Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 75

 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

   Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

   Шүүгдэгч В.Ө-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч В-Ө-т холбогдох эрүүгийн 1818007790010 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, В-Ө-, 1978 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

   Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч В-Ө- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

    Шүүгдэгч В-Ө- нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн М.Л-ыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх зарын дагуу хуурч 1 770 000 төгрөг авсан болох нь

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

     Шүүгдэгч В-Ө-ийн өгсөн: Анх 2017 оны намар санагдаж байна, би өөрийн охин Б.З-гийн фэйсбүүк хаягаар “Дархан зар” зарын групп дээр “Солонгос улс руу гэрээгээр гарахад зуучилна” гэсэн утгатай зар тавьсан байсан. Энэ үеэр нэг эмэгтэй надтай танилцаж, тухайн хүнтэйгээ уулзахаар болсон. Тэр үед би Дарханд хүүхэдтэйгээ уулзахаар ирэх үедээ нөгөө утсаар танилцсан эмэгтэйтэй уулзсан. Тэр эмэгтэйтэй Дарханд гадуур уулзсан. Танилцсан эмэгтэй өөрийгөө М.Л-, эмнэлэгт ажилладаг талаараа ярьсан. Уулзаад бид хоёр Солонгост хэрхэн гарч ажиллах талаар ярилцсан. М.Л- урьд нь Солонгос явж байсан, дахиад гарах гэтэл элчин дээр татгалзсан хариу өгсөн, дахиад гарах боломжтой юу гэж надаас зөвлөгөө авсан. Тэгэхээр нь би тэр явуулдаг хүн нь бишээ, харин надад тусалдаг хүн байгаа. Би чиний гадаад паспортыг аваад явъя. Цаад хүндээ үзүүлье гэж хэлээд гэрийнх нь гаднаас маргааш өглөө нь аваад хот руу явсан. Тэгээд хотод очоод би зуучилдаг хүндээ М.Л-гийн гадаад паспортыг үзүүлтэл шинээр гадаад паспорт аваад орж болноо гэж хэлснийг би М.Л-д хэлсэн. Тэгээд М.Л- бид хоёр холбогдоогүй. Учир нь би тэр үед Солонгос улс руу гараад явчихсан байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 28-нд гараад 2018 оны 3 дугаар сарын 18-нд ирсэн. Намайг Солонгос улсад байх үед буюу 2018 оны 01 дүгээр сард М.Л- холбогдоод одоо визэндээ оръёо, цагаан сарын дараа болох уу дараа нь болох уу гэхээр нь би өөрөө мэд гэсэн. Тэгээд М.Л- цагаан сарын өмнө визэнд орохоор болсон. Би М.Л-д зуучлалын хөлс 500 000 төгрөг болно гэж хэлэхэд М.Л- надад данс руу чинь мөнгө хийе гэж хэлсэн. Ингээд би охин Б.З-гийн дансыг фэйсбүүк чатаар явуулаад өгсөн. Тэгсэн чинь М.Л- манай охин Б.З-гийн данс руу 2018 оны 02 дугаар сарын 5-нд билүү 6-нд 350 000 төгрөг хийсэн. Би тухайн үедээ охин Б.З-д М.Л- эгч нь мөнгө хийнэ гэж хэлж байсан. Энэ 350 000 төгрөгийн ажил бүтээгүй. Нэг ёсондоо виз нь гараагүй тул 300 000 төгрөгийг манай охин Б.З- М.Л-гийн данс руу хэд хоногийн дараа буцааж өгсөн. Ингээд байж байгаад 2018 оны 6 дугаар сард М.Л- надтай дахин холбогдоод одоо визэнд орвол яах бол гэхээр нь би болно гэж хэлсэн. Ингээд М.Л- бид хоёр 2018 оны 6 дугаар сард Улаанбаатарт уулзацагаасан. Бид хоёр тухайн үед Сүнжингранд зочид буудалд Солонгос явах материалаа өгсөн. Материал өгсөн даруй цаад байгууллагаас нь хариу олгох бүртгэлийн код өгсөн. Тэр кодыг М.Л- надад өгсөн. Тэгээд Сүнжингранд зочид буудлаас гараад М.Л- миний 5091146129 дугаарын Хаан банкны данс руу 420 000 төгрөгийг мобайл банкаар хийсэн. Сүнжингранд зочид буудалд Солонгосын албан ёсны төлөөлөн удирдах, визний газар байдаг. Ингээд би кодыг нь аваад ажлыг нь амжуулахаар болсон. Би тэр мөнгийг аваад виз гаргахад зуучилдаг хүндээ кодоо өгсөн. Ингээд хүлээж байгаад 2018 оны 7 дугаар сарын сүүлээр татгалзсан хариуг М.Л- интернетээр шалгаад над руу ярьсан. Тэрнээс өмнө 2018 оны 7 дугаар сарын эхээр 1 000 000 /нэг сая/ төгрөгийг М.Л- манай нөхөр Г.Р-ын Голомт банкны данс руу хийсэн. Тэр мөнгө бол визэнд ороход зуучлах учиртай мөнгө. Үүнээс хойш би М.Л-д туслах гэсэн боловч, цаанаа виз нь гарахгүй байнаа. Мөнгийг нь буцаагаад өгье гэхээр би өөрөө ажилгүй тул бөөнөөр өгч чадахгүй, цувуулаад хагасалж өгье гэж уг нь ярилцсан байгаа. Одоогоор би М.Л-д 1 220 000 төгрөг өгөх ёстой нь үнэн. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй гэх мэдүүлэг,

 

   Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч  М.Л-ын өгсөн: Би 2017 оны намар 10 сарын үед фэйсбүүкээ үзээд сууж байтал Өлзиймаа Өлзиймаа гэх хаягнаас “Солонгосын визэнд зуучилна, виз гаргахад тусална” гэх зар байсны дагуу фэйсбүүкээрээ тэр хаягтай чатаар харьцсан. Тэгээд тэр хүн надад 88076396 дугаарын утас өгөөд залгаж ярь гэсэн. Ингээд бид хоёр утсаар яриад 2017 оны 10 дугаар сардаа Дархан сумын 11 дүгээр багийн 18 дугаар байрны урд талын цэцэрлэгт уулзсан. Уулзахад тэр хүн өөрийгөө В-Ө- гэж танилцуулсан, 40 гаран насны хүн байсан. Мөн түүнтэй цуг Б.З- гэх жижигхэн бор охинтой хамт ирсэн. Тухайн үед тэр В-Ө- гэх хүн охин Б.З-гаа Дарханы Анагаахын их сургуульд шинээр оюутан болон ирж байгаа. Бид Эрдэнэтийнх гэхдээ Дарханд суурьшиж байгаа хүмүүс гэж хэлж байсан. Тэгээд тэр уулзалтын үеэр тэр В-Ө- гэх хүн би Хөвсгөлөөс, Эрдэнэтээс хэд хэдэн хүн Солонгос гаргасан гэж ярихаар охин нь гэх Б.З- нь харин тийм тэр хүн ингэж гарсан байна, энэ хүн тэгж гарсан байна гэх зэргээр ээжийнхээ яриаг дэмжиж байсан. Ингээд би энэ хүмүүстэй холбоо тогтоосон. Би ч энэ хүмүүст итгэсэн. Ингээд би 2018 оны 02 дугаар сард Улаанбаатар хотод Солонгосын виз мэдүүлсэн. Виз мэдүүлэхээсээ өмнө 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би В-Ө-т Солонгосын визэнд орох гэж байна гэж хэлэхэд манай охин чам руу ярина. Чи манай охины өгсөн дансанд 350 000 төгрөг хийгээрэй гэж хэлсэн. Тухайн үед В-Ө- Солонгос улсад байсан. Тэгээд Б.З- нь над руу мессежээр Хаан банкны 5067416881 дугаарын данс өгөхөөр нь 350 000 төгрөгийг хийсэн. Тэгээд энэ виз гараагүй тул 2018 оны 4 дүгээр сард 300 000 төгрөгөө авсан. Энэнээс хойш бид холбоотой л байсан. Ингээд би 2018 оны 6 дугаар сард дахин Солонгосын визэнд орсон. Тухайн үед В-Ө- одоо бол найдвартай, мөнгөө өгчих, би найдвартай хүнд хэлсэн байгаа, манай дүү ажилладаг, ямар ч асуудалгүй чиний юмыг гаргаад өгнөө гэж хэлсэн. Үүнээс хойш 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр В-Ө-ийн нөхөр Г.Р- гэх хүний 401500303 дугаарын Голомт банкны дансанд би 1 000 000 төгрөгийг би өөрийнхөө Голомт банкны 4305117371 данснаас  мобайл банк ашиглаж шилжүүлсэн. Энэ асуудлын дараа 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр В-Ө- бид хоёр утсаар ярьж 13-ны өглөө Улаанбаатарт уулзъя гэж тохирсон. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өглөө Улаанбаатар хотын Сүнжингранд зочид буудалд уулзаж В-Ө- миний регистрийн дугаарыг аваад виз мэдүүлэх дугаар тасалбар, дараалал авсан байсан. Одоо ороод өгчих би захиж хэлсэн ямар нэгэн асуудал байхгүй гэсэн. Ингээд би орж мэдүүлж, материалаа өгчихөөд гарч ирээд В-Ө-ийн Хаан банкны 5091146129 дугаарын дансанд өөрийн Хаан банкны 5055063936 дугаарын данснаасаа 420 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ 420 000 төгрөг визний асуудлыг зохицуулж өгч байгаа хүмүүсийн мөнгө юм шүү гэж В-Ө- надад хэлж авсан. Ингээд би 2018 оны 7 дугаар сарын 20 гараад В-Ө- над руу залгаад виз чинь гарсан ширээн дээр байна дахиад хөшүүрэг хэдэн төгрөг хэрэг болоод байна, 500 000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өмнөх асуудлаа шийдүүлээгүй байж дахиж мөнгө өгч чадахгүй, миний виз гарчихвал болох байхаа гэж хэлсэн. Тэгэхэд В-Ө- харин тийм байх хөгшөөн за за гээд л утсаа тасалсан. Энэ ярианаас хойш 2, 3 хоногийн дараа өөрийнхөө визний хариуг Солонгосын элчингийн хаягаар шалгасан чинь татгалзсан мэдээлэл байсан. Тэгэхээр нь би В-Ө- рүү зөндөө залгасан утсаа авахгүй байж байгаад нэг авснаа “тийм зүйл байхгүйдээ ямар сонин юм. Өргөдөл бичээд буцааж оруулаад виз чинь гарна, виз гаргадаг дүү маань аваарт ороод нас барсан. Ямар ч байсан чиний асуудлыг шийдэж өгнө" гэж хэлсэн. Тэгээд л утас нь холбогдохгүй болсон. Тэгээд хэд хоногоос нь Улаанбаатарын Сүнжингранд зочид буудлын виз мэдүүлэх газарт очоод үзтэл миний виз гараагүй гадаад паспортьг буцаасан байсан гэх мэдүүлэг /хх 13-14/,

Гэрч Ц.Б.З-гийн өгсөн: Миний ээж В-Ө- нь Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Солонгос улс руу нисээд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Монголд ирсэн. Миний ээж Солонгос улсад байхад миний төлбөр нэхэгдсэн. Тэгээд би ээжээс тал төлбөр болох 350,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд М.Л- гэдэг хүн мөнгө өгнө миний охин М.Л-ын дугаар луу дансаа мессэжээр явуул гэж хэлсэн. Тэгэхээр би дансаа явуулсан юм. Тэгээд Л- эгчээс 350,000 төгрөг авсан. Надад ээж М.Л- эгч нь надад 350,000 төгрөг өгөх ёстой гэж хэлсэн. Би ямар учиртай мөнгө орж ирж байгаа талаар мэдэхгүй. Би анх ээжийг М.Л- эгчтэй уулзаж байхад би ярианд нь ерөөсөө оролцоогүй. Би ээжийнхээ хажууд зүгээр зогсож байсан. Би визны талаар ерөөсөө мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 18/,

Гэрч Б.Г.Р-ын өгсөн: Миний эхнэр В-Ө- 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр намайг ажил дээрээ байхад Голомт банкны дансаа өгөөч хүний визны 1 000 000 төгрөг авч хүнд өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд над руу визны мөнгө шилжүүлэх гэж байгаа хүн нь Голомт банкны данс өгчих гээд байна гэж хэлээд миний дансыг авсан. Эхнэрийн надад ярьснаар нэг  хүн Солонгос улс руу гаргах хүн байвал олоод өгчих гэж хэлсэн. Тэгээд Дархан-Уул аймагт амьдардаг М.Л- гэдэг хүний гаргаж өгөх гэж байгаад виз нь бүтээгүй гэж хэлсэн. Би сүүлд 2018 оны 10 дугаар сард М.Л- гэдэг хүүхэн рүү яриад чиний хохирлыг барагдуулна манай эхнэр ажилгүй байгаа болохоор би цалингийн зээл авч байгаад өгнө гэж хэлсэн. Одоо М.Л-д 300 000 төгрөг дутуу байгаа бусдыг нь бага багаар барагдуулсан гэх мэдүүлэг /хх 19/,

   Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 7/, М.Л-ын Хаан банкны депозит дансны хуулга /хх 28-31/, В-Ө-ийн депозит дансны хуулга /хх 46-61/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч В-Ө-ийн дээрх үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Шүүгдэгч В-Ө- нь хохирогчид 1 220 000 төгрөгийн хохиролтой байсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч дээрх хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч В-Ө- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

   Шүүгдэгч В-Ө- нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 42/ тогтоогдож байна.

 

   Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч В-Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч В-Ө-т хорих ял оногдуулахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч В-Ө-ийн тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хууль бус визний үйл ажиллагаа эрхлэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч В-Ө- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч В-Ө-ийн тэнссэн 2 жилийн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   5.Эрүүгийн 1818007790010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В-Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ