Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 0201

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 16 дугаар байрны 11 тоотод оршин суух Боржигон овгийн Пүрэвжавын Буманзаяа /РД:АН68110705/-гийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 16 дугаар байрны 11 тоотод оршин суух Боржигон овгийн Дугарсүрэнгийн Октябрь /РД:ТЖ71072978/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Буманзаяа, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Буманзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч П.Буманзаяа миний бие нь Д.Октябрьтай 2005 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охинтой болсон ба охин маань одоо 10 нас 11 сартай. Нэр нь О.Намуун... Д.Октябрьтай анх 1988 онд танилцсан. Эхний нэг жил архи дарс уух нь гайгүй байсан боловч хоёр дахь жилээсээ архийг маш их ууна, уугаад агсам байнга тавьж, гэр орны эд хогшилоо эвдэн, хутга шөвөг барьж дайран, энэ агсам тавих нь шөнөжин үргэлжлэх зэргээр олон үйлдлийг байнга гаргадаг болсон. Охин маань том болох тусам гэр бүлийн таагүй нөхцлөөс болж маш аймхай, аавыгаа архи уусныг сонсоод сэтгэл санааны гүн хямралд ороод салгалах, чичрэх, уйлах, орилох гээд ээжээ гаръя, айлд хоноё, би айгаад байна гэж уйлж эхэлдэг тул би өөрийн эрхгүй охиноо хөтөлж гараад айлд хонодог. Энэ нь 7 хоногт 2-3 удаа үргэлжилдэг. Заримдаа охиноо тэврээд орцонд хонох үе байх юм. Д.Октябрь нь гэр бүл болсноос хойш нэг ч удаа ажил хийгээгүй... гэр бүлийн үүрэг хариуцлагыг огт мэддэггүй... Саяхан 2016.03.08-ны өдрөөс 2016.03.15-ны өдөр хүртэл архи уусан. Охиноо авч гэрээсээ 3 хоног зугтаасан. Хамгийн сүүлд эрүүлжүүлэхэд хийлгүүлээд сууж байна даа. Иймд миний охины ирээдүй амар амгалан байдлыг нь алдагдуулахгүй өсөх орчин нөхцлийг бодож, гэр бүлийн хүчирхийлэл дор 10 жил зовсныг ойлгож ямар нэгэн хугацаа өгөхгүйгээр Д.Октябрь бидний гэрлэлтийг цуцалж, охин О.Намууныг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.  

            Хариуцагч Д.Октябрь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би эхнэртэйгээ гэр бүл болоод 11 жил шахам хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд охин О.Намуун төрсөн. Сүүлийн жилд би архийг бага сага хэрэглэж уусан үедээ гэр бүлдээ агсам тавьж тэднийхээ амгалан тайван байдлыг алдагдуулж байсан нь үнэн. Би тархины өвчний учраас группт байдаг. Байнга эмчлүүлж байдаг учраас архи уусан үед зохисгүй авир гаргахад нөлөөлдөг байж болох юм. Шүүхээс нэхэмжлэлийн хувь гардаж аваад эргэцүүлж бодож үзлээ. Үнэхээр би буруу зүйл хийж эхнэр хүүхдээ гомдоож явсан байна. Би сүүлийн маргаантай асуудлаас болж архи согтууруулах ундааны зүйлийг огт хэрэглэхээ болъё. Гэр бүл, охиноо бодож амьдралаа хэвээр нь хадгалъя гэж бодож байна. Тийм ч учраас өөрийнхөө муу зуршлаас салахын тулд АА-гийн сургалтанд хамрагдаж гишүүн нь болсон. Энэ зорилгоо ухамсарлаж архи дахин хэзээ ч уухгүй гэдгээ төрийн шүүхийн өмнө болон эхнэр хүүхдэдээ амлаж байна. Бидний хооронд архины асуудлаас өөр ноцтой салах шалтгаан байхгүй учраас би алдаагаа засчихвал амьдралаа үргэлжлүүлээд байж болно. Эхнэр маань ч өргөдөлдөө бичсэн байна. Гэр бүл салж сарнина, үр хүүхдээ өнчрүүлэх өдий насандаа ийм байдалд орох нь харамсалтай байна гэжээ. Энэ бол үнэн асуудал. Би алдаагаа засаж гэр бүлдээ цаашид сайн хандах бодол чин санаа байгааг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцлахгүй, охиныг минь өнчрүүлэхгүй байх талаас нь бүхий л талын арга хэмжээ авч өгөхийг хүсье. Эхнэр охиноосоо уучлалт гуйж байна. Уучилж надад та хоёртойгоо байх боломжийг олгож өгөөч гэж хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч П.Буманзаяа шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч П.Буманзаяа миний бие нь хариуцагч Д.Октябриас гэр бүлийн баталгааг цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх бидэнд эвлэрэх хугацаа олгож хэргийг түдгэлзүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар бид эвлэрсэн нэг гэрт хамт амьдарч байгаа тул хэргий хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчид 2004 оноос хойш хамтран амьдарч 2005 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин О.Намуун төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

     Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хэргийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн ба уг хугацаанд гэрлэгчид эвлэрч цаашид хамтран амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч П.Буманзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. П.Буманзаяагийн нэхэмжлэлтэй Д.Октябрьд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийн гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР