Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 62

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Н.Д  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д д холбогдох эрүүгийн 1818000000575 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Н.Д 1989 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 8-13 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Н.Д  нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 8-13 тоотод иргэн М.Т-ын  эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 10 дугаар байрны орчимд иргэн Д.А-ын  эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боож ухаан алдуулан, самсунг жи 5 маркын гар утас, нүдний шил, булган малгай, бэлэн 33000 төгрөг зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч, 703000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Д  нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 8-13 тоотод иргэн М.Т  эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн,

-2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 10 дугаар байрны орчимд иргэн Д.А-ын  эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боож ухаан алдуулан, самсунг жи 5 маркын гар утас, нүдний шил, булган малгай, бэлэн 33000 төгрөг зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч, 703000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Н.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ногооны ажлаас бууж ирсэн бөгөөд маргааш өдөр нь архи уугаад, нэлээн согтсон байгаад М.Т-г “надад яагаад хоол хийж өгөхгүй байгаа юм бэ” гээд цохисон. Удалгүй намайг цагдаа ирээд аваад явсан.

2018 оны 12 дугаар сарын 05-ны орой 02:00 цагийн үед явж байхад Д.А-д гэдэг хүн ганц юм уучихмаар дулаахан газар байна уу, ах нь ганц юм авч өгье, хоёулаа хамт ууя гэсэн. Бид хоёр вокзал орж 0,75 литр хараа архи авч буудалд орж уугаад, 06:00 цагийн үед бид хоёр ганц юм авч уухаар гадагш гараад явж байгаад, би Д.А-ын  гар утсыг нь булааж аваад зугтсан.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,

-Хохирогч Д.А-ээс  Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5/,

-Гэрч С.Сайн-Эрээс самсунг жи 5 маркын гар утас хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл /хэргийн 6, 8/,

-Самсунг жи 5 маркын гар утсыг хохирогч Д.А-с хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 9/,

-“Nice” зочид буудлын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10/,

-Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 11/,

-Хохирогч Д.А-ын  өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12-13/,

 

-“Хохирогч Д.А нь 2018 оны 12 дугаар сарын 6-ны өглөө Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 10 дугаар байрны орчим намайг дээрэмдсэн залуу 3 дугаартай, А4 цаасан дээр байх 4 хүний дээд талын баруун гарт байх 3 дугаартай цифрийг барьсан хүн мөн байна.” гэж шүүгдэгч Н.Д ыг таньж олсон болохыг тэмдэглэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-16/,

 

-“...би зураг дээрх 2, 3, 4 дугаартай зураг дээр байгаа хүмүүсийг анх удаа харж байна. Харин 1 дугаартай зураг дээр байгаа эрэгтэй хүнийг анх манай дэлгүүрт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн өглөө харж байсан. Би энэ хүнээс гар утас авсан.” гэж шүүгдэгч Н.Д ыг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 17-19/,

 

-Хохирогч Д.А-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 01 цагийн үед вагоноос буугаад Древень явах гээд төмөр замын 10 дугаар байрны орчимд явж байх үед нэг үл таних 30 орчим насны ногоон өнгийн юүдэнтэй цамцтай залуу ирээд надаас тамхи асуусан. Би тэр залуугаас “одоо архи зарж байгаа газар хаана байгаа вэ?” гэж асуусан чинь “Ок барны хажуу талын буудал зарж байгаа” гэж надад зааж өгөөд надтай хамт очсон.

...архиа ууж дуусаад 05 цагийн үед тухайн буудлаас гараад 10 дугаар байрны орчимд 7 дугаар байранд байдаг найз Бямбацогтынд очих гээд явж байсан. Тэр үед тэр залуу буудлаас цуг гараад явж байснаа 10 дугаар байрны орчимд нэг харанхуй газар миний араас миний өмссөн юүдэнтэй цамцны оосроор боогоод ухаан алдуулж унагасан. Нэг мэдээд ухаан ороход миний өмсөж явсан булган малгай, халаасанд байсан бэлэн 33000 төгрөг, самсунг жи 5 маркын гар утас, нүдний шил байхгүй болсон, мөн миний доод эрүүний хиймэл шүд алга болсон байсан.

...би гар утсаа буцааж авсан. Шинжээчийн дүгнэлтийн дагуу гарсан 703000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хэргийн  23-24/,

 

-Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 8-ны өглөө 10 цагийн үед “Буян” захын үүдэнд зүс мэдэх архи уугаад явж байдаг нэг залуу над руу ирээд “нэг тамхилчих” гэсэн. Тэгээд юм ярьж байгаад “хямдхан утас байна, авах уу?, дэлгүүрт тавьчихсан байгаа, 70000 төгрөгөөр ав” гэсэн. Тэгээд “би авъя” гээд түүнийг дагаад “Гялс” супермаркетад очоод худалдагч охиноос 77000 төгрөг бэлнээр өгч тухайн гар утсыг худалдаж аваад надад утас зарсан залууд 1 шил 0.75 литрийн “Хараа” архи авч өгөөд би гар утсыг аваад салсан.

...утас худалдаж авсан 77000 төгрөг, мөн хямдхан утас зарсан гэж надаар авахуулсан архины төлбөр 13000 төгрөг, нийт 100000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 25/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...булган малгайтай, нүдний шилтэй 50 орчим насны эрэгтэй хүн болон 25 орчим насны саравчтай малгайтай, юүдэнтэй цамцтай, юүдэнгээ малгайныхаа дээгүүр давхарлаж өмссөн, гадуураа хар ногоон өнгийн нимгэн куртикатай шар царайтай залуу 2 орж ирээд өрөө асуугаад дээшээ 2 давхарт 201 тоот өрөөнд орсон. Тэр хоёр хүн удалгүй үүрээр 05:30 минутын орчим хоорондоо юм яриад гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 27/,

 

-Гэрч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг залуу гэнэт араас нь барьж аваад малгай, гар утас юу ч үгүй дээрэмдчихлээ, үхэх шахлаа, ухаан алдсан байж байгаад ухаан ороод гэртээ ирлээ” гэж ирсэн. Гэртээ орж ирэхэд хамаг хувцас нь шороо болчихсон, гар хуруу нь бээрсэн хөлдөлттэй, булган малгай, харааны нүдний шил, гар утас, хиймэл шүд нь алга болсон, дотор талын ноолууран цамц нь урагдчихсан, гадна талаараа өмсөж явсан куртика нь цус болчихсон байдалтай ярьж ч чадахгүй орж ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/,

 

-“...үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 670000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 37-38/,

 

-“Д.А-ын  биед нүүр, хүзүү хоолойн зулгаралт, зүүн гарын 2 хурууны 1 дүгээр зэргийн хөлдөлт тогтоогдлоо. Дээрхи нүүр, хүзүү хоолойн зулгаралт ньхатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн гарын 2 дугаар хурууны 1 дүгээр зэргийн хөлдөлт нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт, хөлдөлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 44/,

 

-Хохирогч М.Т  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед гэртээ хамтран амьдрагчийн хамт байж байсан чинь манай ахын хүүхэд болох Давааням согтуу манай гэрт орж ирсэн. Орж ирэхдээ архи авчихсан орж ирсэн. Тэгээд “гурвуулаа жаахан сууя” гэхээр нь хамт юм яриад архинаас нь уусан. Тэгээд архи ууж байснаа Давааням агсраад эхэлсэн. Тэгснээ хоол нэхээд байхаар нь би “чам шиг архичинд хоол хийж өгч чадахгүй, дандаа л хүн зарж хоол унд гэж байх юм аа” гэсэн чинь Давааням уурлаад босож ирээд хоолойноос багалзуурдаад нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод үснээс зулгаагаад газар унасан чинь хавирга руу өшиглөсөн.

-Гэрч Б.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би 116 пролтой Дархан сумын 1-18 дугаар багийн нутаг дэвсгэрт өдрийн хөдөлгөөнт эргүүлийн үүргийг хошууч Батнямын хамт гүйцэтгэж ажилласан. Өдөр 12 байна уу 13 цагийн үед шуурхай удирдлагын штабаас “Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 8-13 тоотод Давааням гэх залуу агсам тавиад байна” гэснийг очиж шалгахад Давааням эгчийнхээ орон дээр хэвтэж байсан бөгөөд намайг очиход зодуулсан гэх эгч нь бололтой 40 орчим насны намхан бор царайтай эгч гарч ирсэн бөгөөд тухайн үед өөрөө бас халамцуу байх шиг байсан. Тэгээд тэр эгч хэлэхдээ “дүүтэйгээ нэг юм хувааж уусан чинь намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд Даваанямыг босгоод эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 66/,

 

-“М.Т  биед дух, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбээ, ар хэсэг, хүзүү, баруун хацар, доод уруулын дотор салст, эрүү, бүсэлхийн хажуу, ар хэсэг, цээж, зүүн гуянд цус хуралт, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний булгарал гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1099 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 68/,

 

-Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хэргийн 85/,

-“Шүүгдэгч Н.Д аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэх хохирогч М.Т  хүсэлт /хэргийн 116/,

-Хохирол төлсөн тухай баримтууд /хэргийн 124-127/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Д ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Т  эрүүл мэндэд “дух, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбээ, ар хэсэг, хүзүү, баруун хацар, доод уруулын дотор салст, эрүү, бүсэлхийн хажуу, ар хэсэг, цээж, зүүн гуянд цус хуралт, 1 шүдний булгарал” бүхий гэмтэл тогтоогдсон ба хохирогч М.Тогтох нь “шүүгдэгч Н.Д аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэх хүсэлт /хэргийн / ирүүлсэн байна.

 

Мөн хохирогч Д.А-д учирсан 703000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хэргийн 124-126, иргэний нэхэмжлэгч С.Сайн-Эрд 90000 төгрөгийг төлж барагдуулсан /хэргийн 127/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Н.Д  нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 8-13 тоотод иргэн М.Т  эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 10 дугаар байрны орчимд иргэн Д.А-ын  эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боож ухаан алдуулан, самсунг жи 5 маркын гар утас, нүдний шил, булган малгай, бэлэн 33000 төгрөг зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч, 703000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Д ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Д  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Н.Д  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Н.Д ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялын хугацааг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Д-г 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 10 хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Д д оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой нийцүүлэн тооцож, шүүгдэгч Н.Д ын эдлэх ялын хэмжээг 1 жил 2 сар 10 хоног /нэг жил хоёр сар арав хоног/ хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Д д оногдуулсан 1 жил 2 сар 10 хоног /нэг жил хоёр сар арав хоног/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Д ын энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялын хугацааг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ