Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 71

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,

   Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,

   Шүүгдэгч Х.У-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Удган Хайдавын Х.У-д холбогдох эрүүгийн 1918000000071 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Удган Хайдавын Х.У-, 1956 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, нярав, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл ганцаараа оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

   Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.У- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

    Шүүгдэгч Х.У- нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний зах” үйлчилгээний газраас иргэн П.Э-гийн лангуунаас хөөрөгний даалин хулгайлж 500 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

   Шүүгдэгч Х.У-ын өгсөн: Хүнсний зах дотор хүнсний зүйл аваад явж байхдаа шинэ зах дотор байсан монгол бэлэг дурсгалын лангуу дээр хөөрөгний даалин үзэж байгаад худалдагч нь цаашаа харж байх хооронд 1 ширхэг даалинг нь аваад явчихсан. Тухайн даалин нь зүү ороож хийсэн, улаан өнгийн даалин дээр морины дүрс бүхий бор шаргал өнгийн утсаар ороож хийсэн даалин байсан. Миний төрсөн эгч нэг жилийн настай улаач дом хийнэ үнэт эдлэлийн сав хэрэгтэй гэхээр нь эгчдээ туслах гээд даалин болох байх гэж бодоод авчихсан юм. Би буруу зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Даалинг нь буцаагаад өгчихсөн гэх мэдүүлэг,

 

   Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч  П.Э-гийн өгсөн: Би Дархан зах дээр түрээсийн лангуун дээр бэлэг дурсгалын зүйлс зарж борлуулдаг. Тэгтэл 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сар шинэ болох гээд хүн ихтэй байсан чинь манай лангуун дээрээс улаан өнгийн гараар зүү ороож хийсэн хөөрөгний даалин хулгайд алдагдсан байсан. Манай дүү камерын бичлэг шүүж үзээд цагаан малгайтай настай хүн байна гэж байсан. Би даалингаа биет байдлаар эргүүлж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хх 16/,

Гэрч Б.- өгсөн: Би шинэ зах дээр түрээсийн лангуун дээрээ ажилтай байсан юм. Энэ лангууг ээж минь түрээсэлдэг. Тэгээд шилэн лангуу дээрээ 5 ширхэг даалин давхарлаад тавьчихсан байсан чинь 1 ширхэг нь алга болчихсон байсан. Зах дээр хүний хөдөлгөөн ихтэй байсан учраас лангууныхаа ард юм хийж байгаад даалин алга болох үед мэдээгүй, хэн авсныг нь анзаараагүй юм. Тэгээд захын хяналтын камер шүүж үзэхэд настай эмэгтэй хуйлаад аваад явж байгаа бичлэг байсан гэх мэдүүлэг /хх 17/,

   Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 12/, “Капитал Зууч” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “зүү ороож оёсон хөөрөгний даалин /шинэ/ зах зээлийн өнөөгийн үнэ нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 500 000 /таван зуун мянга/ төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 22-23/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Х.У-ын дээрх үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Хохирогч П.Э- нь алдагдсан хөөрөгний даалингаа буцааж авсан болох нь хавтаст хэргийн 12-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.У-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Х.У- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

   Шүүгдэгч Х.У- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 34/ тогтоогдож байна.

 

   Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.У-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Шүүгдэгч Х.У-ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   4.Эрүүгийн 1918000000071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

   5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ