Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2016/00214/И |
Дугаар | 146/ШШ2016/00226 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 146/ШШ2016/00226
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, “Зөрүүлэг” гэх газар оршин суух, 1973 онд төрсөн, 43 настай, Даянчин овгийн Тогоодоржийн Даваасүрэн /РД: ЙБ73030505/-гийн хүсэлттэй,
“Хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Даваасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Тогоодорж овогтой Даваасүрэн миний бие Нямцэрэн овогтой Ширчинсүрэнтэй 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж охин Ш.Энххүслэнг 2010 оны 08 дугаар сарын 02-нд төрүүлж өсгөсөн. Гэвч бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Манай нөхөр Н.Ширчинсүрэн нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр автын ослын улмаас нас барсан. Охин Ш.Энххүслэндээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон тул Н.Ширчинсүрэн бид хоёрыг хамтран амьдарч байсанг тогтоож өгнө үү.
Бид хоёр 2008 оны 10 дугаар сард гэр бүл болоод гэрлэлтээ батлуулах гээд сумын төв орсон чинь Өвөрхангай аймаг явж батлуулж гэсэн. Тэгээд аймаг явж гэрлэлтээ батлуулаагүй байж байтал нөхөр маань энэ оны 7 дугаар сарын 02-ны өдөр автын ослоор нас барсан. Тэгээд охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гээд хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлттэй байна...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Даваасүрэн нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Т.Даваасүрэн, талийгаач Н.Ширчинсүрэн нар 2008 оноос 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан, энэ хугацаанд 1 хүүхдийн эцэг, эх болсон, нөхөр Н.Ширчинсүрэн нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ¹0000127054 тоот нас барсны гэрчилгээ, №0000606697/104/05 тоот төрсний гэрчилгээ, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Л.Наранцэцэг, Ц.Цогзолмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Т.Даваасүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар Даянчин овгийн Тогоодоржийн Даваасүрэн, Тарган овгийн Нямцэрэнгийн Ширчинсүрэн нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН