Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00876

 

С.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00580 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 834 дүгээр магадлалтай,

С.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй,

У.Саранцэцэгт холбогдох,

Гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 8.800.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

хохиролд 13.028.300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Тоёота Приус маркийн 81-27 УББ улсын дугаартай суудлын автомашиныг 14.000.000 төгрөгөөр түрээсийн гэрээгээр худалдан авахаар У.Саранцэцэгтэй харилцан тохиролцож, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр урьдчилгаанд 3.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 11.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 24-нөөс 2016 оны 03 дугаар 25-ны өдөр хүртэл 9 сарын хугацаатай, өдөрт 50.000 төгрөг төлөхөөр тохирон гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 5.100.000 орчим төгрөг төлсөн. Үүнээс 1.000.000 орчим төгрөгийн баримт дутаж алга болсон. Өөрт байх баримтыг жагсаавал нийт 4.095.000 төгрөг болж байна. Би 2015.06.25-ны өдрөөс хойш 5.100.000 орчим төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 5.905.000 төгрөг дутуу байхад У.Саранцэцэг 2016.06.17-ны өдөр ирээд машиныг авч явсан. Энэхүү үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа тул түүнээс 8.100.000 төгрөг, уг машинд хийсэн сервис үйлчилгээ болон амортизатор, пүрш, карданы засвар, 4 ширхэг дугуй, ухрах камер, суудлын бүрээс, шалавч худалдан авсны зардалд зарцуулсан 700.000 төгрөг, нийт 8.800.000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний дагуу У.Саранцэцэг нь өөрийн эзэмшилд байсан Toyota Prius маркийн 81-27 УББ улсын дугаартай, 14.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг түрээсийн нөхцөлтэйгөөр С.Оюунбилэгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар түрээсийн хугацаа 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон,  С.Оюунбилэг түрээсийн хугацаанд 11.700.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг У.Саранцэцэгт төлөх үүргийг хүлээсэн. У.Саранцэцэгийн эзэмшлийн машиныг С.Оюунбилэг өөрийн эзэмшилдээ байлгаж ашигласан нийт хугацаанд ногдох түрээсийн төлбөр 15.600.000 төгрөг болж байна. С.Оюунбилэг 19 удаагийн шилжүүлгээр нийт 2.100.000 төгрөгийг төлсөн ба машин эзэмшиж, ашигласан түрээсийн гэрээний төлбөрт тооцон У.Саранцэцэгт төлөх ёстой түрээсийн үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тогтоосон түрээсийн хугацаагаар тооцвол 9.600.000 төгрөг, машиныг эзэмшилдээ байлгаж ашигласан нийт хугацаагаар тооцвол 13.500.000 төгрөг болж байна.

У.Саранцэцэг нь түрээсийн гэрээний хугацаанд машиныг С.Оюунбилэгт бүрэн эзэмшүүлэн ашиглуулж, улмаар түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 3 сарын дараа өөрийн эзэмшлийн машиныг буцаан авсан үйлдлийг  Автомашин түрээслэх гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд зааснаар С.Оюунбилэг нь машиныг эзэмшиж, ашиглах хугацаандаа уг машины техникийн урсгал засвар үйлчилгээ болон учирсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлах үүргийг хүлээсэн байна. Гэтэл машиныг өөрийн эзэмшилд байлгаж, ашиглах хугацаандаа машинд засвар үйлчилгээ хийсэн, эвдрэл гэмтлийг засварласан, сэлбэг хэрэгсэл авсан гэх зардлаа нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Оюунбилэг нь У.Саранцэцэгийн эзэмшлийн Toyota prius маркийн 81-27 УББ улсын дугаартай машиныг түрээсээр эзэмшиж байхдаа  зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж, нийт 23 удаагийн зөрчил гаргаж, нийт 516.800 төгрөгийн торгууль ногдуулсан байсныг эрх бүхий байгууллагын шаардлагаар У.Саранцэцэг төлж барагдуулсан.

Иймд С.Оюунбилэгээс түрээсийн үлдэгдэл төлбөр 12.500.000 төгрөг, торгуулийн төлбөр 516.800 төгрөг, 23 удаагийн банкны гүйлгээний шимтгэл 11.500, нийт 13.028.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Оюунбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: машиныг буцаан өгсөн тул У.Саранцэцэгт төлсөн 8.800.000 төгрөгийг буцаан өгөх нь бодит байдалд нийцнэ. Харин торгуулийг У.Саранцэцэг төлсөн байх тул нэхэмжлэлээс 528.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00580 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч У.Саранцэцэгээс 2.806.700 /хоёр сая найман зуун зургаан мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5.993.300 /таван сая есөн зуун ерэн гурван мянга гурван зуун/ төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12.500.000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155.750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.091 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч У.Саранцэцэгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 59.858 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 834 дүгээр магадлалаар:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00580 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Саранцэцэгээс 6.245.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.555.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Оюунбилгээс 528.000 төгрөг гаргуулж хариуцагч У.Саранцэцэгт олгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “59.858” гэснийг “114.870”, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгч С.Оюунбилэгтээс 16.490 төгрөгийг гаргуулж хариуцагч У.Саранцэцэгт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Саранцэцэгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 66.900 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.31-ний өдрийн 834 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь С.Оюунбилэгийг 3.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн гэж үзэн уг төлбөрийг У.Саранцэцэгээс гаргуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. С.Оюунбилэг нь 2015.06.24-ний өдрийн гэрээний дагуу 3.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг У.Саранцэцэгт төлөх үүрэгтэй байсан боловч тэрээр уг урьдчилгаа төлбөрийг төлөлгүй, эхнээсээ л гэрээгээ зөрчиж, 1.000.000 төгрөгийн төлбөрийг У.Саранцэцэгт төлсөн. Мөн С.Оюунбилэгийн ээж гэх хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож, мэдүүлэг өгөхдөө талууд гэрээ байгуулсны дараа С.Оюунбилэг нь 1.000.000 төгрөгийг У.Саранцэцэгт өгсөн гэж гэрчилсэн.

Талуудын хооронд 2015.06.24-ний өдөр байгуулсан авто машин түрээслэх гэрээнд зээлийн хүү тогтоосон ямар нэгэн зүйл, заалт огт байхгүй.

У.Саранцэцэгийн зүгээс өөрөө санаачлан гэрээнээс татгалзаж, машинаа хураан авсан зүйл огт байхгүй. У.Саранцэцэг нь оршин суудаг гэх хаягтаа байдаггүй. С.Оюунбилэг нь машинаа унан зугтаж байгаад сүүлдээ өөрийгөө буугаад зугтсан учраас ирэхийг нь хүлээж 1 цаг орчим болсны дараа арга буюу машинаа авч явсан байдаг.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.10-ны өдрийн 101/ШШ2017/00580 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.31-ний өдрийн 834 дугаартай магадлалд “хариуцагч У.Саранцэцэгээс 6.245.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгуулах”-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүйд тооцох, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.10-ны өдрийн 101/ШШ2017/00580 дугаартай шийдвэрийн "хариуцагч У.Саранцэцэгээс 3.245.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгуулах”-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүйд тооцож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.  

С.Оюунбилэг нь У.Саранцэцэгийн өмчлөлийн 14.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Приус маркийн 81-27 УББ улсын дугаартай суудлын автомашиныг 9 сарын хугацаанд өдөр бүр 50.000 төгрөг төлөхөөр тохирч, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Автомашин түрээслэх гэрээ байгуулжээ. Тэрээр уг гэрээний дагуу тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашиглаж байсан ба хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр машиныг буцаан авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Зохигчид анхнаасаа автомашин худалдах-худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн ба гагцхүү машины үнийг тодорхой хугацааны туршид хэсэгчлэн  төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн тохиолдолд хэлэлцэн тохирсон үнийг төлөхийг худалдан авагчаас шаардах эрхтэй. 

Гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч машинаа буцаан авсныг буруутгах боломжгүй юм.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т заасан.

Нэхэмжлэгч гэрээ байгуулах үед машины урьдчилгаа төлбөрт 3.000.000 төгрөг, бэлнээр 1.000.000 төгрөг, мөн дансаар 2.245.000 төгрөг нийт 6.245.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна. Түүнчлэн С.Оюунбилэг нь сөрөг нэхэмжлэлээс 528.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд түрээсийн гэрээний үүрэгт 12.500.000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаа хариуцагч нотолж чадаагүй, нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан талаарх түүний тайлбар баримтаар нотлогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу тодорхойлж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 834 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 114.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ