Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2016/00206/И |
Дугаар | 146/ШШ2016/00225 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 146/ШШ2016/00225
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг, Гуа 5-12 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Адууч овгийн Жамбын Батцэцэг /РД: ЙС65102809/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Батцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Ж.Батцэцэг миний бие 1987 оны 05 дугаар сарын 05-наас Хужирт сумын холбооны яамны харьяа рашаан сувилалд 1991 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл ажилласан. Гэтэл миний 1987 оны 05 дугаар сарын 05-наас ажилд орсон тушаалын эх хувь нь байгаа боловч 1991 оны 09 дүгээр сарын 01-нд ажлаас чөлөөлсөн даргын тушаал олдохгүй холбоочдын рашаан сувилалын бичиг баримт Өвөрхангай аймгийн архивт байхгүй байна. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлсөн бичилт байгаа боловч уг бичилтийг хүчингүйд тооцоод байгаа учир миний 1987 оны 05 дугаар сарын 05-наас 1991 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Батцэцэг нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ж.Батцэцэг нь 1987 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Холбооны яамны харьяа Рашаан сувиллын туслах тогоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Холбооны яамны харьяа Рашаан сувиллын даргын 1987 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай “Ажилд шинээр авах тухай” тушаал, №445511 дугаартай 1986 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, гэрч О.Сандуйсүрэн, Ж.Намжилмаа нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч өөрийгөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Адууч овгийн Жамбын Батцэцэгийг 1987 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Холбооны яамны харьяа Рашаан сувиллын туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН