Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 79

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч Г.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918000050019 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Б, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 7 дугаар байрны 49 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариг трейд” ХХК-ны зочид буудлын 5 дугаартай өрөөнд хамт үйлчлүүлж байсан иргэн Д.Б-нбулган шуба, самсунг эс 5, нокиа загварын гар утаснуудыг нууцаар, хууль бусаар авч, 2010000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариг трейд” ХХК-ны зочид буудлын 5 дугаартай өрөөнд хамт үйлчлүүлж байсан иргэн Д.Б-нбулган шуба, самсунг эс 5, нокиа загварын гар утаснуудыг нууцаар, хууль бусаар авч, 2010000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Г.Б ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 12 сарын 27-нд Д.Б  гэх танил хүүхэн “хүрээд ирээч” гээд залгасан. Тэгээд би “Шүтээн” гэх уушийн газар хамт нэг шил архи хувааж уусан. Тэндээсээ гараад “Ариг” гэх буудалд орсон бөгөөд Д.Б  тэр буудалд архиндаа тасраад унтаад өгөхөөр нь булган шуба, эс-5 маркийн гар утас, нокиа маркийн гар утас зэргийг аваад гарч, автобусаар хот явсан.

...маргааш нь би “Нарантуул” зах дээр булган шубыг танихгүй хүнд гучин мянган төгрөгөөр зарсан. Тэгээд би Ариунцэцэгтэй хамт 18 цагийн суудлаар Зүүнхараа явж, алтны уурхайд ажил хийж байсан. Манай эхнэр хохирогчид 300000 төгрөгийг 2 хоногийн өмнө өгсөн.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Д.Б-нгаргасан өргөдөл /хэргийн 5/,

-“Ариг трейд” ХХК-ны зочид буудлын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-9/,

-Бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 10/,

 

- Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ариг трейд ХХК-ны зочид буудлын 05 тоот өрөөнд урдны танил Төрөө гэх залуутай хамт ороод архи ууж байгаад гэнэт орой 20 цагийн орчим сэрэхэд өлгүүрт байсан 2 жилийн өмнө Япон улсаас ирсэн булган шуба, халаасанд байсан Самсунг эс 5, Нокиа загварын гар утас алга болсон байсан. Тэгээд тус буудлын зочин угтагчаас хамт ирсэн залуугаа асуухад 19 цагийн орчим гараад явсан гэсэн бөгөөд гартаа ямар нэгэн зүйл барьж гарсан нь харагдаагүй гэсэн. Мөн миний амарч байсан өрөөнд гаднаас ямар нэгэн хүн ороогүй гэсэн ба тухайн өдөр уг буудалд бид хоёроос өөр ямар ч хүн ороогүй гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 /,

 

-Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 20-ны орой гэртээ байж байтал 23 цагийн орчимд танил Г.Б  гэж залуу над уруу залгаад “Дарханаас ирчихлээ, Драгон дээр байна” гэхээр нь гэрээс гараад долоон буудал дээр очиж уулзсан. Тэгэхэд Г.Б  эмэгтэй хүний хуучин булган шуба барьчихсан явж байсан. Түүнийгээ даараад байна гэхээр надад өмсүүлсэн. Бид 2 тэр орой хамт явж байгаад хоносон. Маргааш нь түүнийгээ надаас аваад явсан. Нарантуул зах дээр аваачаад зарчихлаа гэж хэлсэн. Хаанаас авсан талаараа надад огт яриагүй болно. Эмэгтэй хүний бор өнгийн булган шуба байсан. Өөр надтай уулзахдаа янз бүрийн юм авчраагүй болно. Тэгээд бид хоёр 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой 18 цагийн вагонд сууж Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа уруу хамтдаа явж ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Батсайхан гэж хүний алтан дээр хамтдаа ажиллаад байж байна. Миний мэдэх зүйл энэ болно.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,

 

-Гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймагт 1 хүүхдийн хамт амьдардаг. Г.Б  буюу Төрөө гэх залуутай 2015 оноос хойш хамтран амьдарч байгаа. Саяхан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 30 минутын үед намайг гэрээс гарахад Төрөө гэрт ганцаараа миний самсунг галакси эджэ-6 маркийн утсыг аваад үлдсэн. Түүнээс хойш сураггүй алга болсон. Сүүлд сонсоход алтан дээр хамт ажиллаж байсан Ариунаа гэдэг хүүхнийг гэрээс нь оргуулаад хамт явсан гэсэн. Эндээс нэг булган шуба аваачаад өмсүүлчихсэн явж байсан гэсэн. Ямар учиртай булган шуба юм бүү мэд. Миний гар утсыг “Шүтээн” пабын хажуу талын ломбардад 120000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан байсныг олж мөнгийг нь төлж утсаа авсан. Энэ залуу надтай цуг 4 жил амьдарч байгаа болно.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,

 

-Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариг трейд” ХХК-ны зочид буудалд зочин угтагчаар ажилладаг. 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 16:23 цагийн үед гаднаас 30 гаруй насны залуу, бор булган шубатай, цагаан ноосон ороолттой 40 гаруй насны эмэгтэй 2 орж ирээд мөнгөө төлөөд 2 номерын өрөөнд орсон. Тэд архи уучихсан байсан бөгөөд 18 цаг 20 минутын орчимд залуу нь гарч харагдсан. Гартаа ямар нэгэн зүйл бариагүй гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 2010000 /хоёр сая арван мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 33-34/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариг трейд” ХХК-ны зочид буудлын 5 дугаартай өрөөнд хамт үйлчлүүлж байсан иргэн Д.Б-нбулган шуба, самсунг эс 5, нокиа загварын гар утаснуудыг нууцаар, хууль бусаар авч, 2010000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Г.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 2010000 /хоёр сая арван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 33-34/ нотлогдож байх бөгөөд хохирол төлбөрөөс 300000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай эхнэр хохирогчид 300000 төгрөгийг 2 хоногийн өмнө өгсөн.” гэх мэдүүлэг, хохирогч Д.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...би хуралд оролцохоор явж байгаад зам тээврийн осолд ороод одоо эмнэлэгт шинжилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралд очиж чадахааргүй болсон. Хохирол, төлбөрийн хувьд Г.Б ийн эхнэр надад 300000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1710000 төгрөгийг нэхэмжилнэ.” /хэргийн 116/ гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Б өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох 1710000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариг трейд” ХХК-ны зочид буудлын 5 дугаартай өрөөнд хамт үйлчлүүлж байсан иргэн Д.Б-нбулган шуба, самсунг эс 5, нокиа загварын гар утаснуудыг нууцаар, хууль бусаар авч, 2010000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Б мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгт 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Б ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2010000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б ийг 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б ийн энэ хэрэгт 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б өөс 1710000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөг гаргуулж, хохирогчид олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ