Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 59

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Чонос Мөнхдаваагийн М.М-т холбогдох эрүүгийн 1918000000039  дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.М-, 1981 оны 3 дугаар сарын 08-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч М.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч М.М- нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Найрамдлын 3 дугаар гудамжны 17 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр М.Э-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны хаван, зүүн сарвуун дахь цус хуралт, артерын даралт ихэдсэн байдал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч М.М-ын шүүх хуралдаанд өгсөн: 2019 оны 01 сарын 07-ны өдөр найз Г- мужааны цехэд юм хийж байгаад 16 цагийн үед 2,5 литртэй пиво уусан. Тэгээд 19 цагийн үед манай эхнэр М.Э- над руу залгаад ирэх юм уу гэхээр нь яадаг юм билээ энд хонодог ч юм билүү би жоохон пиво уучихсан байна гэсэн чинь ажил хийгээгүй юм уу гэхээр нь хийгээгүй байна маргааш нэг айлаас булангийн буйдан аваад засна гэж хэлсэн. Тэгээд 20 цагийн үед гэртээ очсон. Манай эхнэр хоол хийгээд гаргаж байснаа чамд хоол өгөхгүй гэхээр нь тэгвэл тэг тэг гээд би өөрөө шөл хийж уучихаад хэвтэж байсан чинь танайхан муусайн гуйлгачин заяатай хүмүүс. Чи муу гуйлгачин минь танайхан угаасаа үхэж хатдаг биз дээ гэсэн. Манай хамгийн бага дүү 2015 онд бурхан болсон. Одоо манай эмэгтэй дүү маань хотод бие нь муу ээж сахиж байгаа юм. Тэгсэн чинь манай эхнэр гуйлгачин заяатай хүмүүс ингээд нэг нэгээрээ үхдэг байхгүй юу гэхээр нь чи намайг доромжил, битгий хүмүүс доромжлоод бай гэж хэлээд хятадын хуванцар сандал байсан тэрийг аваад шидсэн чинь гараараа хаагаад гарыг нь оночихоор нь очоод цохих гээд далайсан чинь гараараа толгойгоо хаахаар нь гаран дээр нь цохисон чинь өөрийнх нь гартай нь хавсраад цохисон. Манай бага охин айгаад уйлахаар нь би охиноо аргадчихаад би ер нь ингэж хэрүүл хийж байхаар ажил дээрээ очоод хоночихъё гэж хэлээд гараад явж байсан чинь урдаас цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

           

            Хохирогч М.Э-ийн өгсөн: 2019 оны 01 сарын 06-ны өдрийн 22 цагийн орчимд манай нөхөр М.М- согтуу орж ирэхээр нь би хүүхэд идэж уух юмгүй байхад чинь архи уулаа  ,хүүхдэдээ талх боов авахад яадаг юм бэ, би чамтай сууснаас хойш ийм байна танайхан гэж хаашаа юмнууд байдаг юм бэ муусайн хар гуйлгачид гэж хэлсэн чинь М.М- миний толгой руу гараараа цохихоор нь би гараараа толгойгоо хаасан чинь миний гаран дээр гараараа цохиод тэгээд маргалдаж байгаад над руу хуванцар сандал аваад шидсэн чинь миний толгойг оночихсон. Тэгэхээр нь би урд талын айл руу ороод цагдаад дуудлага өгсөн. М.М- анх надтай танилцаад гэр бүл болж байх үед уруул хазаж байсан. 2013 оны намар яг хэдэн сарыг нь санахгүй байна. М.М- бид 2 маргалдаж байгаад намайг хардаад миний толгой руу гараараа цохиж зодож байсан.  М.М- маргалдахаараа миний толгой руу цохиж зоддог гэх мэдүүлэг /хх 7/,

      Насанд хүрээгүй гэрч М.С- өгсөн: Би 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 23 цагийн үед ээж, ах Эрдэнэбилэг, дүү Намуунаатай хамт байж байсан чинь аав гаднаас жоохон архи үнэртүүлсэн орж ирсэн. Тэгсэн чинь ээж аавыг нүүрсний мөнгө өг гэсэн чинь аав мөнгө байхгүй гэсэн чинь ээж аавыг чи мөнгөгүй байж хаанаас архи олж уусан юм бэ гээд аав, ээж хоёр хэрэлдээд аав ээжийн толгойг нь гараараа 2 удаа цохиод сандал шидсэн чинь ээжийн толгой руу оносон. Бас ээжийн гар луу нь аав гараараа цохисон. Тэгсэнээ аав ээжийг муу Дугараагийн янхан гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж цагдаа дуудсан. Урьд нь бас аав ээж хоёр хэрэлддэг байсан гэх мэдүүлэг /хх 18/,

 

      Насанд хүрээгүй гэрч М.Э- өгсөн: Би 2019 оны 01 сарын 07-ны өдөр хэдэн цаг гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ямартай ч орой болсон байхад ээж аав руу залгаад гэрт идэх юм байхгүй байна талх аваад хурдан ир гэж хэлсэн. Тэгсэн чинь аав удалгүй гэрт архи үнэртүүлсэн ирсэн. Нэг их согтуу байгаагүй. Тэгээд ээж аавыг мөнгө байхгүй гэж хэрэлдээд аав ээжийн толгой руу 2-3 удаа гараараа цохиод бас гар луу нь цохиод ээж рүү сандал шидсэн. Тэгсэн чинь ээж гадагшаа гарч гүйгээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 20/,

 

      Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт:

"1.М.Э-ийн биед тархи доргилт, хуйхны хаван, зүүн сарвууны цус хуралт, артерын даралт ихэдсэн байдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-н  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно

4.М.Э-ийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй " гэжээ /хх 25/,  

 

            Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдэлийн түвшин 13 буюу өндөр гарсан гэх тэмдэглэл /хх 9-10, 11-15/, Дархан сумын 7-р багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 16-17/, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх 34/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд"-ийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.М- нь М.Э-тэй 2006 онд гэр бүл болж, дундаасаа 3-16 насны 4 хүүхэдтэй болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болно.   

 

     Шүүгдэгч М.М- нь М.Э-р үл ялих зүйлээр маргалдан улмаар гараараа толгой руу цохиж, хуванцар сандлаар толгой руу цохиж эрх чөлөөнд халдсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "хамтран амьдарч байгаа хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй" зааснаар бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

                                           

Иймд шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

            Хохирогч М.Э- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.М-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

            2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч М.М- нь хэрэг хариуцах чадвартай байна.  

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 41-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М-т ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

                                                                                                                             

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.М- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М- нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ