Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 66

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Э.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1918000750067 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.Б 1977 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймгийн Заамар суманд байрлах “Улз” группийн алтны уурхайд жолооч ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Булагийн 1-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” захаас Тосгоны чиглэлд явдаг авто зогсоол дээр иргэн С.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” захаас Тосгоны чиглэлд явдаг авто зогсоол дээр иргэн С.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Э.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагийн орчимд биржээс “Тосгон” явдаг зогсоол дээр өөрийн 45-83 ДАХ улсын дугаартай Соната 6 маркын тээврийн хэрэгсэлтэй нүүрний эгнээнд 2 хүн суулгачихсан байсан. Тэгсэн чинь миний урд талд “Ширээ нуруу”-ны чиглэлд хүн ачдаг Сурмаажав древэн явах 2 хүн аваад хөдлөөд явсан. Тэгээд би хүнээ ачиж дүүрээд нэг тойрчихоод буцаад зогсоолдоо ирсэн чинь Сурмаажав ирчихсэн зогсож байхаар нь би очоод машиных нь хаалгыг нээгээд 2 гарыг нь барьж аваад дээрээс нь дараад “та яагаад хүн ачаад байгаа юм бэ? өөрийнхөө чиглэлийн хүнийг ач л даа, доромжлоод байгаа юм уу?, дээрэлхээд байгаа юм уу?” гэсэн чинь Сурмаажав “за ахын дүү муухай юм боллоо, больё больё” гэхээр нь би гарыг нь тавиад боссон чинь миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед Сурмаажав миний толгойг хатуу юмаар цохиод байх шиг байхаар нь хартал гартаа машиныхаа түлхүүрийг барьчихсан түлхүүрээрээ намайг цохисон байсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ?” гээд Сурмаажавын нүүр лүү нь гараараа 2 удаа цохиод миний толгой хацарнаас цус гараад байсан болохоор өөрийнхөө машинд очоод цусаа арчиж цэвэрлэсэн. Тэгсэн чинь Сурмаажав намайг “муу сайн урдуураа явдаг пиздануудыг алдаг байхгүй юу?” гэхээр нь Сурмаажавыг айлгах санаатай түлхүүрийн оосорт байдаг жижиг эвхэгддэг тонгоргоо гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад Сурмаажавын зүүн талын өгзөг рүү нэг удаа хатгасан. Би тэр үед Сурмаажавыг зузаан өмдтэй, бөгсөө дарсан куртик өмссөн байсан болохоор дотогшоо нэвтэрчихнэ гэж бодоогүй. Тэгээд миний машинд хүмүүс суугаад дүүрсэн байхаар нь яваад өгсөн. Буцаад зогсоол дээр ирсэн чинь Сурмаажавын зүүн өгзөгнөөс цус гарсан байдалтай цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд Сурмаажавыг түргэний тэрэг ирээд аваад явсан.

...гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-7/,

-Эвхэгддэг хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 8/,

 

-Хохирогч С.С-ын  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагийн орчимд би биржийн зогсоол дээрээс “Ширээ нуруу” явах 3 хүн, дрэвэнд буух нэг хүн аваад явсан. Тэгээд эргэж ирээд 11 цагийн орчимд биржийн зогсол дээр зогсож байсан чинь Баасансүрэн ирээд “древэнгийн хүн авлаа” гэхээр нь бид 2 маргалдсан чинь Баасансүрэн хэд хэдэн удаа нүүр лүү цохихоор нь би машиныхаа түлхүүрийг барьж байсан гараараа Баасансүрэнгийн толгой руу хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд машинаас бууж ирээд Баасансүрэнгийн толгойноос цус гарсан байсан чинь намайг “чи хүн зодоод байхдаа яадаг юм бэ?” гэхээр нь би “чи намайг зодоод байхдаа яадаг юм бэ?” гээд маргалдсан чинь Баасансүрэн өөрийнхөө машиныхаа ойролцоо цусаа арчаад зогсож байснаа над руу “чамайг алсан ч яадаг юм бэ?” гэхээр нь “чи муу алаад байхдаа яадаг юм бэ? алахгүй юу чи” гэсэн чинь Баасансүрэн ирээд миний баруун талын өгзөг рүү цохих шиг болсон чинь халуу оргихоор нь би хутгалчихлаа гээд орилоод машиндаа суусан. Тэгсэн чинь Баасансүрэн машиндаа хүнээ ачаад яваад өгсөн.

...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 10-11/,

 

-Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагийн орчим орох, гарах хаалганы дэргэд древэнгээс хуучин зах хоёрын хооронд хүн тээвэрлэдэг жолооч Сурмаа, Баасансүрэн нар маргалдаад эхлэхээр нь би дөхөж очоод сонсоход жолооч Сурмаа, Баасансүрэнгийн ээлжийн урдуур ороод 2 хүнийг нь машиндаа суулгахад Баасансүрэн нь Сурмаа руу “чи миний ачих гэж байсан хүнийг авлаа” гээд маргалдаад байсан. Тэгээд нэг хартал Сурмаагийн машин дотроос Баасансүрэнгийн толгой болон нүүрнээс нь жаахан цус гарчихсан гарч ирсэн. Тэгээд Баасансүрэн толгойнхоо цусыг арчиж байгаад гэнэт уурлаад халааснаасаа олон түлхүүр гаргаж иргээд дундаас нь жижиг төмөр хутга сугалаад Сурмаа руу гүйж очоод баруун талын гуя хэсэг рүү нь гартаа барьсан хутгаараа нэг удаа дүрсэн. Тэгээд би очиж салгаад Сурмаагийн гуянаас гарсан цусыг нь тогтоогоод байж байтал удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

 

-“Э.Б-н толгойн орой хэсэгт хавдсан, дух хамрын зүүн угалз зулгарсан шархтай.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 16/,

 

-Э.Б-н биед дух, хамарт шинэ зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19/,

 

-“С.С-ын  баруун өгзгөнд 1.5 см хэмжээтэй 8 см орчим гүн хатгагдсан шархтай, гэмтэлд хэвтүүлэв.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 20/,

 

-“С.С-ын  биед баруун өгзгөнд шарх, цус хуралт, зүүн нүдний салстын улайлт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/,

 

-“Миний бие Э.Б нь зодоон хийснээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх Э.Б-ээс гаргасан хүсэлт /хэргийн 56/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Э.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.С-ын  биед “...баруун өгзгөнд шарх, цус хуралт, зүүн нүдний салстын улайлт, хамарт зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Э.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч С.С  нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн10-11/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” захаас Тосгоны чиглэлд явдаг авто зогсоол дээр иргэн С.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Б-д анхааруулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 100000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Б-д  үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Э.Б-д  анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ