Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 275

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: “МТ Төв” ХХК-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 36-2-13 тоотод оршин суух, Б.Нэргүйд холбогдох,

“60 ширхэг мөнгөн талон болох 1200000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МТ Төв” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Өвөрхангай аймаг дахь ШТС-34 дүгээр салбарын эрхлэгч С.Нэргүйд 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 30000000 төгрөгний мөнгөн талоноос 433442-434441 сери дугаар бүхий 1000 ширхэг 20000 мянгатын мөнгөн талон бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл эрхлэгч С.Нэргүй нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны  02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 434293-434352 сери дугаар бүхий 20000 мянгатын 60 ширхэг шатахуун талон хулгайд алдсан гэж төв компани руу утсаар мэдэгдэж, компанаас цагдаад гомдол бичиж өг гэсний дагуу тус аймгийн цагдаагийн газарт гомдол гарсан. С.Нэргүй нь мөнгөн талон алдагдсан даруйд цагдаад гомдол гаргаагүйгээс хугацаа алдаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар гомдлыг шалгаад 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 145.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, 201515000073 дугаартай хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 134 дугаар прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дуусч, сэжигтэн яллагдагчаар татвал зохих этгээд тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь С.Нэргүйгийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж байгаа тул С.Нэргүйгээс 1200000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь “МТ Төв” ХХК-ны нэхэмжилж байгаа 1200000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний ажиллаж байх үеийн цалин 950000 төгрөгийг аваагүй байгаа түүнийг суутгуулаад үлдэгдэл 250000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-нд төлж барагдуулах болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэ төлөөлэгч: Б.Баярсайхан шүүхэд гаргасан тайлбартаа манай компани хариуцагч Б.Нэргүйгээс 1200000 төгрөгийн хохиролыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу хариуцагч Б.Нэргүй нь компанид учруулсан хохиролоо бүрэн барагдуулахаа хүлээн зөвшөөрч хариу тайлбар өгсөн. Хариуцагч Б.Нэргүй нь хариу тайлбартаа цалингийн үлдэгдэл 950000 төгрөг “МТ Төв” ХХК-нд байгаа тул түүнийгээ суутгуулаад үлдэгдэл 250000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулан гэсэн байна. Иймд манай компани нь дээрх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“МТ Төв” ХХК-ны нь “Б.Нэргүйд холбогдуулан 1200000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

    Хариуцагч Б.Нэргүй нэхэмжлэлийн шаардлага болох 1200000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тус тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “МТ Төв” ХХК-ны “1200000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Нэргүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 16675 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас 16675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                                      ШҮҮГЧ                                   Д.МӨНХТУЯА