Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 61

 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

   Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

   Хохирогч Т.Б.Ү-,

   Шүүгдэгч Х.Ж-ы өмгөөлөгч Н.Б-,

   Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Ж.Т-,

   Шүүгдэгч Х.Ж-, Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Ж-, Т.Б-д холбогдох эрүүгийн 1818008900553 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Т.Б-, 1969 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:  

-Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

   Монгол Улсын иргэн, Х.Ж-, 1978 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: 

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтүүлж, Өршөөлийн хуулиар суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 10 сар 12 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1  жил 6 сар 12 хоног хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 105А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, 9 сар 20 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 01-ний 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сар хорих ялаар шийтгэгдэж, 1 жил 6 сар 22 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр сарын 181.3-т зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэгдэж, 10 сар 8 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт:

               

   Шүүгдэгч Т.Б-ын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Х.Ж- бид хоёр брак байранд таараад хамт үйлдвэр орсон. Өөрийн эгчид уг аккумляторыг авна шүү гэдгийг хэлж байсан. Тухайн үед манай эгч хот руу явсан байсан. Би өөрөө гар утасгүй явж байсан тул эгчтэй холбогдож чадаагүй. Үйлдвэрээс аккумляторыг авч аккумлятор авдаг газарт очиж 150 000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг,

 

   Шүүгдэгч Х.Ж-ы өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр брак байранд тааралдаад хамт 2 шил архи хувааж уусан. Шүүгдэгч Т.Б-н надад манай эгч цалингаа өгөөгүй. Цалиндаа бодож 4 ширхэг аккумлятор аваарай гэж хэлсэн гээд намайг цуг дагуулж уг үйлдвэрийн газар очиж аккумляторуудыг авч аккумлятор авдаг цэг дээр очиж зарсан гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Т.Б.Ү-гийн өгсөн: Тэр 3 аккумляторыг анх 200 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед ажиллаад дууссан аккумляторыг агуулахдаа хадгалсан байсан. Цагдаа уг аккумляторыг хэдэн төгрөгөөр авсан юм бэ гэж асуухад нь 200 000 төгрөгөөр авсан гэж хэлээд 200 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Дараа нь хуучин аккумлятор байсан гэдгийг хэлсэн. Шүүгдэгч Т.Б-д хуучин аккумляторыг хэрэг болохоороо аваарай гэж хэлж байсан. Тухайн үед манаач байгаагүй учир сандраад цагдаа дуудсан. Миний бие хааяа хэлсэн зүйлээ мартаад байдаг. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Т.Б-д аккумлятор өгнө гэж хэлсэн тухайгаа мартсан байсан. Би мэдүүлэгтээ худалдаж авсан үнийг хэлээд хуучин гэдгийг хэлээгүй нь миний буруу гэх мэдүүлэг,

 

   Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

   Шүүгдэгч Т.Б-ын өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зах дээр явж байгаад найз Х.Ж-тай таараад архи уухаар болоод дэлгүүр ороод архи авах гэтэл хэн аль нь мөнгөгүй байсан. Тэгээд би Х.Ж-д “манай эгчийнх Хөтөл хороололд тоосгоны үйлдвэр ажиллуулдаг. Тэнд агуулахад хэдэн аккумлятор байгаа тэрийг очиж аваад заръя" гэж яриад Х.Ж- бид хоёр такси хөлслөөд үйлдвэр дээр 16:00 цагийн үед очсон. Тэгээд үйлдвэр дээр ирэхэд манаач байхгүй болохоор нь бид хоёр агуулахын цонхыг эвдэхэд Х.Ж- надаас “ингэж болж байгаа юм уу” гэж асуухаар нь “миний эгчийн юм байгаа юм зүгээрээ гэж хэлээд би дотогш ороод 4 ширхэг аккумлятор авч гаргаж ирсэн. Тэгээд би тэр 4 аккумляторыг амбаарын хажууд тавиад Х.Ж-г дагуулаад зах руу буцаад алхсан. Тэгээд Х.Ж- би.д хоёр зах дээрээс машин хөлслөөд эргэж үйлдвэр рүү явж агуулахаас гаргасан 4 аккумлятороо ачаад эргэж Буян захын хажууд ирээд түүхий эд авдаг ченжед 100 000 төгрөгөөр өгсөн санагдаж байна. Тэгээд тэр мөнгөнөөс 10 000 төгрөгийг машин хөлсөлсөн жолоочид өгөөд үлдсэн мөнгөөр нь Х.Ж- бид хоёр архи уусан гэх мэдүүлэг /хх 26, 53-54, 57-58/,

 

   Шүүгдэгч Х.Ж-ы өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн үед найз Т.Б-той 99 дүгээр брак байрны хажууд уулзаад Т.Б- өөрийн ажилладаг Хөтөл хороололд байрлалтай тоосгоны үйлдвэр лүү хамт явъя гэж гуйгаад байхаар нь би хамт хэсэг явж байгаад бид хоёр 2 шил 0,5 литрийн Түмний хишиг нэртэй архийг уугаад надаас барьчихаар утас байна уу гэж асуугаад байхаар нь гэртээ очоод нэг муу утас байсан түүнийг өгсөн. Гэрээс гараад брак байр ороод тэнд Т.Б-ын нэрийг нь мэдэхгүй найзтай таараад 0,33 литрийн савалгаатай Хараа нэртэй архийг бид 3 хувааж уугаад Т.Б- бид хоёр 14 цагийн орчим Тоосгоны үйлдвэр лүү алхаж очоод тэнд манаач нь байхгүй болохоор нь тэнд байсан цагаан өнгийн амбаарын цонхыг Т.Б- түлхэж онгойлгоод дотогш нэвтрээд дотор талаас 4 ширхэг аккумляторыг гаргахад нь би гаднаас нь авч тэндээ тавьчихаад буцаж бирж ороод тэндээс 2000 төгрөгөөр такси авч очиж аккумляторыг аваад Мишок Г- гэх хочтой хүний дүү П гэж дууддаг хүнд нийт 104 000 төгрөгөөр өгөөд тэр мөнгөөрөө нэг шил архи авч уусан. Т.Б- Ихэр могой худалдааны төв орж гар утасныхаа сим картыг сэргээнэ гээд Ихэр могой руу ороод алга болчихсон. Тэгээд бирж орчихоод харьсан юм гэх мэдүүлэг /хх 25, 46-47/,

 

   Хохирогч Т.Б.Ү-гийн өгсөн: Би хувиараа Дархан сум, Малчин баг Хөтөл хорооллын нутаг дэвсгэрт тоосгоны үйлдвэр ажиллуулдаг. Тэгээд хүйтрээд үйл ажиллагаа маань түр зогссон байсан. 2018 оны 6 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос 5 ширхэг шинэ аккумляторыг нэг бүрийг нь 200 000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэр аккумляторыг тоосго ачдаг төхөөрөмжид ашигладаг. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдвэрийн манаач Н- хамтран тоосгоны үйлдвэрийн дэргэд байрлах агуулахад багаж болон мотор, аккумлятор бусад эд зүйлсээ хурааж хадгалсан. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр агуулахад байгаа аккумляторуудаа дулаан газар байрлуулахаар очиход агуулахын жижиг модон цонхыг эвдэн хулгайч орж манай агуулахаас 4 ширхэг шинэ аккумлятор алдагдсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Алдагдсан аккумляторууд цагаан өнгөтэй улаан өнгийн тагтай 120 амперын хүчин чадалтай гадуураа хужаа бичигтэй 4 ширхэг аккумлятор байсан гэх мэдүүлэг /хх 14-15, 23-24/,

  

   Гэрч Х.Н- өгсөн: Би тухайн өдөр ажлын байрандаа байгаагүй төв рүү хоол хүнсний юм авах гээд явсан байсан. Харин намайг төвөөс ажил руугаа дугуйтай явж байхад Т.Б.Ү- эгч над руу утасдаад агуулахаас 4 ширхэг аккумлятор хулгайлагдсан байна гэж хэлсэн. Тэгээд би үйлдвэр дээр яваад очиход складны цонх онгорхой цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан гэх мэдүүлэг /хх 22/,

  

   Иргэний нэхэмжлэгч П.Г- өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16:00 цагийн үед манай склад дээр захын үүдээр байнга явж байдаг Х.Ж- гэх залуу миний танихгүй нэг залуутай ирээд “ахаа хуучин аккумлятор авах уу” гэхээр нь би “авъя” гэж хэлээд үзтэл цагаан өнгийн улаан тагтай 120 амперын хүчин чадалтай хуучин 4 аккумлятор үзүүлэхээр нь би нэг аккумляторыг 26 000 төгрөгөөр бодоод бүгдийг нь нийлүүлээд 104 000 төгрөг өгөөд авсан. Тэгээд би Х.Ж-д мөнгийг нь өгөхөд нөгөө залуу нь Х.Ж-гаас мөнгийг нь аваад тэр хоёр цааш явах шиг болсон. Надад анх ирээд хаягдал аккумлятор авах уу гэхээр нь би авъя л гэсэн. Би тэр хоёроос хаанаас авсан эсэхийг нь тодруулаагүй мөнгийг нь өгөөд явуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 27/,

 

    Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/, эд зүйл тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/, "Капитал зууч" ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 29-30/  зэрэг болно.

              Шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нар нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр архи ууж улмаар дахин архи уухаар архины мөнгө олох зорилгоор Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хороололд байрлах Тоосгоны үйлдвэрийн агуулахын жижиг модон цонхыг эвдэж, шүүгдэгч Т.Б- дотогш нэвтрэн орж хохирогч Т.Б.Ү-гийн эзэмшлийн 120 амперын хүчин чадалтай 4 ширхэг аккумляторыг авч шүүгдэгч Х.Ж- гаднаас нь авч бусдад 104 000 төгрөгөөр худалдсан үйлдэл нь агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т "гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтан оролцсонд тооцно", 3.7 дугаар зүйлийн 1-т "гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ" гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ архи уух мөнгө олох нэгдсэн санаа зорилготой хамтран үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

              Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б-: "Миний эгч Т.Б.Ү- намайг хуучин аккумляторуудыг аваарай гэж хэлсний дагуу би өөрийнхөө цалинд тооцож авсан. Тиймээс би хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй", хохирогч Т.Б.Ү-: "Шүүгдэгч Т.Б-д хуучин аккумляторыг хэрэг болохоороо аваарай гэж хэлж байсан. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Т.Б-д аккумлятор өгнө гэж хэлсэн тухайгаа мартсан байсан. Би мэдүүлэгтээ худалдаж авсан үнийг хэлээд хуучин гэдгийг хэлээгүй нь миний буруу" гэх мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч Т.Б- хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байдал харагдаж байх бөгөөд,

 

              Хохирогч тухайн аккумляторыг тоосго ачдаг төхөөрөмжид ашиглахаар  2018 оны 6 дугаар сард Улаанбаатар хотоос нэг бүрийг нь 200 000 төгрөгөөр худалдаж авсан. Үйлдвэрийн үйл ажиллагаа зогсохоор 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр агуулахад хурааж хадгалсан талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Мөн тухайн агуулахад манаач ажилладаг. Тиймээс Т.Б-ыг өөрийн эзэмшлийн газраас, цалиндаа авах ёстой юмаа авсан байна өөрөөр хэлбэл агуулах саванд нэвтрээгүй, бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй аваагүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хохирол шаардахгүй бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

              Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруугүй байна гэж үзэн цагаатгах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

              Хохирогч Т.Б.Ү- нь алдагдсан 4 ширхэг аккумлятороо биет байдлаар эргүүлэн авсан болох нь хавтаст хэргийн 10-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Г- хавтаст хэргийн 128 дугаар хуудсанд авагдсан “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тэмдэглэл зэргээр шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

   Шүүгдэгч Т.Б- урьд 1 удаагийн, Х.Ж- урьд 7 удаагийн ял шийтгэлтэй болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх 69-88, 92-93/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 68, 91/ тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Ж-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Т.Б-д хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

   Шүүгдэгч Х.Ж-ы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил 1 сар хорих ялаар, шүүгдэгч Т.Б-д түүний хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаа эдлэхээс зайлсхийсэн зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж  үзэв. 

   Шүүгдэгч Т.Б- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул,

шүүгдэгч Т.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 3 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Х.Ж-, Т.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Ж-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Б-д 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч Т.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 280  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 3 хоног хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 жил 1 сар 3 хоногийн хорих ял, шүүгдэгч Х.Ж-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   5.1818008900553 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-, Х.Ж- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ