Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 65

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.Э  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох эрүүгийн 1818009400021 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Э 1966 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 2-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 2018 оны 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 2-19 тоотод байх өөрийн гэртээ иргэн Н.Э-ийн нүүрэн тус газарт нь архины шилээр цохисны улмаас “баруун нүдний эвэрлэг, доод зовхины урагдал, солонгон бүрхүүлийн мултрал бүхий нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний алимны агууламжийг авч, эвэрлэгт шарик тавин, доод зовхийг нөхсөн хагалгааны дараах байдал, баруун нүдний хараа үгүй байдал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 2018 оны 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 2-19 тоотод байх өөрийн гэртээ иргэн Н.Э-ийн нүүрэн тус газарт нь архины шилээр цохисны улмаас “баруун нүдний эвэрлэг, доод зовхины урагдал, солонгон бүрхүүлийн мултрал бүхий нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний алимны агууламжийг авч, эвэрлэгт шарик тавин, доод зовхийг нөхсөн хагалгааны дараах байдал, баруун нүдний хараа үгүй байдал” бүхий хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Б.Э ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Н.Э ийн авч ирсэн 1 литр Түмний хишиг нэртэй архийг манай эхнэр Ариунаа, Н.Э  бид 3 хувааж ууж дуусаад Н.Э  дахин 1 литрийн Түмний хишиг нэртэй архи авч ирээд бид 3 хувааж ууснаа санаж байна. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байгаа юм. Нэг сэрээд бие засах гээд хаалгаа онгойлготол Н.Э  үүдэн дээр унтаж байхаар нь би орон дээр унтуулаад буцаад унтсан. Өглөө нь Н.Э ийн баруун нүд хөхөрч хавдсан байсан.

...Н.Э  надад “та намайг цохиод миний нүдийг ийм болгосон.” гэхээр нь би “ах нь юу ч санахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд Н.Э  надад “цагдаа, шүүх гээд яахав, та надад 100000 төгрөг өгчих” гэхээр нь би за тэгье гэж хэлсэн.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Манай ээж 83 настай. Зүрх нь зогсчих гээд байдаг байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Хохирогч Н.Н.Э ээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5-7/,

 

-Хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би авч ирсэн архиа Б.Э  ахад өгөөд ширээний үүдэн талын хэсэгт Ариунаа эгч суугаад, би голд нь суугаад, хойд хэсэгт нь Б.Э  ах архиа задлах гээд босоод зогссон байсан. Тухайн үед би доошоо хараад сууж байсан чинь Б.Э  ах архины шилнийхээ хүзүүнээс баруун гараараа барьж байгаад архины шилнийхээ ёроол хэсгээр нь миний зүүн талаас нүүр рүү цохисон. Тэгэхэд архины шил хагарсан бөгөөд миний баруун нүднээс цус гараад нүд рүү архи ороод хорсох мэдрэмж төрсөн. Тухайн үед би ухаан алдсан бөгөөд нэг мэдсэн чинь орон дээр дээшээ хараад хэвтэж байсан.

...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 дугаар төвийн эмч Оюун дээр очиж үзүүлэхэд “нүдний цөцгий чинь гэмтсэн байна, зовхи чинь урагдалтай байна, яаралтай Улаанбаатар хотын Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүл” гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод очиж үзүүлэх мөнгө байхгүй байсан болохоор Дарханы “Бид” эмнэлэгт үзүүлээд 2018 оны 12 сарын 5-ны өдөр “Бид” эмнэлэгт хэвтэж нүдний хагалгаанд ороод 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/,

 

-Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө босоод харахад нийтдээ 3 шил 1 литрийн “Түмний хишиг” нэртэй архи Эрдэнэмягмар, Н.Э  бид гурав уусан байсан. 2018 оны 11 сарын 24-ний өглөө босоод харсан чинь Н.Э ийн баруун нүд нь хавдсан байсан бөгөөд Эрдэнэмягмар бие засах гээд гарсны дараа Н.Э  надад “өчигдөр орой Эрдэнэмягмар ах юу ч болоогүй байхад миний баруун нүд рүү архитай архины шилээр цохисон. Тэгсэн чинь та Эрдэнэмягмар ахыг загнаад надад 00-н цаас авч өгөөд цусаа арчсан. Та Эрдэнэмягмар ахад битгий хэлээрэй.” гэж хэлсэн юм. Тэгээд би харсан чинь манай гэрийн шалан дээр цустай 00-н цааснууд хөглөрч байсан.

...маргааш нь Н.Э  утсаар залгаад “манай гэрийнхэн цагдаад өгнө гээд бөөн юм болоод байна, надад 100000 төгрөг өгчих, хэл үггүй салъя” гэж хэлсэн. Тэгээд 100000 төгрөг өгөхөөр болсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,

-“Н.Э-ийн биед баруун нүдний эвэрлэг, доод зовхины урагдал, солонгон бүрхүүлийн мултрал бүхий нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний алимны агууламжийг авч, эвэрлэгт шарик тавин, доод зовхийг нөхсөн хагалгааны дараах байдал, баруун нүдний хараа үгүй байдал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр буюу 35 хувь тогтонги алдагдуулсан хүнд зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18/,

 

-Хохирол төлсөн баримт /хэргийн 34/,

-Хохирлын талаар нотлох баримтууд /хэргийн 54/,

-Амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар /хэргийн 55-56/,

-“Б.Э  нь миний хохирлыг барагдуулсан тул, мөн бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогч Н.Э-ийн хүсэлт /хэргийн 58, 63/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-ийн биед “баруун нүдний эвэрлэг, доод зовхины урагдал, солонгон бүрхүүлийн мултрал бүхий нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний алимны агууламжийг авч, эвэрлэгт шарик тавин, доод зовхийг нөхсөн хагалгааны дараах байдал, баруун нүдний хараа үгүй байдал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэхүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр буюу 35 хувь тогтонги алдагдуулсан хүнд зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 18/  нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогчийн зүгээс “миний хохирлыг барагдуулсан тул, мөн бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 58, 63/, мөн “хоёр тал харилцан тохиролцож эвлэрч байгаа тул Эрдэнэмягмарыг энэ хэргээс чөлөөлж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 63/ тус тус гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 2018 оны 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 2-19 тоотод байх өөрийн гэртээ иргэн Н.Э-ийн нүүрэн тус газарт нь архины шилээр цохисны улмаас “баруун нүдний эвэрлэг, доод зовхины урагдал, солонгон бүрхүүлийн мултрал бүхий нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний алимны агууламжийг авч, эвэрлэгт шарик тавин, доод зовхийг нөхсөн хагалгааны дараах байдал, баруун нүдний хараа үгүй байдал” бүхий хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, 83 настай ээжийгээ асран хамгаалдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э-д 1 жил 10 хоногийн /нэг жил арав хоног/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жил 10 хоногийн /нэг жил арав хоног/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай .

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ