| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0071/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 81
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц холбогдох эрүүгийн 1918000000060 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Ц 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 54 дүгээр брак 5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 017-3-38 тоотод оршин суух иргэн Х.Б-н орон байранд нэвтрэн “НРР” маркийн 32 инчийн телевизорыг хулгайлж, 250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 017-3-38 тоотод оршин суух иргэн Х.Б-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, гэрт нь нэвтрэн орж “НРР” маркийн 32 инчийн телевизорыг хулгайлж 250000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө хохирогч Х.Б-н охин над руу залгаж яриад, юу хийж байгаа вэ гэхэд нь би гэртээ хийсэн зүйлгүй, хүүхдээ хараад байж байна гэж хэлсэн. Үдээс хойш гарахдаа хэлнэ гэсэн. Би Гантогтохтой утсаар ярьж үдээс Х.Баярмаагийн гэрт нь очиж, нарийн урт дэгээ төмрөөр хаалганых нь цоожийг эвдэж, гэрийнх нь хойморт байсан зурагтыг нь авсан.
...Би муухай хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн, хохирогчтой утсаар ярьж уучлал гуйсан.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-8/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-11/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 12/,
-Б.Ц ын эзэмшлийн 99379178 дугаарын утаснаас хийсэн дуудлага, мессэжний дэлгэрэнгүй жагсаалт /хэргийн 15-19/,
-Хохирогч Х.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өглөөний 11 цаг 30 минутын орчим охин Даваажаргалын хамт гэрээсээ хоёулаа бирж орж сар шинийн баярын бэлтгэл хийхээр гэрээ цоожлоод гарсан. Бид хоёр биржээс хүнсний зүйл цуглуулж байгаад ажил дээрээс дуудаад “буудлын өрөө цэвэрлэх шаардлагатай байна.” гээд байхаар нь “Нүүдэлчин” буудал дээр очсон. Тэгээд охины хамт ажил дээрээ байж байгаад орой 18 цагийн орчим гэртээ очиход хашааны хаалга онгорхой байсан. Би яагаад хаалга онгорхой байдаг билээ гэж бодоод гэрийн үүдэнд очиход монгол гэрийн хаалганы цүүг хөшөөд хулгайч орсон байсан. Би охины хамт гэртээ яваад ороход хойморт байсан 32 инчийн зурагт алга болсон байсан. Харин өөр эд зүйл алдагдаагүй байсан.
...би өөрийн 32 инчийн зурагтыг бүрэн бүтэн хүлээн авсан. Надад Б.Цэрэндолгороос нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ Цэрэндолгорт хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22/,
-Гэрч М.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг 017-3-38 тоотод монгол гэрт ээжийн хамт хоёулаа амьдардаг юм. Би 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө 11 цаг 30 минутын орчим ээж Болормаагийн хамт сар шинийн баярын эд зүйл бэлтгэх гээд хаалгаа цоожлоод гарсан юм. Бид хоёрыг бирж дээр хүнсний зүйл цуглуулаад явж байхад ээжийн ажлын газраас залгаад “ажил гарчихлаа” гээд бид хамт ажил дээр нь очсон. Тэгээд ээжийн ажил дээр байж байгаад орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хойморт байсан БНХАУлсад үйлдвэрлэгдсэн 32 инчийн саарал өнгийн “НРР” загварын зурагт хулгайд алдагдсан байсан.
...2019 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн орчим Цеэндолгор эгч өөрийн 99379178 гэсэн дугаараас залгаад намайг хаана байгаа талаар асуусан. Би “гэртээ ээжийн хамт байна,бид 2 бирж гарч хүнсний зүйл цуглуулах гэж байна.” гэж хэлсэн. Намайг ээжийн хамт бирж дээр явж байхад 12 цагийн орчим Цэендолгор залгаад “хаана явж байна вэ?” гэж асуусан. Тэгээд ээжийн ажил дээр байхад 13 цагийн орчим дахин залгаад “гэртээ харих болж байна уу?” гэж асуугаад байсан. Урьд өмнө нь Цеэндолгор над руу ерөөсөө ингэж олон залгаж байгаагүй юм. Намайг гэртээ байхгүйг утсаар асууж байгаад гэрт очиж зурагт авсан юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26/,
-Гэрч Н.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз Цээгий гэх охин миний 99626840 дугаар луу өөрийнхөө 99379178 дугаарын утсаар залгаад “чи хаана байна, хоёулаа машинаар чинь эгчийнхээс очоод зурагт аваад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар учиртай зурагт вэ?” гэхэд “миний зурагт байгаа юм аа” гэсэн утгатай зүйл хэлэхээр нь “20 орчим минутын дараа яваад очъё” гэж хэлээд “Сүлд” авто засвар луу очоод өөрийнхөө машины арын хаалгийг янзлуулаад 54 дүгээр бракад байх найз Цээгийгийн гэрийн гадаа очсон. Цээгий 5 сартай хүүхдээ хувцаслаад гарч ирсэн. Би Цээгийгийн зааснаар улаан өнгийн хашаатай, дотроо монгол гэртэй айлын гадаа ирэхэд Цээгий “би ороод ирье” гээд хүүхдээ надад өгчихөөд орсон. Би гадаа нь Цээгийгийн хүүхдийг тэврээд сууж байхад 5-6 минутын дараа Цээгий саарал өнгийн 32 инчийн зурагт тэврээд гараад ирсэн. Тэгээд “зурагт тавьдаг ломбард оръё” гэж хэлэхээр нь би 18-н автобусны буудал руу очиход Цээгий “чи ороод зурагт тавьчих” гэж гэсэн. Тэгээд би “хэдэд тавих юм бэ?” гэж асуухад Цээгий “50000-д тавьчих” гэсэн. Уг нь бол Цээгий надад 30000 төгрөгийн өртэй юм чинь 30000 төгрөгөндөө тулгаад тавьчихвал яасан юм гэсэн чинь “илүү гарснаар нь гэртээ мах авчихъя” гэж хэлсэн. Тэгээд би тэр ломбардад өөрийн бичиг баримтаар тавьсан. Гарч ирээд Цээгийд ломбардны бичгийг 20000 төгрөгийн хамт өгсөн. Цээгий тэр зурагтаа өөрөө маргааш өглөө 10 цагт авна гэж хэлсэн. Тэгээд би Цээгийг захын урд буулгаад салсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29-30/,
-Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Ачит" барьцаалан зээлдүүлэх газарт ганцаараа ажиллаж байхад жижиг, махлаг биетэй, халимаг үстэй залуу ганцаараа саарал өнгийн “НРР” гэсэн бичигтэй 32 инчийн зурагт тэврээд ороод ирсэн. Тэр залуу "надад мөнгө хэрэг болоод байна" гэж хэлээд өөрийн бичиг баримтыг гаргаж өгсөн. Би бичиг баримтыг шалгахад өөрийнх нь бичиг баримт мөн байх шиг байсан. Би тэр залуугаас "энэ зурагт чинь хулгайн эд зүйл биш биз" гэхэд “ямар ч асуудал байхгүй” гэж хэлсэн. Манайх мөнгө алга зурагт авахгүй гэхэд "50000 төгрөгт тавимаар байна, маргааш авна" гэж хэлээд гуйгаад байхаар нь 14 хоногийн хугацаатай 50000 төгрөг өгөөд авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32/,
- “Ачит 3” барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээний хавсралтын хуулбар /хэргийн 33/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар 250000 төгрөг байна.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 35-36/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Ц нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ шаардахгүй байхаар хуульчилсан байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Ц ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 250000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-д 250000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 35-36/ нотлогдож байх бөгөөд хохирогч Х.Б нь мөрдөн байцаалтын шатанд: “...би өөрийн 32 инчийн зурагтыг бүрэн бүтэн хүлээн авсан. Надад Б.Цэрэндолгороос нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэг өгсөн /хэргийн 21-22/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Ц оос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 017-3-38 тоотод оршин суух иргэн Х.Б-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, гэрт нь нэвтрэн орж “НРР” маркийн 32 инчийн телевизорыг хулгайлж 250000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан 1 жил 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Бат-Оргилын Мөнх-Оргилын төрсөн эх болох нь төрсний гэрчилгээний хуулбараар /хэргийн 51/, хүү Б.Мөнх-Оргилын төрсөн эцэг Бат-Оргилтой албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар /хэргийн 48/ тус тус нотлогдож байх тул 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Бат-Оргилын Мөнх-Оргилд асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ц-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 250000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ц-д 1 жил 1 хоногийн /нэг жил нэг хоног/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ц т оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Ц ын хүү болох 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Б.М-д асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад үүрэг болгсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Ц ын эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ц т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ