Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 143

 

Б.С- холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар магадлалтай Б.С-д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ***, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Б-н С-.

Б.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол 109 дүгээр байрны 91 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.А-гийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ “...Тухайн гэмт хэрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулга байхгүй.

Шүүгдэгч Б.С- нь эхнэр Г.А-г гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж догшин авирлаж тарчлаасан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй.

Шүүгдэгч хохирогчийг ор үндэсгүй хардаж, биед нь халдан, гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.С- хохирогч Г.А- нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн лавлагаа, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан” гэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс “Хохирогч нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлж болохуйц ямар нэг маргах, зүй зохисгүй үйлдэл гаргаагүй байхад шүүгдэгч Б.С- нь шалтгаангүйгээр зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийхдээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль нэг үндэслэлийг байнга хийсэн тохиолдлыг ойлгох юм. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.С- нь өөрийн эхнэр Ариунааг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулж байнга зодож, харгис хэрцгий хандаж, догшин авирлаж, тарчлаасан нөхцөл байдал тогтоогддоггүй. Тухайн өдөр эхнэрээ бусадтай хардаж, хэл амаар доромжилж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт тогтоогддог. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд Б.С-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.С-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол, 109 дүгээр байрны 91 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.А-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Б.С-ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Б.С- болон түүний эхнэр Г.А- нарын гэр бүлийн талаарх харилцан хамаарлыг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарласан нь зөв боловч гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ хэдийгээр энэ нь нэг удаагийн шинжтэй үйлдэл байж болох боловч тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай юм.

Шүүгдэгч Б.С- нь өөрийн эхнэр Г.А-г гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаа, хамтын амьдралын хэв маяг, хардалтын улмаас гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, прокурор Д.Отгонбаярын бичсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн агуулгатай эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар магадлалд “Прокуророос Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.”,

“Шүүгдэгч Б.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

ДАРГАЛАГЧ                                        Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                             Б.ЦОГТ

                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН