Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00607

 

О.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/00279 дугаар шийдвэртэй,

О.Т-гийн нэхэмжлэлтэй

Д.Б-т холбогдох

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшилд шилжүүлэхийг даалгах, орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласаны төлбөрт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзий-Очир, хариуцагч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: О.Т- нь Ө б- ХХК-тай 2013 оны 10 сарын 14-ний өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 0002- тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Тус орон сууцыг 2013 онд Г.Х-ээр дамжуулан хөлслүүлэхээр шийдэж Шуурхай зар сонинд зар өгсний дагуу 2013 оны 5 сард Д.Э-д хөлслөхөөр тохиролцон түрээсийн төлбөрт тодорхой хэмжээний мөнгө төлж орон сууцны түлхүүр авсан. Тухайн үед Д.Э-тай удаа дараа холбогдож орон сууц хөлслөх гэрээ байгуулах гэсэн ч Мэргэжлийн хяналтын газарт өндөр албан тушаал хашдаг учраас гэрээнд гарын үсэг зурах боломжгүй, дүүгээ явуулж гэрээ байгуулна гэсэн боловч дүү нь ирээгүй, утас нь холбогдохгүй байсан. Улмаар Д.Э- нь тус орон сууцанд Д.Б-ийг амьдруулсан ба 2013 оны 09 сараас хойш амьдарсан Д.Б- нь Д.Э-ыг орон сууцны өмчлөгч гэж итгэж уг орон сууцыг худалдаж авахаар тохиролцон урьдчилгаа төлбөрөө Д.Э-д өгсөн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 000- тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 0000- тоот магадлалаар тогтоогдсон.

Дээрх хугацаанд О.Т- нь удаа дараа Д.Б-тэй холбогдож амаар болон бичгээр, мөн өмгөөлөгчөөр нь дамжуулан орон сууцыг суллаж өгөх талаар шаардсан боловч огт хүлээж аваагүй. Иймд Д.Б-ийн хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлүүлж, өмчлөгч О.Т-гийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, мөн 2019 оны 06 сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 сарыг хүртэл нийт 30 сарын төлбөрийг нэг сарын 1,000,000 төгрөгөөр тооцон, нийт 30,000,000 төгрөгийг Д.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. О.Т-, Г.Х- хоёрын буруутай үйл ажиллагаанаас болж хүмүүсийг хохироосон тул нэхэмжлэл гаргах үндэслэлгүй, олон хүн хохирч байна. Эхний айл 2012 оны 9 сард байранд орсон, сүүлийн хэдэн айл орох боломжгүй байсан. 2013 оны 5 сард ганцхан удаа Шуурхай зар сонинд зар тавьсан байдаг. Тус орон сууцны 1 давхарт амьдардаг байж, түрээсээ төл, түрээсэлж байгаа айл мөн үү гэх байдлаар сануулж болох байсан. 2014 оны 02 сарын 17-ны өдөр бид Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт очиж уг орон сууцны бүртгэлийг шүүлгэхэд Ө б- ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан.

Анхны хэрэгт үндсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан. Гэтэл сүүлд 2013 оны 10 сарын 28-ны өдөр О.Т-гийн өмчлөлийнх мэтээр гэрчилгээ нь хэрэгт авагдсан байдаг. Шүүх хуралдаан бүрд үүнийг хэлж байсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр О.Т- би хариуцагч биш Ө б- ХХК-ийн хөрөнгө гэж хэлж байсан. Тэгээд бид Ө б- ХХК-ийг хариуцагчаар татах гэхээр О.Т-гийн хувийн өмч гэж эрүүгийн хэрэг дууссан. Тухайн үед миний бизнес амжилттай байсан. Одоо ажилгүй байгаа тул нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 0002-тоот байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000001- дугаартай, 84,96 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Д.Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, өмчлөгч О.Т-гийн эзэмшилд шилжүүлж, хариуцагч Д.Б-ээс 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Б-ээс 378,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: О.Т-, Г.Х-, Д.Э- нар хуйвалдаж, санаатайгаар 11 гэр бүлийг хохироосон. 2014 оны 02 сарын 16-ны өдөр Д.Э-ыг залилангийн хэргээр баривчлагдсаныг сонсоод маргааш нь Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт очиж орон сууцны талаар лавлахад эдгээр 11 орон сууц Ө б- ХХК-ийн өмчлөлд байсан атлаа 2013 оны 10 сарын 28-ны өдөр О.Т-гийн өмчлөлд шилжсэн байсан. Үүнийг өөрөө хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хурал дээр миний өмч биш Ө б- ХХК-ийн өмч гэж хэлсээр байтал авч хэлэлцээгүй, эрүүгийн хэргийн шүүх хурал дээр О.Т- нь хариуцагчаар татагдаж байснаа гэнэт хохирогч болсон зэрэг маш эргэлзээтэй, залилангийн шинжтэй энэ хэргийн хохирогч нь би өөрөө болчихоод байхад нэмж ямар ч түрээсийн гэрээгүй 30,000,000 төгрөгийг төлөхөөр болоод байгаад гомдолтой байна.

Би орон сууцны түлхүүрийг авахдаа урьдчилгаа төлбөрт 27,700,000 төгрөгийг өгсөн бөгөөд сүүлийн 10 жил сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохиролтой байгааг харгалзан үзэж шийдвэриг дахин харж, үнэн зөвөөр дүгнэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Д.Б- нь эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн зүйлийг давтан ярьсаар байна. Тухайн хэрэгт хохирогч болсон мэтээр ярьж буй нь үндэслэлгүй. О.Т-гийн өмч биш гэж маргасан. Улсын бүртгэлээс лавлагаа авч, О.Т-гийн өмч мөн болох нь нотлогдсон. Д.Б- нь хууль бус гэж тайлбарласан боловч нотлох баримт гаргаж өгсөн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч О.Т- нь хариуцагч Д.Б-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн 4 хороо,0002- тоотод байрлах 84,96 м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, эзэмшилд шилжүүлэхийг даалгах, орон сууцыг хууль бусаар ашигласан хугацаанд олох байсан орлого 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 0002-тоотод байрлах, 84,96 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000001- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.Т- нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх6/

3.1. Дээрх 0002-тоот орон сууцны өмчлөгчөөр 2014 онд О.Т- биш Ө б- ХХК бүртгэлтэй байсан, нэхэмжлэгч нь 2013 онд өмчлөгч болсон баримтыг хожим гаргасан гэх хариуцагчийн татгалзал нь хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй байна.

3.2. Хариуцагч Д.Б- нь 0002-тоот орон сууцанд 2013 оны 09 сараас эхлэн амьдарч байгаа талаар зохигчид маргаагүй.

3.3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 000- дугаар шийтгэх тогтоолоор, шүүгдэгч Д.Э- нь 2012 оны 10 сараас 2013 оны 11 сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байх 37, 38 дугаартай байрны 11 ширхэг орон сууцыг буюу нэхэмжлэгч О.Т-гөөс түүний өмчлөлийн 0002-тоот орон сууцыг хөлслөн авч, түрээслэн эзэмшиж, улмаар уг орон сууцнуудыг захиран зарцуулах эрхтэй, өөрийн өмчлөлийн хөрөнгө мэтээр бусдыг төөрөгдүүлж, хариуцагч Д.Б-т итгүүлэн түүнд худалдахаар тохирч 0002-тоот орон сууцанд амьдруулсан, 27,700,000 төгрөг залилан мэхэлж авсныг тогтоожээ. Шүүх Д.Э-аас 27,700,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т олгож, иргэний хариуцагч О.Т- бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоож шийдвэрлэснийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 0000- дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.4. Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд зохигчдын хооронд маргаан бүхий орон сууцыг хариуцагч үргэлжлүүлэн эзэмших эрхтэй болох нь тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

3.5. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн магадлал гарснаар 0002-тоот орон сууцыг эзэмшиж буй хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх бөгөөд хариуцагч нь орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, орон сууц чөлөөлөх шаардлагыг биелүүлээгүй, өнөөг хүртэл амьдарсаар байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийн эзэмшлээс дээр дурдсан 0002-тоот орон сууцыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

4. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Т- нь хариуцагч Д.Б-ээс орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны төлбөр 30,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүйг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ маргаан бүхий орон сууцыг түрээслэхээр зар өгсөн бөгөөд Д.Э- ирж уулзан тодорхой хэмжээний төлбөр төлж орон сууцны түлхүүр авч явсан гэх агуулгаар тодорхойлсноос үзвэл хариуцагчид орон сууцыг эзэмшүүлэхээр гэрээний харилцаа үүсээгүй, нөгөөтэйгүүр Д.Э-, Д.Б- нарын хоорондын хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавраас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх агуулгагүй байгааг шүүх анхаараагүй байна.

4.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулга нь хөрөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан этгээдийн хооронд хуульд зааснаар үүрэг үүсэхийг зохицуулсан.

4.3. Үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийн буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж зааснаар хөрөнгө олж аваагүй этгээд болох хариуцагч Д.Б-ээс орон сууцнаас олох байсан орлого гэж тодорхойлсон 30 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгч орон сууцыг орон сууц хөлслүүлэх гэрээгээр Д.Э-д шилжүүлсэн бөгөөд хариуцагч Д.Б-т шилжүүлээгүй байх тул хөрөнгө олж аваагүй этгээдээс орон сууцнаас олох байсан орлогыг шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

4.4. Нэхэмжлэгч О.Т- нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Д.Э-д орон сууцаа шилжүүлснээс үүсэх үр дагавар буюу олох байсан орлого, үр шимийг тухайн этгээдээсээ буцаан шаардах эрхтэй бөгөөд энэ үндэслэлээр хариуцагч Д.Б-ийг нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүй ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч Д.Б-ээс 30,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/00279 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...хариуцагч Д.Б-ээс 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Т-д олгосугай гэснийг ...нэхэмжлэлээс 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...378,150 төгрөг гэснийг ...70,200 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ