Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0300

 

      

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр                   

Дугаар 221/МА2019/0300

                            Улаанбаатар хот

 

Г.З ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.З баатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0188 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн заалдах гомдлоор, Г.З ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0188 дугаар шийдвэрээр:

1 дэх заалтаар:Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Г.З ын Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

2 дах заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн шинжээчийн зардал 260.376 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд /Төрийн сан дахь 100900005007 данс/ олгуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.З  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:Шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа иргэн миний газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасан үйл ажиллагаа нь шудрага ёсны зарчим, хууль ёсны зарчим, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна гэж уг захирамж нь зорилгодоо болон бодит нөхцөл байдалд тохирохгүй байгааг шүүхээр хянуулахыг хүссэн билээ.

Шүүх Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дугаар захирамж болон үндэслэл, түүнийг гаргасан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж үүнээс дурдвал захиргааны байгууллага газар эзэмшигч Г.З ыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэлт хийж, А/54 дүгээр захирамжийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй байгаа тухай, нэхэмжлэгчийн тайлбар болон шинжээчийн дүгнэлтээр газрын байрлал эргэлтийн цэгийн хувьд тэгш биш гадаргууд, далан налуу байрлалд байгаа нь ашиглах боломжгүй байдлыг үүсгэж байсан тухай, энэ нь ашиглаагүй гэсэн үндэслэл болсон тухай, Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй тухай, барилгын зураг, архитектур төлөвлөлт даалгавар болон техникийн нөхцөл батлагдаж байсан, хотын төвд байрлалтай, нэхэмжлэгч хөрөнгө мөнгө боломж бололцоогоо шавхан байж газрын эрхийг худалдаж авсан нөхцөл байдал, иргэн дээрх нөхцөл байдлын шууд ашиглахад хүндрэлтэй боломжгүй байсан нөхцөл байдал, өнөөдрийн эдийн засгийн хүнд байдал, хажуу хөршийн барилга баригдсан нөхцөл байдал, газрын эрхийг 3.5 жилийн хугацаатайгаар байгуулсан гэрээнд итгэх итгэлтэй байсан, хажуу талын газар эзэмшигчээс уг газрыг авах тухай хүсэлтийг газрын албанд гаргаж байсан нөхцөл байдлын тухай, шүүх хуралдаан дээр нотлох баримт, хуулийн заалтын хамт тайлбар гаргасан боловч шүүх шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийгдсэнгүй.

    Шүүх дүгнэлтээ хийхдээ дээрх нөхцөл байдлыг, холбогдох хууль нотлох баримтыг үнэлж үзсэнгүй.

Нийслэлийн Засаг дарга болон түүний ажлын алба хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэхдээ зөвхөн хуульд нийцсэн, бодит байдлыг бүрэн тогтоосон, иргэний эрхийг хүндэтгэсэн, бүрэн бодитой ажиллагааны үндсэн дээр шийдвэр гаргаагүй.

Захиргааны байгууллага иргэнийг буруутгах, хохиролтой нөхцөл байдалд оруулах нөхцөлийн өмнө захиргаа өөрөө хуулийг бүрэн баримтлах нөхцөлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлээр зааж өгсөн байх тул миний гомдлын дагуу хэргийг бүхэлд хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны дээрх шийдвэрийн улмаас хөндөгдсөн нэхэмжлэгчийн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв хэрэглэж  хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Г.З  “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442 дугаар захирамжаар иргэн Г.Ж д Баянзүрх дүүргийн 3-р хороонд байрлах 140 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/977 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг нь 5 жилийн хугацаагаар сунгажээ. Улмаар Г.Ж  нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшиж буй газар эзэмших эрхээ иргэн Г.З од шилжүүлэхээр тохиролцож, Г.З оос 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан байна. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжаар шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 140 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар, 3 жил 05 сарын хугацаагаар нэхэмжлэгч Г.З од эзэмшүүлж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн огноо бүхий 000548883 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ. Энэ үеэс эхлэн тухай газрыг зориулалтын дагуу дараалан 2 жил ашиглаагүй гэсэн хугацааг тооцох ёстой.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар  2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Г.З од Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрх үүрэг шилжсэн гэж анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар газрын талбайн хэмжээг зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлсэн, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.З ын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн баруун хойд талд байрлах 140 м.кв, үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгчийн зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэх хугацааг тооцон үзвэл 2 жил 6 сар 17 хоног болж байна. 

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэл бүрдсэн байна.

Мөн шүүхийн зүгээс тухайн газар болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын албаны архив, бичиг хэрэгт болон маргаан бүхий газарт газрын үзлэг хийсний дүнд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан, захирамжид дурдагдсан хашаагаа томруулсан зөрчил нь тогтоогдсон байна. Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, нөхцөл байдлыг тодруулж, хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж тайлбарлаж холбогдох зөвшөөрлийг хөөцөлдөж байсан, тухайн газар нь 2 төвшний газар байсан зэрэг тайлбарыг гаргасан байна. Гэвч шаардлагатай хуульд заасан зөвшөөрлийг авах талаар нэхэмжлэгч Г.З  бус харин өмнөх газар эзэмшигч зохих зөвшөөрлийг авахаар холбогдох байгууллагуудад хандаж байжээ. Тухайлбал иргэн Г.Ж нь өөрийн эзэмшиж байсан газартаа амины сууц бүхий хөгжмийн сургалтын төв барих зорилгоор: 

- 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраар 1.13 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулан,

- 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссоос 373/13 дугаар техникийн нөхцөл,

- 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 30 дугаар техникийн тодруулга,

- 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн Техникийн нөхцөл олгох комиссоос 169/2014 дугаар техникийн нөхцөл,

-2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас 3842/2014 техникийн нөхцөл зэргийг тус тус авсан байна. 

Харин газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан иргэн Г.З ын тухайд “хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж шүүх тооцож болохуйц нөхцөл байдал үгүй байна. 

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР 

         ШҮҮГЧ                                    Н.ХОНИНХҮҮ

         ШҮҮГЧ                                    Э.ЗОРИГТБААТАР