| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0067/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 64
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Ц.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ч-д холбогдох эрүүгийн 1918000210055 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Ч 1991 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Хишигт-Эрдэс” ХХК-нд дампын оператор ажилтай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчдийн 5-54 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчдийн 5-54 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Ц.Ц-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчдийн 5-54 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Ц.Ц-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Ц.Ч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 сарын 23-ны өдөр манай эгчийн хүүхдийн үсний найр болсон юм. Тухайн үед би эхнэртэйгээ Улаанбаатар хотод байсан бөгөөд “намайг хүрээд ирээч” гэж утсаар залгасан учир орой 11 цагийн үед гэртээ ирэхэд манай эгч Ц.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгтэл манай эгч архи өгсөнгүй гээд уурлаад миний хамт явж байсан эмэгтэйг янз бүрээр хэлээд байсан учир би төрсөн эгчийнхээ толгой руу шанагаар цохисон. Манай эгч ер нь согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр янз бүрийн авир гаргаад байдаг.
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт иргэн Ц.Ц-ээс гаргасан өргөдөл /хэргийн 5/,
-Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ээжийн гэрт гаднаас 3 хүн ирчихсэн байсан бөгөөд нөхөр бид хоёр, Цэцэгжаргал нийт 7 орчим хүн байсан бөгөөд бид нар архи ууж дуусахад манай нөхөр намайг “гэртээ харья” гэхээр нь би нөхрийгөө “ганцаараа яваад хоночих, би ядраад байна, маргааш очъё” гээд түүнийг явуулчихаад унтсан. Унтаж байхад шөнө 01 цаг 20 минутын үед гаднаас манай дүү Ц.Ч нэг эмэгтэйн хамтаар ирсэн байсан бөгөөд Цэцэгжаргалтай нэг шил 0.33 литрийн архи, 2.5 литрийн нэг том пиво уугаад сууж байсан. Би босоод харахад “миний эхнэртэй мэндэлсэнгүй, нөхрийгөө дандаа өмөөрдөг сонин хүн, чи миний эгч биш” гэсэн утгатай зүйл яриад байсан. Тэгэхээр нь би “наад архи дарсаа болиоч ээ, намайг биш юм аа гэхэд хөгшин настай эхийгээ хүндлээч” гэхэд “яасан чамд өгөхгүй болохоор уур чинь хүрээд байна уу?” гээд байхаар нь би “чиний авчирсан архины шавхруугаар чинь яадаг юм бэ?” гэхэд “яасан олон үгтэй гичий вэ?” гээд ширмэн шанагаар миний толгой руу 2-3 удаа цохисон чинь иш нь хугарчихсан. Тэгсэн гэрийн хойморт өлгөөстэй байсан мандалин хөгжмөөр толгой руу 4-5 удаа цохисон. Ингэж цохиход нь би гараараа толгойгоо хаасан боловч гартай минь хамт толгой руу цохиод байсан. Ингэж намайг зодож байхад нь Цэцэгжаргалтай хамт амьдардаг миний охин Энэрэл уйлаад босоод ирэхэд Ц.Ч намайг зодохоо больсон.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/,
-Гэрч А.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос хамтран амьдрагч Ц.Ц.Ч гийн хамт автобусаар орой 23 цагийн үед ирсэн юм. Ц.Ц.Ч гийн эгч Цэцэгжаргалын хүүхдийн үсний найр болсон тул гэрт нь очиход Цэцэгдэлгэр гэдэг эгч нь согтуу байсан бөгөөд Ц.Ц.Ч гийн ээж нь унтаж байсан. Харин Цэцэгжаргал гэдэг эгч нь бага зэргийн согтолттой байсан. Ингээд Ц.Ч бид хоёр цай хоол идээд сууж байхад гаднаас хоёр ах орж ирсэн. Тэгж байхад Цэцэгдэлгэр гээд эгч нь Ц.Ц.Ч гийн ээжийг сэрээгээд “эд нар архи уугаад байна, надад өгөхгүй байна” гээд байсан. Тэгсэн Ц.Ч “та яагаад байгаа юм бэ?, одоо унтаж амар” гэхэд Цэцэгдэлгэр эгч нь “би унтахгүй за юу, надад архи хийгээд өгчихгүй арчаагүй юм бэ?” гээд байсан. Намайг Цэцэгжаргал гээд эгчтэй нь юм яриад сууж байсан чинь Цэцэгдэлгэр “та хоёр хэзээ эгч дүүс болчихсон юм бэ?, наад хүүхэд чинь Ц.Ч гийн хүүхэд биш биз дээ” гэх мэтээр агсам согтуу тавьж эхэлсэн. Тэгж хэлэхэд нь Ц.Ц.Ч гийн уур нь хүрээд мандалин хөгжмөөр толгой руу нь цохиод, шанагаар толгой руу нь цохиход тухайн шанаганы бариул нь хугарчихсан. Би тэр үед нь Цэцэгжаргал гээд эгчийнх нь хамтаар Ц.Ц.Ч г татаж болиулаад тэдний гэрээс гарч, Цэцэгжаргал эгчийн найзынх нь гэрт очиж хоносон.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Ц.Ч г ирсэн болохоор нь би түүнд авсан архинаас 200-300 грамм орчимыг хийж өгсөн. Энэ үед манай төрсөн эгч Цэцэгдэлгэр унтаж байснаа сэрсэн бөгөөд бид нарыг архи ууж байхыг харчихаад ээжийг татаж чангаагаад байсан. Би тухайн үед түүнийг их согтолттой байсан болохоор нь нэмж архи өгөөд яахав гэж бодоод өгөөгүй юм. Тэгсэн манай дүү Ц.Ч “та одоо болиоч ээ, ээжийг унтуулаач, гэрт шинэ бэр чинь ирсэн байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн манай эгч надад архи өг гээд байсан бөгөөд түүнд архи өгөхгүй байсан чинь “наад хүүхний чинь гэдсэнд байгаа хүүхэд чиний хүүхэд мөн юм уу? наадах чинь үхсэн ацных нь чиний авгай байдаг юм бэ?” гээд хорон муухай үг хэлээд байсан. Тэгсэн манай дүү Ц.Ч уурлаад ширээн дээр байсан хөнгөн цагаан шанагаар толгой руу нь 2-3 удаа цохиход иш нь хугарчихсан. Тухайн шанаганы бариул нь угаасаа боолтоороо мултарч унах гээд санжигнаад байсан юм. Тэгээд шанаганы бариул хугарчихаар нь хойморт байсан жижиг мандалин хөгжмөөр нуруу руу нь нэг удаа цохиход тухайн хөгжим хугарчихсан. Тэгэхээр нь би Ц.Ц.Ч гийн эхнэрийн хамт дундуур нь орж салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,
-Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө 06 цагийн үед сэрэхэд манай гэрийн төмөр шанаганы бариул нь хугарчихсан, мандалин хөгжим эвдэрчихсэн байдалтай байсан. Тэгээд би Цэцэгжаргалыг гэртээ ирэхгүй болохоор нь 13 цагийн үед гар утас руу нь залгаж ярихад “урьд шөнө таныг унтаж байхад Ц.Ч эхнэртэйгээ ирсэн бөгөөд Ц.Ч д архи хийгээд өгсөн чинь Цэцэгдэлгэр таныг сэрээх гээд татаж чангаагаад байхаар нь та унтаж амар” гэхэд надад архи өгсөнгүй гэж уурлаад Ц.Ч гийн эхнэрийг нь элдэв янзаар хэлэхээр нь Ц.Ч шанагаар цохисон талаар ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,
-Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Ц нь агсам согтуу тавихад Ц.Ч гэнэт босоод төмөр шанага бариад “чи миний эгч мөн юм уу? биш юм уу?” гэж уурлаад толгойн дундуур нь нэг удаа цохиход шанаганых нь иш хугарчихсан. Тэгсэн Цэцэгжаргал болон Ц.Ч-гийн эхнэр нь салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн18-19/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 20/,
-“Ц.Ц-ийн биед зулайн хуйханд шарх, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/,
-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 45/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Ц.Ч болон хохирогч Ц.Ц нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Ц.Ч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-ийн эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт” бүхий гэмтэл учирсан /хэргийн 23/ бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураар эвлэрсэн /хэргийн 45/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчдийн 5-54 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Ц.Ц-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Ч г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц.Ч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Ч-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Ч д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.Ч д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ц.Ч д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ