Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 174

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.О ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/32 дугаар тушаалын С.О д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О , өмгөөлөгч Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Татварын ерөнхий газарт Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газрын дарга бөгөөд татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллаж байх үед Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний 501 дүгээр тогтоол гарч, энэ дагуу Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэн зохион байгуулж Гааль, татварын ерөнхий газар болгосонтой холбоотойгоор би тус байгууллагын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга бөгөөд татварын улсын ахлах байцаагч албан тушаалд шилжүүлэн томилогдож, үргэлжлүүлэн ажилласан.

Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2016 оны 12 дугаар тогтоол, үүнийг үндэслэж Засгийн газрын “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 04 дүгээр тогтоол гарч, уг тогтоолын 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтад зааснаар Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг тус тус зохион байгуулж ажиллуулахаар, 2 дахь заалтаар нь агентлагуудын орон тооны хязгаарыг нь 2 дугаар хавсралтаар баталсныг, 3 дахь заалтаар нь үүнтэй холбогдуулан “Гааль, татварын ерөнхий газар”-ыг татан буулгаж, 4 дэх заалтаар нь “Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Ч, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Б холбогдох бусад сайд нарт даалгасугай " гэж тус тус тодорхойлон заасан байдаг.

Үүний дараа Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаал гарган, тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2, 3 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгож, уг тушаалын 1, 2 дахь заалтаараа Гааль, татварын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.О ...нарыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, ажлыг хүлээлцүүлж, холбогдох тооцоог хийж дуусгахыг үүрэг болгосон болно.

Миний бие дээрх Б/32 дугаар тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гардаж авснаар Гааль, татварын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн байгааг тодруулахад тухайн үеийн Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалаар тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.О намайг үүрэгт ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан ба уг тушаалын 1, 2, 3, 4 дэх заалтуудад нь тодорхой дурьдсанаар Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар албан хаагчдыг томилогдох хүртэл хугацаанд ийнхүү түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалд албан хаагчдыг томилсон болохыг олж мэдсэн ба энэхүү тушаал нь Улсын Их Хурлын тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдаж, энэ дагуу Гааль, татварын ерөнхий газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдах болсонтой холбоотойгоор энэ шилжилтийн хугацаанд төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг хангах зорилгоор Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн тушаал гэж мэдэж авсан юм.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн боловч тухайн өдрөөр буцаан томилоогүй нь, үүгээрээ ямар нэг үндэслэл шалтгаангүйгээр хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. 

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.З-гийн 2016 оны Б/32 дугаар тушаал, уг тушаалд үндэслэл болгосон хууль, тогтоолын зүйл заалтууд нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар иргэн миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан үндсэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн албан хаагч болохын хувьд төрөөс энэ баталгааг хангаж зохицуулсан хуулийн зохицуулалт, заалт гэж ойлгож байгаа бөгөөд уг хуулийн 27.2.4 дэх заалтад зааснаар төрийн жинхэнэ албан хаагч болох миний хувьд ажлаас чөлөөлөгдөх үндэслэлийг тодорхойлж буй хуулийн заалт бус харин ч чөлөөлөгдөх тэр тохиолдол үүсэх үед миний эдлэх баталгааг хангаж хамгаалах заалт юм.

Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны 4 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх заалтууд нь тушаалдаа үндэслэл болгоод буй хуулийн болон тогтоолын энэхүү зүйл заалтууд нь ажлаас чөлөөлөх шалтгаан үндэслэлийг бус харин албан хаагчийн ажлын байрны баталгааг хангасан талаарх зүйл заалтууд буюу Гааль, татварын ерөнхий газар татан буугдаж Гаалийн ерөнхий газар. Татварын ерөнхий газар болж зохион байгуулагдаж байгааг, үүнтэй холбогдуулан чиг үүрэг нь шилжиж байгаа Татварын ерөнхий газарт миний бие орон тоо, чиг үүргийн дагуу шилжих болохыг зохицуулсан заалт болно.

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 301, 302 дугаар тушаалаар Гаалийн байгууллагын орон тоо 1450, Татварын байгууллагын орон тоо 1823, Татварын ерөнхий газрын орон тоо 110, Гаалийн ерөнхий газрын орон тоо 94 буюу 2 байгууллагын хэмжээнд өмнө батлагдаж байсан орон тооноос нийт 171 орон тоо илүү, 2 байгууллагын Ерөнхий газрын хэмжээнд нь 20 орон тоог илүүгээр баталж өгсөн байгаа нь байгууллагын орон тоо хасагдаагүй байна. 

Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги. Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай” 03 дугаар тушаалаар Гааль, татварын ерөнхий газар нь зохион байгуулалтын бүтцийн нэгж Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартай байсан бөгөөд Татварын ерөнхий газар болж зохион байгуулагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай” 301 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж Дотоод аудитын газартай байхаар батлагдсан. Сангийн сайдын тушаалаар батлагдсан дээрх 2 зохион байгуулалтын бүтцийн өөрчлөптийн хөтөлбөрт туссан, дээрх 2 газрын чиг үурэг нь ижил буюу өөрөөр хэлбэл нэгжийн нэршил өөрчлөгдсөнөөс өөр өөрчлөлт ороогүй. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаал буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь бүгд хэвээр үргэлжлэн хадгалагдан үлдсэн тул дээр заасан үндэслэлүүдээр Төрийн албаны тухай хуульд зааснаар миний бие уг албан тушаалд үргэлжлэн ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.

Иймд Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын С.О д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлээр агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт агентлагийн өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсан.

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан “Засгийн газрын агентлагийн талаах авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолоор Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгасан. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад “Төрийн байгууллага татан буугдсан...” гэдгийг Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 16 дахь хэсэгт “Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу ойлгоно” гэжээ. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “хуулийн этгээдийг татан буулгах үндэслэлүүд”-ийг заасан байх бөгөөд 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтад “хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол татан буулгах”-аар заасан байна. 

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгасан тул эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан гэж үзнэ. Төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нь өөр ажил, албан тушаалд шилжих эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах нэмэгдэл баталгаагаар хангагдахаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад хуульчилсан байна.

Хуучнаар Гааль, татварын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.О ы амаар гаргасан хүсэлтийн дагуу Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар нэг удаагийн тэтгэлэг 2,686,730 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн тул түүний эрх ашиг зөрчигдөөгүй. Улсын Их Хурлын 2016 оны намрын чуулганаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад өөрлөлт оруулж 6 сарын тэтгэлгийн хэмжээг 3 болгож өөрчилсөн. 

Гааль, татварын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод зааснаар “ажлын байрны гол үйл ажиллагааны 1 дүгээр зорилтын хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон гааль, татварын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн гаалийн байгууллагаас баталсан бодлогын баримт бичиг, стандарт, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ үнэлгээ хийхээр” заасан бол Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод дээр дурьдсан чиг үүрэг өөрчлөгдөж “Татварын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичигт татварын талаар тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, үр дүнг нэгтгэн тайлагнах, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж удирдлагыг мэдээллээр хангах”-аар заасан.

Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн байх тул “зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаал буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь бүгд хэвээр үргэлжлэн хадгалагдсан” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С.О ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.О нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/32 дугаар тушаалын С.О д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах” гэж тодорхойлжээ.

Маргаан бүхий акт болох Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/32 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.4, 271.6.9, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 2, 3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Гааль, татварын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.О , ...нарыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар  тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулж Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр  тогтоолын 1 дэх заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар тус тус өөрчлөн байгуулагдаж, 3 дахь заалтаар Гааль, Татварын ерөнхий газрыг татан буулгажээ.

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр  тушаалаар Улсын Их Хурлаас “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, тус газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж тус тус өөрчлөн байгуулагдсантай холбогдуулж Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл С.О ыг Гааль, татварын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. 

Улмаар Сангийн Сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр  тушаалаар Татварын ерөнхий газрын батлагдсан орон тоонд багтаан Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг Төрийн захиргааны удирдлагын газар, Татварын орлогын газар, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газар, Татвар төлөгчтэй харилцах газар, Татварын хяналт шалгалт, арга зүйн газар, Дотоод аудитын газар, Эрсдэлийн удирдлагын газар, Хуулийн хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй байхаар баталжээ.

Өмнөх Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар  тушаалаар батлагдсан Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж “Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар” нь дээрх Сангийн Сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр тушаалаар “Дотоод аудитын газар” гэж зөвхөн нэгжийн нэршил нь өөрчлөгдсөн байх ба мөн тус Газрын даргын орон тоо хасагдаагүй, албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч С.О ыг үүрэг ажлаас чөлөөлсөн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), ...боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын Ажлын байрны тодорхойлолт -ыг Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Дотоод аудитын газрын даргын Ажлын байрны тодорхойлолттой  харьцуулан үзэхэд тухайн нэгжийн нэршил өөрчлөгдөж Дотоод аудитын газар болсон байх бөгөөд ажлын байрны нэр, албан тушаалын ангилал, зэрэглэл, үндсэн чиг үүрэг буюу ажлын байрны зорилго, зорилтууд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх ажлын байрны тодорхойлолтууд, Сангийн Сайдын 2016 оны 301 дүгээр тушаал, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/56 дугаар тушаал  зэрэг баримтуудаар нотлогдож байх тул маргаан бүхий акт хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ. 

Хариуцагчаас Дотоод аудитын газрын даргын Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн. Тухайлбал, Гааль, татварын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын Ажлын байрны тодорхойлолтын 3-д заасан Ажлын байрны гол үйл ажиллагааны 1 дүгээр зорилтын хүрээнд 1.1-д “Монгол Улсын нэгдэн орсон гааль, татварын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн гаалийн байгууллагаас баталсан бодлогын баримт бичиг, стандарт, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх” гэж заасан чиг үүрэг өөрчлөгдсөн хэмээн маргах боловч энэ чиг үүрэг нь зөвхөн Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай холбоотой тул хасагдсан ба харин бусад ажлын байрны зорилго, үндсэн зорилт, гол үйл ажиллагаа нь бүгд хэвээр байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчим хэрэгжээгүй гэж үзэхээр байна.   

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заажээ.

Хариуцагчаас С.О ы амаар гаргасан хүсэлтийн дагуу Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар С.О д 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 2.686.730 /хоёр сая зургаан зуун наяан зургаан мянга долоон зуун гуч/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн тул түүний эрх ашиг зөрчигдөөгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.  

Учир нь, гэрч Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.А шүүх хуралдаанд  “С.О над дээр орж ирэхдээ 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгчих гэж хэлсэн. Тэр үед манай өрөөнд Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Б******* байсан учир нотлох боломжтой“ гэж мэдүүлсэн бөгөөд дээрх үйл явдлын тухай гэрч Б.Б-ын  “Б.А, С.О хоёр хоорондоо ажлаас чөлөөлсөн тушаалын хуулийн заалттай холбоотой маргаж байсан. С.О нь ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж авах, өргөдөл бичиж өгөх тухай хэлээгүй, тийм яриагүй болоогүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Ч*******ын  “Б.А******* дарга тушаалтай холбоотой тэтгэмж хүссэн өргөдөл бич гэж хэлсэн. С.О шүүхдэнэ гэж хэлж байсан. Дараа нь би С.О даргын өрөөнд ороход би тэтгэмж авахгүй, шүүхэд хандана гэсэн зүйл ярьж байсан” гэх мэдүүлгээс үзэхэд гэрч Б.А*******ийн дээрх мэдүүлэг нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Харин нэхэмжлэгч С.О өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр “нэг удаагийн тэтгэлэг авах тухай” хүсэлтийг захиргааны байгууллагад амаар болон бичгээр гаргаагүй байхад захиргаа өөрийн санаачилгаар 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б/95 дугаар  тушаал гаргаж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 2.686.730 төгрөгийг түүний цалин, хөлс авч байсан данс руу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны 3159126000 дансны  орлогын гүйлгээний баримтаар тогтоогдож байна.  

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/32 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), ... боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, …” гэж заасантай нийцээгүйн улмаас нэхэмжлэгч С.О ы төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/32 дугаар тушаалын С.О д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.О ыг Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.О ы ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 10 хүртэлх нийт 6 сар 6 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 5.520.719 (таван сая таван зуун хорин мянга долоон зуун арван ес) төгрөг олгохоос нэг удаагийн тэтгэлэг 2.686.730 төгрөгийг хасч үлдэгдэл 2.833.989 (хоёр сая найман зуун гучин гурван мянга есөн зуун наян ес) төгрөгийг нэхэмжлэгч С.О д олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг тус тус баримтлан С.О ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/32 дугаар тушаалын С.О д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.О ыг Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О ы ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 10 хүртэлх нийт 6 сар 6 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 5.520.719 (таван сая таван зуун хорин мянга долоон зуун арван ес) төгрөг олгохоос нэг удаагийн тэтгэлэг 2.686.730 төгрөгийг хасч үлдэгдэл 2.833.989 (хоёр сая найман зуун гучин гурван мянга есөн зуун наян ес) төгрөгийг С.О д олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ЦЭЦЭГМАА