Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 58

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Т.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Х-ид холбогдох эрүүгийн 18180000000583 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Т.Х-, 1995 оны 04 сарын сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, казак, бүрэн дунд боловсролтой, дугуйт ачигчийн оператор, токарчин, слесарь мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03:00 цагийн үед Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, 5-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Н.Б-тэй маргалдаж нүүр, цээжин тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “хямар ясны хугарал, нүүрний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Т.Х-ийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 15 -ны орой 19 цагийн үед 6 дугаар сургуулийн зааланд Н.Б-, Аг-, Э-нарын хамт зааланд очиж тэнд байсан хүүхдүүдтэй сагс тоглож байгаад 22 цагийн үед заалнаас гараад Э-шилдэг оюутан болсон гээд эргэж манай гэрт уулзахаар болоод салцгаасан. Орой 22:30 цагийн үед Э-, Н.Б-, А.Э- 3 манай гэрт ирээд Н.Б-, А.Э- 2 дэлгүүр яваад 750 граммын хараа архи нэг 2.5 литрийн пиво авч орж ирээд А.Э-, Н.Б- бид 3 уугаад Э.С- уугаагүй.Тухайн үед 2.5 литрийн пиво ууж дуусаад дараа нь архи ууж байхад Н.Б- жаахан согтоод байна гэж хэлэхээр нь би унт гэж хэлээд том өрөө рүү оруулж хэвтүүлээд хаалгыг нь хаачихаад А.Э- архи уухгүй гэсэн. Би үлдсэн архийг ууж дуусгасан. Н.Б- том өрөөнөөс гарч ирээд А.Э-, Э.С- хоёрыг авч явна гэж хэлэхээр нь надтай хононо үлд гэж хэлээд Н.Б-тэй маргалдаад түүнийг цохисон чинь хамраас нь цус гараад газар унахаар нь дээрээс нь өшиглөсөн гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Н.Б-ийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз Э-, А-, Т.Х- нарын хамт Санжинт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 6 дугаар сургууль дээр өөр хүүхдүүдтэй хамт зааланд тоглож байгаад орой 22 цагийн үед заалнаас гарцгаагаад 30 минутын дараа Т.Х-ийн гэрт уулзахаар болоод би гэртээ орчихоод эргээд Т.Х-ийн гэрт очсон. Тэгээд А.Э-, Э.С- бид 3 Т.Х-ийн гэрт очоод А.Э- бид 2 дэлгүүр яваад 750 граммын Хараа архи, 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад эргэж ирээд А.Э-, Т.Х- бид 3 эхлээд Нийслэл нэртэй пиво хувааж уугаад дараа архи ууж байгаад би жаахан согтсон чинь Т.Х- том өрөө рүүгээ оруулаад хэвтүүлсэн. Тэгээд би хэсэг хэвтэж байгаад босоод ирсэн чинь архи дуусан байхаар нь А.Э- бид 2 Э.С-ыг аваад явах гэсэн чинь Т.Х- наадах чинь надтай хамт манай гэрт хононо та 2 зайл гэж хэлсэн. Бид 2 маргалдаад Т.Х- миний нүүр рүү цохиод газар унаад хамраас цус гарчихсан байхад дээрээс дэвссэн чинь А.Э- салгаад намайг авч гарсан. Э.С- Т.Х-тай гэрт нь үлдсэн. Тэгээд би гэртээ ороод манай 2 эгч эмнэлэг дуудчихаад Т.Х-ийн гэр рүү яваад 5-10 минутын дараа гэртээ ирсэн. Эмч ирээд намайг үзэж байхад Т.Х- орж ирээд намайг өшиглөхөөр нь би А.Э-тэй хамт зугатаагаад тэдний гэрт очоод унтсан. Гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 9/,

Гэрч К.А- өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 15-ны орой өөрийн эгч С-, охин А- нарын хамт гэртээ унтаж байхад гаднаас дүү Н.Б- согтуу орж ирээд эгчээ цагдаа дуудаарай Т.Х- намайг зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь би цагдаад хандаад эгчтэй хамт Т.Х-ийн гэрт очиход Э.С-той хамт гэрээ цэвэрлээд байж байсан. Тэгээд яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гэхэд эгч бид хоёрыг хөөж гаргаад хаалгаа түгжчихсэн. Ингээд эгчийн хамт гэртээ очоод байж байхад эмч ирж Н.Б-эд тариа хийгээд байж байхад гаднаас Т.Х- орж ирээд Н.Б-ийн гэдэс рүү жийгээд газар унасан чинь гараараа цохихоор нь би дүүгээ өмөөрч уурлахад намайг түлхэж унагаасан. Ингээд би маргалдаж гадаа гараад Цагдаагийн газар оччихоод ирэхэд Т.Х- манай гэрт унтаж байхаар нь цагдаад хэлж өгч явуулсан гэх мэдүүлэг /хх 11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Н.Б-ийн биед хамар ясны хугарал, нүүрний цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Н.Б-ийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 13/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Т.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.  

            Хохирогч Н.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй нь хохирол гаргуулах боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Т.Х-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Т.Х- нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 22-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч - Т.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Х-ийг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Х-ид оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Х- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Хохирогч Н.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ