| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0068/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 77
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Х.Х-ын өмгөөлөгч Ө.Ө-,
Шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгч Д.Н-,
Шүүгдэгч А.Г-, М.Б- нарын өмгөөлөгч Б.Ч-,
Шүүгдэгч М.М-, Х.Х-, А.Г-, М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.М-, Х.Х-, А.Г-, М.Б- нарт холбогдох эрүүгийн 1818007190568 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Х-, 1993 оны 9 дүгээр сарын сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Юнитель Дархан гэрээт салбарын үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Монгол Улсын иргэн, А.Г-, 1986 оны 12 дугаар сарын сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Дархан нэхий” ХХК-ний Нэхий як салбарын эсгүүрийн тасагт материал нөөцийн ажилтан ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Монгол Улсын иргэн, М.Б-, 1983 оны 10 дугаар сарын сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хэл, уран зохиол судлаач мэргэжилтэй, Комфорт цогцолборт бармен ажилтай, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М-, Х.Х-, А.Г-, М.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М- нь согтуурсан үедээ Х.Х-тай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Диди бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Г-гийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн хацар, цээж, бүсэлхий, баруун, зүүн бугалга, гуяны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.Х- нь согтуурсан үедээ М.М-тай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Диди бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Г-гийн эрх чөлөөнд халдаж эрүул мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн хацар, цээж, бүсэлхий, баруун, зүүн бугалга, гуяны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Г- нь согтуурсан үедээ М.Б-тэй бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Диди бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.М-гийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хамар, орчны хонхор, баруун зүүн хацарт зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн шагай, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Б- нь А.Г-, М.М- нарын зодооныг салгах явцдаа А.Г-тай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Диди бааранд иргэн М.М-гийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хамар, орчны хонхор, баруун зүүн хацарт зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн шагай, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч, хохирогч М.М-гийн өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Нөхөр Х.Х- найз Б.Т-, Ө-, А-, Ө-, Т- нарын хамт төрсөн өдрөө тэмдэглээд Күенд бааранд сууж байгаад 22 цаг өнгөрч байхад Диди баар луу орсон. Бид нар бааранд нэг нэг пиво уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүгдээрээ бүжиглэж байсан бөгөөд намайг бүжиглэж байхад талбай дээр одоо нэрийг нь мэддэг болсон А.Г- гэх хүүхэн араас түлхээд байсан. Тэгэхээр нь хойшоо эргэж хараад яагаад түлхээд байгаа юм бэ гээд уурласан. Тэгсэн чинь тэр хүүхэн “юнителийн гичийнүүд минь зүгээр байгаарай, гээд дайраад уурлаад үг хаяад байхаар нь би өөдөөс маргалдсан чинь манай нөхөр дундуур ороод охидуудаа “битгий муудалцаарай” гээд тэр хүүхнээс уучлалт гуйсан. Тэгээд бид нар бүжиглээд нэг хэсэг ямар нэг асуудал болоогүй. Баар хаах цаг болоод бид нар хувцсаа өмсөөд гарах гэж байхад баарны гэрэл ассан. Тэгсэн миний араас нэг хүн үснээс зулгаагаад дарсан тэгэхээр нь би болиулах гэсэн боловч чадахгүй байсан. Гэтэл нүүрэн дээр нэг гар орж ирээд маажсан, манай нөхөр гаднаас цагдаа оруулж ирсэн.Тэгээд цагдаа орж ирсний дараа ч гэсэн тэр хүүхэн болихгүй миний үснээс зулгаагаад байсан. Тэгээд цагдаа нар ирсний дараа би тэр хүүхэн дээр очоод “чи яагаад намайг ингэж байгаа юм бэ” гэсэн чинь тэр А.Г- гээд хүүхэн "за зайлаа чи цаашаа зайл" гээд байсан. Тэгээд би цагдаа дээр ирээд мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Х-ын өгсөн: 2018 оны 9-р сарын 08-нд манай эхнэр М.М-гийн төрсөн өдөр нь болсон. Тэгээд хэсэг найзуудын хамт тэмдэглэхээр болоод найз А-, Т-, Ө-, Ө-, Б.Т-, Г- нарын хамт Күений лоунжид байж байгаад 22 цаг өнгөрч байх үед ДиДи баар луу орсон. Тэгээд бааранд ороод бид нар уух юм захиалаад бүжиглэхээр болоод талбай дээр бөөнөөрөө байж байхад Өнөрбаяр ширээн дээрээ сууж байсан байхаа жирэмсэн учраас, тэгсэн нэг мэдсэн манай эхнэр М.М- нэг охинтой хэрүүл хийчихсэн зогсож байхаар нь би очоод “битгий маргалдаарай битгий хэрүүл хийгээрэй, хэрүүл маргаангүй байя, манай эхнэрийн төрсөн өдөр нь болж байгаа юм, хэний ч буруу байсан уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэн за за гээд дахиад бид нар бүжиглэсэн тэрнээс хойш 15 минут л болсон байх баар хаах болоод хөгжим нь зогсоод гэрэл ассан. Тэгээд бид нар сандал дээрээс хувцсаа аваад үүд рүү гарах хаалга руу алхсан. Тэгсэн одоо нэрийг нь мэддэг болсон А.Г- гэж хүүхэн гүйж ирээд манай эхнэрийг үснээс нь зулгаагаад хойшоо татаж унагаасан. Тэгээд ерөөсөө үсийг нь тавихгүй бид нар тэр А.Г- гэж хүүхнийг гарыг нь тавиулах гэсэн чинь тавихгүй байсан бөгөөд хамгаалагч нар нь ирсэн тэр үед би бас газар уначихсан байсан. Намайг газар унасан байхад хажууд А.Г- нь М.М-гийн үсийг зулгаачихсан хэвээрээ байсан бөгөөд би тэр үед А.Г-гийн гарыг тавиулах гээд оролдож байсан. Тэгээд ямар ч байсан салгаад босоод коридорын хэсэгт гарч ирсэн. Би тэр үед нь баарнаас гараад 2 эргүүл хийж байсан 2 цагдааг дуудаж оруулж ирсэн. Тэгээд дотор ерөнхийдөө бужигнаад л байсан. Намайг гаднаас ороход дахиад л тэр 2 бие биенээ үстэлцээд байж байхаар нь салгах гээд очсон чинь А.Г- гараа тавихгүй байсан. Тэгээд салгах гэж бас оролдсон. Тэгээд салсан гаднаас бас цагдаа нар орж ирсэн болохоор М.М-г салгаад шатаар өгсөж байсан чинь А.Г- дахиад үснээс нь зулгаагаад нүүрийг нь маажсан, тэгээд цагдаа нар салгаад баарнаас гарсан. Гараад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг,
Хохирогч, шүүгдэгч А.Г-гийн өгсөн: Бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад М.М- гэх хүүхэн бид 2 шүргэлцсэн юм. Гэтэл М.М- эргэж хараад намайг гараараа нүд рүү цохичихсон. Тэгээд би уурлаад маргалдаж эхэлсэн чинь нөхөр нь бололтой залуу ирээд манай эхнэрийг уучлаарай гээд эхнэрээ аваад явсан. Миний нүднээс нулимс гараад байхаар нь уур хүрээд баарнаас гарах гээд бүжгийн талбай дээр явж байхад нь очоод үстчихсэн юм. Тэгсэн найзууд нь болон нөхөр нь бүгд над руу дайраад намайг үстээд чирээд байсан. Тэгээд манай найз охин М.Б- сандараад очоод намайг тэд нараас салгах гэсэн чинь манай найз охиныг нөхрийнх нь найз нь бололтой өндөр залуу үснээс нь зулгаасан. Уул нь манай найз охин үсээ дээрээ овоолоод боочихсон байсан юм. Тэгээд би тэр хэдээс мултраад хараад байж байсан чинь манай найз охиныг тэр өндөр залуу үстээд байхаар нь би дахиж тэд нар руу очиж найз охиноо салгасан. Тэгээд салцгаачихаад би найз охинтойгоо баарны дотор нөгөө хэд гарах шатны тэнд зогсчхоод бид нар хэсэг хэрэлдсэн, М.М- нь надтай уулзмаар байна гээд байсан боловч найзууд нь явуулахгүй байсан. Тэгээд нэлээн удаан маргалдаж зогссон бөгөөд тэр хүүхэн надаас уучлалт гуймаар байна гээд байсан. Тэгээд бид 2 үүдээр гараад хувцсаа авах гэсэн чинь М.М- нь өлгүүрийн тэнд гүйж ирээд дахиад намайг гараараа нүүр хэсэг рүү цохьсон тэгэхээр нь би дахиад үстээд авсан бөгөөд намайг ч бас үснээс зулгаасан тэгсэн бас л нөгөө нөхөр нь манай найз охиныг үстсэн залуу бас ирээд зууралдсан. Нөхөр нь намайг үснээс зулгааж байгаад доошоо дараад нойлын тэнд шатны доор нүүр рүү 2 удаа өшиглөсөн, тэгэхэд манай найз охин бас хамгаалагч нар нь эмэгтэй хүн өшиглөхөөсөө ичихгүй байна уу гээд байсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Б-гийн өгсөн: 2018 оны 9-р сарын 08-ний орой 22 цагийн үед би найз болох А.Г-тай уулзаагүй удсан учраас Диди баар луу орсон. Тэгээд бааранд ороод би ундаа харин манай найз охин нэг сэнгүр захиалж уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад М.М- гэх хүүхэн баарны бүжгийн талбайн зүүн талын өсгөгчний хажууд бүжиглэж байсан. Тухайн үед хүн ихтэй байсан учраас шахцалдаад байсан. Тэгтэл гэнэт М.М- гэх хүүхэн манай найз охин А.Г-г эргэж хараад гараараа нүүр хэсэг рүү цохичихсон тухайн үед бид 2 нээх тоогоогүй, албаар цохиогүй байх гэж бодсон. Тэгсэн чинь 1 минут гаруй хугацааны дараа баруун талын нүд нь улайгаад нулимс гараад эхэлсэн. Тэгэхээр нь би яасан бэ юу болсон бэ гэсэн чинь сая нэг хүүхэн цохисон чинь улайгаад нулимс гараад байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхний нөхөр нь эргэж хараад уучлалт гуйсан. Тухайн үед М.М- хүний хэлж байгааг ч тоох сөхөөгүй байсан. Тэгээд тэд нарыг харахад нэгийг нь зүс таних юнителд ажилладаг хүүхэн байсан. Тэгээд А.Г- бид 2 яагаад ингэж байгаа юм болоо гээд л ярилцаад өнгөрсөн. Тэгээд бүжгийн ая дуусаад ширээн дээрээ сууцгаагаад баарны гэрэл ассан чинь манай найз охин А.Г-гийн нүд нь нэлээн улайчихсан байсан. Тэгээд бүх хүмүүс баарнаас гарахаар болоод явж байхад А.Г- бүжгийн талбай өнгөрөөд гэнэт нөгөө М.М-г үснээс нь зулгаасан, эргэж харахдаа тэр хүүхэн газар унасан тэрнээс А.Г-г үснээс нь зулгааснаас болж газар унаагүй. Тэгээд хамгаалагч нар ирээд тэд нарыг аваад гаргасан. М.М- бол олуулаа нэлээн ч согтуу байсан. Тухайн үед М.М- болон М.М-тай явж байсан хүмүүс юу болоод байгааг би сайн ойлгоогүй, бужигнасан л юм болоод байсан. Тэгээд манай найз охин руу тэд нар дайраад байсан бас М.М-гийн нөхөр нь манай найз охины толгой руу нь байна уу ямар ч байсан доошоо тонгойчихсон байхад нь өшиглөж байсан. Бас хувцасны өлгүүрийн тэнд 2 удаа толгой руу нь өшиглөсөн манай найз охиныг газар унагаачихсан харин намайг нэг залуу гараас барьчихсан байхаар нь “та нар ганц эмэгтэй хүн рүү ингэж дайрч болохгүй” гээд орилсон. Тэгээд ерөнхийдөө гарцгаасан гадаа гараад бас хэрэлдэж маргалдсан гэх мэдүүлэг,
Хохирогч М.М-гийн өгсөн: Гомдолтой байна. Нүүр маань сорвитой болчихсон байгаа. Лазерт хоёр удаа орсон боловч сорви нь гайгүй болоогүй бөгөөд 350 000 төгрөг болсон. Уйлах үед сорви нь тод болдог. РRР тариа хийлгэхэд нэг удаагийнх нь 150 000 төгрөг өгдөг. Би цаашид нүүрнийхээ сорвийг эмчлүүлэх шаардлагатай байгаа тул 852 450 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Хохирогч А.Г-гийн өгсөн: М.М-гийн нөхөр нь миний нүүр рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгээд М.М- гараараа миний нүүр хэсэг рүү цохиод байсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч Г.А- өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн орчим М.М-, Х.Х-, Т- нарын хамт ДиДи баар луу М.М-гийн төрсөн өдрийг тэмдэглэхээр ороод тэндээ хүн тус бүр нэг, нэг шил пиво уугаад тайзан дээр бүжиглэж байсан. Тэгээд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. М.М- нэг эмэгтэйтэй маргалдаад байсан. Тэр үед нөхөр нь болох Х.Х- салгаад аваад явсан. Бид нар тараад явж байхад тэр үл таних эмэгтэй араас нь ирээд М.М-гийн нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд бөөн маргалдаан болоод ДиДи баарны хамгаалагч нар салгасан гэх мэдүүлэг /хх 19/,
Гэрч Б.Б.Т-ын өгсөн: 2018 оны 9-р сарын 08-ны орой манай найз Х.Х-ын эхнэр болох М.М-гийн төрсөн өдөр болоод бид нар найзуудын хамт ДиДи баар луу 23 цагийн үед орсон. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь манай найз М.М-гийн цаана нь бүжиглэж байсан 2 эмэгтэй нударсан юм уу түлхсэн юм уу би бас сайн мэдэхгүй байна ямар ч байсан маргалдаад байх шиг байсан. Тэр үед нь болиулаад Х.Х- очоод М.М-тай маргалдаад байсан хүүхнээс уучлалт гуйсан. Тэгээд ерөнхийдөө ая дуусаад баарны гэрэл асаад бид нар гарах гэж байхад М.М-г талбайд маргалдаад байсан хүүхэн ирээд үснээс нь зулгаасан. Тэгээд л зууралдаад эхэлсэн. Тэр үедээ тэр 2 газар уначихсан байсан. Тэгээд бид нар салгаад баарнаас гарсан. Баарнаас гараад зодолдоогүй гэхдээ маргалдсан гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Ж.Ө- өгсөн: 2018 оны 9-р сарын 08-ны орой 23 цагийн үед би найз нарын хамт М.М- гэх найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гээд Диди баар луу орсон. Тэгээд тэндээ сууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад М.М- миний өөдөөс хараад бүжиглэж байсан чинь М.М-г ардаас нь нэг хүүхэн үснээс нь зулгаасан. Тэгээд бид нар салгасан, шалтгааныг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд ая зогсоод гэрэл ассан. Тэр үед би шууд гадаа хүнтэй уулзах гээд гарсан. Тэгээд гадаа хэсэг зогсож байгаад эргэж баар луу орсон чинь М.М- нэг хүүхэнтэй хувцасны өлгүүрийн тэнд маргалдаад байсан тэгээд баарнаас бид нар гарах гэж байсан чинь М.М-г дахиад өмнө нь үснээс нь зулгаасан. Тэгэхээр нь би тэр хоёрыг болиулах гээд М.М-гийн үснээс нөгөө хүүхний гарыг салгах гээд барьсан. Тэгээд бид нар баарнаас гараад явсан гэх мэдүүлэг /хх 24/,
Гэрч С.М- өгсөн: 2018 оны 9-р сарын 08-ны орой би ажил дээрээ үйлчлүүлэгч нарт хяналт тавиад ажлаа хийгээд байж байсан бөгөөд баар хаах болоод гэрэл асаад үйлчлүүлэгч нар гарах гэж байхад бүжгийн талбайн зүүн урд булангийн тэр хавьд хүмүүс бужигналдаад эхэлсэн. Тэгэхээр нь би очсон чинь 2 хүүхэн хоорондоо маргалдсан бололтой хэрүүл хийгээд байсан. Тэгсэн хоёулаа явж байгаа 2 хүүхэн рүү олуулаа явж байсан хүүхний эрэгтэй найзууд нь дайраад тэр хүнийг цохиж зодох гээд байсан бөгөөд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тэд нарыг болиулаад 2 хүүхнийг нь аваад баарнаас гаргахаар болоод үүд рүү дагуулаад явж байсан чинь тэр 2 хүүхэнтэй хэрүүл хийгээд байсан 2 өндөр залуу бид нараас түрүүлж гадаа гараад гаднаас 1 цагдаа дагуулаад ороод ирсэн, дэд ахлагч цолтой байсан. Тэгснээ тэр шар пальтойтой өндөр залуу хар хувцастай байсан залуу 2 нөгөө 2 хүүхэн рүү дайраад хэрүүл хийгээд байсан. Тэгснээ тэр 2 хүүхнийг бөөнөөрөө явж байсан хүүхэн, залуучууд зодох гээд зууралдаад эхэлсэн. Тэгсэн шар пальтойтой өндөр залуу эхнэрийгээ өмөөрөөд байгаа бололтой хэрүүл хийж байснаа эхнэртэй нь маргалдаад байсан урт үстэй хүүхнийг үснээс нь зулгаагаад доошоо дараад тэгснээ нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Би яг харж байсан бөгөөд энэ үйл явдал маш хурдан болсон. Шатны доод талд өшиглөсөн. Тэгээд тэр залууг би “ чи яагаад эмэгтэй хүний нүүр хэсэг рүү өшиглөж байгаа юм бэ” гэсэн чинь юу ч хэлэхгүй гараад явчихсан. Тэгээд гадаа гарахад цагдаа ирсэн байсан. Тэр 2 залуу цагдаа нарын хажууд хүртэл томроод хэрүүл хийгээд эхнэрээ өмөөрөөд тэр 2 хүүхнийг алчих шахсан гэх мэдүүлэг /хх 31-32/,
Гэрч Б.Б- өгсөн: 2018 оны 9-р сарын 08-ны орой би Дархан сумын 13,14,16-р багийн нутаг дэвсгэрт 74 станцтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 00 цагийн орчим шуурхай удирдлагын албанаас ДиДи баарны урд маргаан болоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиход ДиДи баарны гадна талд 2 эмэгтэй, бас 3 эмэгтэй, 3 эрэгтэй байсан байх тэд нар хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэгээд А.Г- гэх хүүхнээс нь юу болсон талаар асуухад “бүжгийн талбай дээр намхан туранхай /М.М-/ гэх хүүхэн санамсаргүй бөгсөнд нь хүрсэн тэгсэн тэр хүүхэн /М.М-/ эргэж хараад намайг нүүр хэсэг рүү цохисон, тэгээд баар хаах болоод гарахдаа уур нь хүрээд М.М- гэх хүүхнийг үснээс нь зулгаасан. Тэгсэн нөхөр нь намайг хоолой боогоод газар унагааж байгаад өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд эсрэг талаас намхан биетэй туранхай хүүхэн нь /М.М-/ энэ эмэгтэй миний нүүрийг маажсан гээд нүүр нь битүү улайж майжигдсан байдалтай байсан учраас М.М-г эмнэлэг рүү явуулаад А.Г- гэх хүүхний биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан учраас төв цагдаа руу очихыг сануулаад явуулсан. Би тэр эмэгтэйд хандаж машин дуудаад өгье гэсэн чинь тэр эмэгтэй зүгээр ээ би өөрөө яваад очиж чадна гэсэн гэх мэдүүлэг /хх 34/,
Гэрч Х.Э- өгсөн: 2018 оны 9-р сарын 08-ны орой би гэрэлт гудамжны хамгаалалтад гарсан бөгөөд 00 цагийн үед хамгаалалт дуусаад эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Харцагийн хамт ДиДи баар луу тарсан эсэх талаар шалгалт хийх гээд ажлаар орсон. Бид хоёрыг ороод шатаар уруудаж байхад хувцасны өлгүүрийн тэнд хүмүүс маргалдаад байж байсан. 2 эмэгтэй бие биенээ үстэлцээд л байсан. Нэг эмэгтэйнх нь нөхөр нь бололтой саарал өнгийн пальтотой өндөр залуу эхнэрээ өмөөрөөд эхнэрийг нь үстэж байсан эмэгтэйг үснээс зулгааж байгаад доошоо толгойг нь дарж байгаад нүүр толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн, тэгээд л би тэд нарыг салгаад баарнаас гаргасан гэх мэдүүлэг /хх 36/,
Гэрч Г.Ө- өгсөн: 2018 оны 9-р сарын 08-ны орой манай найз охин М.М-гийн төрсөн өдөр нь болсон бөгөөд би төрсөн өдөрт нь нөхрийн хамт уригдаад найзууд болох А-, М.М-гийн нөхөр болох Х.Х-, манай нөхөр Б.Т-, Т-, Г-, Ө- гэх хүмүүсийн хамт Күений лоунжид сууцгаасан. Тэнд бид пиво уусан бас нэг 0,75-ийн нэг архи уусан. Би бие давхар байсан учраас архи пиво уугаагүй. Тэгээд 4 охин, 4 залуу байсан бөгөөд охидууд нь ДиДи баар орж бүжиглэмээр байна гээд бид нар 22 цагийн үед ДиДи баар луу орсон. Харин эрэгтэйчүүд маань Күений доор нэг цаг дуулчихаад араас очно гэж хэлсэн. Тэгээд бид нар бааранд ороод бөөнөөрөө суугаад бас пиво авч уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэхээр болоод талбай руу дөрвүүлээ гарсан. Тэгээд нэлээн олон хүнтэй шахцалдаад байсан. М.М- нэг хүүхэнтэй шахцалдаад л байх шиг байсан. Тэгээд би М.М-гийн өөдөөс хараад зогсож байсан чинь араас нь нэг хүүхэн үснээс нь зулгаасан тэгээд бид нар гайхаад салгасан. Тэр үед эрэгтэйчүүд бүгд ирчихсэн байсан. Тэгээд бүгд гайхаад юу болов гээд Х.Х- М.М-гийн муудалцсан эмэгтэйтэй очоод ярилцаад уучлалт гуйсан. Тэгээд больцгоосон бөгөөд үргэлжлүүлээд бүжиглэж байгаад хаах цаг нь болоод гэрэл асаад хөгжим зогсоод гарах гээд явж байхад би М.М-гийн ар талд явж байсан чинь нөгөө талбай дээр М.М-гийн үснээс зулгаасан хүүхэн шууд толгой руу цохиод үснээс нь зулгаагаад газар унагаасан. Тэгээд шууд маажаад л дайраад эхэлсэн. Тэгээд салгах гэсэн чинь салахгүй зууралдаад байсан. Тэгээд бид нар салгасан тэр үед М.М- нөгөө хүүхэнтэй маргалдаад хэрэлдсэн. Тэгээд салгаад дахиад гарах гэж байхад тэр хүүхэн дахиад дайрсан тэгэхээр нь би тэр хүүхнээс та яагаад ингээд байгаа юм бэ гэсэн чинь тэр хүүхэн надад “танай найз чинь намайг бүжгийн талбай дээр нүүр рүү цохисон” гэхээр нь би юу яриад байгаа юм тийм юм болоогүй ээ гэж хэлсэн. Тэгээд тэр хамт явж байсан найз хүүхэнтэйгээ нийлээд дайраад хэрэлдээд байсан. Тэгээд тухайн үед М.М-гийн нүүр нь аймаар улайж маажуулсан байдалтай байсан, тэгээд баарнаас гараад бид нар эмнэлэг рүү очсон гэх мэдүүлэг /хх 37-38/,
Гэрч Д.Х- өгсөн: 2018 оны 9-р сарын 08-нд хагас сайн өдөр байсан бөгөөд гэрэлт гудамжинд шоуны хамгаалалттай байсан бөгөөд энгийн хувцастай ажлаар баар хаах үеэр орсон. Тэгээд бааранд ороход хүмүүс бужигнасан шатны тэнд хэсэг хүмүүс маргалдсан байдалтай байсан бөгөөд 2 эмэгтэй хоорондоо үстэлцээд зодолдоод байсан. Дундуур нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс салгах гээд оролдож байсан чинь нэг хүүхний нь нөхөр нь бололтой өндөр цайвар царайтай саарал пальто өмссөн залуу эхнэртэй нь маргалдаж байсан эмэгтэйг шууд очоод үснээс нь татаж байгаад хөлөөрөө нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тухайн үедээ янхан гичий пизда гээд хараал хэлээд уурлаж байсан бөгөөд эхнэрээ салгаад аваад гарсан мөн манай цагдаагийн албан хаагч Энхжаргал дэд ахлагч салгаад аваад гарсан. Ер нь тэр хүмүүсийн маргалдаж муудалцсан асуудал маш хурдан болж өнгөрсөн гэх мэдүүлэг /хх 39/,
Гэрч Б.Г- өгсөн: Тухайн өдөр би ажилтай байсан баар хаах дөхөөд баарны гэрэл ассан байхад хэсэг хүмүүс маргалдаад эхэлсэн. Нэг талд 2 пальтотой залуу нэг хүүхэн, нөгөө талд нь 2 эмэгтэй байсан. Тэд нар юунаас болж маргалдсан эсэхийг мэдэхгүй байна, яриан дундаас нь бол 2 эмэгтэй нь нөгөө талын эмэгтэй нь бүжгийн талбай дээр байхдаа цохисон гэж байсан. Тэгээд маргалдаад байсан бөгөөд тэр 2 өндөр залуу тэр 2 хүүхнийг элдвээр харааж зүхэж доромжлоод зодох гээд дайраад байсан. Ялангуяа тэр нөхөр нь гээд байгаа залуу аймар томроод энэ муу 2 хүүхнийг эрүүлжүүлэхэд өгчихье пизда гээд байсан харахад аягүй сайхан залуучууд мөртлөө аймаар авир араншин гаргаж байсан. Тэгээд тэд нар шатны тэнд бужигнаад байсан. Тэгэхэд гаднаас нэг цагдаа ороод ирчихсэн байсан бөгөөд намайг цагдаатай юм яриад зогсож байхад тэр нөхөр нь гээд байсан өндөр цайвар царайтай залуу эхнэртэй нь маргалдсан гэх урт үстэй хүүхнийг үстээд шатны ертөнцийн зүгээр баруун талд шатны доор өшиглөсөн юм шиг байгаа юм. Яг тэр үед манай хамгаалагч Мөнхбаяр тэр цагдаад хөөе энэ хүүхнийг харж байна уу энэ нөхөр нь ингээд үстээд өшиглөчихлөө шүү дээ гээд байсан. Тэгсэн тэр нөхөр нь гээд байсан залуу нь пиздануудыг аваад эрүүлжүүлэх рүү явуул гээд байсан. Тэгээд цагдаа ирэхээс өмнө над руу томроод “пизда минь намайг хэн болохыг мэдэхгүй байна уу” гээд хальт түрийвчээ дэлгэх гэж байгаа юм шиг харуулснаа хумиад байсан. Тэгээд би цагдаа юм байхдаа ч гэж бодсон. Тэр 2 өндөр залуу уул нь тийм их согтуу биш л байх шиг байсан. Тэгсэн мөртлөө л хүн амьтан руу дайраад л нөхөр нь ялангуяа хүн болгон руу дайраад л элдэв хараал хэлээд л их муухай авиртай залуу байсан. Тэгж байгаад гаднаас эргүүлийн 2 цагдаа орж ирсэн. Тэгээд тэд нарыг аваад гарсан гадаа гараад бас нэлээн муудалцсан дахиад зодолдох шахсан гэх мэдүүлэг /хх 42-43/,
Гэрч Г.Г- өгсөн: 2018 оны 09-р сарын 08-ны орой манай 10 жилийн найз болох Х.Х-ын эхнэр М.М-гийн төрсөн өдөр болсон бөгөөд бид хэсэг найзуудын хамт Күены лоужид уулзсан. Тэгээд тэнд 1 шил архи уусан. Тэгээд тэндээс 22 цагийн үед гараад Х.Х-, Ө-, Б.Т-, бид 4 доор давхарт нь байрлах караоке руу орсон. Харин М.М-, Ө-, А-, Т- нар ДиДи баар орж бүжиглэнэ гээд явсан. Харин бид 4 караокед 1 цаг дуулаад араас нь ДиДи баарлуу очсон. Тэгэхэд 23 цаг өнгөрч байсан, ороод удаагүй байхад баарны гэрэл ассан. Тэгээд Х.Х-, М.М- бид 3 хувцсаа авах гээд өлгүүр рүү явж байсан чинь М.М-гийн хойноос 2 хүүхний нэг нь үснээс нь зулгаагаад газар унагаасан. Хамт явж байсан эмэгтэй нь М.М-гийн нүүр хэсэг рүү нь цохиод байсан. Тэгээд Х.Х- бид 2 салгасан бөгөөд баарны хамгаалагч бас тэрүүгээр ер нь зөндөө хүмүүс байсан. Тэгээд бид нар өлгүүрээс хувцсаа авчихаад гарах гээд шат руу өгсөж байсан чинь дахиад бас нэг эмэгтэй үснээс нь зулгаагаад цохиод байсан. Тухайн үед цагдаа ороод ирчихсэн байсан бөгөөд хэн дуудсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэгээд баарнаас салгаад гарцгаасан бөгөөд гадаа гарахад М.М-гийн нүүр нь майжигдсан, хүзүү нүүр нь улайсан байсан. Тэгээд цагдаа нар эмнэлэг дээр очиж үзүүл гэсэн тэгээд бид нар 2 таксинд хуваагдаж суугаад эмнэлэг рүү явсан гэх мэдүүлэг /хх 44-45/,
Гэрч Г.С- өгсөн: Орой би ажилтай байсан бөгөөд тэр өдөр хамгаалагчаар М-, Н- бид 3 ажиллаж байсан. Би ерөнхийдөө бүжгийн талбайг эргэж тойроод тэр хавийг хариуцаад ажиллаж байсан. Тэгсэн талбай дээр бүжиглэж байсан 2 эмэгтэй маргалдаад зодолдоод эхэлсэн. Яг юунаас болсон эсэхийг нь мэдэхгүй байна ямар ч байсан хоорондоо хэрэлдээд байсан. 2 биенийхээ үснээс зулгаагаад эхэлсэн. Тэгээд би очоод салгасан. Нэг эмэгтэй нь дээрээ үсээ боочихсон байсан хажууд нь бас нэг залуу байсан том биетэй харин нөгөө талынх нь эмэгтэйтэй нь нөхөр нь бас эмэгтэй эрэгтэй зөндөө олон найзуудтайгаа явж байсан. Тэгээд тэр 2 эмэгтэйг салгаад бид нар гаргах гээд явж байсан чинь нэг найзтайгаа явж байсан эмэгтэй нь дахиад араас нь очоод нөгөө эмэгтэйг үснээс нь зулгаагаад хэрэлдсэн. 2-уулаа л бие биенээ үстээд маажилцаад байсан. Тэгсэн тэр үед нөгөө талын эмэгтэйгийн нөхөр нь бололтой өндөр цайвар царайтай залуу нь нөгөө эхнэрийг нь үснээс нь зулгааж байгаа эмэгтэйг гарыг нь тавиулж байгаад үснээс нь зулгаагаад доошоо дарж байгаад өшиглөсөн. Яг тэр 00-ийн харалдаа шатны доор тэгсэн. Манай хамгаалагч М- “чи эмэгтэй хүнийг болохгүй шүү дээ” гэж байсан. Би яг тэр үед хажууд нь харж байсан бөгөөд тэр үйл явдал нь хурдан болсон. Тэр залууг өшиглөчихнө гэж бодоогүй ээ, тэгсэн тэр эмэгтэй орилоод тэр залуугийн гарыг тавиулах гээд зууралдаад байсан. Тэр үед М- бид 2 очсон. Тэгээд гарыг нь тавиулаад гаргасан. Тэр үед тэр залуу их томроод би цагдаа гэлүү манай найз ч цагдаа гэлүү тийм юм яриад байсан. Тэгээд тэр залууг эхнэр ээ аваад гарч байхад нь нөгөө өшиглүүлсэн эмэгтэй нь араас нь очоод дахиад үснээс нь зулгаасан тэгсэн хамт явж байсан өндөр залуу бас цагдаа байсан бид нар салгаад гаргасан. Би хоёр хэсэг бичлэгийг үзлээ. Бичлэг дутуу байна. Би зодоон эхлээд дуусах хүртэл байсан. Эхлээд хоёр эмэгтэйгийн нэг нь нөхөртэйгөө найзуудтайгаа явж байсан эмэгтэйг үснээс нь зулгаасны дараа нөгөө улаан цүнхтэй найз нь очоод салгах гэж байгаад тэр эмэгтэйг бас үснээс нь зулгаасан. Хоёулаа явж байсан хүүхэн ч тэр эмэгтэйг үстсэн. Тэр нөхөртэйгөө явж байгаа эмэгтэй ч бас тэр хоёр эмэгтэйн үснээс зулгаасан гэх мэдүүлэг /хх 46-47, 139/,
Гэрч Г.А- өгсөн: Би хажууд нь хараад зогсож байсан. Баганы тийшээ М.М-, Х.Х- нарыг явж байхад нь араас нь ирээд үснээс нь зулгаагаад газар унагаасан. Тэрний дараа тэр хүүхний найз нь ирээд М.М-гийн үснээс зулгаасан, бас нүүр хэсэг рүү нь цохисон. Газар уначихсан байхад нь тэгсэн. М.М- босохдоо бас М.Б- гэх улаан цүнхтэй хүүхний үснээс нь зулгаасан. Тэгээд Х.Х- тэр хоёрыг салгасан гэх мэдүүлэг /хх 132/,
Гэрч Б.Б- өгсөн: 2018 оны 9-р сарын 08-ний орой би ДиДи баар луу өөр найз нартайгаа орсон М.Б- болон түүний найз эмэгтэйтэй хамт ороогүй. Харин дотор нь ороод таарсан. Бааран дотор бол ямар нэг зодоон болоогүй байхаа, би хараагүй. Баар хаах болоод гэрэл асаад хөгжим зогсчихсон байсан чинь М.Б- найзтайгаа хамт гарах гээд явж байсан би арай гараагүй байж байсан чинь нэг харсан чинь үүдний тэнд баганы хажууд М.Б- нэг эмэгтэйтэй үстэлцчихсэн байсан. Тэгээд би шууд гүйж очоод салгасан бөгөөд тухайн үед тэнд 4 эмэгтэй 3 залуу байсан. Тэгэхдээ тэр хүмүүс зодоонд бол оролцоогүй боль, боль гээд л тойроод зогсож байсан. Тэгээд би М.Б-г салгасан бөгөөд тэр үед М.Б-, найз охинтойгоо нийлээд тэр хүмүүстэй маргалдаад байсан гэх мэдүүлэг /хх 135/,
Гэрч Б.Т- өгсөн: М.М- эгчийн төрсөн өдрийг тэмдэглээд явж байхад эхлээд Күенд байж байгаад эмэгтэйчүүд нь ДиДи баар руу орохоор болоод харин эрэгтэйчүүд нь караокед байж байсан. Тэгээд бүжгийн талбай дээр бид нар тойроод бүжиглэж байсан. Тэгсэн М.М- эгчийг 1 хүүхэн мангасдсан ч билүү яг яасан эсэхийг нь би сайн санахгүй байна ямар ч байсан М.М- эгчийн хамарных нь тэнд жижигхэн урагдсан байсан. Тэд нар яагаад ийм үйлдэл гаргасныг бол хараагүй, мэдээгүй. Тэгсэн Х.Х- ах тэр 2 эмэгтэй рүү очоод юу болсон эсэхийг нь мэдэхгүй байна, өнөөдөр бид нар баяр тэмдэглээд явж байна аа ямар ч байсан уучлалт гуйж байна аа, уучлаарай гэж хэлээд тэр асуудал дуусаад бид нар бүжиглэж эхэлсэн. Тэгээд удалгүй баар хаах болоод дуу нь дуусаад гэрэл ассан. Тэгээд бид нар гарах гээд М.М- эгч, Х.Х- ах 2 гарах гээд явж байсан чинь араас нь нэг жижигхэн хүүхэн ирээд үснээс нь зулгаагаад газар унагаасаны дараа бас нөгөө найз нь ирээд үснээс нь зулгаасан. Тэгээд би салгах гээд очсон чинь Юнителийн муу гичийнүүд гэхээр нь би ажлаа бодоод холдчихсон. Тэгээд нөгөө хэдийг хамгаалагч бас баарны нэг бүдүүн эгч Х.Х- ах нар салгасан. тэгээд М.М- эгчийг зүгээр үү гээд харсан чинь нүүрэн дээр нь урагдчихсан цус гарсан байсан тэгсэн М.М- эгч яагаад намайг ингээд байгаа юм бэ би асуумаар байна гэхээр нь би яахын одоо ингээд хаячих аа, гээд гараад явчихсан гэх мэдүүлэг /хх 136/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дугаар сарын 11-ний өдрийн 928 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.М.М-гийн биед тархи доргилт, дух, хамар, оочны хонхор, баруун, зүүн хацарт зулгаралт, хүзүү баруун бугалга, зүүн шагай, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 49/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.А.Г-гийн биед тархи доргилт, баруун, зүүн хацар, цээж бүсэлхий, баруун, зүүн бугалга, гуяны цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 54/,
Хяналын камерын CD бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмлэглэл /хх 12/, А.Г-гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх 60-61, 113-117/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч М.М-, Х.Х-, А.Г-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч М.М- эмчилгээний зардалд 852 450 төгрөг нэхэмжилснээс 809 250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч А.Г-, М.Б- нараас хувь тэнцүүлэн гаргуулж, үлдэх 43 200 төгрөгийн нэхэмжлэлийг /хх 110/ хохирогч М.М- нь уг бүтээгдэхүүнийг авсан болох нь нотлогдоогүй гэж үзэн хангах боломжгүй гэж үзсэн тул 43 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв. Хохирогч М.М- нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч А.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч М.М-, Х.Х- нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч М.М-, Х.Х-, А.Г-, М.Б- нар нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 69, 70, 71-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 1818007190568 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч - М.М-, - Х.Х-, - А.Г-, - М.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.М-, Х.Х-, А.Г-, М.Б- нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.М-, Х.Х-, А.Г-, М.Б- нарт тус бүр оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 112 500 /нэг зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.М-, Х.Х-, А.Г-, М.Б- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч А.Г-гаас 404 625 /дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөг, шүүгдэгч М.Б-гээс 404 625 /дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөг тус тус гаргуулж - хохирогч М.М- - олгосугай.
6.Хохирогч М.М- нь эмчилгээний зардал гэх 43 200 /дөчин гурван мянга хоёр зуу/ төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн 1818007190568 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-, Х.Х-, А.Г-, М.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ