Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 277

 

  Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо 26-3 тоотод оршин суух Боржигон овогт Адилбишийн Отгонтуяагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 7-64 тоотод оршин суух Бундар овогт Цоодолын Буянбадрахад холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, нэхэмжлэгч А.Отгонтуяа, хариуцагч Ц.Буянбадрах нар оролцов.                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч А.Отгонтуяа  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Буянбадрахтай 2003 онд танилцаж, 2006 онд гэр бүл болсон. 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү О.Баянжаргалыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2009 оноос тусдаа амьдрах болсон. Ц.Буянбадрах нь одоо гэр бүл үр хүүхэдтэй болсон тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүү О.Баянжаргалыг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

              Хариуцагч Ц.Буянбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Отгонтуяатай 2003 онд танилцаж, 2006 онд гэр бүл болсон. 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү О.Баянжаргал төрсөн. О.Баянжаргал миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.  А.Отгонтуяатай тусдаа амьдраад 5 жил болж байна. Эвлэрэх боломжгүйгэв.

  Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                          

               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Отгонтуяа нь Ц.Буянбадрахад холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах”шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Нэхэмжлэгч А.Отгонтуяа хариуцагч Ц.Буянбадрах нар нь 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа, 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Баянжаргалыг төрүүлсэн болох нь хүү О.Баянжаргалын 0002091/484 дугаартай төрсөний гэрчилгээний хуулбар, 0052085/237 дугаартай зохигчдын гэрлэлтийнгэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.Зохигчдын гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байгаа байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлаж тэдгээрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдийн саналыг харгалзан хүү О.Баянжаргалыг эх А.Отгонтуяагийн асрамжинд үлдээж, эцэг Ц.Буянбадрахаар сар бүр хүүхдийнтэтгэлэг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч хариуцагч нар эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдав. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ц.Буянбадрахаас нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс тооцон улсын тэмдэгтийн хураамжинд 28627 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулах, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Буянбадрахаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт Адилбишийн Отгонтуяа, Бундар овогт Цоодолын Буянбадрах нарын гэрлэлтийг цуцалсугай. 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар Отгонтуяагийн Баянжаргалын эцэг нь Цоодолын Буянбадрах мөн болохыг тогтоосугай.

          3. Гэр бүлийн туай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Баянжаргалыг эх А.Отгонтуяагийн асрамжинд үлдээсүгэй. 

          4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Баянжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Буянбадрахаар тэжээн тэтгүүлсүгэй.  

          5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийнорлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Буянбадрахаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Буянбадрахаас 28627 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.                  

                 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ЭНХМАА