхгүй юм.

 

Барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжийг агуулаагүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

 

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэстэй ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4.1. Ж.******* нь Жигүүр гранд групп ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 171212 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр захиалагч Ж.******* болон Д.Уламбаяр, Д.Болормаа, С.Сүнжидмаа нарын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 120118, 120118А, 120118/Б, 120118/В тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний талбайн зөрүүнд тооцон Баянзүрх дүүргийн 26-р хороо, Парк вийв/Park View/ хотхон, 2-р байр, 10в блокт байрлах орон сууц, мөн хотхоны автозогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг олгохоор харилцан тохиролцжээ./хх-75-81/

 

4.2. Түүнчлэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг дуусгавар болгох тухай нэмэлт гэрээ-г байгуулж, гэрээгээр Жигүүр гранд групп ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 120118, 120118А, 120118/Б, 120118/В тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний талбайн зөрүүнд Баянзүрх дүүргийн 26-р хороо, Парк вийв/Park View/ хотхон, 2-р байр, 10в блокт байрлах 53.58 м.кв орон сууцыг 171,456,000 төгрөгт, автозогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгт тооцон олгож, мөн 97,366,000 төгрөгийг төлж, Ж.*******, С.Сүнжидмаа, Д.Уламбаяр, Д.Болормаа нар нь 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 120118, 120118А, 120118/Б, 120118/В тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний талбайн зөрүүний талаар шүүх, цагдаа болон бусад байгууллагад аливаа гомдол, хүсэлт, шаардлага гаргахгүй байх үүргийг хугацаагүй хүлээжээ./хх-82-83/

 

Дээрх гэрээгээр гүйцэтгэгч болон захиалагч нар 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 120118, 120118/А, 120118/Б, 120118/В тоот гэрээг дүгнэн, гэрээнээс татгалзсан үр дагавар, маргаанаа шийдвэрлэсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

4.3. Улсын бүртгэлийн газраас ...Нотлох баримт зөрүүтэй. Жигүүр гранд групп ХХК-ийн тус хэлтэст ирүүлсэн жагсаалтад 1-7, 1-8 тоот үйлчилгээний талбай байхгүй, мэдүүлэгт хавсаргасан фото зураг нийтийн эзэмшлийн талбай буюу барилгын орц гарцны хэсэг, үүдний хэсэгт хамаарч байх тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь ...нийт 15,000,000,000 төгрөгийн үнэ бүхий талбай худалдан авсан бөгөөд нийт талбайн зөрүүг тооцож, дуусгавар болох гэрээ байгуулсан, маргааны зүйл болсон 79,04 м.кв талбайтай багтаагүй гэж тайлбарлах боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

6. Хариуцагч Жигүүр гранд групп ХХК нь талуудын хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 120118/Б, 120118/В дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн 26-р хороо, Парк вийв/Park View/ хотхон, 2-р байр, 10в блокт байрлах 53.58 м.кв орон сууцыг 171,456,000 төгрөгт, автозогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгт тооцон олгож, мөн 97,366,000 төгрөгийг төлснөөр дээрх гэрээний зөрчлийг арилгасан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний үүргийн зөрчлийг арилгах зорилгоор нэхэмжлэгч нарын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө болон мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үндэслэлээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тул үүрэг дуусгавар болжээ.

 

7. Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7.1. Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн хувийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гардуулсан байх ба хариуцагчаас хариу тайлбараа 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэсэн огноотойгоор шүүхэд ирүүлсэн байна./хх 73-74/ Хариуцагчийн хариу тайлбарын огноог нэхэмжлэлийн хувийг гардан авахаас өмнөх өдрөөс бичсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шүүх зөрчсөн үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.2. Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ЗT2023/01993 дугаартай тогтоолоор хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Шүүгч ээлжийн амралттай байсан хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа иргэний хэргийг бусад шүүгчдэд шилжүүлэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

7.3. Шүүх талуудын хоорондын гэрээний эрх зүйн харилцааг худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн тул Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг баримтлах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг шийдвэрлээгүй техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж, нэхэмжлэгч нараас төлсөн 1,706,398 төгрөг, нийт 3,795,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03095 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 343 дугаар зүйлийн 343.1 ... гэснийг ... 243 дугаар зүйлийн 243.1 ... гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 2,089,468 ... гэснийг ... 3,795,866 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,795,866 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР