Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01696

 

2023.09.01 МАГАДЛАЛ №1696

/ТӨСӨЛ/

 

******* ******* ХХК, Ц.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.*******, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 102/ШШ2023/02118 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.*******д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбогдуулан 3,330,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 2,500,000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 10 хоногийн төлбөр 830,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* ******* ХХК нь хариуцагч Х.*******тай Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Захиалагчийн зүгээс гэрээний үүргийнхээ дагуу урьдчилгаа төлбөрт 2,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Мөн Х.*******гийн хүсэлтийн дагуу түүнийг манай Баяр хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн зардал 830,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцсон. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж дуусаагүй. Х.*******гийн хийсэн зургийг нь үзүүлэхээр халаалт, цэвэр бохир ус, цахилгаан, агааржуулалт, холбоо дохиолол, галын зураг байхгүй. 00-ийн өрөөнүүдийг нар тусдаг ашигтай байрлал болох цонхон талд нь гаргаж байрлуулсан бохир зайлуулах системд холбох ямар ч боломжгүй, өрөөнүүдийн тойм зураг хийж өгсөн. Барилгын архитекторууд болон мэргэжлийн хүмүүст зургийг нь үзүүлэхээр техникийн ямар ч шаардлага хангахгүй зураг байна, дахин зураг хийлгэхийг шаардсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сар гаран болж байхад гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр 2,500,000 төгрөг, мөн гэрээний төлбөрт тооцсон буюу эмнэлэгт түүний хэвтэн эмчлүүлсэн 10 хоногийн төлбөр 830,000 төгрөг, нийт 3,330,000 төгрөгийг Х.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Интерьерийн зураг төсөл гэдэгт юу багтаж, юу хийдгийг огт мэддэггүй гэдэг нь харагдаж байна. Надаас цоо шинэ барилгын зураг шаардаж байгаа нь гэрээнд заасан үүргээ зөрчиж байна. Интерьер дизайны ажлын зурагт дараах зургийн жагсаалт багтдаг болно. Үүнд: Байгуулалт, нураах ханын байгуулалт, шинээр хийгдэх ханын байгуулалт, технологийн байгуулалт, шалны байгуулалт, таазны байгуулалт, гэрэлтүүлгийн байгуулалт, разетканы байгуулалт, унтраалгын байгуулалт, худалдаж авах тавилгын тэмдэглэгээ, ханын дэлгээс тэмдэглэгээ, ханын дэлгээс, захиалгаар хийгдэх тавилгын тэмдэглэгээ, тавилгын байгуулалт гэсэн зургийн бүрдлээр бий болдог. Энэ ажлуудын дарааллаар зохих зураг төслүүд гараад явж байхад дахин эхнээс нь өөрчлүүлэхийг шаардсан, энэ бол зураг төслийн ажлын явцад гардаг хамгийн ноцтой хүндрэл. Ажил зарчмын дагуу явагдсаныг и-мэйл болон чатын хэсгүүд батална. Мөн захиалагчийн өгсөн даалгаврын дагуу интерьерийн зураг төсөл боловсруулагддаг гэжээ.

 

3. Хариуцагч Х.*******гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.1. Захиалагчаас ажлын даалгавар болон барилгын холбогдолтой бүхий л мэдээллийг авах байсан ч захиалагч хангалтай сайн мэдээлэл өгөөгүй. Өөрсдийнх нь өгсөн даалгавар, мэдээллийн дагуу план боловсруулсан бөгөөд тухайн үед захиалагч баталсан. Консепт дизайн батлуулах, план батлуулах, рендер зураг батлуулах, ажлын зураг гэсэн дарааллын дагуу явагдсан. Захиалагч рендер зураг эхнээсээ батлагдаад явж байсан ажлыг ахин өөрчилж план буюу давхарын байгуулалт дээрээ хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Эдгээр нь зураг төслийн ажил хийгдэж байх явцыг тухайн захиалагч өөрийнхөө зүгээс саатуулж, зогсооход хүргэсэн. Ажлыг дахин дахин өөрсдийнх нь хүсэлтийн дагуу засварлах нь уг ажлыг хэд дахин шинээр хийхтэй тэнцэх тийм цаг хугацааг зарцуулдаг. Иймд миний хийсэн ажил болох рендер зургийн тухайн үеийн үнэ ханшаар тооцуулан гаргасан ажлын хөлс нийт 100 м.кв буюу 4,500,000 төгрөг, ажлын зураг нийт 70% хувьтай үйл явц, нийт 416.37 м.кв буюу 6,557,827 төгрөг, 416.37 м.кв босголт 500,000 төгрөг. Нийт 11,557,827 төгрөгөөс урьдчилгаа 2,500,000 төгрөгийг хасаад 9,057,827 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

4.1. Х.*******г эмчлүүлж байх үед нь барилгын зураг төсөл хийх талаар ярилцаж тохиролцоод 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 сарын хугацаанд хийж дуусгах Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу бид урьдчилгаа төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гэрээнд гүйцэтгэгч нь дараах ажил үүргийг гүйцэтгэж ажлыг гэрээний заасан хугацаанд бүрэн, чанартай хийж захиалагчид хүлээлгэж өгнө гэж заасан байгаа. Ажлын даалгаврын дагуу боловсруулсан өрөө тасалгаануудын байршил, хэмжээ, 1 хүнд ноогдох талбайн хэмжээ стандарт зөрчсөн, банн, шүршүүр, гар угаалтуур, 00 өрөөнүүдийн байршлыг дурын газар байрлуулж зурснаас болж цэвэр, бохир усан хангамжийн системд холбох, бохирыг дамжуулах гадагшлуулах инженерийн шугам сүлжээнд холбох ямар ч боломжгүй инженерийн шийдэлгүй зураг хийсэн, эмнэлгээр үйлчлүүлэгчид хэвтэх өрөөнүүдийн ашигтай талбайг багасгаж 00 өрөөнүүдийг наран талд нь цонхны дагуу байршуулсан, угаалга, гал тогооны өрөөнүүдийг халуун хүйтэн усанд холбох, бохир усыг зайлуулах ямар ч боломжгүй, инженерийн шугам сүлжээгүй газар байрлуулж зурсан план зураг [email protected] хаягаар ирүүлсэн. Шаардлага огт хангахгүй энэ план зураг дээр хийсэн 3D интерьер дизайн, 3D босголт А4 дээр хийсэн ажлын зураг нь нэгэнт барилгын суурь план зураг буруу зурагдсан учраас хэрэггүй болсон. Барьж буй барилгын компани болон инженерүүдтэй нэг ч холбогдоогүй, асууж тодруулаагүй. Бохир зайлуулах хоолой хаана хийхийг ч асуулгүй худал зураг зурж биднийг залилсан. Гэрэлтүүлэг болон разетка, унтраалгын байгуулалтын тухайд зургийн ажил огт хийгдээгүй. Цэвэр, бохир усны хоолой явах ерөнхий зураглалын ажил огт хийгдээгүй. Хүчилтөрөгчийн хоолойн схем зургийн ажил огт хийгдээгүй. Барилгын зургийн дагуу үүсэх аливаа хариуцлагыг бүрэн хариуцах тал дээр Х.******* эмнэлгээс гараад эргэж уулзаагүй. Мэргэжлийн туршлагатай ажилтнуудыг багаар ажиллуулаагүй. Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, заавар стандартын дагуу хэрэгжээгүй.

Х.*******гийн сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар зөвшөөрөхгүй. Үүнд:

Рендер зураг 100 м.кв буюу ханш нь 4,500,000 төгрөг байна гэсэн үг, өгүүлбэр гэрээнд байхгүй, рендер 100 м.кв зураг хүлээж аваагүй.

Ажлын зураг нийт 70 хувьтай байна, нийт талбай 416.37 м.кв буюу үнэлгээ нь 6,557,827 төгрөг болжээ гэсэн ажил болон харилцан уулзаж ярилцсан хурлын тэмдэглэл протокол байхгүй.

Нийт 416.37 м.кв талбайн зургийн босголтын үнэ 500,000 байна гэж гэрээнд заагаагүй. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний үнийн дүн нийт 5,000,000 төгрөг. Гэтэл Х.******* гэрээний үнийн дүнгээс давсан 11,557,827 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдэг нь үндэслэлгүй. Барилгын архитектор, мэргэжлийн хүмүүст Х.*******гийн хийсэн зургийг үзүүлэхэд архитектор техникийн ямар ч шаардлага хангахгүй зураг байна гэсэн гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х.*******гаас 3,330,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******аас 9,057,827 төгрөг гаргуулах тухай Х.*******гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,230 төгрөг, хариуцагчаас төлсөн 159,875 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гаас 68,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Х.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: "Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-ээр захиалагч талд 7 хоногийн дотор зураг төслийг бэлдэж, илгээдэг. Захиалагчийн дагуу интерьер, дизайнерын ажил эхэлдэг. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зураг төсөл боловсруулах явцад захиалагчийн зүгээс нэмэлт, өөрчлөлт орвол гүйцэтгэгч талтай шинээр интерьер, дизайнерын ажлын үнийг тохирон гэрээний хугацааг шинээр сунгаж шийдвэрлэнэ гэж зааснаар зураг төсөл сүүлийн шатанд ирэхэд байхад захиалагч 2,3 удаа өөрчлөх санал тавьсан. Үүний улмаас гэрээний хугацааг дахин сунгах, үнэ хөлсийг шинээр тохирох асуудал тулгарсан. Анх гэрээг байгуулах үед зураг, төслийн үнийг 4 дахин бууруулсан боловч захиалагчийн хүсэл шаардлагаар олон дахин өөрчлөгдсөнөөр дахин ажил эхлүүлэх, үнэ хөлс, гэрээг шинээр байгуулах саналыг тавьсан боловч маргалдаан үүссэн. Дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар нотлох баримтгүйгээр барилгын зураг алдаатай гэж нэхэмжлэгчийн хэлсэн үндэслэлгүй юм. Адилхан байгууллагатай гэрээ байгуулаад зураг төсөлд өөрчлөлт ороод 3,4 гэрээ байгуулаад явдаг. Мөн эмнэлэгт хэвтсэн эмчилгээний төлбөрийг нэхэмжлэгч шаардах үед төлсөн. Хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Энэ бүх ажлыг үнэгүйдүүлж, хийсэн ажлыг хийгээгүй гэж хэлэх үндэслэлгүй. Учир нь захиалагчийн даалгаврын дагуу хийгддэг ажил тул нэхэмжлэгчийн 2,500,000 төгрөгийг буцааг төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгч Ц.*******аас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Бүх нотлох баримт хэрэгт авагдсан. 2022 оны 3 сард хариуцагчтай 1 сарын хугацаанд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө өгсөн. Хариуцагчийн зүгээс шаардлага хангахгүй 4, 5 зураг төслийн цаас өгсөн. Нэхэмжлэгчтэй гэрээ хийсэн боловч утсаа авахгүй алга болсон учраас шүүхэд хандсан. Миний бие ******* ******* ХХК-ийн захирал тул байгууллагынхаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тэмдэг дарсан. Хариуцагч 10 хоног эмнэлэгт хэвтээд төлбөрөө төлөөгүй гарсан буюу 1 өдрийн 80,000 төгрөг эмчийн үзлэгтэйгээ 830,000 төгрөг болж ажил гүйцэтгэх гэрээгээр хөлсөндөө оруулсан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нар нь хариуцагч Х.*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 3,330,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,557,827 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Х.******* нь ******* ******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.******* нь Баяр эмнэлгийн барилгын интерьер зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх, ******* ******* ХХК нь ажлын хөлс 5,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, талууд энэ талаар маргаагүй.

3.1.Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.2. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлсний урьдчилгаа 2,500,000 төгрөг, мөн тус компанийн Баяр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн Х.*******гийн эмчилгээний зардлыг ажлын хөлсөнд суутгаж тооцсон 830,000 төгрөг, нийт 3,330,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч талын хувьд захиалагч талаас шалтгаалж ажил гүйцэтгэл удааширсан гэж марган, гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Үүнээс үзвэл талууд үүргийн гүйцэтгэлд саад болсон нөхцөл байдлын талаар, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар маргаж байна.

Тэрээр зохигчдын хэн аль нь шүүхэд хариуцагч Х.*******гийн хийсэн ажил гүйцэтгэлийн хувийг шүүхэд ирүүлсэн байх ба эх хувь нь компьютерт файл хэлбэрээр байгаа гэж тайлбарладаг. /хх 48-97, 106, 133-137/ Мөн хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгч талтай харилцсан цахим зурвасыг цаасан хэлбэрт буулган шүүхэд гарган өгсөн байна.

Талуудын маргааны зүйл болох ажлын гүйцэтгэлийн эх хувь нь компьютерт файл хэлбэрээр байх тохиолдолд шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх тухайн нотлох баримтад үзлэг хийж, бэхжүүлснээр тэдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцэх, ингэснээр шүүх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн хэргийн үйл баримт тогтоогдоогүй, талууд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргасан, хийсэн ажлын хэмжээ тодорхойгүй байхад ... гэрээгээр хүлээсэн үүргээ Х.******* тохирсон хугацаанд биелүүлсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй байна. Учир нь интерьер зургын ажил гүйцэтгэлийн хэмжээг тогтооход тусгай мэдлэг шаардагдах бөгөөд зохигчдын тайлбар нь дангаараа уг үйл баримтыг нотлох баримт болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх замаар залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 102/ШШ2023/02118 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.*******гаас 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 68,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД