Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 144

 

Ж.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1050 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10ы өдрийн 1459 дугаар магадлалтай, Ж.С-д холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд айлын мал малладаг ажилтай гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг, Борнуур, 1 дүгээр баг, Өгөөмөр, ферм 1 дүгээр гудамжны 16 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт Цагаан чулуут гэх газар түр амьдардаг,

Төв аймгийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаа шийтгүүлж байсан, Б овогт Ж-н Сандуйжав.

Ж.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар гудамж буюу Нарийн хөшиг гэх газарт иргэн Б.Ж-ыг “машинаас буусангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, зодон, түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн нүдний салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай" гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Сандуйжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.С- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний бие эхнэрийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт хүний мал маллан амьдардаг хэдий ч өөрийн хөдөлмөрийн хөлсөөр амь зуулгын хэдэн малтай болсон. Эхнэр бид хоёр үр хүүхэдгүй хүний өөрийн нийлсэн хэдэн малаа бараадан хөдөө амьдардаг бөгөөд миний бие өрөөсөн хөлөө тайруулсан хиймэл хөлтэй, тахир дутуугийн групптэй байнгын эмчилгээ хийлгэж байдаг.

Өдөрт богинохон хугацаагаар хөдөлгөөн хийхгүй бол хөл хавагнадаг, хиймэл хөлөндөө холгогдоод шархалдаг зэрэг бэрхшээл ихтэй, ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхлэх боломжгүй юм.

Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд хөдөө зэлүүд газар өвлийн хүйтэн, дээрэм тонуул ихтэй цагт эхнэрээ ганцааранг нь амь зуулгын хэдэн малтайгаа орхиод явах зүрх зориг надад үнэндээ байхгүй байна.

Дээрх нөхцөл байдлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд хэлсэн хэдий ч намайг “өөрөө нотлох ёстой” гэсэн. Өмгөөлөгч, мөрдөгчийг зүгээс шаардсан бүхнийг миний бие биелүүлж байсан “надад өөрөө өөрийгөө нотолдог” гэж хэлээгүй. Мөн хавтаст хэрэг авагдсан миний биеийн байцаалтаас харахад миний дээрх тайлбар үндэслэлтэй болох нь харагдана.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Шүүгдэгчийн хувьд прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд үүний дагуу прокурор тогтоол гаргасан. 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг прокурортой тохиролцсон бөгөөд өмгөөлөгчийг байлцуулж, гарын үсэг зурж өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хөл муутай, группд байдаг талаар нотлох баримт авагдаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр би группд байдаг талаар яригддаг боловч сонсголын хувьд группд байдаг мэдүүлгийг өгсөн байдаг.

Хэргийн үйл баримт, цуглуулсан нотлох баримтуудыг үнэлэн хуульд заасан төрөл хэмжээний дотор ялыг оногдуулсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.С-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2008000001269 дугаартай хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ж.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Нарийн хөшиг гэх газарт иргэн Б.Ж-тай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.С-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн байна.

Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох талаар холбогдох ажиллагаа хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрлийг сонгон хэрэглэхэд нөлөөлж болох хувийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг тодруулаагүй, энэ талаарх асуудалд шүүх зохих дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо гэм буруутай үйлдэл болон ялын зүй зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлсэд зөв үнэлэлт өгч, оновчтой сонгон оногдуулж чадаагүй, тулгуур эрхтэн болох хөлөө тайруулсан, хиймэл хөлтэйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн хувьд илэрхий хүндрэлтэй байдлыг харгалзан үзэлгүй шүүгдэгчид нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан, түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Иймд шүүгдэгч Ж.С-ын хяналтын журмаар гаргасан “...хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй байгааг харгалзан оногдуулсан ялын төрлийг өөрчилж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авч холбогдох өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд тус тус оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1050 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10ы өдрийн 1459 дугаар магадлалд “Шүүгдэгч Ж.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                              Б.АМАРБАЯСГАЛАН

                                                         С.БАТДЭЛГЭР

                                                         Ч.ХОСБАЯР

                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН