Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1413

 

Г.Удвалын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04272 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Удвалын

Хариуцагч “Капитал банк” ХХК-д холбогдох

           

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишигийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч  Г.Удвал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Капитал банкны Өмнөговь аймаг Ханбогд сумын тооцооны төвийн захирлаар, 3 сарын хугацаатай гэрээ байгуулан ажилд орсон. Намайг ажлаа хүлээн авч ажиллаж байх үед 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр Капитал банк /төв/-аас мэргэжилтэн н.Амартүвшин ирээд салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч хийж байхад нь би “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байна, одоо яах вэ” гэж асуухад тэрээр “тайлан мэдээгээ гаргаж өг” гэсний дагуу гаргаж өгсөн. Үүнээс хойш удалгүй Капитал банкны хүний нөөцөөс надад “таны ажилд орсон үед хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилчидтай хугацааг буруу тогтоож байгуулсан байна, хөдөлмөрийн гэрээний чинь нүүрийг солиод 6 сар болголоо шүү” гэсэн. Тухайн байгууллага анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа л гарын үсэг зуруулж аваад надад нэг хувийг өгөөгүй, өөрчилсөн гэрээгээ ч өгөөгүй, хөдөлмөрийн гэрээгээ авах тухай шаардлагаа тавихаар и-мэйл хаягаар чинь явуулсан гээд эх хувийг өгөөгүй. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 19-нд н.Амартүвшин ганцаараа ирээд намайг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар харуулж, танилцуулсан гэж гарын үсэг зуруулж, ажил хүлээж авсан. Мөн намайг Улаанбаатарт очоод төв банкнаас тушаалынхаа эх хувийг, тойрохоо зуруулсны дараа аваарай гэсэн. Үүнээс хойш тушаалынхаа эх хувь болон нийгмийн даатгалын дэвтрээ авах шаардлага гаргахаар тойрох хуудас дуусаагүй байна гээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Үүнээс болоод нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээр давхар хохирсон. Би Улаанбаатарт ирж Капитал банкнаас ажлаас чөлөөлсөн тушаалаа авахаар очиход 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүдний угтагч н.Баясгалангаас туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул ажлаас халлаа гэсэн байна. Миний бие Төрийн банкинд ажиллаж байх хугацаанд сонгон шалгаруулалт зарлаад түүнд нь шалгараад ажилд авах санал ирүүлсний дагуу ажилд орсон. Хэрэв ингэж халагдахаа мэдсэн бол зүгээр ажиллаж байсан газраасаа гарахгүй байсан. Миний бие нэг нас хүрээгүй хүүхэдтэй.

Намайг 2015 оны 10 сард ажлаас үндэслэлгүй чөлөөсний дараа буюу 12 дугаар сард Ханбогд тооцооны төвийн үйл ажиллагааг түр зогсоож, Говьсүмбэр салбарын тооцооны төвд шилжүүлсэн. Хэрэв намайг ажлаас чөлөөлөөгүй байсан бол Ханбогд тооцооны төвийн үйл ажиллагааг түр зогсоох үед надад өөр, адил чанарын албан тушаал өгөх байсан. Иймд, ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул Капитал банкны салбарын харьяа тооцооны төвийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д "Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй" гэсэн байдаг. Мөн надад 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 19-нийг хүртэл хугацааны цалинг 2016 оны 02 дугаар сард олгосон тул одоо 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 5 сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалинг олгуулахаар шаардаж байна. Ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 524 тоот тушаалаар, Г.Удвалыг Капитал банкны Өмнөговь салбарын харьяа Ханбогд тооцооны төвийн захирлаар түр томилогдон ажиллаж байсан. Г.Удвалын ажиллаж байх хугацаа буюу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд Капитал банкны Өмнөговь салбарт Дотоод аудитын газрын иж бүрэн шалгалт орсон. Уг шалгалтаар Г.Удвал нь "Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам"-ын хориглох заалт болох 13.15, "Зээлийн хороодын ажиллах журам"-ын, 5.11.1, 5.11.4 дэх заалтуудыг тус тус зөрчин өөрийн ээжийн дүү Х.Отгонжаргалд 14 сая төгрөгийн цалингийн зээлийг өөрөө судлан салбарын зээлийн хорооны хуралд танилцуулж шийдвэрлүүлсэн. Уг зээлийн журам зөрчин олгосны дараа барьцаа хөрөнгийн гэрчилгээг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээлцсэн гэх боловч эх хувиар нь 34 хоногийн дараа буюу 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр авчирч өгсөн байдаг. Энэ нь Капитал банкинд мөрдөгдөж буй "Зээлийн хувийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагааны журам"-ын 3.2.4 дэх заалтад заасан Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан цалингийн зээлийн хувьд дүн харгалзахгүйгээр зээлийн хувийн хэрэг бүртгэлийн албанд ирүүлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдлүүд гаргасан тул ажил олгогчийн зүгээс 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан түр хугацаатай хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн Г.Удвал ажиллаж байх хугацаандаа ёс зүйгүй байдал гаргаж байсан бөгөөд энэ талаар Ханбогд тооцооны төвийн ажилтан н.Амарбаяраас гомдол ирүүлж байсан. Гэвч ажил олгогчийн зүгээс хүнлэгээр хандаж ажлаас халаагүй, гагцхүү 6 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ажлаас чөлөөлсөн. Иймд Г.Удвалын нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.Удвалыг Капитал банкны салбарын харьяа тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан, Капитал банкнаас 4 384 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Удвалд олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүлйийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйийн 57.1 дэх хэсэгт заасныг баримлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Капитал банкнаас 155 300 төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн орон нутгийн төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын үндсэн дээр шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Учир нь Г.Удвалын цаашид мэргэжлээрээ тухайн салбартаа ажиллах ирээдүйг бодож гаргасан үйл баримтанд тулгуурласан нь үндэслэлгүй.

2. Ажилтан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь туршилтын хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалж болох боловч Г.Удвал зөрчил гаргасан эсэхэд ажил олгогчийн шийдвэр үндэслээгүй гэсэн бөгөөд Г.Удвал ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний хооронд тус салбарт Дотоод аудитын иж бүрэн шалгалт хийгдсэн. Тус шалгалтаар Г.Удвал нь дараах зөрчлүүдийг гаргасан байна: Үүнд: Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 13.15, зээлийн хороодын ажиллах журмын 5.11.1, 5.11.4-т заасан заалтуудыг тус  тус  зөрчин  өөрийн  эхийн  дүү Х.Отгонжаргалд 14 000 000 төгрөгийн цалингийн зээлийг өөрөө судалж, салбарын зээлийн хорооны хуралд танилцуулж шийдвэрлэсэн. Зээлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагааны журмын 3.2.4-ийг зөрчин зээлийн барьцаа хөрөнгийн гэрчилгээг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээлцсэн гэх боловч 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн байдаг. Иймд дээрх тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Удвал нь хариуцагч “Капитал банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 “Капитал банк” ХХК-ийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 524 дүгээр тушаалаар нэхэмжлэгч  Х.Удвалыг 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь салбарын харьяа Ханбогд тооцооны төвийн захирлаар ажилд томилон ажиллуулж байгаад, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 996 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 23 дугаар зүйлийн 23.2.3, Капитал банкны дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8.1, 5 дугаар зүйлийн 5.20-д заасныг үндэслэл болгон түүнийг ажлаас нь чөлөөлжээ.

 

 Ажил олгогч “Капитал банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 996 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасантай нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч нь “ …Г.Удвал ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан” гэж маргаж байх боловч Г.Удвал нь ямар зөрчил гаргасан талаар тушаалд заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл, заалтыг ажил олгогч баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцэхгүй байх тул нэхэмжлэгч Г.Удвалыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

 

Ажил олгогчийн дээрх шийдвэр Г.Удвалыг зөрчил гаргасан эсэхэд үндэслээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг тухайн маргаанд хамааралгүй тохиолдолд хэрэглэсэн нь буруу. Шүүх ажил олгогчийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүргийг зохицуулсан тухайн зохицуулалт хамааралгүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Капитал банкны харьяа Өмнөговь салбарын Ханбогд тооцооны төвийн салбарын захирлын ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн талаар маргасан байхад тус банкны аль нэг тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа Ханбогд тооцооны төв татан буугдсан явдал нь дээрх байдлаар шийдвэрлэх үндэслэл болохгүй ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишигийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04272 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Удвалыг “Капитал банк” ХХК-ийн Өмнөговь салбарын харьяа Ханбогд тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Капитал банк” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                                                    Д.БАЙГАЛМАА